Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 537

 

П.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00179 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч П.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “П Д” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон цалингийн зөрүүнд 3 286 905 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                            П.О-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Г.Л, М.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга             Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2000 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Төв аймгийн Монгол даатгалын салбарт менежерээр ажиллаж эхлээд даатгалын салбарт өнөөдрийг хүртэл 18 жилийн хугацаанд үр бүтээлтэй ажиллаж байна. Би 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “П Д” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Төв аймаг дахь салбарын эрхлэгчээр томилогдон ажилласан. 2016 оны 8 дугаар сард ирсэн шалгалтаар жижиг дутагдал илэрч 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Б.Х /СБА-ны дарга/ -аар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй дотоодын ээлжит шалгалт орсон. 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн орой ажил тарах гэж байхад /гүйцэтгэх захирал/ О.Г Б.Х, М.З нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс орж ирээд таныг ажлаас халлаа, та 18 000 000 төгрөгийн авлага үүсгэсэн гэж амаар хэлсэн. Ингээд би 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ерөнхийлөгчид гомдлоо гаргаж ерөнхийлөгчтэй нүүр тулж уулзахад ерөнхийлөгч Төв аймгийн салбарын П.О-ыг мэднэ. Жил болгон төлөвлөгөө нь биелэгддэг байхад яагаад ийм асуудал үүсгэсэн юм бэ гэхэд гүйцэтгэх захирал шалгалтын тухай хэлэхэд ерөнхийлөгч дахин шалга гэж хэлснээр 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дахин шалгалт хийсэн. Дахин шалгалтаар даатгалын хураамжийн авлага багасаж 3 812 041,40 төгрөг, 263 ширхэг гэрээ баталгаанууд дутсан гэсэн. Нийт 4 207 330,40 төгрөгийн авлага дутагдалтай гэж гаргасан. Тушаалд дурдагдсан зөрчлүүдийг зөвшөөрөхгүй байгаа. Даатгалын хураамжийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй гэдэг нь 2017 онд хэтэрхий өндөр төлөвлөгөө өгсөнтэй холбоотой. 2016 онд 81 000 000 төгрөгийн төлөвлөгөөтэй байсан. Энэхүү төлөвлөгөөг давуулан биелүүлж 2016 онд 208 000 000 төгрөгийн даатгалын орлого оруулсан. Гэтэл 2017 оны төлөвлөгөөг огцом өсгөж 140 000 000 төгрөг болгосон. 2017 онд 81 900 000 төгрөгийн орлого оруулсан. Өндөр төлөвлөгөө тавьсантай холбоотой хувь буурсан гэж үзэж байна. Гэрээт баталгаа болон даатгалын хураамжийн авлага үүсгэсэн зөрчлийн тухайд шалгалтын 4 207 330,40 төгрөгийн зөрчилтэй холбоотой. Би П.О- гэдэг хүнийхээ хувьд нэг ширхэг баталгаа ч хэвлэж дутагдуулаагүй. Дутагдлууд бүгд төлөөлөгч, менежерүүд гэх хувь хүмүүстэй холбоотой, зээлээр даатгал хийж авлага үүсгэсэн зөрчил байсан. Компани угаасаа зээлээр даатгал хийхийг зөвшөөрдөг байсан. Тэр нь 2015-2016 оны авлага болж явсан. Тооцооны хуудаснаас ч нэрээрээ зарим нь харагдаж байгаа. Шалгалтаар илэрсэн зөрчлийн 621 041,40 төгрөгийн зөрчил нь 2017 онд харьяалагдана. Намайг алдаа дутагдлаа зөвшөөрөөд 1 000 000 төгрөг төлж барагдуулсан гэж байна. Би төлөөлөгч нарын дутаасан гээгдүүлсэн баталгааны төлбөр болох 394 500 төгрөгийг 2017 оны 621 041 төгрөгийг бүгд 1 000 000 төгрөг төлсөн. Тэрийг яаж төлсөн бэ гэхээр миний тушаалыг өгөхгүй энийгээ төл гэсэн учраас тушаалаа авах гээд хуримтлалын санд хуримтлагдсан “П Д” ХХК-ийн дансанд байсан мөнгөнөөс нягтлан бодогч 700 000 төгрөг төлж би үлдэгдлийг нь төлсөн. Харилцаа болон ёс зүйн зөрчлийг удаа дараа давтан гаргасан гэдэг нь үндэслэлгүй. Би ажлаа хийлгэхийн тулд салбар ахалж байсны хувьд хүмүүст шаардлага тавьдаг байсныг зарим хүмүүс ажлаа хийж чадахгүй болохоороо миний эсрэг янз бүрээр ярьж явсныг үгүйсгэхгүй. Нэг жилд 4 менежер солигдсон гэдгийг надтай холбож тайлбарлаж болохгүй. Орон нутаг хариуцсан мэргэжилтэн өөрөө сонгож хүн томилсон. Тэр хүмүүс нь удаа дараа орлого оруулахгүй, программын тайлан гаргаж чадахгүй байсан ба намайг нэгдүгээр чиглэлийн үзлэг дуусаад ирэхэд гүйцэтгэх захирал өөрөө халсан байсан. Компаниас томилоод өөрсдөө л чөлөөлж байсан. Н.Т-ы хувьд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ажлаас гарсны дараа биед нь хүрсэн ч гэх шиг мэдүүлэг өгснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ тухайн үедээ нэг ч төгрөгийн асуудалгүй, нэг ч гэрээ баталгааны тооцоо гаргаагүй, шалгалтын дүн тайлан, тооцоо гаргаагүй байж, гэнэт ажлаас халсан. Ерөнхийлөгч намайг бэлэн мөнгөний асуудал байхгүй байна, ажилдаа ор гэхээр нь 2 удаа очиход намайг аваагүй. Миний хувьд гэнэт ажлаас халагдсан тул гомдолтой байгаа болохоор ажилдаа эгүүлэн тогтоолгох, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон цалингийн зөрүүнд бүгд 3 286 905 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “П Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, Ч.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль ёсны гэж үзэж байгаа юм. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ...ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтын дагуу ажил олгогчийн зүгээс тушаал гаргасан. Уг тушаалыг гаргахдаа “П Д” ХХК-ийн дотоод журмын 10.1.3-т заасны дагуу сахилгын зөрчил-тэй холбоотой, 10.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчилтэй холбоотой гэсэн 2 үндэслэлээр тушаал гаргасан. Ёс зүйн зөрчлийн тухайд тухайн салбарын менежерүүддээ харилцааны доголдолтой, тааламжгүй харилцдаг байсан болохоор түүнийг нотлуулах гэрчийн мэдүүлэг авагдсан байгаа юм. Н.Т-ы биед нь гар хүрсэн удаатай, ёс зүйн доголдолтой харьцдаг байсан. Тодорхой баримт байх тул ажлаас халсан тушаалын үндэслэл нь хууль ёсны болсон. Мөн тухайн ажлыг гүйцэтгэхдээ алдаа дутагдал гаргасантай холбоотой гэж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тухайн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчилд тооцох үндэслэлүүд байдаг. 2018 оны 2 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл П.О-ын ажлын гүйцэтгэлд дахин шалгалт хийгдсэн. Уг шалгалтаар байгууллагын үнэт цаас болох даатгалын баталгаа буюу гэнэтийн ослын даатгалын баталгаа 2 ширхэг, жолоочийн хариуцлагын даатгалын баталгаа 261 ширхэг дутсан байсан. Хураамжийн орлогын зөрүү буюу баталгаа бичигдэн тухайн иргэнтэй гэрээ байгуулж төлбөр авсан мөнгөө байгууллага руу шилжүүлэх ёстой дүн нь 5 140 367 төгрөг байснаас буураад зөрүү нь 3 812 830 төгрөг болсон. Ингээд нэгдсэн дүнгээр даатгалын хураамжийн авлагын зөрүү 3 812 830 төгрөгийн дутагдал, алга болсон даатгалын баталгаа 263 ширхэг, нийт 4 207 000 төгрөгийн зөрчил илэрсэн байсан нь шалгалтын тайланд тусгасан байгаа. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2016-02-01 тоот хөдөлмөрийн гэрээний 11.4.6-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан байх тул хөдөлмөрийн гэрээг гүйцэтгэх захирлын 180245 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалаар цуцалсан. Энэ тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гуравдугаарт, хураамжийн орлогын төлөвлөгөөг жил болгон гаргадаг ба П.О-ын хувьд 2016 онд давуулан биелүүлэн автомашинаар шагнуулж байсан. Тэгэхээр тухайн ондоо өндөр хураамж гаргавал дараа жилийн төлөвлөгөө нь өндөр гардаг байсан. Гэтэл шалгалтын тайлангаар 100 хувиас 58 хувь биелүүлсэн байсан. Эдгээр зөрчлүүд нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт мөн “П Д” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4-д заасны дагуу ажилтан П.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон тул П.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан П.О-ыг “П Д” ХХК-ийн Т аймаг дахь салбарын захирлын ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “П Д” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон цалингийн зөрүүнд 3 286 905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар П.О-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт /2018 оны 2 сараас 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны/ нөхөн бичилт хийхийг “П Д” ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар П.О- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, “П Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 67 540 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611199697 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Г давж заалдах гомдолдоо:

            ... “П Д” ХХК-ийн Төв аймгийн салбарын захирлын үүрэг гүйцэтгэж байсан П.О- нь 2018 оны ээлжит шалгалтаар 2017 оны даатгалын хураамжийн орлогын төлөвлөгөөний биелэлт хангалтгүй биелүүлсэн гэрээт баталгаа болон даатгалын хураамжийн авлага үүссэн харилцаа болон ёс зүйн зөрчлийг удаа дараа давтан гаргасан ноцтой зөрчил илэрсэн тул 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг шийдвэртэй холбоотойгоор П.О- нь “О У” группийн ерөнхийлөгч О.Г-т гомдол гаргасан. “П Д” ХХК нь “О У” группийн охин компани бөгөөд группээс дахин шалгалт хий гэсний дагуу шалгалт хийж 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн тайлан гарсан. Уг тайлангаар дээрх нөхцөл байдлууд тогтоогдсон. Үүнд, гэнэтийн ослын даатгалын баталгаа 2 ширхэгийг дутаасан, жолоочийн хариуцлагын даатгалын баталгаа 261 ширхэгийг дутаасан, даатгалын хураамжийн орлогын зөрүү 3 812 830 төгрөгийн авлага үүссэн даатгалын баталгааны төлбөр 394 500 төгрөгийн авлага үүссэн. Хамтран ажиллаж буй ажилтнуудтай ёс зүйн зөрчил үүсгэж 1 жилийн хугацаанд 4 менежер ажлаас гарсан. Цээл сумын төлөөлөгч Б.Б-ын ДХО-ын шимтгэл болох цалинг завшсан нь нотлогдож сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Иймд “П Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №18-02/45 дугаар хууль зүйн үндэслэлтэй тушаал гарсан. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт зохигчид буюу гэрээний талууд ажлын байр, албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой нь холбогдуулж ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой гэсэн. Гэтэл “П Д” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.4-т “нэгдсэн дүрэм, журам зааврыг зөрчсөн”-ийг ноцтой зөрчилд тооцно гэж тодорхой заасан атал уг заалтын талаар хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Мөн тушаалд дурдагдсан 2017 оны даатгалын хураамжийн орлогын төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, гэрээт баталгаа болон даатгалын хураамжийн авлага үүссэн, харилцаа болон ёс зүйн зөрчлийг удаа дараа давтан гаргасан гэх зөрчлүүдийг ажлаас шууд халах ноцтой зөрчил болохыг талууд хөдөлмөрийн гэрээгээр тохироогүй байна гэж дүгнэсэн байх бөгөөд дээрх зөрчлүүд нь “П Д” ХХК-ийн нэгдсэн дүрэм, журам, зааврыг тухайн ажилтан зөрчсөний улмаас гарсан гэдгийг анхаараагүй. Дээрх зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заагаагүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Даатгалын баталгаа нь даатгалын гэрээтэй нэгэн адил хүчин чадалтай бөгөөд даатгалын гэрээг орлох бичиг баримт юм. Энэ даатгалын баталгааны талаарх зохицуулалтыг Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.3 дахь хэсэгт зааснаар даатгалын баталгааг үзүүлснээр даатгалын байгууллага нөхөн төлбөр төлөх үүргийн талаар зохицуулсан. П.О- нь жолоочийн хариуцлагын даатгалын 261 ширхэг баталгаа, гэнэтийн ослын даатгалын 2 баталгааг үрэгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймгийн салбарт хийсэн шалгалтын тухай баримт бичгийн хавсралтад гарын үсэг зурсан. Мөн баталгааг үрэгдүүлсэн гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байна. Мөн дээрх баталгаануудыг ашиглаж, иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж компанид мэдэгдэлгүйгээр бусдаас мөнгөн хөрөнгө авах боломжтой бөгөөд уг баталгаанаас болж компанид эд хөрөнгийн хохирол учрах бүрэн боломжтой учир даатгалын баталгааг үрэгдүүлсэн П.О-ын үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон цалингийн зөрүүнд 3 286 905 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хариуцагч “П Д” ХХК-ийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18-021/45 дугаар тушаалаар П.О-ыг Төв аймгийн салбарын захирлын албан тушаалын ажлаас чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, “П Д” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3, 10.1.4-т заасан заалтыг тус тус баримталсан байна.

 

Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа 2017 оны даатгалын хураамжийн орлогын төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, гэрээт баталгаа болон даатгалын хураамжийн авлага үүссэн, харилцаа болон ёс зүйн зөрчлийг удаа дараа, давтан гаргасан үндэслэл заажээ. /хх-ийн 17 дугаар тал/

 

Хэргийн 66-67 дугаар талд Төв аймгийн салбарт шалгалт хийсэн тухай 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн тайланг нотлох баримтаар гаргасан байх бөгөөд шалгалтаар 2016 оны 1 дүгээр улирлаас 2017 оны 4 дүгээр улирал дуусталх хугацааны тухайн салбарын материал болон хийгдсэн ажил үйлчилгээг хамруулсан байна. Дээрх шалгалтаар даатгалын хураамж болон гэрээний баталгааны 4 207 330 төгрөгийн зөрчил илэрсэн байна.

 

Анхан шатны шүүх шалгалтын тайлан гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг зөрчил илрүүлсэн өдөр гэж тооцон нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд нэрлэн заасан гэрээт баталгаа болон даатгалын хураамжийн авлага үүссэн 4 207 330 төгрөгийн зөрчил нь 2015-2016 онд хамаарч байгаа, мөн 3 586 289 төгрөгийн зөрчил нь 2015-2016 оны шалгалтаар болон баримтаар илэрсэн байх тул уг зөрчлүүдэд сахилгын арга хэмжээ авах хуульд заасан хугацаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Мөн нэхэмжлэгч П.О- ёс зүйн зөрчил гаргаснаас 2016-2017 онд 4 менежер ажлаа сольсон гэх байдал нь нэхэмжлэгчийн буруутай ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан бөгөөд. П.О-д 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байхад ажил олгогч ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

            Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3, 10.1.4-т заасан “Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн, ноцтой зөрчилд тооцох, ажилтан хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөн, аваар осол гаргасан” гэсэн заалтуудыг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд хамааруулсан үзсэн нь тодорхойгүй болжээ. Ажил олгогчийн тушаалдаа дурдсан хуулийн үндэслэлийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч П.О- сахилгын зөрчлийг давтан, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00179 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “П Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО