Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 181/2017/03703/И |
Дугаар | 181/ШШ2018/00831 |
Огноо | 2018-04-11 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2018/00831
2018 оны 04 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2018/00831 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ш.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.Б
Хариуцагч: Г.Б нарт холбогдох,
Иргэн Д.//, Р.// нарын эзэмшлийн Голомт банк ХХК-ийн дансанд байрлах мөнгөн дүн болон Г.Б авсан үйлдлийг тогтоолгох, дансан дахь мөнгийг хууль ёсны өв залгамжлалын дагуу Ш.Б-д хуваарилан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Т.Б, хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч А.Д, нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны эхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Шүүхийн шатанд Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг болон зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэтэл талийгаачийн эзэмшлийн Голомт банкны дансанд байршсан мөнгө эд хөрөнгийн талаарх шүүхийн шатанд шийдвэрлээгүй болно. Учир нь шийдвэрлэж байх хугацаанд энэхүү дансны талаарх мэдээлэл огт дурдагдаагүй бөгөөд хариуцагч ******* хурал дээр энэ байрнаас гадна өөр мөнгө хөрөнгө байгаа бол түүнийг хуваан авна гэж байсан хэдий ч Голомт банкны дансанд байршсан мөнгийг дурдаагүй, нуун дарагдуулсан үйлдэл нь чухам их хэмжээний мөнгө байх боломжтой байсанг илтгэж байна.
Миний бие Голомт банкны мэргэжилтнүүдтэй эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж үзэхэд ... Д./Лхамжав/, Р./Ганбат/ нарын нэр дээр данс байна, гэхдээ танд уг дансны талаарх мэдээллийг өгөх боломжгүй учир нь хувийн мэдээлэлтэй холбоотой тул өгөхгүй та шүүхийн журмаар энэхүү дансны мэдээллийг ав гэхдээ ******* гэх хүн дансан доторх мөнгийг авсан... гэдгийг хэлсэн. Угтаан бол Д./Лхамжав/, Р./Ганбат/ нарын дундын өмчлөлийн буюу хамтран данс нээсэн атал түүнийг зөвхөн ******* авсан үйлдэл нь хууль бус гэж үзэж байна.
Иймд миний бие уг дансыг шалгуулж Г.Бат-Эрдэнийн авсан гэх мөнгөн дүнг тогтоолгох, өв залгамжлалын дагуу уул мөнгөнөөс хуваарилан авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч******* шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Энэ хоёр хөгшин манай эмээгийнд залуу байхдаа амьдарч байсан юм. Би 15 настай оюутан болоод энэ хоёр хөгшнийд амьдрахаар болж нөхөрт гартлаа хамт амьдарсан. Д./Лхамжав/, Р./Ганбат/ нарыг миний бие сүүлийн хоёр жил асарсан. Биднийг хамт амьдарч байх хугацаанд дүү *******, хүү ******* нарын хэн ч ирдэггүй, харагддаггүй байсан. ******* эгч нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд ажил явдлыг би гардан зохион байгуулсан.
Удалгүй 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Р./Ганбат/ ах маань мөн адил нас барсан. Нас барснаас хойш ******* гуай талийгаачийн утасны кодыг Мобикомоос авч хүү гэх ******* рүү утасдаж хэлсэн. *******, ******* нар талийгаачид амьд сэрүүн байхад эргэж тойрохгүй аяга цай хоол хийж өгдөггүй байсан мөртлөө нас барсан хойно эд хөрөнгийг нь булаацалдаж байгаад харамсаж байна. Хоёр хөгшнийг өвчтэй эмнэлэгт хэвтэж байх үед энэ хоёр хүний хэнч ирээгүй.
Харин Ш.Баттулгын охин 3 удаа хоол зөөгөөд хүүхэд өвдлөө гээд дахиж ирээгүй, би л үлдэж арын бүх ажлыг амжуулж байсан. Ах, эгчийг нас барснаас хойш 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр циркийн хажууд байдаг Голомт банкны салбараас 10,000 доллар буюу 19,983,200 төгрөгийг авч буяны ажилд зарцуулсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 54,000 долларыг авч, 50,000 долларыг буцааж 6 сарын хугацаатай өөрийнхөө нэрээр хадгалуулсан. Үлдэгдэл 4000 ам доллар тухайн үеийн ханшаар 8.000.000 төгрөг болж надад машин авч өгсөн байдаг. Надад 8 ширхэг хадгаламжийн дэвтрүүд, 1 ширхэг орон сууцны гэрчилгээ хадгалагдаж байгаа. Үүнийг шүүхэд гаргаж өгч байна, хүлээн авна уу. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй байхад намайг хариуцагч болгож шүүхэд дахин дахин өгч байгаад гомдолтой байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний төрсөн аав*******, өндөр ээж ******* нар хамтын амьдралтай байсан. Тэдний дундаас үр хүүхэд төрөөгүй. Миний бие 1986 онд ээж Р.Эрдэнэчимэг аав******* хоёрын дундаас төрснөөр энэ 3 хөгшний ганц элэг дэвтээх хүүхэд, удам залгах үр нь болж амьдарч байсан. Нэхэмжлэгч ******* намайг эцгээ өнгөрснөөс хойш гэнэт гарч ирсэн, сүүлд овоглосон, бутач хүүхэд гэх мэтээр янз бүрээр доромжилж байгаад гомдолтой байна. Өндөр ээж /*******/ маань 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өвчний улмаас эмнэлэгт нас барсан. Түүнээс 20-иод хоног буюу 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аав маань өөд болсон.
Хөгшчүүлийг өөд болсноос хойш би гэнэт их хамаатан садангуудтай болж өв булаацалдах болсон.
Нэхэмжлэгч Ш.Баттулгын хувьд бид 2017 оны 03 дугаар сард харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа. Би дээрх өгсөн тайлбартаа дахин дахин дурдаж байгаа. Үнэндээ би энэ 3 хөгшний газар дээрх ганц үр удам. Гэр бүлийн тухай хуулиар төрсөн болон үрчилсэн, дагавар хүүхэд бүгд гэр бүлийн гишүүн бөгөөд Иргэний хуулийн 520 зүйлд зааснаар 1 дүгээр ээлжийн өвлөгч нар. 1 дүгээр ээлжийн өвлөгч байхгүй үед 2 дугаар ээлжийн өвлөгч буюу дүү гэх ******* нар өвөөс хүртэх эсэх асуудал яригдах ёстой. Би хүн чанар гаргаж. Монгол хүний өв соёл жудгаараа эцэг эх өнгөрөөд жил ч болоогүй байхад өндөлзүүлээд яахав гээд дээрх эвлэрлийн гэрээг хийж хамаг байдгаа шавхаж *******д өгч байсан. Миний бие 1 дүгээр зэргийн өв залгамжлагчийнхаа эрхийн дагуу аав*******ын Голомт банк дахь хадгаламжийн дансыг өвлөх хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу хадгаламжийн данс дахь мөнгийг өвлөж авсан. Надад Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж надтай өв булаацалдаж шүүхэд дахин дахин зарга үүсгэж байгаад гомдолтой байна гэжээ.
Шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч*******, ******* нарт холбогдуулан Д./Лхамжав/, Р./Ганбат/ нарын эзэмшлийн Голомт банк ХХК-ийн дансанд байрлах мөнгөн дүн болон ******* авсан үйлдлийг тогтоолгох, дансан дахь мөнгийг хууль ёсны өв залгамжлалын дагуу *******д хуваарилан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч******* нь******* ах 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр циркийн хажууд байдаг Голомт банкны салбараас 10,000 доллар буюу 19.983.200 төгрөгийг авч буяны ажилд зарцуулсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 54,000 долларыг авч, 50,000 долларыг буцааж 6 сарын хугацаатай өөрийнхөө нэрээр хадгалуулсан. Үлдэгдэл 4000 ам доллар тухайн үеийн ханшаар 8.000.000 төгрөг болж надад машин авч өгсөн. Би энэ хэрэгт хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй,
Хариуцагч ******* нь би Үндсэн хуульд зааснаар аавынхаа хөрөнгийг өв залгамжлан авсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00716 дугаар захирамжаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
1. Хариуцагч Үжээд овгийн /Ганбат/-ын Бат-Эрдэнэ 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Р./Ганбат/, Р.Эрдэнэчимэг нарын хүү болон мэндэлж, иргэний гэр бүлийн байдлын эцэг тогтоосны бүртгэлийн 216 дугаарт 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж Эцэг тогтоосны гэрчилгээг олгожээ. /хх-ийн 96 дугаар тал/
Г.Бат-Эрдэнийн эцэг нь Р./Ганбат/ мөн болох нь төрөл садангийн тухай лавлагаа, зохигчдын шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Р./Ганбат/-ын хүү нь ******* мөн болох нь нотлогдож байна.
Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын лавлагаагаар******* нь гэр бүлгүй байсан нь тогтоогдож, Р./Ганбат/, Д./Лхамжав/ нар хамтын амьдралтай байжээ./хх-ийн 94 дүгээр тал/
Д./Лхамжав/ нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, Р./Ганбат/ нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан талаар баримт авагдаагүй боловч, зохигчид энэ маргахгүй байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00716 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг болон зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэжээ. /хх-ийн 5-7 дугаар талууд/
2. Талийгаач Р./Ганбат/, Д./Лхамжав/ нар нь Голомт банк ХХК-д 1604011652, 1105026710, 1605107078, 1605038616 тоот данснуудад хамтран эзэмшигчээр бүртгэлтэй байснаас
- 160401652 тоот дансыг 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1,873,375.76 төгрөгийн зарлагыг гаргаж, данс хааж, /хх-инй 82 дугаар тал/
- 1105026710 тоот данс 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эзэмшиж 499,773.43 төгрөгийн зарлага гаргаж, дансыг тус тус өөрсдөө хааж, /хх-ийн 90 дүгээр тал/
- 1605107078 тоот данс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл эзэмшиж байсан 2,210,035.26 төгрөгийн зарлагыг ******* гаргаж дансыг тус тус хаажээ./хх-ийн 85 дугаар тал/
3. Талийгаач Р./Ганбат/ нь хамтран амьдрагч Д./Лхамжав/-тай Голомт банк ХХК-д хамтран эзэмшиж байсан 1605038616 данснаас 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10,000 ам.доллар буюу 19,983.200 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 54,387.94 ам.доллар буюу 109,161,490.49 төгрөгийн зарлагыг тус тус гаргаж, дансыг хааж, тухайн өдрөө буюу 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Голомт банк ХХК-д 1605112498 тоот дансыг өөрийн нэр дээр нээж 50,377.94 ам долларын орлогыг хадгалуулсан болох нь Голомт банк ХХК-ийн хадгаламжийн дэвтрийн 696239 дугаарт бичигдсэн бичвэрээр тогтоогдож байна. Дээрх дансыг талийгаач нар хамтран эзэмшиж байсан боловч Д./Лхамжав/-ыг нас барсны дараа******* нь хадгаламж дахь мөнгийг захиран зарцуулж, үлдэгдэл мөнгийг өөрийн нэр дээр хадгалуулснаар Д./Лхамжав/-аас өвлөгдөх боломжгүй байна./хх-ийн 86, 193 дугаар талууд/
Харин Р./Ганбат/ өөрийн хадгаламжийн данснаас 54,387.94 ам.долларын зарлага гаргаснаас 50,377.94 ам. долларын орлогыг буцаан банканд хадгалуулж, үлдэгдэл 4000 ам.доллар буюу 8,000,000 төгрөгөөр хариуцагч*******т авто машин авч өгч талийгаач өөрөө захиран зарцуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон./хх-ийн193 дугаар тал/
3. Р./Ганбат/-ын Голомт банк ХХК-ийн 1601359601/МНТ/, 1102161230/US/. 1605112498/USD/, 1605107078/JPY/, 1102772432 /EUR/ данснуудыг *******д өвлүүлэхээр 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 009 дугаарт бүртгэж Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгожээ./-хх-ийн 97 дугаар тал/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, энэ хуулийн 520.1.1.-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх; зааснаар Р./Ганбат/-ын ******* нь өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгч байх ба Голомт банк ХХК дахь хадгаламжийн болох өвийг хүлээн авсан, энэ талаар хариуцагч маргаагүй.
4. ******* нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны нас барсан *******ын өвийг хүлээн авах тухай Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчид хүсэлт гаргасныг нотариатч хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаарт, үл хөдлөх хөдлөх хөрөнгө, нэр бүхий эд хөрөнгүүдийг хүлээн авах хүсэлтийг гаргасныг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 257 дугаар бүртгэсэн болох нь Монголын Нотариатчдын танхимын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн албан тоотоор тогтоогдож байна./хх-ийн 11 дүгээр тал/
*******ын Төрийн банк ХХК-ийн тоот данснаас Өв залгамжлалын гэрчилгээ-гээр 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3,006,000 төгрөгийг ******* авсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон болно. /хх-ийн 51 дүгээр тал/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2.-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ. гэж зааснаар ******* нь өвлүүлэгч Д./Лхамжав/-аас өвлөгдөх Голомт банк ХХК дахь дахь дансны хадгаламж 2,210,035.26 төгрөгийн 50 хувь болох 1,105,017.63 төгрөгийг өвлөх эрхтэй.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлүүлэгч*******ын Голомт банк ХХК-ийн дугаар дансан дахь 50,377.94 ам долларын хадгаламжийг өвлөх эрхгүй, Р./Ганбат/, Д./Лхамжав/ нарын хамтран эзэмшиж байсан Голомт банк ХХК-ийн дугаар хадгаламж дахь мөнгөн дүн 1,105,017.63 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж *******д олгож, хариуцагч*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,070 төгрөгийг хариуцагч *******эс, улсын төсвөөс 39,130 төгрөгийг тус тус буцаан гаргуулж *******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасныг баримтлан *******эс 1,105,017.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******эс 31,070 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 39,130 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ