Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/334

 

Д.М-д холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

шүүгдэгч Д.М-,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1909046990824 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Д.М-, 2002 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Д.М- нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Дашчойлон хийдийн зүүн талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалтаар байнга үйл ажиллагаа явуулдаг “ТҮЦ”-нд хууль бусаар нэвтэрч иргэн Б.Ж-гийн цүнхэн дотор байсан бичиг баримт, орлогын мөнгө болох 97.000 төгрөг, 499.600 төгрөгийн үнэ бүхий тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 596.600 төгрөгийн хохирол учруулсан,

            - С.Т-, Ц.Э- нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Zul beauty” салоноор үйлчлүүлж байсан иргэн Т.Б-гийн эзэмшлийн “IPhone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - С.Т-, Т.О- нартай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 65/4 дүгээр байрны 74 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т-” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн нэвтэрч, улмаар тус дэлгүүрийн кассаас бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М-ийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 174 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Б.Ж-гийн эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд А, Б, М, Ба, Г, М нар хамтран оролцсон. Энэ талаар мөрдөгч Т- мэдсээр байж намайг “энэ хэргийг ганцаараа даагаад гар” хэмээн Т-ж шаардсан. Мөн шүүх хуралдаанд ч авч хэлэлцээгүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Хэрэг Т-ж хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Хохирогч Б.Ж-гийн “ТҮЦ”-нд үлдсэн гарын хээ, хурууны мөр зэргээс харахад уг хэргийг олон хүн үйлдсэн гэдэг үйл баримт тогтоогддоггүй. Цагдан хоригдож байх хугацаанд нь шүүгдэгчтэй удаа дараа уулзаж байсан. Хамтран оролцсон этгээд байгаа эсэхийг тодруулахад, ганцаараа үйлдсэн гэдэг. Хамт хоригдож байгаа хүмүүсээс шалтгаалан мэдүүлгээ өөрчилсөн байхыг үгүйсгэхгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Д.М- нь ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Дашчойлон хийдийн зүүн талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалтаар байнга үйл ажиллагаа явуулдаг “ТҮЦ”-нд хууль бусаар нэвтэрч иргэн Б.Ж-гийн цүнхэн дотор байсан бичиг баримт, орлогын мөнгө болох 97.000 төгрөг, 499.600 төгрөгийн үнэ бүхий тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 596.600 төгрөгийн хохирол учруулсан,

            - С.Т-, Ц.Э- нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Zul beauty” салоноор үйлчлүүлж байсан иргэн Т.Б-гийн эзэмшлийн “IPhone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - С.Т-, Т.О- нартай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 65/4 дүгээр байрны 74 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т-” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн нэвтэрч, улмаар тус дэлгүүрийн кассаас бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

            Хохирогч Б.Ж- нь “...2019 оны 12 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад “ТҮЦ”-ээ хаагаад гэр лүүгээ явсан. Тэгээд өглөө 07 цаг өнгөрөөд очиход “ТҮЦ”-ний цонх эвгүй болсон байсан. Хаалгаа нээгээд үзэхэд доторх эд зүйл эмх цэгцгүй ... цүнхэн дотор байсан хэтэвчтэй бичиг баримт, өчигдөрийн орлого бэлэн 97.000 төгрөг, 614.000 төгрөгийн зээлээр авсан байсан хайрцагтай тамхи алга болсон байсан. ...” /1хх 9/,

            хохирогч Т.Б- нь “...би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Zul beauty” салонд хумсаа янзлуулаад сууж байтал гаднаас үл таних 3 хүүхэд орж ирээд ширээний хажууд зогсоод “үс засах уу” гээд асуугаад гарсан. Тэгтэл ширээн дээр байсан миний цагаан өнгийн “IPhone X” загварын гар утас алга болсон байсан. Алдсан гар утсаа 2.790.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” /1хх 110-111/,

хохирогч Б.О- нь “...өглөө 08 цаг 30 минутын үед ганцаараа ирээд дэлгүүрээ онгойлгоод дотогш ороход кассны дээр, доор хийсэн байсан мөнгөний ил сагс байхаар нь эгч Оюунбилэгийг ирээд орлогын мөнгөө аваад явсан байх гэж бодоод хойд өрөө лүү ороход миний түгжиж хаасан жижиг цонх нээлттэй байсан. Цонхоор хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ... нийт 400.000 гаруй төгрөг алдсан. ...” /1хх 180-182/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийн шинж байдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

            - насанд хүрээгүй гэрч С.Т-гийн “...О-, М- бид гурав Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т-” хүнсний дэлгүүрийг өдөр нь хараад орой нь ирье гээд явсан. ... арын цонхон дээр очоод О- цонхны төмрийг алчуур шиг даавуугаар боож байгаад зай гаргаж гагнаасыг салгаж эвдсэн. Цонхоор эхлээд М-, араас нь би орсон. О- гадаа хүн харж байсан. М- бид хоёр ороод худалдагчийн касс дээр очоод татуургыг онгойлгоод хартал баахан задгай мөнгө байсан. Касс доогуур хартал сагстай мөнгө байсан. Мөнгөнөөс өөр юм аваагүй. Нийтийн байрандаа ирээд мөнгөө тоолж үзтэл 400.000 төгрөг байсан. ...” /1хх 186-187/,

            - насанд хүрээгүй гэрч Т.О-ын “...М-, Т- бид гурав Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т-” хүнсний дэлгүүрийн арын цонхон дээр очоод би гагнаасыг салгаж эвдэж өгсөн. Цонх онгорхой байсан учир эхлээд М-, дараа нь Т- орсон. Би ороогүй гадаа нь үлдсэн. 10-15 минутын дараа Т-, М- хоёр гарч ирсэн. Тухайн дэлгүүрээс мөнгө, “Parliament” нэртэй тамхи 2 хайрцаг, “LD club” нэртэй тамхи 1 хайрцаг авсан байсан. Авсан мөнгөө замдаа тоолж үзэхэд 400.000 гаруй төгрөг байсан. ...” /1хх 188-189/, 

            - шүүгдэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... PC тоглоомын газар тоглож байгаад мөнгөгүй болсон. 23 цагийн үед алхаж байгаад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуу талын “ТҮЦ”-ний цонхыг хагалаад төмрийг нь ангайлгаад орсон. Тэндээс бэлэн 97.000 төгрөг, 2-3 боодол тамхи авсан. ... тухайн үед би ганцаараа байсан. ... 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Т-, Э-ын нарын хамт ярилцаад хулгай хийхээд шийдсэн. “Модны 2”-ын дунд зам дагуу байрлах гоо сайхны салон руу орсон. Тэгээд “IPhone X” загварын гар утас авч гарч ирсэн. “Montel” рүү алхаж очоод гар утсыг Т- таньдаг гэх ченждээ 500.000 төгрөгөөр худалдсан. ... 2020 оны 6 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед О-, Т- нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т-” хүнсний дэлгүүрт очсон. Улмаар О- цонхны төмрийг хөшиж хүн орох зай гаргаж өгсөн. Миний араас Т- орсон. О- гадаа үлдсэн. Тэгээд Т- бид хоёр касс дээр очоод ... бэлэн мөнгө, 4 хайрцаг тамхи, 2 ширхэг оймс авсан. Тухайн авсан бэлэн мөнгийг Т- “350.000 төгрөг байна” гэж хэлсэн. Би яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Би уг мөнгөнөөс задгай байсан 50 төгрөгүүдийг л авсан. Бусдыг нь Т- өөрөө авсан. ...” /1хх 10, 39-41, 134-135, 204-207/ гэх гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон нөхцөл байдал, гэм буруугийн талаар өгсөн мэдүүлгүүд,

            - хэргийн газруудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3, 173-178/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 43-44, 118-120/,

- алдагдсан зарим эд хөрөнгө болох нийт 176 хайрцаг тамхийг шүүгдэгч Д.М-өөс хураан авч хохирогч Б.Ж-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 11/,

            - гэмт хэрэг гарсан байдлыг харуулсан “Т-” хүнсний дэлгүүрийн дотоод хяналтын дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн “...01 цаг 54 минутын үед 2 эрэгтэй хүний дүрс байх бөгөөд Д.М-, С.Т- нар байв...” гэсэн тэмдэглэл /1хх 192-193/ зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.М- давж заалдсан гомдолдоо “...хохирогч Б.Ж-гийн эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд А, Б, М, Ба, Г, М нар хамтран оролцсон. Энэ талаар мөрдөгч Т- мэдсээр байж намайг “энэ хэргийг ганцаараа даагаад гар” хэмээн Т-ж шаардсан. Мөн шүүх хуралдаанд ч авч хэлэлцээгүй....” хэмээн гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдлын талаар маргадаг боловч энэ нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй ба уг хэрэгт өөр бусад этгээдийн үйлдэл, оролцоо тогтоогдоогүй байна.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Д.М- мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх 10, 39-41/-дээ “тухайн үед ганцаараа байсан” талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн байх бөгөөд ийнхүү мэдүүлэхэд нь аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлсөн, хуулиар хамгаалагдсан эрхийг нь хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, алдагдсан эд хөрөнгө болох нийт 176 хайрцаг тамхийг шүүгдэгч Д.М-өөс хураан авсан байдлаас үзвэл түүнийг энэ гэмт хэрэгт ганцаараа оролцсон гэж дүгнэх үндэслэлтэй.

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-ийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангана.

Шүүгдэгч Д.М-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ бага бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед алдагдсан зарим эд хөрөнгийг биет хэлбэрээр нь хохирогчид буцаан өгсөн, анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад үлдэх хохирлоос өөрт ногдох хэсгийг нөхөн төлсөн, хувийн байдлын тухайд өсвөр насандаа анх удаа гэмт хэрэг үйлдэж, арван найман насанд хүрээд удаагүй байхдаа ял шийтгүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдлын талаар гаргасан шүүгдэгч Д.М-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Д.М- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 91 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН