Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/01871

 

 

 

 

2018 оны 09 сарын 17 өдөр         Дугаар 181/ШШ2018/01871         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Т.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г газарт холбогдох,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/77 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов. 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Т.Сосорбарам миний бие 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-т Ээлжийн нийгмийн ажилтан албан тушаалтай ажилтнаар ажилд орж хөдөлмөрийн гэрээг байгуулсан юм.

Миний бие тус газарт ажиллаж байх хугацаандаа сахилгын болон эд хөрөнгийн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь гүйцэтгэдэг байсан.

Гэтэл миний нэр дээр тушаал гаргаж*******ыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсугай гэжээ. Уг тушаалын хууль зүйн үндэслэлээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг ажил олгогч баримтлан дээрх тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт: Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана... гэж заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-ын дарга О.Алтансүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/77 дугаартай*******ыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Миний бие дээрх ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эргүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:*******ын нэхэмжлэлтэй, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан гаргасан иргэний хэрэгтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны ажилд орсон байна.******* байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/17 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 5-д хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлагад 5.1.7-д доор дурдсан зөрчлүүдийг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тооцох бөгөөд дээрх зөрчил гаргасан ажилтны гэрээг цуцлах үндэслэл болно. 5.1.7.3-т хөдөлмөрийн гэрээ болон ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргээ чанартай, алдаагүй, зохих ёсоор хийж гүйцэтгээгүйн улмаас үйл ажиллагаанд саад хохирол учирсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан байна.

 Түр хамгаалах байр нь эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн орой 20 цаг 05 минутад Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс ХТҮ108 шуурхай дуудлагаар хүргэгдэж ирсэн Мөнхболорын Азжаргал гэдэг бүтэн өнчин гэж өөрийгөө танилцуулсан хүүхэд, 04 дүгээр сарын 24-ний өдөр 16:38 минутад Сонгинохайрхан дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтэн Б.Алтанчимэгийн хүргэж ирсэн Хүүхнээ овогт Чулуунбаатар нарыг өөрийн хариуцлагагүй байдлаас болж түр хамгаалах байрнаас алдаж хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулсан байна. М.Азжаргал, Х.Чулуунбаатар нарыг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17:20-17:30 орчим зугтсан болохыг 17:30 минутад тодруулан ирүүлж тухайн 2 хүүхдийн талаарх шинж тэмдэг, хувцас, хэрэглээний тухай мэдээлэл болон эрэн сурвалжлуулах хүсэлтийг цагдаагийн 102-т өгч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст ээлжийн ажилтан Ч.Оюун-Эрдэнэ,******* нар Хүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гарган, 2 хүүхдийн фото зургийг өгч онцгой шинж тэмдгүүдийг тэмдэглүүлсэн байна. Мөн*******тай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тавд: хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, цуцлагдах нөхцөл, 5.2.67-д Ажилтан нь Түр хамгаалах байраар үйлчлүүлж байгаа хүүхдийн эрх чөлөөнд халдах, зодох, бэлгийн дарамтад оруулах, айлган сүрдүүлэх, хорт зуршлыг дэмжих, аливаа төрлөөр доромжлох, биеийн болон сэтгэл санааны хохирол учруулсан нь тогтоогдвол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан байна.

Гэтэл дээрх 2 хүүхдийн алдсаны улмаас цагдаагийн байгууллага, түр хамгаалах байрны ажилд хүндрэл учруулж эрэн хайх ажиллагааг явуулсан. Түүнчлэн 2018 оны 03 дугаар сарын 04-ний орой 00:45 минутад Э.Тэмүүжин гэх хүүхэд засварын ажил явагдаж байх хугацаанд 2 давхрын тагттай өрөөний цонхоор дамжин бууж хамгаалах байрны зүүн талд нуугдсан байхыг нь 01.10 минутад олсон. Тэмүүжинг зугтах оролдлого хийх үед засвар тохижилтын ажил ажлууд хийгдэж байсан тул ажлын байрны орчин нөхцөл байдлыг харгалзан үзэж аливаа хариуцлага хүлээлгээгүй юм. Мөн Х.Азжаргалыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олдсон гэсэн дуудлагын цагдаагаас дагуу тус хамгаалах байрны нийгмийн ажилтан Э.Өнөрбаяр, эмч Отгонтуяа нар ГССҮТөвд ажилласан байна. Хүүхэд олдохдоо машинд дайруулсан байсан тул ГССҮТ-д хүргэгдэж ирсэн байсан мөн хүүхдийн рентген зураг, томограф, эхэд харуулсан зөөлөн эдийн гэмтэлтэй тул эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг тайлбарласан. Хүүхдийг Баянзүрх дүүргийн эрэн сурвалжлах тасгийн дэслэгч Батгэрэл хүлээн авч 461 хорих ангид эмчилгээ хийлгэхээр авч явсан байна үүнээс харахад түр хамгаалах байранд хүлээн авсан хүүхдэд хяналт тавихгүй алдсанаас бол хүүхэд эрсдэлд орж, машинд дайруулсан байна гэж үзэж байна дээрх зөрчлийг давтан гарган хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-т холбогдуулан Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/77 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.    Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч******* 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4т заасныг баримтлан зорилтот бүлгийн хүүхдийг түр хамгаалан байрлуулж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх явцдаа удаа дараа ажлын хариуцлага алдаж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж, дуусах хүртэл хүүхдийг хамгаалах гэж заасныг зөрчин хүүхдийг эрсдэлт нөхцөл учруулсан тул 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгожээ./хх-ийн 17 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Ажилтан ажлаас  буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

Ажил олгогч ажилтан Т.Сосорбарамыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын даргын Б/149 дүгээр тушаалаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ээлжийн Нийгмийн ажилтан албан тушаалд томилж, 2018 оны 03 дугаар сарын 16ы өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулан талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 9-16 дугаар талууд/

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь заалтыг баримталсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь заалтад заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хоёр үндэслэлийн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар тодорхой заагаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 03 дугаар сарын 04-ний орой 00:45 минутад Э.Тэмүүжин гэх хүүхэд засварын ажил явагдаж байх хугацаанд 2 давхрын тагттай өрөөний цонхоор дамжин бууж хамгаалах байрны зүүн талд нуугдсан байхыг нь 01.10 минутад олсон. Тэмүүжинг зугтах оролдлого хийх үед засвар тохижилтын ажил ажлууд хийгдэж байсныг ажлын байрны орчин нөхцөл байдлыг харгалзан үзэж аливаа хариуцлагыг түүнд хүлээлгээгүй, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 17:20-17:30 орчим М.Азжаргал, Х.Чулуунбаатар нар зугтсан болохыг 17:30 минутад мэдсэн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 5.2.69, 5.2.70-д заасан ноцтой зөрчил удаа дараа гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх талаар талууд тусгасан байх ёстой.

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш, үйлдэл эс үйлдлийг ойлгоно.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний тавдугаар зүйлд ноцтой зөрчил гэдгийг нэрлэн заасан атлаа, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Хүүхдэд хамгааллын тухай хуульд заасан зүйл заалтыг тухайлан нэрлэн заагаагүй байна.  

Т.Сосорбарамыг 2018 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн ээлжид ажиллах үед Э.Тэмүүжин оргон зугтсан, ажлын хариуцлага алдсан гэж тайлбарласан боловч ажил олгогчоос*******д сахилгын шийтгэл ногдуулсан гэх баримт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар нотлоогүй болно. 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт*******ыг ноцтой зөрчлийг удаа дараа давтан гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан заалтыг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч*******ыг Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ээлжийн Нийгмийн ажилтан албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж дүгнэв.

2.Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний сүүлд авч байсан 3 сарын цалин хөлсний дунджаар тооцвол, (656,855+720865+577784):3=1,955,504/21,5=30,317 төгрөг, ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж төгрөг байна.

Хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцалсан 2018 оны 04 дүгээр сарын 30ы өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт ажлын 74 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 2,243,458 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.

Цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Т.Сосорбарамын 1024425 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцсон болно.

Хариуцагч Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах гэсэн байдлаар тодорхойлсон нь бие даасан шаардлага болохгүй, ажил олгогчийн тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл байгаа эсэхийг тогтоох хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх тусдаа бие даасан шаардлага гэж үзээгүй, уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч хариуцагчаас 50,845 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийг Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ээлжийн Нийгмийн ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,243,458 төгрөгийг гаргуулан Т.Сосорбарамд олгосугай.

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар улсын тэмдэгтийн хураамжид 50,845 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ                          Т.ГАНЧИМЭГ