Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Д.Оюунбилэг

Шүүгдэгч Б.М-ийг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.М-ид холбогдох эрүүгийн 201722000280 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.М-,

Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б.У-ыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б.У-ыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Б.У-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр худаг дээр хонио услаад байж байтал М- ахын адуу орж ирсэн. Тэгэхээр нь адууг нь гаргачихаад хонио услаад дуусгачихъя гээд усалж байтал М- ах адуугаа тууж хүрч ирэхээр нь адууг нь ховоогоороо үргээсэн чинь М- ах унаж явсан мотоциклио шидчихээд намайг боож унагаасан. Би ухаан алдаж сэрээд гэр лүүгээ харья л даа гэсэн чинь явуулахгүй дахиж боогоод нүүр лүү алгадаж хамраас цус гаргасан. Тэгээд намайг булж ална гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р тал/,

Гэрч А.Ж-ны хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед манай хүү Б.М- гэртээ ирэхдээ нүд нь улайчихсан юм шиг харагдахаар нь юу болсон юм гэж асуухад Б- ахын банди Б.У- адуу услуулахгүй байхаар нь очсон чинь намайг барьж авахаар нь би заамдаж аваад нэг цохьчихсон гэж хэлсэн /хх-ийн 6-7-р тал/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 298 дугаартай

- Б.У-ын биед гэмтэл тогтоогдлоо.

- Б.У-ын биед зүүн талын Гайморын хөндийн ар ханын цууралт,  духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.

- Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ гэх дүгнэлт /хх-ийн 09-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.М-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.М- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 24-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 201722000280 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.М-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-ид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ