Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0426

 

2022 оны 06 сарын 06 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2022/0426

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, шийтгэлийн

хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан шийдвэрлэх

ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Үүлэнгийн дүгнэлттэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Цэнд-Аюушид холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Үүлэн шүүхэд ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 91 дүгээр дүгнэлтдээ: ...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Ц.Цэнд-Аюушийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0001027 дугаартай шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Цэнд-Аюуш шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...би Номадиквишн ХХК-ийн нягтлан бодогч А.Хонгорзулд 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх ТС-02 дугаарт бүртгэгдсэн зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, холбогдогч А.Хонгорзулд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 0001027 дугаар шийтгэлийн хуудсаар хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан ба зөрчлийн тухай хуулийн заалтыг буруу бичсэн нь үнэн тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын дүгнэлтээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Цэнд-Аюушд холбогдуулан ...2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 0001027 дугаар шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Цэнд-Аюуш нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 91 дүээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Үүлэнгийн ...2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 0001027 дугаар шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.25 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулах гэсэн өөрчлөлт оруулах дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Цэнд-Аюушийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 0001027 дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 91 дүгээр дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН