| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/0036/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/33 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч М.Алтангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн, шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2424000980038 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *****************, ам бүл 3, 2 охины хамт ********************* оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********************************, регистрийн дугаар: **********************,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ************ улсын дугаартай, бор шаргал өнгийн Тоёота Харриер-ИксЮу30 /Toyota Harrier-XU30/ загварын тээврийн хэрэгсэл жолоодож Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын чиглэлд хатуу хучилттай замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Бумбат” хэмээх газарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн Б-д, 11 дүгээр зүйлийн 11.14-т, 12 дугаар зүйлийн 12.1, 2, 3, 4-д заасныг тус тус зөрчиж, *************** улсын дугаартай, цэнхэр өнгийн Киа Сирэс /Kia Ceres/ загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч С.Лы эрүүл мэндэд тархи доргилт, духны баруун дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирлыг, мөн ************** улсын дугаартай, бор шаргал өнгийн Тоёота Харриер-ИксЮу30 /Toyota Harrier-XU30/ загварын тээврийн хэрэгслээр зорчиж явсан П.Сн эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх хуудас/, мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9 дэх хуудас/, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 10-11 дэх хуудас/, мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-17 дахь хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Сн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-45 дахь хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Цн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Зн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Лны 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дахь хуудас/, гэрч С.Он 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-83 дахь хуудас/, “Тайкун” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ************** дугаартай гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 22 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн акт *************, акт **************** дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 91-92, 98-99 дэх хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ********** дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 116-118, 122-124 дэх хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ************ дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 131-132 дахь хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ************** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 139-141 дэх хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *************дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 147-148 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 153-156 дахь хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн ******** дугаартай яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, эмчийн үзлэгийн хуудас, эмчлүүлэгчийн эмчилгээний хуваарь /хавтаст хэргийн 110-115 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч П.С, С.Л нарын эрүүл мэндэд, хохирогч С.Л, иргэний нэхэмжлэгч П.З нарын эд хөрөнгөд хохирол учирсан байх бөгөөд хохирогч нар нь учирсан хохирол, хохиролд холбогдох зардлаа шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн хэдий ч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч П.Ц нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг сайн дурын үндсэн дээр төлж барагдуулахаа бодитоор илэрхийлсэн байх тул түүнээс 6,181,097 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Цд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П.Цг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.С, С.Л, иргэний нэхэмжлэгч П.З нарын энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч П.Цс 6,181,097 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН