Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2019/0008

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

Т.Нд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00140 дугаар шийдвэртэй Д.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Нд холбогдох Гэрээний үүргийн биелэлт 6868662 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 8 дугаар сард Т.Нтой харилцан тохиролцсоны үндсэн дээр Х сумын Засаг даргын тамгын газрын баруун талын автограж, орон сууцны барилгын гагнуур, сантехник /цэвэр бохир усны болон дулааны шугам сүлжээ/-ийн болон бусад барилгын ажлыг хийлгэхээр тохирсон. Нын ажлын хөлсөнд миний эзэмшлийн байранд үнэ төлбөргүй суух, хоол ундны мөнгө дутсан үед хэрэглэгдэх бага хэмжээний мөнгийг Б миний бие өгөхөөр тохирсон. Гэвч жил гаран хугацааны дараа Нтой ярилцан сар бүр 500000 төгрөг олгож байнгын ажилтай болгох санал тавихад үл зөвшөөрч, ямар нэгэн мөнгө авахгүй, ажил алдуулахгүйгээр ажлын бус цагаар өөрийн мэргэжлээрээ мөнгөтэй ажил гадуур хийх, байрны ашиглалтын зардлыг төлж түрээсгүйгээр суухаар болсон.

Т.Н нь аман хэлцлийнхээ үүргийг удаа дараа зөрчин байрны ашиглалтын зардлыг төлөөгүй болно. Мөн хариуцсан ажлыг 2017 оны 11 сараас хийхээ больсон. 2017 оны 12 сард Нтой уулзаж ярилцахад асуудалгүй ажлаа хийнэ гэсэн боловч хэлсэндээ хүрээгүй. 2018 оны эхээр Н эхнэр Згийн хамт ирж машин аваад буцаагаад дор нь мөнгийг нь өгнө гэж хэлээд 1400000 төгрөг авч яваад одоог хүртэл өгөөгүй болно.

Т.Нтой байгуулсан аман хэлцлийг цуцалж 2018 оны 1 сараас эхлэн байрны төлбөр болон ашиглалтын зардлыг тооцсон. ...Иймд Т.Ноос 2018 оны 1 сараас 11 сар дуусталх байрны төлбөр 3850000 төгрөг, цахилгааны төлбөр 438822 төгрөг, усны төлбөр 114840 төгрөг, дулааны төлбөр 245000 төгрөг, хогны төлбөр 12000 төгрөг, нийт 4660662 төгрөг дээр зээлж авсан 1400000 төгрөгийг нэмж бүгд 6060662 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Нтой дараах нөхцлөөр тохирсон. Үүнд: Т.Н нь А болон Т байрны сантехник, бусад аж ахуйн ажлыг хариуцан ажиллаж, ажлын хөлсөнд 1 өрөө байранд үнэ төлбөргүй сууж орон сууц ашиглалтын төлбөрөө төлөхөөр, ажлын бус цагаар гадуур ажиллаж, ажилгүй үед хоолны мөнгө авч байхаар, ...гражийн барилгыг Т.Н өөрийн хүч, мэргэжил оролцуулан давхарлаж дууссан нөхцөлд миний бие хөрөнгө гаргаж сантехникийн дэлгүүр хамтарч ажиллуулах ба гарсан ашгийн тодорхой хувийг өгч болох юм гэж тохирсон.

...Өөрийн байрны нэг өрөөнд ажил гүйцэтгэх хугацаанд үнэ төлбөргүй суулгасан. Зарим үед хоолны мөнгө өгч байсан, зарим үед манай байр талбайг ашиглан нам даралтын зуух хийхэд цахилгааны болон талбайн төлбөр авч байгаагүй. ...Нын эхнэр З.Зг авто угаалгын газартаа авч ажиллуулсан. Нэг өрөөнд сууж байсныг тэдний гэр бүлийг бодож 2 өрөөнд оруулсан. 2017 оны 12 сарын 14-ний өдөр Н, З нар надтай уулзаад машин аваад хот уруу зарах гэсэн чинь мөнгө дутчихлаа, удахгүй өгнө гээд 1200000 төгрөг зээлсэн. 2018 оны 2 сарын 14-ний өдөр ...300000 төгрөг зээлсэн. Дээрх мөнгүүдийг төлөөгүй болно. Гражийн барилгыг одоог хүртэл дуусаагүй тул Нтой тохирсон сантехникийн дэлгүүр хамтран ажиллуулах нөхцөл боломж бүрдээгүй. Өөрийн чадах бүхнээр тусалсаны хүчинд Н ямар нэгэн өргүй болсныг олон хүн мэднэ. ...Эрүүл мэндийн шалтгаанаас Дорнодод байнга байх боломжгүй болсон үес Н өөрийн хариуцсан ажлаа хийхээ больсон. ...Өөрийнх нь тайлбарт дурдагдсан ажлууд нь жилийн 365 хоногийн 8 хоногт ажилласан болно. Үүнийг тухайн ажлыг хариуцаж байсан Х.Болд мэдэж байгаа.

Иймд Т.Ноос хэлцлийн дагуу үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн орон сууц ашиглалтын төлбөр 5264900 төгрөг, зээлсэн 1500000 төгрөгийг нэмж нийт 6764900 төгрөг нэхэмжилсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х сумын 6-р баг Тээврийн биржийн байр нь манай ах Бийн эзэмшлийнх бөгөөд би хариуцан ажилладаг. Т.Н уг байрны 1 давхрын зүүн талаас ордог 7 тоот 45 м2 2 өрөөнд 2017 оноос эхлэн амьдарч байгаа бөгөөд 2018 оны 12 сарын байрны түрээсийн мөнгө 350000 төгрөг, дулааны төлбөр 35000 төгрөг, усны төлбөр 10000 төгрөг, мөн 2019 оны 1 сарын байрны түрээс 350000 төгрөг, дулааны төлбөр 35000 төгрөг, усны төлбөр 10000 төгрөг, цахилгааны төлбөр 18000 төгрөг, нийт 808000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Өмнөх нэхэмжлэл 6060662 төгрөгөн дээр 808000 төгрөгийг нэмээд нийт 6868662 төгрөгийг Т.Ноос гаргуулж өгнө үү. ...Ажилд ороод удаагүй учир ямар ажил хийх талаар тохиролцсон талаар сайн мэдэхгүй. Гэрчээр оролцож байгаа Х.Б сайн мэднэ гэжээ.

Хариуцагч Т.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б ахын ажлыг хийж эхлэхээс өмнө О ахын байранд сарын 100000 төгрөгөөр түрээслэн суудаг байсан. 2015 оны 9 сард Б ах надтай аман хэлцэл хийж шинэ бирж болон худалдааны төв байрыг бариулахаар харилцан тохирсон. Б ах манай байранд ус, тог, түрээс өгөхгүй үнэгүй суу гэж хэлээд 2015 оны 10 сард байрандаа оруулсан. Анхнаасаа түрээсийн мөнгө, байр, гэрлийн мөнгө авахгүй, бүх зардлыг нь Ундрах хүч компаниас гаргана, би компанийнхаа нэр дээр чамд тендер авч өгнө гэж хэлсэн. Мөн Б ах надад хоёрын хооронд цалин хөлс гэж ярихгүй, ахынхаа бүх ажлыг дуусгаад өгвөл дүүдээ ашгийнхаа 10-20 хувийг өгнө, цаашдаа машинтай, сантехникийн эд анги зардаг дэлгүүртэй болгож өгнө гэсэн. Манай гэрийн хүнсэнд сард 300000 төгрөг өгөхөөр тохирсон. Тэгээд ажлаа 2015 оны 9 сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Одоогийн аймгийн авто тээврийн газар /автобус явдаг газар/ орсон барилга хуучин оросын үеийн хоосон том заал байсан. Миний бие энэ барилгын заалын төмөр карказыг гагнаж 4 давхар, тасалгаатай объект болгосон. Энэ бүгдийг өөрт байсан оросын материалаар гагнаж хийсэн. Энэ нь хүнд даацын гагнуурт ордог. Миний хувьд 3 жил дараалан гагнуур хийж байгаад өндөр зэрэглэлийн хүнд даацын гагнуурчны үнэмлэх авсан. Дээрх гагнуур нь сантиметрээр ажлын хөлс нь бодогддог учир зах зээлийн үнээр ажлын хөлсийг тооцвол их мөнгө гарна. Үүнийг Б ах сайн мэдэж байгаа.

...2015 оны 11 сард дулаан граж болон авто угаалгын газар барьж өгөхөөр тохиролцсон. Автограж, угаалгаа ажиллуулаад надад хувь ашиг өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Автограж хийх обьектод мөн оросын үеийн эвдэрхий тоног төхөөрөмж болон машин техник байсныг засан сайжруулж, дулааны шугамыг тавьж өгсөн. 2015-2016 онд шинэ биржийн ажлыг хийж байх үедээ 18х36 харьцаатай дулаан граж болон авто угаалгын газрыг ашиглалтад оруулж өгсөн. Тус угаалгын газрын бүх сантехник болон дулааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн би гражид байсан оросын хуучин краныг янзлан А ХК-ийн удирдлагатай уулзаж 13 сая төгрөгөөр худалдаж өгсөн. Мөн 2016 онд Б ахыг манаач, менежерээр ажиллаж байх үед Б ахын эзэмшлийн газар доор байсан 50 тн багтаамжтай 2 ёмкость, 60 тн багтаамжтой 1 ёмкость, нийт 3 ёмкостыг гаргаж иргэдийн төлөөлөгч М ахад тус бүрийг нь 3 сая төгрөгөөр зарж өгсөн. Мөн Б ахад 54 метр худаг гаргаж өгөхөд тусалсан. 1 метрийг нь 100000 төгрөгөөр үнэлж ухдаг байхад найз нөхдөө гуйж 3 сая төгрөгөөр хийлгүүлж өгсөн. Би нийлбэр дүнгээр 30 гаруй сая төгрөгийн эх үүсвэр гаргаж өгсөн. Одоо тус угаалгын газар нь гэхэд сард 3 саяас дээш орлоготой ажилладаг байхад надад цалин ч өгөөгүй, ярьж тохирсон ашиг ч өгөөгүй...

...Би 2017 онд 8х24 харьцаатай оношлогооны сендвичин барилга барьж өгсөн. Тооцоо, зураг гаргах бүх ажлыг хариуцан ажилласан. Өндөр мэргэжлийн хүмүүсийг авчирч, политехникийн коллежийн оюутнуудыг оролцуулан тус барилгыг маш хямд өртөгтэйгөөр барьж өгсөн. Энэ ажил маань 2017 оны 11 дүгээр сард бүрэн хийгдэж дууссан. Тухайн үед Б ах чамд хоёрын хооронд цалин өгөхгүй, харин талбай дээр барилга байгууламж баригдаж үйлдвэрлэл үйлчилгээ явагдаж эхэлбэл ашиг өгч эхэлнэ гэдгээ хэлж байсан. Иймд би ашиг авч эхлэхийн тулд дулаан авто граж, авто угаалга, шинэ бирж, оношлогооны төвийн байруудыг хурдан хугацаанд ашиглалтад оруулж байсан. Одоо миний ашиглалтад оруулсан барилга байгууламжууд үйл ажиллагаа явуулж тогтмол ашиг олж байгаа.

Б ах надад ашиг өгөхгүй хирнээ миний хийсэн бусад ажлаас ашиг авч байсан. 2018 оны 8 сард гражид хүний зуух хийхэд ашиг болгон 300000 төгрөг авч байсан. Би Б ахад хийж өгсөн сантехникийн ажил ойролцоогоор 11 гаруй сая төгрөг, хүнд даацын гагнуурын ажил 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэнэ.

Б ах надаас 1400000 төгрөг нэхсэн байна. Би Б ахаас 1200000 төгрөг зээлж эхнэр Згийн дансанд хийлгэсэн. Энэ 1200000 төгрөгийг 2017 оны 12 сарын 22-ны өдөр буцааж төлсөн баримт нь байна. Юун мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Б ах намайг хуурч зөндөө ажил хийлгэчихээд эцэст нь өндөр түрээсийн мөнгө, дулаан, цахилгаан усны мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна, маш их гомдож байна. Нэхээд байгаа мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хийсэн ажлаа зах зээлийн ханшаар үнэлж нэхнэ гэж бодож байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00140 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Нс зээлийн гэрээний үүргийн биелэлт 200000 /хоёр зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6668662 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124849 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нс улсын тэмдэгтийн хураамжид 6650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож,

3/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 11014 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгож, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

           1. Хариуцагч Т.Нын эхнэр З.З нь шүүгч С.Гийн нөхөр болох шүүгч П.Аын ойрын хамаатан болно. Иймд шүүгч С.Г нь ашиг сонирхлын зөрчилтэй байж шүүх хуралдааныг даргалж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

            2. З.З нь 2014 оны 08 сарын 29-ний өдөр ...эвлэрүүлэн зуучлал дээр дуудагдан асуудал үүсэхэд манай ойрын хамаатан шүүгч П.А ахад хэлсэн, тусална гэж надад хэлсэн гэж байсан. Иймд З.З нь уг үйлдлийг давтан хийж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна.

            3. Гэрч Х.Бын шүүх хуралдаан дээр хэлсэн гэх үгийг 2019 оны 3 дугаар сарын 25-нд асуухад миний хэлсэн үгийг арай өөрөөр бичсэн байна гэж хэлсэн бөгөөд бичгээр гэрчийн мэдүүлэг өгөх хүсэлтэй байна гэсэн. Энэ нь тухайн гэрчийн хууль ёсны эрхэд халдсан гэж үзэж байна.

            4. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нь хариуцагч Т.Нын байрны болон цахилгааны дулааны тооцоог хэвлэн өгснийг хэргийн нотлох баримт гэж үзээгүй бөгөөд шүүх хурлын үед цахилгаан дулааны баримт байгаа бол өгч болохыг сануулаагүй болно. Мөн цахилгаан дулааны нотлох баримт байхгүй нэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь шахам хэрэгсэхгүй болгож болохгүй болов уу.

            5. Хариуцагч Т.Н нь тухайн хийсэн гэх ажлуудыг ганцаараа хийсэн мэтээр ярьсанд шүүх бүрэлдэхүүн итгэсэн нь ойлгомжгүй байна. Уг ажлуудыг гүйцэтгэхэд Д.Б миний бие удирдан зохион байгуулсан. Тухайн ажлуудыг /гражийн зүүн талын хэсэг болон оношлогооны байр/ гүйцэтгэхэд 10 гаруй хүн ажиллаж байсан. Гагнуурчин гэхэд Т.Ныг оролцуулаад 3 хүн байсан. Т.Ныг уг ажлуудыг хийхэд оролцож хийгээгүй гэж огт хэлээгүй бөгөөд дараагийн ажлуудыг хийхэд янз бүрийн юм ярьж тохирсон хэлцлээ биелүүлээгүй тул уг асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдүүлэхийг хүссэн. Эдгээр хийсэн гэх ажлууд нь нэхэмжилж буй асуудалтай холбоогүй, өмнөх жилүүдэд хийгдсэн ажил болно.

            6. Т.Н нь уг ажилд хэлцлийн дагуу оролцож, тохирсны дагуу байранд үнэгүй сууж, ажлын бус цагаар “халтуур” мэргэжлээрээ ажил хийдэг байсан. Цахилгаан болон ашиглалтын зардлыг нэхэхээр дүү нь мөнгөтэй болохоороо нэг мөр хийнэ гэж хэлж байсан ч одоо огт өөр зүйл ярьж байна.

            7. Т.Нд бүх обьектийн үйл ажиллагааны ашгийг өгнө гэж огт хэлээгүй бөгөөд эдгээрийг бүрэн дуусгаж худалдааны төв болговол мэргэжлийн чинь дагуу сантехникийн дэлгүүрийн хөрөнгийг гаргаж, үйл ажиллагааг хариуцуулан ашгийн тодорхой хувийг өгч болох юм гэж хэлж байсан. Зөвхөн Т.Нд ч хэлээгүй бас Х.Б ахад ч хэлж байсан. Гол нь тэдний амьжиргааны байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой ажилтай болгохын төлөө бодож хэлж байсан зүйл. ...

            8. Авто угаалгын газрыг эхнэр З.З нь ажиллаад юун ашгийн борлуулалтын 25 хувийг авч байсан. ...

            9. Хариуцагч надад ингэж тусалсан гэж байна. Би өөрт нь маш их тусалсан даа. ...

            10. Асуудлын гол нь шүүгч Т.Нс бүтэн жилийн дотор яг юу хийсэн бэ гэдгийг нарийн тодорхойлоогүй бөгөөд хариуцагчийн болон эхнэрийнх нь ерөнхий үгээр шийдвэр гаргасанд гомдол гаргаж байна.

            11. Өнгөрсөн хугацаанд байранд үнэгүй суусан болон хийсэн ажлын тухай миний бие нэхэмжлэл гаргаагүй. Хэлцлээсээ татгалзаж ажлаа хийгээгүй тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч ойлгоогүй юм уу, эсвэл ойлгохыг хүсээгүй юм болов уу. Шүүгч С.Г бүтэн 1 жил 2 сарын хугацаанд яг юу хийснийг нарийн үнэлж, тодорхойлоогүй бөгөөд шударга ёсны зарчмаас илт хазайсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. ... Мөн амаар хэлцэл хийсэн гээд байхад амаар гэрээ байгуулсан гээд мушгих юм.

            12. Хүний өмчийг бүтэн жил гаруй хугацаанд ашиглаад хэлцлийн дагуу 8 хоног орчим ажилласан хүнийг шүүгч зөвтгөсөн шийдвэр гаргаж байгаад гомдол гаргаж байна.

            Иймд хэргийг анхан шатанд буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохыг хүсч байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Нс орон сууцны хөлс болон ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрт нийт 5 468 662 төгрөг, зээлийн гэрээний үүргийн биелэлт 1 400 000 төгрөг, нийт 6 868 662 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.Н эс зөвшөөрч  маргажээ. /хх-ийн 1-2, 10 дахь талууд/

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Нд 2018 оны 01 сараас эхлэн сарын 350 000 төгрөгөөр тооцож орон сууцны хөлс авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтаар нөгөө тал түүнийг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааны зүйлийн нэг хэсэг болох орон сууцны 2018 оны 01-12 сар, 2019 оны 1 сарын хөлс гэх 4 550 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Т.Нс өөрийн орон сууцанд амьдарч байхдаа хэрэглэсэн цахилгааны төлбөр 456 822 төгрөг, усны төлбөр 134 840 төгрөг, халаалтын төлбөр 315 000 төгрөг, хогны төлбөр 12000 төгрөг, нийт 918 662 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь энэхүү төлбөрийг хийсэн ажилдаа тооцуулах санал тавьж байгаа боловч талууд энэ талаар тохиролцсон хэлцэл хийгдсэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Т.Н нь дээрх ашиглалтын зардлыг хийсэн ажилдаа тооцуулах, эсхүл ажил хийж өгсөн учраас нэхэмжлэгч миний өмнөөс төлөх ёстой гэж маргасан байхад шүүх нэхэмжлэлд дурдсан хэмжээний ашиглалтын төлбөр гарсныг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар нотолж ирүүлээгүй гэж хариуцагчийн маргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

Иймд хариуцагч Т.Нс шүүхийн шийдвэрлэсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 200 000 төгрөг дээр цахилгаан, ус, халаалт, хогны төлбөрт 918 662 төгрөг, нийт 1 118 662  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусдаар өөрийгөө төлөөлүүлснээрээ хуульд заасан эрх нь хязгаарлагдаагүй учраас шүүгчийг татгалзан гаргах эрхээ эдэлж чадаагүй гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 849 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Бийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 138/ШШ2019/00140 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Нс зээлийн гэрээний үүрийн биелэлт 200 000 төгрөг, орон сууцны ашиглалтын төлбөрт 918 662 төгрөг, нийт 1 118 662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... 6650 төгрөг...” гэснийг “... 31 398 төгрөг...” гэж тус тус өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 849 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР

                                        ШҮҮГЧИД                                                                Ж.ДОЛГОРМАА

                                                                                                                         З.ЭНХЦЭЦЭГ