Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

Улсын яллагч: М.Батзаяа, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр,

Нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэнд овогт Мягмарсүрэнгийн Алтангадаст холбогдох 201703000134 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр Хашчиг гэх газарт оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Мэнд овогт Мягмарсүрэнгийн Алтангадас /РД: АГ83062415/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

Шүүгдэгч М.Алтангадас нь 2017 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Шажны энгэр гэх газарт С.Лхагвасүрэнтэй архи нэхлээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар С.Лхагвасүрэнгийн хөл рүү нь мод шидэж бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Эрүүгийн 201703000134 дугаартай хэргээс: 

Хохирогч С.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тэр үед Мөнхөө ах эхнэртэйгээ хамт гэр лүүгээ явчихсан байсан болохоор Булгантамир бид 2 Мөнхөө ахынд очьё гээд яриад байж байтал Алтангадасын гэрт ална гээд хоорондоо хүмүүс хэрэлдээд эхэлсэн. Тэгснээ Алтангадас гэрээсээ гарч ирээд пиздаагуудыг мөлхүүлнэ гээд миний араас гүйгээд ирэх шиг болсон. Гадаа харанхуй байсан болохоор би юу ч хараагүй бөгөөд хүний гүйж байгаа чимээ гарч байснаа миний хөл рүү тас гээд хийтэл юмаар цохчихсон. Тэгээд би хөлөө бариад газарт унатал миний нуруун дээр дахиад нэг удаа цохисон. Би нуруун дээрээ цохиулж байхдаа Алтангадасын гарт байсан юмыг харсан бөгөөд модон шон юм уу гэмээр юм харагдах шиг болсон. Тэгснээ Булгантамирыг алнаа гээд хөөгөөд гүйчихсэн. Би Алтангадасыг намайг хайж ирээд дахиад нүдэж магадгүй гээд айгаад мөлхөөд гэрийнхэн ар талд очиж хэвтсэн. Босох гэхээр хөл өвдөөд байсан. Би элэг дөрвөөрөө арай гэж мөлхөж анх цохиулсан газраасаа холдсон. Булгантамир намайг хөл хугарчихлаа гэдгийг аарцаг хугарчихлаа гэж сонсоод Алтангадасын гэр лүү гүйсэн юм шиг байна лээ, Миний хөлрүү цохиход тас хийсэн дуу гарч миний хөл хугарсан тэр дуу Булгантамир сонссон байх ёстой. Би өөрөө унаж хөлөө хугалаагүй. Миний хөл бүтэн эргэчихсэн байсан. Хүн өөрөө унаад хөлөө бүтэн эргэтэл нь унахгүй шүү дээ. Алтангадас миний хөлийг цохиж хугалсан нь үнэн. Алтангадас сандал авч Булгантамир бид хоёр луу шидээгүй, яг юугаар цохиж хөл хугалсныг мэдээгүй гэхдээ мод шиг л юм бариад Булгантамирын араас хөөсөн, сандал биш байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 29 дугаартай хуудас/

 

Гэрч Л.Соёлцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: С.Лхагвасүрэнгээс яагаад хөлөө хугалсан юм бэ гэж асуухаар юм дугарахгүй байгаад байсан. Сүүлдээ эмнэлэгт ирж хэвтээд Алтангадас холбоогүй болчихоор үнэнээ хэлсэн. Би Лхагвасүрэнгээс Алтангадас миний хөл рүү модоор цохиж хугалсан гэдгийг сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Гэрч А.Мартын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би Лхагвасүрэн нь Алтангадаст зодуулж хөлөө гэмтээсэн талаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сонссон. Яг хэрхэн яаж хөлөө хугалж гэмтсэн талаар хараагүй учраас сайн хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

Гэрч Х.Булгантамирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний араас С.Лхагвасүрэн гарч ирээд зогссон бөгөөд би унаж явсан мотоциклийнхоо хажууд бие засаад зогсож байтал М.Алтангадас гэр дотроос ална гэж орилоод, хөлийг нь хумиад өгнө гэсээр нэг урт мод шиг юм барьж ирээд С.Лхагвасүрэнгийн бие рүү чад хийтэл цохичихсон. Би С.Лхагвасүрэнгийн яг хаана нь М.Алтангадас цохисныг хараагүй. Тэгтэл М.Алтангадас намайг ална гээд хөөхөөр нь би зугтаагаад гүйтэл миний толгой дээгүүр 50 орчим см урттай мод шидэгдсэн. Би зугтааж гүйгээд үхрийн хашаан дотор орж нуугдсан. Алтангадастай хамт С.Лхагвасүрэн дээр очиж үзтэл С.Лхагвасүрэнгийн нэг гутал хагас сугарсан байхаар нь би өмсүүлэх гээд гараа хийтэл хөлийнх нь шилбэ яс хугарчихсан байхаар нь хөл чинь хугарсан байна гэдгийн нь хэлээд М.Алтангадасын хамт эргэж гэрт нь оруулсан. С.Лхагвасүрэн намайг эхнэртээ очоод хэл, хугарсан гээд хэлчих зодоон цохионоос болж хугарсан гэж битгий хэлээрэй, үүдний босго руу унаж хөлөө хугалсан гэж хэлээрэй гэхээр нь би эхнэрт нь тэгж хэлсэн. Гадаа харанхуй байсан бөгөөд нэг удаа чад хийсэн дуу гарсан. С.Лхагвасүрэн надад хэлэхдээ М.Алтангадас тохиръё гээд байна гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Ундрахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Шөнийн 02, 03 цаг болчихсон байхад Булгантамир, Лхагвасүрэн нар нилээн халамцуу байдалтай ирсэн. Алтангадас зүрх өвдөөд байна гээд архи уухгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би гэртээ ирэхэд шөнийн 04-н цаг болж байсан. Намайг Алтангадасын гэрээс ирэхэд тэнд байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаагүй, Алтангадас архи уухгүй эрүүл байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Батболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Булгантамир, Лхагвасүрэн бид 3 явлаа гээд гэрээс гарсан. Би Алтангадасын гэрээс гараад шууд гэр лүүгээ мотоциклио унаад явсан. Булгантамир, Лхагвасүрэн 2 мотоциклынхоо хажууд үлдсэн. Тэр 2 гэрт нь орж ирээд л архи байна уу гээд нэхээд байсан. Алтангадас байгаа архи нь энэ гээд үлдсэн тал шил архиа хундагалж өгсөн. Тэрнээс өөр архи Булгантамир, Лхагвасүрэн 2 нэхээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 41- 42 дугаар хуудас/

 

Гэрч Д.Тунгалагцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Гэрийн гадаа мотоцикль дуугараад яваад өгсөн бөгөөд би тэр 3-ыг явчихлаа гэж бодтол Нойноо яваад Булгаа, Лхагвасүрэн 2 буцаад ороод ирсэн. Алтангадас тэр хоёрыг гэрээс гар гэж хэлтэл тэр хоёр чи хөөгөөд байгаа юм уу гээд байсан. Манай бага хүүхэд уйлаад байсан бөгөөд Алтангадас сандал аваад шидтэл дээгүүр сандал нь гарч үүдний хажууд байсан хайрцаг дотор уначихсан. Тэгтэл Лхагвасүрэн, Булгаа 2 манай гэрээс гарч явсан. Алтангадас тэр хоёрыг гараад явахаар нь орон дээр сууж байгаад босож очоод гэрийнхээ үүдийг хаачхаад гутлаа тайлаад сууссан. Алтангадас надад хэлэхдээ Лхагвасүрэнгийн гэрээс гарахад нь ар ууцан дээр нь гараараа нэг цохисон гэж ярьж байсан. Би Алтангадасыг цохиж байхын хараагүй. Алтангадас гэрээс гараагүй бөгөөд Лхагвасүрэн, Булгантамир хоёрыг гэрээсээ гаргаад хаалгаа хаасан гэх мэдүүлэг /хх-ийн 46-18 дугаар хуудас/

 

Гэрч У.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Маргааш өглөө нь Булгантамир манай гэрийн гадаа ирж надтай уулзаад Лхагвасүрэн хөлөө хугалсан гэрийнхэнд нь очиж хэлэхээс гэж яриад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 131 тоот шүүх эмнэлгийн “...С.Лхагвасүрэнгийн биед баруун /шилбэний/ шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу мушгирсан, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Уг гэмтэл нь зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх- ийн 53 дугаар хуудас/

 

Шинжээч эмч Б.Отгонжаргалын “...С.Лхагвасүрэнгийн биед учирсан баруун шилбэ ясны доод 1/3 хэсгийн ташуу мушгирсан, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтэл нь модон шонгоор цохих үед шууд үүсэх боломжтой. Харин өөрөө унаж ойчих үед голцуу тахилзуур ясны доод хэсэг дангаараа юм уу, шагайн хавчаар яс дангаараа хугардаг. Тийм учир С.Лхагвасүрэнгийн биед учирсан баруун шилбэ ясны доод 3/1 хэсгийн ташуу мушгирсан хугарал гэмтэл нь өөрөө унах ойчих үед үүсэх боломж багатай, яагаад гэвэл С.Лхагвасүрэн нь 31 настай, харьцангуй нас залуу хүн юм. Харин тухилзуур ясны дээд 3/1 хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтэл өөрөө унаж ойчих болон цохих үед аль алинд нь үүсэх боломжтой юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

 

Сэжигтэн, яллагдагч М.Алтангадасын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Манай гэрт Булгантамир эхэлж орж ирээд, араас нь Лхагвасүрэн орж ирсэн, би тэр хоёрыг одоо харьж унтаач гэж хэлтэл ганц юм өгчих гэхээр нь би дуусчихсан гэж хэлтэл чи ийм байсан юм уу, ганц юм өгчих гээд үгээр өдөж шалаад байсан. Тэр үед манай гэрт эхнэр гэр цэвэрлэж байсан бөгөөд би та 2 одоо явалдаа гэж уурлаад модон жижиг сандал авч шидтэл зуух оночихсон. Тэгтэл Лхагвасүрэн, Булгантамир 2 ганц юм өгчих гээд өөдөөс хэрэлдээд байхаар нь би уурлаад бостол Булгантамир түрүүлж гэрээс гарсан. Би Лхагвасүрэнг гэрээс яг гарч байхад нь мөр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 103-107 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судалсан болно.  

 

Шүүгдэгч М.Алтангадас нь 2017 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Шажны энгэр гэх газарт С.Лхагвасүрэнтэй архи нэхлээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар С.Лхагвасүрэнгийн хөл рүү нь мод шидэж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч С.Лхагвасүрэнгийн “...Хүн өөрөө унаад хөлөө бүтэн эргэтэл нь унахгүй шүү дээ. Алтангадас миний хөлийг цохиж хугалсан нь үнэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Соёлцэцэгийн “...Би Лхагвасүрэнгээс Алтангадас миний хөл рүү модоор цохиж хугалсан гэдгийг сонссон...” гэх мэдүүлэг, гэрч А.Мартын “..Би Лхагвасүрэн нь Алтангадаст зодуулж хөлөө гэмтээсэн талаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сонссон...” гэх мэдүүлэг, гэрч Х.Булгантамирын “...Гадаа харанхуй байсан бөгөөд нэг удаа чад хийсэн дуу гарсан. С.Лхагвасүрэн надад хэлэхдээ М.Алтангадас тохиръё гээд байна гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ундрахын “...Шөнийн 02, 03 цаг болчихсон байхад Булгантамир, Лхагвасүрэн нар нилээн халамцуу байдалтай ирсэн. Алтангадас зүрх өвдөөд байна гээд архи уухгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Баярсайханы “...Намайг Алтангадасын гэрээс ирэхэд тэнд байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаагүй, Алтангадас архи уухгүй эрүүл байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Батболдын “...Тэр 2 гэрт нь орж ирээд л архи байна уу гээд нэхээд байсан. Алтангадас байгаа архи нь энэ гээд үлдсэн тал шил архиа хундагалж өгсөн. Тэрнээс өөр архи Булгантамир, Лхагвасүрэн 2 нэхээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Тунгалагцэцэгийн “...Би Алтангадасыг цохиж байхын хараагүй. Алтангадас гэрээс гараагүй бөгөөд Лхагвасүрэн, Булгантамир хоёрыг гэрээсээ гаргаад хаалгаа хаасан...” гэх мэдүүлэг, гэрч У.Мөнхбаярын “...Булгантамир манай гэрийн гадаа ирж надтай уулзаад Лхагвасүрэн хөлөө хугалсан гэрийнхэнд нь очиж хэлэхээс гэж яриад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Отгонжаргалын “...С.Лхагвасүрэнгийн биед учирсан баруун шилбэ ясны доод 3/1 хэсгийн ташуу мушгирсан хугарал гэмтэл нь өөрөө унах ойчих үед үүсэх боломж багатай, яагаад гэвэл С.Лхагвасүрэн нь 31 настай, харьцангуй нас залуу хүн юм. Харин тухилзуур ясны дээд 3/1 хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтэл өөрөө унаж ойчих болон цохих үед аль алинд нь үүсэх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг болон 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 131 тоот дүгнэлт, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч М.Алтангадасын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч М.Алтангадасыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчилэн найруулсан хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул М.Алтангадаст Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч М.Алтангадас нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч М.Алтангадас нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдахаар шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Алтангадаст 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч М.Алтангадасыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Алтангадасыг 455 нэгж буюу 455000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч М.Алтангадас нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Алтангадаст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Р.АЛТАНЦЭЦЭГ