Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2019/00391

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр Дугаар 181/ШШ2019/00391 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ү ХХК -д холбогдох

 

2,400,0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Мягмарсүрэн би тус байгууллагад 2015 онд гидротехникээр орж ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сард ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие ажлаас халагдсан асуудлыг үл зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг биелүүлж 108 тоот ажилд авах тушаал гарсан. Тухайн тушаалыг гаргахдаа шүүхийн шийдвэрт дурдагдсан ажлын байр бус гадна талбайн үйлчлэгчээр авч ажиллуулахаар цалинг 400,000 төгрөг гэж тохирсон. Миний бие ажилгүй зүгээр сууж байхаар ажилтай болж байвал гээд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 2019 оны 3 дугаар сараас ажилд чинь авна гээд ажилд оруулаагүй. Одоо хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэж байна.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш хариуцагч байгууллагаас ажилд томилсон тушаал гарсан өдөр болох хөлс 2,139,460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч А.Мягмарсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр би дараах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч А.Мягмарсүрэн нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ ажиллаагүй байсан хугацааны цалин, хөлсөнд 2,139,460 төгрөг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч А.Мягмарсүрэн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус дүүргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч байгууллага давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан ч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр биелүүлж ажилд эгүүлэн тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 400,000 төгрөг байхаар тохиролцсоны дагуу 2018 оны 03, 04, 05, 06, 07, 08 дугаар сарын цалин нийт 2,400,000 төгрөг болж байна. Ажлаагүй байсан 6х400,000=2,400,000 төгрөг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2,139,460 төгрөг дээр 260,540 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам шүүхэд, өмгөөлөгч М.Балжинсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд А.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-д холбогдох ажиллаагүй байсан хугацааны цалин болох 2,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд даарах тайлбарыг гаргаж байна.

1. А.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд нь эрхэлж байсан Гидротехникч ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тус шийдвэрээр А.Мягмарсүрэнг урьд нь эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,179,625 төгрөгийг гаргуулан А.Мягмарсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1,578,441 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэж 379 тоот магадлал гарсан байдаг ба тус магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 3,179,625 төгрөг гэснийг 3,197,625 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байдаг.

 

Мөн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан болж 001/ХТ2018/00876 тоот тогтоол гарсан ба тус тогтоолоор 1,578,441 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг 1,578,441 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай, нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж өөрчлөн магадлалын бусад хэсгийг хэвээр нь үлдээж эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

 

Тус шүүхийн тогтоолыг манай компанийн зүгээс бүрэн биелүүлж иргэн А.Мягмарсүрэнтэй харилцан тохиролцож, иргэн А.Мягмарсүрэн нь өөрөө хүлээн зөвшөөрсний эцэст 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Гадна талбайн үйлчлэгч ажилд томилж, ажиллаагүй байсан үеийн цалин болох 3,197,625 төгрөгийг өгсөн. 3 шатны шүүх хуралдаан болох явцад захирлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №14 дугаартай тушаалаар төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар баталсан 2017 оны Бизнес төлөвлөгөөний дагуу бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж, зарим орон тоог хасах, зарим орон тоог цөөрүүлэхэд А.Мягмарсүрэнгийн ажлын байр хасагдсан байдаг ба бид А.Мягмарсүрэнг боломжтой ажлын байр болох Гадна талбайн үйлчлэгч ажил албан тушаалд томилсон.

 

2. Иргэн А.Мягмарсүрэн нь нэхэмжлэлдээ 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 2,139,460 төгрөгийг нэхэмжилсэн байна. Тус цалинг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Манай компани нь хүйтний улирал буюу 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ирэх оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллахгүй амардаг. Үйл ажиллагаанаасаа хамаарч улирлын чанартай ажилладаг юм. Энэ талаар талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд тодорхой дурдсан байдаг. Иймд энэ хугацааны цалин хөлс мөн олгогдох боломжгүй.

 

3. Өмнө нь дурдсанчлан анх А.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд нь эрхэлж байсан Гидротехникч ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Дээд Шүүх хуралдаан болж 001/ХТ2018/00876 тоот тогтоол гарч хэрэг эцэслэн шийдэгдсэн бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс дуустал нь ажил олгогч, эсхүл ажилтны буруу эсэх нь тогтоогдоогүй байсан тул Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас Улсын Дээд Шүүхийн тогтоол гарах хүртэл хугацааны цалинг олгох үндэслэлгүй байна.

 

Иймд манай компанийн зүгээс ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилгүй байсан үеийн цалин, олговрыг олгох талаар гарсан шүүхийн тогтоолыг бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч А.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Мягмарсүрэн нь хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-аас 2,400,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03167 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А.Мягмарсүрэнг Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-д гидротехникчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,179,625 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,578,441 төгрөгийн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх баталгаажилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 379 магадлалаар анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 3,179,625 төгрөг гэсэнийг 3,197,625 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээснийг, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2018/000876 тогтоолын нэг дэх заалтаар ..1,578,441 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. гэж, тогтоолын 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, шийдвэрийн 2,3 дахь заалтын дугаарыг 3, 4 болгон өөрчлөж гэсэн нэмэлт оруулж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн эцэслэн шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Мягмарсүрэнг Үндэсний соёл амралтын Хүрээлэн ХХК-ийн үйл ажиллагааны газрын тохижилт үйлчилгээний албанд гидротехникчийн албан тушаалд эгүүлэн томилж ажилд эгүүлэн тогтоосон, түүний нэг сарын болон нэг өдрийн дундаж цалин хөлсийг тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм..

 

Хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А.Мягмарсүрэнд шүүхийн шийдвэрийн дагуу 3,197,625 төгрөгийг олгосон болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн 96 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй,

69 дүгээр зүйлийн 69.1.-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг иргэд, хуулийн этгээд, төрийн эрх мэдлийн байгууллага, төрийн бус байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх учиртай.

Нэхэмжлэгч А.Мягмарсүрэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-аас шаардах эрхтэй.

 

Хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс гарах эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

 

Гэтэл хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ажилтанг ажилд эгүүлэн аваагүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-д .....2019 оны 4 дүгээр сараас эхлэн ажилд орох, 2017 оны ээлжийн амралтын мөнгийг олгох тухай хүсэлтийг гаргаснаар А.Мягмарсүрэнг Тохижилт үйлчилгээний албаны гадна талбайн үйлчлэгчийн албан тушаалд томилж, үндсэн цалин 400,000 төгрөгөөр тохиролцож, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр ажилтантай Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар Ажилд томилох тухай тушаал гарчээ. /хх-ийн 19, 38-39 дүгээр талууд/

Хариуцагч Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК нь А.Мягмарсүрэнгийн хүсэлтийг үндэслэн 2017 оны ээлжийн амралтыг 29 хоногт 702,509 төгрөгөөс 114,224 төгрөгийн суутгаж 588,285 төгрөгийг нэхэмжлэгчид олгожээ. Энэ талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 34, 40, 50 дугаар талууд/

 

Иймд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн буюу шийдвэр гарсан өдрөөс хойш 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаа буюу нийт ажлын 45 хоногт, үүнээс ээлжийн амралтын 29 хоногийг хасаж, ажлын 16 хоногт 1 өдрийн 25,581 төгрөгт /25,581 х 16 хоног/ тооцож 409,296 төгрөгийг Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,990,704 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаярт 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэж Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-д гарын үсэг зуруулсан боловч тэрээр өөрийгөө оролцуулахгүй хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйийн 160.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-аас 409,296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мягмарсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,990,704 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Үндэсний соёл амралтын үндэсний хүрээлэн ХХК-аас 12,929 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мягмарсүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ