Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/336

 

О.Б-эд холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Тунгалагтуяа,

шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Э.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 491 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор А.Тунгалагтуяагийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Э.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Б-эд холбогдох эрүүгийн 2008023030014 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             О.Б-, 1977 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал малладаг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            О.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хамтран амьдрагч П.А-тай “өөр хүнтэй утсаар ярих гэл ээ” гэсэн шалтгаанаар маргалдахдаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрх чөлөөнд халдсан нэг удаагийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зөрчилд хамаарах, уг үйлдэл байнга давтагдвал “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг болох, харин нэг удаагийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулснаар зүйлчлэгдэх учиртай. Энэ хэргийн тухайд шүүгдэгч О.Б-, хохирогч П.А- нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч эхнэр нөхрийн харилцаатай 3 жил хамтран амьдарсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар тэднийг өөр хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх үндэслэл болж байна. Дээрхээс үзвэл, шүүгдэгч О.Б-ийн үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хууль ёсны байх зарчимд нийцүүлэн гэмт хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй...” гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор А.Тунгалагтуяа тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхээс гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайн гэр бүлийн уур амьсгал, шүүгдэгч нь гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан хүйтэн хөндий уур амьсгалыг урьд өмнө бүрдүүлж байсан эсэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэнэт үүссэн сэтгэл зүйн таарамжгүй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн талаарх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх ёстой. О.Б-, П.А- нар нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс мөн боловч урьд өмнө нь О.Б-ийн зүгээс П.А-ын эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй болох нь хохирогч П.А-, шүүгдэгч О.Б-, гэрч П.Батцэцэг нарын мэдүүлэг, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын эрсдлийн зэрэгт хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон. О.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн байх бөгөөд энэ нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй юм. О.Б- нь гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн, хардалтын улмаас хохирогчийн биед халдаж, гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул түүний үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Э.Даваасүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Учир нь, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчилбэл Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэх бөгөөд харин тухайн гэр бүлийн уур амьсгал, шүүгдэгч нь гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан хүйтэн хөндий уур амьсгалыг урьд өмнө бүрдүүлж байсан эсэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэнэт үүссэн сэтгэл зүйн таарамжгүй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн талаарх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх нь зүйтэй. Шүүгдэгч О.Б- нь хохирогч П.А-ыг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй бөгөөд харин хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн, тодруулбал хамтран амьдрагч П.А-ыг “өөр хүнтэй утсаар ярих гэл ээ” гэсэн шалтгаанаар хардан маргалдахдаа цохиж түүний биед халдсан нь гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсье. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос О.Б-ийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим хамтран амьдрагч П.А-тай “өөр хүнтэй утсаар ярих гэл ээ” гэсэн шалтгаанаар маргалдахдаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...шүүгдэгч О.Б-ийн хамтран амьдрагч П.А-ыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар...” хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч О.Б- нь гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан хамтран амьдрагч П.А-ыг байнга зодож, эрх чөлөөнд нь халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт цуглараагүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчийг байнга зодож, дарамталсан, хүчээр давамгайлж байсан гэх шинжгүй, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч буй эр, эмийн хоорондын хардалтаас үүдэлтэй таарамжгүй харьцаанаас болж маргалдахдаа хохирогчийн биед халдсан үйлдэл болгоныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх, эсхүл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ шинжээр үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй гэх асуудлаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэн энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, давж заалдсан гомдлыг тус тус хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, О.Б-эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн болон зүйлчлэлийн хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 491 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.Б-эд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл О.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН