Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2019/0007

 

Х сумын Засаг даргын Тамгын газрын

нэхэмжлэлтэй хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 138/ШШ2019/00117 дугаар шийдвэртэй Х сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймаг дахь сургалт судалгааны Э төвд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 19 806 894 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч С.Нийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Х сумын Сум хөгжүүлэх сан нь 2011 оноос эхлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжид зээл олгож эхэлсэн бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид 25 000 000 төгрөгийн, иргэнд 10 000 000 төгрөгийн зээлийг олгож байсан. Дорнод аймаг дахь Сургалт судалгааны Э төв нь Сум хөгжүүлэх сангаас 25 000 000 төгрөгийн зээлийг Хүний хөгжлийн төв байгуулах зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр авч зээлийн гэрээ байгуулсан. Гэвч уг төв нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-ын 3.5.5, 4.7-д заасныг тус тус зөрчиж 2014 оны 12 сараас хойш зээлийн төлөлтийг төлөхгүй болсон. Гэрээний хугацаа 2016 оны 4 сарын 11-нд дууссан. Э төв нь зээл авснаас хойш үндсэн зээлд 5 495 427 төгрөг, зээлийн хүүнд 1 342 783 төгрөг буюу нийт 6 838 210 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 19 504 573 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Э төв улсын бүртгэлд 2014 онд бүртгүүлсэн эсэх, өмнө нь бүртгэлтэй байсан эсэхийг сайн мэдэхгүй. Гэвч зээл авах үед буюу 2013 онд Э төвийн захирал нь Б.Д гэдэг хүн байсан ба худалдаа эрхлэгчдэд сургалт явуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Б.Дд зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Сүүлдээ уг төвийн дарга нь өөр хүн болсон. Одоо надад хамаагүй гэсэн тайлбар өгдөг. Мөн Сум хөгжүүлэх санг хариуцаж байсан хүмүүс нь байнга солигдож байсан болохоор зээлийн эргэн төлөлтийн араас анхаарал тавиагүй. Сум хөгжүүлэх сангийн журамд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжид 25 000 000 төгрөгийн, иргэнд 10 000 000 төгрөгийн зээлийг олгох заалттай учраас Э төвд 25 000 000 төгрөгийн зээлийг олгосон байдаг. Б.Д гэх хүн хувь хүнээрээ зээл аваагүй, аж ахуйн нэгжид нь л зээл олгосон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 19 504 573 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу гэрээний торгууль 302 321 төгрөг, нийт 19 806 894 төгрөгийг Э төвөөр Сум хөгжүүлэх санд төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

            Хариуцагч Дорнод аймаг дахь Сургалт судалгааны Э төвийг төлөөлж, тус төвийн эрхлэгч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э төвийг 2014 оны 8 сард хүлээж авсан. Энэ байгууллага бол нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага. Өмнө нь Б.Д гэдэг хүн ажиллуулдаг байсан. Би Б.Дгоос Э төвийг авахдаа Сум хөгжүүлэх сангаас зээл авсан гэдгийг мэдэж байсан. Уг зээлийг сургалт явуулж олсон орлогоор төлж барагдуулах боломжтой гэж үзэн тодорхой хугацаанд төлж дуусгана гэх нөхцөлтэйгөөр уг төвийг шилжүүлж авсан нь үнэн. 2014 оны 11 сард төв маань Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 3 дугаар байранд байрладаг байсан ба 2000-2014 оныг хүртэл хугацаанд аймгийн хэмжээнд 13 сум, Х сумын хэмжээнд сургалтын үйл ажиллагааг явуулдаг байсан. Гэтэл уг байрыг аймаг буцаан авсан бөгөөд 2014 оноос эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулж чадахгүй болсноор санхүүгийн хувьд орлогогүй болж зээл төлөх чадваргүй болсон. 2014-2018 оны хооронд хоёр удаа л сургалт явуулсан байдаг. Тиймээс энэ зээлийг төлөх эдийн засгийн боломж бүрдээгүй юм. Би энэ төвийг хүлээж авахдаа Сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой санхүүгийн баримт болон бусад эд хөрөнгийг хүлээж аваагүй. Энэ зээлийг авснаас хойш би энэ төвийг хүлээж авсан. Энэ мөнгийг би захиран зарцуулаагүй тул энэ зээлийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 138/ШШ2019/00117 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5-д тус тус зааснаар хариуцагч Дорнод аймаг дахь сургалт сурталчилгааны Э төвөөс зээлийн гэрээний үүрэгт 19 806 894 /арван есөн сая найман зуун зургаан мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Х сумын Сум хөгжүүлэх санд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн Сургалт судалгааны Э төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 256 984 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Х сумын төсвийн орлого болгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Н давж заалдах гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу гараагүй гэж үзэж байна. Манай өмгөөлөгч З.Нямсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хууль зүйн саналуудыг тусгаж үзэлгүй надаас 19806994 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтаар хариуцагчаас мөнгө гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Миний бие нэхэмжлэгч Х сумын Засаг даргын Тамгын газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй юм. Би хэн нэгнээс мөнгө аваагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хурал дээр хэлэхдээ “2013 онд Сургалт судалгааны Э төвийн захирал нь Б.Д гэдэг хүн байсан бөгөөд Б.Дд зээлээ төлөхийг шаардаж, удаа дараа мэдэгдэж байсан, сүүлдээ тус төвийн захирал нь өөр болсон одоо надад хамаагүй гэсэн. Мөн Б.Д нь хувь хүнээрээ зээл аваагүй, аж ахуйн нэгжид л зээл олгосон” гэж тайлбар гаргасан байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эийн гаргасан тайлбарыг харахад энэ зээлийг авахад би ямар ч холбогдолгүй байгаа юм. Энэ мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад би энэ зээлд огт хамааралгүй болох нь нотлогддог. Мөн Б.Э аж ахуйн нэгжид зээл олгосон гэж тайлбарладаг боловч Сургалт судалгааны Э төв нь 2014 оны 1 сарын 15-нд байгуулагдан, гэрчилгээгээ авсан юм. Зээлийг 2013 оны 4 сарын 5-нд Б.Д авсан байдаг. Энэ нотлох баримтаас харахад тус төв нь энэ үед байгуулагдаагүй байсан тул аж ахуйн нэгжээр зээл авсан гэдэг нь үндэслэлгүй юм. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн нотлох баримттай хэлсэн боловч шүүх энэ тал дээр дүгнэлт өгөлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Миний бие тус төвийг хүлээж авахдаа зээлтэй холбоотой санхүүгийн баримт болон бусад эд хөрөнгийг хүлээн аваагүй. Энэ мөнгийг би захиран зарцуулаагүй тул төлөх боломжгүй юм. Мөн энэ төвийн бүртгэлийн гэрчилгээг харахад зээл гарснаас 9 сарын дараа байгуулагдсан нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ХсЗдТгнь хариуцагч Э төвөөс зээлийн гэрээний үүрэгт 19 806 894 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Э төвийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчийг зөв тодорхойлоогүй, хэрэгт ач холбогдол бүхий гол үйл баримт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болов. Тухайлбал, хэрэгт авагдсан “Дорнод аймаг дахь сургалт судалгааны Э төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тэмдэглэснээр тус хуулийн этгээд нь 2014 оны 01 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх-ийн 8 дахь тал/

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх тул 2013 оны 04 сарын 09-ний өдөр зээлийн гэрээний харилцаанд оролцож, зээлдэгч болох боломжгүй байна.

Зээлийн гэрээнд зээлдэгчээр оролцсон Б.Д нь “сургалт судалгааны Э төв” гэх газрыг хуулийн этгээд байгуулахгүйгээр ажиллуулж байсан уу, эсхүл ямар нэг хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээнд явуулж байсан уу гэдгийг тодруулах шаардлагатай байна.

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн захирамж болон шүүхийн шийдвэртээ хариуцагчийн нэрийг “Э төв”, “Дорнод аймаг дахь сургалт сурталчилгааны Э төв” /улсын бүртгэлийн гэрчилгээнд Дорнод аймаг дахь сургалт судалгааны Э төв гэж бичигдсэн/ гэж тус тус зөрүүтэй бичсэн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна.” гэсэн шаардлагыг хангаагүйгээс хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хариуцагчийг зөв тодорхойлж, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

            Хариуцагчийн төлөөлөгч С.Н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 984 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч С.Нийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 138/ШШ2019/00117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч С.Н-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 984 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                   ШҮҮГЧИД                                                                 Ж.ДОЛГОРМАА

                                                                                                    З.ЭНХЦЭЦЭГ