Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/73

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч О.Батнасан,     

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,    

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-гийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,  

Нарийн бичгийн дарга А.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,             

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн С-ын Э-т холбогдох 2528000390063 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   

Биеийн байцаалт:       

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... караокед Ж.Н-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, биед нь тархи дарагдал, хатуу хальсан доорх цусан хураа, баруун мөр, хэвлийд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                     

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Э-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн өмнөх мэдүүлэг хэвээрээ. Нэмж хэлэх зүйлгүй гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 2 дугаар багийн малчин. Манай гэр аймгаас 25 км байдаг. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр З аймгийн төв рүү яваад 2 найзын хамт гурвуулаа ирсэн. Ирээд хоол унд хийж идээд 0,75 литрийн 1 шилтэй архи хувааж уусан. Тухайн архиа дуусгаад гэрт байсан 0,75 литрийн архи задлаад ууцгаасан. Сүүлийн архиа уугаад дуусахад 22 цагийн орчим болж байсан байх. Тэгсэн хоорондоо ярилцаад караоке орохоор болсон. Тэгээд хөдөө гэрээс яваад аймгийн төвд байх нэрийг нь мэдэхгүй караоке орж дуулцгаасан. Тухайн караокед ороод 0,5 литрийн нэг архи аваад тухайн архины талыг нь уусан байх тэгсэн гэнэт архины шилээр намайг цохиод авсан. Тэгээд доош ойчоод хэсэг хэвтэж байгаад гадаа гараад алхаж чадахгүй байсан. Тэрнээс хойш тодорхой зүйл санахгүй байна. Маргааш нь манай эхнэр аймагт байх бариач дээр очиж бариулсан. Тухайн бариач харвах дөхсөн байна гэж хэлсэн. Бариач дээр байж байхад манай эхнэр хөдөө явж малаа эргүүлчихээд эргэж ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн.” (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Ж.Н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4,963,195 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тул уг мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ.” (хавтаст хэргийн 25-26 дахь тал)   

Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Нэрийг нь бол мэдэхгүй 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ар гэрийн хүн нь нэг эмэгтэй хүн танай караокед зодоон болсон уу гэж асууж ирсэн. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манайд 2 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 4 хүн 22 цагийн үед ирж 1 цаг аваад манай 5 номерын өрөөнд орсон. Тэгээд тухайн хүмүүс 0,75 литрийн нэг архи, 4 устай захиалсан байсан. Тухайн авсан байсан 1 цаг нь дуусаж байхад өрөөнд хоорондоо маргалдаад байгаа чимээ сонсогдоод нэг юм дуугарах шиг болохоор нь өрөөнд нь яваад ортол нэг эрэгтэй нь толгойгоо бариад сууж байсан. Харин нөгөө залууг нь нэг эмэгтэй нь хориод байж байсан. Тэгээд юм хагалсан байж болзошгүй гэж бодоод хартал газар архины шил өнхөрч байсан. Энэ талаар сураад ирсэн нэг эгчид хэлсэн. Яг харсан зүйл байхгүй. Намайг ороод очиход нэг эрэгтэй нь сандал дээр толгойгоо бариад нөгөө эрэгтэйг нь нэг эмэгтэйг нь хориод байж байсан... Өрөөнд ороход нээх юм ярихгүй байсан. Толгойгоо бариад сууж байсан ах чи муу ямар овоо юм гээд хараагаад байх шиг байсан. Харин гараад тооцоо хийхдээ толгойгоо бариад байсан ах толгой өвдөөд байна гэсэн чинь эхнэр нь бололтой нэг эгч чамайг архины шилээр цохичихлоо гэж байсан. Тэгээд тооцоогоо хийгээд явцгаасан.” (хавтаст хэргийн 28-30 дахь тал)     

Гэрч Ж.Бо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр танил нэг бариач залгаад танай дүү гэмтэл авсан юм уу хүнд байна, над дээр бариулах гэж авчирлаа эмнэлэгт үзүүлсэн дээр гэхээр нь эхнэр рүү нь юу болсон талаар асуухад би хөдөө байна одоо очоод эмнэлэгт үзүүлье гээд эмнэлэг дээр очсон. Дараа нь очиход толгойдоо гэмтэл авсан байна гэж хэлсэн. Манай дүү Н нь хөдөө мал маллаж амьдардаг. Миний сонссоноор 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эхнэр З нь хоёр найзын хамт хөдөө очсон байна лээ. Хөдөө гэртээ тэр 4 архи уусан юм шиг байсан. Тэгээд орой нь тэр 4 караоке орохоор аймгийн төв рүү ирээд ... караокед орж дуулцгаасан байна лээ. Тухайн караокены хүнээс орж ирсэн үү юу болсон талаар асуухад гарахдаа муудалцсан өрөөнд нь ороход нэг залуу нь толгойгоо бариад муудалцсан гэж хэлсэн. Тэгээд яг гарахдаа архины шилээр толгой руу чинь цохисон гэж ярилцаад байсан гэж надад хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон.” (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би Өмнөговь аймагт хажуу айлын хүмүүстэй аймагт ирсэн байсан. Тэгээд аймаг дээр байж байхад манай хоёр найз болох М, Э гэх найз руугаа залгатал манай хөдөө гэр рүү явах гэж байна гэж хэлсэн. Би тухайн хоёр найзтайгаа хамт хөдөө гэр рүүгээ явсан. Хөдөө очоод хоол унд хийж идээд юм ярингаа 2 шилтэй 0,7 литрийн архи дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд аймгийн төв рүү караоке орохоор бид 4 явсан. Аймагт ирээд ... нэртэй караокед 1 цаг авч дуулцгааж байгаад 30 орчим минут болж байхад манай нөхөр Н нэлээд согтсон байсан, караокены удирдлага шидсэн чинь Эын толгой руу оносон. Тэгтэл Э архины шил аваад манай нөхрийн толгой руу 1 удаа цохисон. Тэгээд үйлчлэгч орж ирээд бид хэд гарахаар болоод манай найз М нөхрөө түрүүлээд аваад гарсан. Би араас нь нөхөр Н-г аваад гарсан. Бид хоёр хөдөө явлаа гээд байж байтал бид хоёрын араас суучих хүргээд өгье гээд байсан. Би Н-тэй хамт төв рүү ороод такси аваад гэрт хүрээд очтол Н толгой хагарлаа гээд байхаар нь нөгөө таксигаараа буцаад аймаг авсан. Тухайн үед манай хоёр найз хөдөө гэрт машинтайгаа очсон байсан. Аймагт төвд байдаг гэртээ ирэхэд Н машинаас бууж явж байгаад унаад байсан. Би архинаас болсон гэж бодсон. Тэгээд гэрт ороод гал түлээд байж байтал араас нөгөө хоёр найз маань хүрээд ирсэн. Тэгсэн Н хөдөө гэр рүүгээ явъя гээд Э, М нараар хүргүүлсэн. Бид 4 унтах гээд байж байхад М өвдөөд 04 цагийн үед аймаг руу явсан. Маргааш өглөө толгой өвдөөд гээд Н сэрсэн. М өглөө залгаад яаж байна гэхээр нь Н-гийн толгой өвдөөд байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд ирэхээр нь аймгийн төв рүү авч яваад толгой нь хөдөлсөн байж болзошгүй гэж хэлээд Нисэхэд нэг бариач дээр очсон. Хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэгсэн бариач яг харвах гэж байна гэж хэлсэн. Н-г тухайн бариач 9 хоног барина гэхээр нь би хөдөө гэр рүүгээ малаа цэгцэлчихээд буцаж ирээд Нг эмнэлэгт хүргэж өгсөн.” (хавтаст хэргийн 35-37 дахь тал) 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Э найз Згийн хамт Нгийн хөдөө гэр рүү нь явсан. Очоод хоол унд хийж идээд 2 шилтэй архи 2 нөхөр хувааж уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад аймаг орж караокед дуулахаар явсан. Аймагт ирээд ... нэртэй караокед 1 цаг аваад дуулцгаасан. Тухайн үед мөн 1 шилтэй архи хоёр нөхөр уусан. Тэгээд караокед ороод 30 орчим минут болж байхад манай нөхөр дуулж байхад Н караокены зөөгч дууддаг хонхыг манай нөхрийн нүүр рүү нь 2-3 удаа шидсэн. Тэгсэн манай нөхөр архины шил аваад шидчих шиг болсон. Тэгэхээр нь нөхрөө аваад гарсан. Караокеноос гарч ирээд мөн тэр хоёр маргалдаад зууралдаад байсан. Тухайн үед болиулаад З, Н хоёрыг хүргээд өгье гэхэд такси аваад явна гээд тэр хоёр такси аваад хөдөө гэр рүүгээ явсан. Бид хоёр тухайн үед Н-гийнд хөнжил гудсаа үлдээсэн байсан учир араас нь авахаар очсон. Тэгээд яг Н-гийн гадаа иртэл Н, З нар нь тухайн очсон такситайгаа зөрөөд буцаад аймаг явсан. Би гэрээс нь хөнжил гудсаа аваад аймаг руу орж ирж байхад З утсаар залгаад ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд Гурвансайханд байдаг гэрээс нь очиж авсан. Очиход Н гадаа хашааны үүдэнд хэвтэж байсан. Тэгээд гэр рүү нь оруулах гэсэн боловч дийлэхгүй байхаар нь машинд суулгаад хөдөө гэрт нь хүргэж өгсөн. Гэр рүү нь оруулаад унтуулсан. Би заримдаа таталт өгөөд унаад байдаг юм. Тэгсэн 05 цагийн үед таталт өгөөд манай нөхөр намайг аваад аймаг орсон. Тэгээд гэрт ирээд амарсан. Маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн үед З утсаар залгаад Н толгой өвдөөд гээд байна хүрээд ирэх үү гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа яваад Н, З хоёрыг хөдөө гэрээс нь аваад 13 цагийн үед буцаад аймагт ирсэн. Тэгсэн Н эмнэлгээр яваад яахав толгой хөдөлсөн байх бариачид бариулна гээд Нисэх гэр хороололд байдаг нэг бариач дээр очсон. Тухайн бариач нь харвахаас нь өмнө ирсэн байна гэж байсан. 16 цагийн үед З-гийн хамт хөдөө гэр рүү нь очиж малыг нь хашчихаад буцаад аймагт ирээд Н-г аваад эмнэлэгт хүргэж өгсөн.” (хавтаст хэргийн 39-41 дэх тал)

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад З хөдөөнөөс айраг зарах гээд ирсэн гэж утсаар манай эхнэртэй холбогдсон байсан. Тэгээд З хөдөө гэр рүүгээ явлаа гэхээр нь М бид хоёр З-тай ярилцаад хөдөө гэр рүү нь хамт явсан. 15 цагийн үед хөдөө гэрт очоод хоол унд хийж идээд юм ярьж суунгаа Н нэг шилтэй 0,75 литрийн архи задлаад Н бид хоёр хувааж уусан. Би айлд очиж байгаа гээд 0,75 литрийн архи авсан байсан тэрийгээ мөн бид хоёр хуваагаад уусан. Тухайн үед Н нэлээд согтоод дахиад аймаг орж архи авъя гээд байсан. Би тухайн үед дургүйцээд тийшээ явж архи авна гэж юу байхав дээ гээд тэгсэн. Тэгээд 22 цаг өнгөрч байхад бид 4 ярилцаж байгаад караоке орж дуулахаар болсон. Аймагт орж ирэхэд 23 цаг болж байсан. ... нэртэй караоке орж 1 цаг сууцгаасан. Мөн 0,75 литрийн нэг шилтэй архи аваад дуулж байхад Н над руу нэг зүйл шидсэн, юу гэдгийг мэдээгүй. Эхлээд шидсэн зүйл нь намайг оноогүй. Харин дараагийн шидсэн зүйл нь миний зүүн талын чамархай хэсэгт оносон. Тэгээд нээх удалгүй дахиад юм шидээд мөн зүүн чамархай хэсэгт нэлээд хүчтэй оносон. Тэр үед миний уур хүрээд өмнө байсан архины шилээ Н рүү шидсэн. Тэгсэн эхнэр М намайг аваад гарсан. Тухайн караокеноос гараад тамхи татаад байж байхад Н гарч ирээд намайг доромжлоод ална жиргэнэ гээд байсан. Би тухайн үед нээх юм хэлэлгүй болио одоо болно гээд тайвшруулсан. Тэгтэл миний баруун чихний тэр хавь руу нэг удаа цохисон. Дахиад цохих байх гэж бодоод Н-гийн гарыг хориод зууралдаж байгаад хажуу тийшээ унасан. Тэгээд хоёр эхнэр хоёр тийш нь болгоод салгасан. Н эхнэртэйгээ таксины зогсоол ороод такси аваад хөдөө гэр рүүгээ явсан. Бид хоёр Н-гийнд хөнжил гудсаа үлдээсэн очиж авна гээд араас нь явсан. Очоод гудас хөнжлөө аваад буцаад явсан. Аймаг руу явж байхад тухайн хүргүүлсэн такси хажуугаар гараад явсан. Аймаг руу ордог хаалганы тэнд ирж байхад З залгаад Гурвансайханд хүрээд ирээ Н босохгүй байна оруулаад өг гэсэн. Тэгээд төвд байдаг гэрт нь яваад очтол хашаан дотроо хаалганы ойролцоо хэвтэж байсан. Оруулах гэсэн дийлэхгүй байсан. Тэгээд эхнэр Зд нь энэ олон хоног галлаагүй хөдөө гэртээ хүргүүлэх үү гэхэд тэгье гээд хөдөө гэрт хүргэж өгчихөөд буцаад ирсэн.” (хавтаст хэргийн 43-45 дахь тал)

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би өөрт холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо шүүх хурлаас өмнө төлж барагдуулна. Өөрт холбогдсон хэрэгт нэмж хийлгэх ажиллагаа байхгүй. Хэргээ түргэх шуурхай шийдвэрлүүлмээр байна.” (хавтаст хэргийн 70-71 дэх тал)  

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ж.Н-гийн биед тархи дарагдал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун мөр, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн аль алинд хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Ж.Н-гийн биед үүссэн тархи дарагдал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. Бусад баруун мөр, хэвлийд учирсан зулгаралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй.” (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 380 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ж-ийн Н /РД:.../-ийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” (хавтаст хэргийн 54-56 дахь тал)

Ж.Н-н эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын задаргаа (хавтаст хэргийн 85 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал)

Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14 дэх тал)

Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-н эрүүл мэнд сэтгэцэд учирсан зардлыг нэхэмжилсэн талаарх хохирлын баримтууд (хавтаст хэргийн 88-114 дэх тал)

Прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 08 дугаартай санал (хавтаст хэргийн 129-130 дахь тал)

Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 08 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 131-132 дахь тал)

Хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 126-127, 146-151 дэх тал),

Хохирол төлбөр нөхөн төлөх талаар харилцан тохиролцож эвлэрсэн тухай гэрээ (хавтаст хэргийн 128 дахь тал).      

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Э-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.      

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, яллагдагч С.Э нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-тэй гэмт хэргийн улмаас учирсан 30.000.000 төгрөгийн хохирлыг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулснаас мөрдөн байцаалтын шатанд 25,400,000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүхийн шатанд үлдэгдлийг төлбөрийг төлж, нийт 30,000,000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4,963,195 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн гэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч С.Э нь манай үйлчлүүлэгч Ж.Н-гийн бие эрх чөлөөнд нь халдаж тархинд нь хүнд гэмтэл учруулсан. Энэ гэмтлийн улмаас манай үйлчлүүлэгч 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тархины мэс засалд орж гавалын ясны зүүн талд наймыг харьцах зургаан сантиметрийн цоорхойтой, одоогоор гам барсан байдалтай явж байгаа. 2025 оны 05 дугаар сарын 10-наар тархины яс, гавалын яс нөхөх хагалгаанд орохоор төлөвлөгдөөд явж байгаа. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 39,947,399 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Шүүгдэгчтэй харилцан тохиролцож эвлэрсний улмаас нийт хохирлын дүнгээс 9,947,399 төгрөгийг татгалзаж 30,000,000 төгрөг дээр харилцан тохиролцож эвлэрсэн байгаа. Энэ нь хохирогчийн өөрийнх нь сайн дурын үндсэн дээрээс хохирол төлбөр дээр эвлэрсэн. Тийм учраас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эвлэрсэн 30,000,000 төгрөгийн хохирол төлбөр өнөөдрийн байдлаар бүрэн төлөгдсөн байгаа учраас төлбөр хохиролгүйд тооцуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын санд учирсан хохирол төлөгдөөгүй байгааг дурдаж байна. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон... гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан цаг хугацаа, гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн цаг хугацаанаас хойш гэрч болон яллагдагчаар  мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэгтээ гэм буруугийн тал дээр ямар нэгэн байдлаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байгаа. Хялбаршуулсан журмаар хянаж шийдвэрлэх журмын хэд хэдэн үндсэн нөхцөл байдлууд байна уу? гэдгийг зайлшгүй шалгаж хэргийг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байдаг.  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэдэг  нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хэргийн хүрээнд авагдсан баримтуудаар нотлогдож байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдлаа илэрхийлж байна. Мөн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр нь давхар нотлогдоно. Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хавтаст хэргийн далдугаар тал дээр эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсаны дараа яллагдагчаар байцаалт өгөхдөө би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэж илэрхийлсэн болохыг бичгийн нотлох баримт шинжлэн судлахад уншиж танилцуулсан. Энэ хэргийг прокурорт ирсний дараа прокуророос 10.000 нэгжээр торгох, тухайн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял санал болгосныг мөн хүлээн зөвшөөрсөн.  Энэ гэмт хэргийн улмаас шууд хохирлыг нөхөн төлж барагдуулсан байгаа.  Энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө гаргаж өгсөн 6 хуудас бүхий баримт болон хавтаст хэргийн хүрээнд эвлэрэн хэлэлцсэн гэрээ, мөн хохирлын 217-218 дугаар хуудсанд авагдсан хохирлын баримтаар тогтоогдож байгаа... Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н-н хувьд эрүүл мэндийн даатгалаас тодорхой хэмжээний хөнгөлөлтийг аваад явсан байдаг. Тухайн хөнгөлөлт авсныг эрүүл мэндийн даатгалд нөхөн төлүүлэхээр прокурор ялын шүүмждээ хэлж байна. Э-ын зүгээс 4,963,195 төгрөгийг ойрмогхон хугацаанд хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн.  Шүүх хуралдаан дуусангуут тодорхой хэмжээнд өмгөөлөгчийн зүгээс ч гэсэн эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой төлбөрт анхаарал тавих болно гэх дүгнэлтийг,  

Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогчоос уучлалт гуйж хохирол гомдлыг барагдуулсан. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч С.Э нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 22-23 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... караокед Ж.Н-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж, улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, биед нь тархи дарагдал, хатуу хальсан доорх цусан хураа, баруун мөр, хэвлийд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), иргэний нэхэмжлэгч М.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), гэрч Э.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал), гэрч Ж.Бо-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч Б.З-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дахь тал), гэрч Б.М-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 380 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54-56 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                           

Шүүгдэгч С.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-гийн биед тархи дарагдал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун мөр, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал)-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.          

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч С.Э-ын хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.             

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.  

Шүүгдэгч С.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-гийн эрүүл мэндэд тархи дарагдал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун мөр, хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-д 30,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 126-127, 146-151 дэх тал), хохирол төлбөр нөхөн төлөх талаар харилцан тохиролцож эвлэрсэн тухай гэрээ (хавтаст хэргийн 128 дахь тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-д төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох”-оор хуульчлагдсан байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 4,963,195 төгрөг гарсан болох нь иргэний нэхэмжлэгч М.Б-ийн “Ж.Н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4,963,195 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тул уг мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ.” (хавтаст хэргийн 25-26 дахь тал) гэх мэдүүлэг, Ж.Н-н эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын задаргаа (хавтаст хэргийн 85 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Эаас 4,963,195 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.       

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.          

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч С.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд ... улсын яллагчийн санал болгож байгаа эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хохирогчийн зүгээс татгалзах зүйл байхгүй байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ... Шүүх хуралдаанаас гарах эрх зүйн үр дагавар, прокуророос санал болгож байгаа ял шийтгэлийн эрх зүйн үр дагаврыг би өөрийн үйлчлүүлэгчдээ тайлбарлаж өгсөн. Үүний үр дагаврыг бүрэн ойлгосон байгаа. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эрх зүйн үндэслэлтэй байгаа учраас прокуророос сонсгож байгаа ялыг нь баталж, 10.000 нэгжээр торгох ял оногдуулах, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.     

Шүүгдэгч С.Э-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 30,000,000 төгрөг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-д 30,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлж хохиролгүй болсон, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 4,963,195 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.    

Шүүх шүүгдэгч С.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т шүүхээс оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.     

Бусад асуудлаар.

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-д 30,000,000 (гучин сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч А овгийн С-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т шүүхээс оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.      

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Э-аас 4,963,195 (дөрвөн сая есөн зуун жаран гурван мянга нэг зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

6. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Н-д 30,000,000 (гучин сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.         

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ