| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 181/2018/02158/И |
| Дугаар | 181/ШШ2018/02268 |
| Огноо | 2018-11-01 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2018/02268
2018 оны 11 сарын 01 өдөр Дугаар 181/ШШ2018/02268 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д ХХК -д холбогдох
Эд хөрөнгө хөлсөлсөн гэрээний үүрэгт 75,157,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтан аураг констракшн ХХК нь хариуцагч Ди И Ти ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Тоног төхөөрөмж түрээслэх тухай №ААК/17-07 дугаартай гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, Хово маркийн 25-44 УБР, 25-03 УБР, 31-44 УБР улсын дугаартай 3 ширхэг самосвал автомашиныг, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тоног төхөөрөмж түрээслэх тухай ААК/17-06 тоот гэрээг 6 сарын хугацаатай байгуулж QINGGON G 856 маркийн өөрөө буулгагч механизмыг тус тус түрээсэлсэн.
Түрээслэгч Ди И Ти ХХК нь дээрх түрээсэлсэн 4 ширхэг механизмыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт ил уурхайн хөрс хуулалтын ажилд ашигласан бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийн 2.3 дахь хэсгээр механизмын түрээсийн төлбөрийн талаар тохирч, авто самосвал нэг бүрийг сарын 12,000,000 төгрөгөөр, өөрөө буулгагч механизмыг сард 10,000,000 төгрөгөөр түрээсэлсэн юм. Түрээсэлсэн 3 ширхэг авто самосвалуудаас 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 25-44 УБР дугаартай авто сомасвал- 21 хоног, 25-03 УБР авто сомасвал 5 хоног, 31-44 УБР авто сомасвал 14 хоног, өөрөө буулгагч механизм-24 хоног, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийг 25-44 УБР дугаартай авто сомасвал-13 хоног, 31-44 УБР авто сомасвал-24 хоног, өөрөө буулгагч механизм 20 хоног тус тус ажилласан. Талууд механизмуудын ажилласан хоног, төлбөл зохих түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.
Ди И ТИ ХХК дээрх механизмуудын түрээсийн төлбөрт нийт 48,432,238 төгрөг төлөхөөс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд Хятадуудаас санхүүжилт орж ирээгүй байна гэсээр өдийг хүргэсэн.
Иймд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ААК/17-07 дугаартай гэрээний үүрэгт 31,765,571 төгрөг, уг гэрээний 15 дахь хэсэгт зааснаар алданги 15,882,785 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №ААК/17-06 тоот гэрээний үүрэгт 16,666,667 төгрөг, алданги 8,333,333 төгрөг /Машин механизмуудыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас татан авчрахад зарцуулсан тээврийн зардалод 2,509,136 төгрөг 75,157,492 төгрөгийг Ди И Ти ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гэрээний үүргийн биелэлт, алданги бусад хохиролд нийт 75,157,492 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Ди И ТИ ХХК нь Алтан аураг констракшн ХХК-тай Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулан ажилласан хэдий ч бид нэхэмжлэлийн шаардлага түүний үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Талуудын механизмуудын ажилласан хоног төлбөл зохих түрээсийн талаар тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид энэ тооцооллыг хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн удаа байхгүй. Харин талууд цаашид тооцоо нийлж уг асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Алтан Аураг констракшн ХХК нь хариуцагч Ди И Ти ХХК-д холбогдуулан эд хөрөнгө түрээслүүлсний төлбөрт 48,432,238 төгрөг, алданги 24,216,118 төгрөг, эд хөрөнгийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Улаанбаатар хотод өөрийн зардлаар авчирсан 2,509,136 төгрөг нийт 75,157,492 төгрөг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
1. Эд хөрөнгө хөлсөлсөн гэрээний үүрэгт 48,432,238 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Ди И Ти ХХК нь нэхэмжлэгч Алтан аураг констракшн ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ №ААК-17-06 байгуулж QINGGON G 856 маркийн өөрөө буулгагч механизмыг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 сард 10,000,000 төгрөгөөр /НӨАТ ороогүй/, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ ААК-17-07 байгуулж Хова маркийн 25-44 УБР, 25-03УБР, 31-44 УБР самосвал авто машинуудыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сард нэг автомашины төлбөрт 12,000,000 төгрөг/НӨАТ ороогүй/-өөр түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 6-7 дугаар талууд/
Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан, эд хөрөнгө хөлсөлсөн талаар талууд маргаагүй.
Хариуцагч Ди И Ти ХХК Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 7.2.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, эвийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт нотлоогүй болно.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд эд хөрөнгийг шилжүүлж, хариуцагч эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөхөөр тохиролцож, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоор заасны дагуу талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №ААК-17-06, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ААК-17-07 гэрээнүүдийн 4-т Төлбөрийг ажил эхэлснээс хойш 38 хоногийн дотор Түрээслүүлэгч талын Хаан банкны 5163022896 /Г.Гансүхийн/ тоот дансанд хийж байна гэж тохиролцсоноор хариуцагч эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч тал гэрээнд зааснаар 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээг цуцалж тоног төхөөрөмжөө эргүүлэн татсан үйл баримт тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт авагджээ./хх-ийн 8 дугаар тал/
1.1.Тоног төхөөрөмжийн түрээсийн №ААК-17-07 гэрээний 3-д сард 1 машины түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг гэж тохиролцсоноос үзвэл 25-44 УБР улсын дугаартай авто машинд нэр бүхий 2 жолооч, 25-03 УБР улсын дугаартай авто машин -2 жолооч, 31-44 УБР улсын дугаартай авто машинд-1 жолооч тус тус ажиллахаар тохирсон байна. 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд:
a. 25-44 УБР улсын дугаартай автомашин 2 жолооч, 1 өдрийн 428,571.43 төгрөгөөр 21 хоног ажиллахад 8,991,991 төгрөг, үүнээс 163,000 төгрөгийг хасахад 8,828,991 төгрөгийг;
b. 25-03 УБР улсын дугаартай авто машин 1 жолооч, 1 өдрийн 214,285.71 төгрөг 5 хоног ажиллахад 1,071,425 төгрөгийг;
c. 25-03 УБР улсын дугаартай авто машин 2 жолооч, 1 өдрийн 428,571.43 төгрөгөөр 14 хоног ажиллахад 5,999,994 төгрөгийг, нийт 15,900,410 төгрөгийг;
2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд:
a. 25-44 УБР улсын дугаартай авто машин 2 жолооч, 1 өдрийн 428,571.43 төгрөгөөр 13 хоног ажиллахад 5,571,428.57 төгрөгийг;
31-44 УБР улсын дугаартай авто машин 2 жолооч, 1 өдрийн 428,571.43 төгрөгөөр 24 хоног ажиллахад 10,285,714.29 төгрөгийг, нийт 15,857,142.86 төгрөгийг;
1.2.Тоног төхөөрөмжийн түрээсийн №ААК-17-06 гэрээний 3-т 1 сард 10,000,000 төгрөг /НӨАТ ороогүй/ гэж тохирсноос
a. 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл квош 24 хоног 2 жолооч ажиллахад 10,000,000 төгрөгийг;
b. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 20 хоног 1 жолооч ажиллахад 6,666,666.67 төгрөгийг, нийт 16,666,666.67 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Ди И ТИ ХХК-аас эд хөрөнгө ашигласны төлбөрт 48,424,219.52 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Алтан Аураг констракшн ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2. Алданги 24,216,118 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Талуудын гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.
Тоног төхөөрөмжийн түрээсийн ААК-17-06, ААК17-07 гэрээнүүдийн 15-д Түрээслэгч тал түрээсийн төлбөрөө гэрээний дагуу хугацаанд нь төлөхгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алданги төлнө гэж тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 24,212,109 төгрөгийн алданги гаргуулах үндэслэлтэй.
3. Механизм авчирсан зардал 2,509,136 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Зохигчдын хооронд байгуулсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээнүүдийн 9-д Түрээслэгчээс түрээсийн төлбөрөө гэрээний дагуу төлж байхыг шаардах ба гэрээнд тусгагдсан төлбөрийн нөхцөлийн заалт зөрчигдвөл өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, тоног төхөөрөмжөө эргүүлэн татах эрх эдэлнэ. Энэ нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлага хохирлыг Түрээслэгч талаас нэхэн гаргуулах эрх эдэлнэ гэж тохиролцжээ.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал тоног төхөөрөмж механизмыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Улаанбаатар хотод авчирсан зардалд 2,509,136 төгрөгийг гаргасан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагч Ди И Ти ХХК-аас гэрээний үүрэгт 48,424,219.52 төгрөгийг, алданги 24,212,109.76 төгрөг нийт 72,636,329.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Алтан Аураг констракшн ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2,521,163 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287.1, 289.1.2., 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ди И Ти ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 72,636,329.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Алтан Аураг констракшн ХХК-д олгож нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2,521,163 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан 533,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 521,132 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ