| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2008014860012 |
| Дугаар | 2021/ДШМ/365 |
| Огноо | 2021-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ДШМ/365
Б.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.С-,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2008014860012 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.С-, 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Б.С- нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** тоотод хохирогч Ц.Б-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь “зулайн хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал, цээжний цус хуралт, зулгаралт, баруун мөр, зүүн бугалгын цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Б-т огт гар хүрээгүй. Харин намайг тэд гэр бүлээрээ бүлэглэж, санаатай зохион байгуулалттай төлөвлөж зодсон. Энэ хэргийн үнэн зөвийг олж шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагаа бүрэн явуулаагүй. Дуудлагаар ирсэн 2 цагдаагийн ажилтан, манай дүү А- нар Б-ийг биеийн байдал хэвийн, шарх сорви, гэмтэлгүй байсныг гэрчилнэ. Гэтэл эдгээр хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Би хуулийн байгууллагад өөрөө дуудлага өгч, хохирсон гэдгээ мэдүүлж явсан атал эргээд өөрөө холбогдогч болж байгаад гомдолтой байна. Энэ болсон асуудалд М- их буруутай. Тэр анхнаасаа над руу болон манай гэрийнхэн рүү утсаар залгаж дарамталж, хэрүүл өдсөн. Дараа нь тэд гэр бүлээрээ үгсэн тохиролцож намайг гүтгэсэн. Иймд намайг гэм буруугүйг тогтоож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Б.С-ийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, *** тоотод Ц.Б-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь “зулайн хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язрал, цээжний цус хуралт, зулгаралт, баруун мөр, зүүн бугалгын цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.С-ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Ингэхдээ хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болохоор нотлох баримтууд хангалттай цуглараагүй байхад дан ганц хохирогч Ц.Б-ийн “...С- манай аавын гэр лүү орсон. Би ардаас нь ороход С- хэл амаар доромжлоод хөргөгч дээр байсан аягыг шидэхэд аавын толгойг оноод хагалчихсан. Тэгэхээр нь би С- рүү очоод үснээс нь зулгаасан чинь зөрүүлээд миний үснээс зулгааж, татаж өшиглөөд, самардсан. Мөн толгой хэсэг рүү гараараа цохисон. ...” /хх 16, 72-73/, гэрч У.Б-ын “...гэртээ ороод иртэл манай охин Б-ийг С- нь үс толгойноос нь зулгаачихсан байсан. ...” /хх 75/ гэх мэдүүлгүүд болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3668 дугаартай дүгнэлтэд тулгуурлан шүүгдэгч Б.С-ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэж заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг.
Дээрх хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар тодорхой заасан бөгөөд үүнийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх үндэслэл болдог тул дээр дурдсан нотолбол зохих байдлуудыг нотолсон байвал зохино.
Тухайн үед болсон үйл явдлын талаар хохирогч Ц.Б- “...манай нөхөр Э- хаалга онгойлгож өгөхөд ... С- орж ирээд ... манай аав Ц- луу аяга шидсэн. Тэгэхээр нь барьцалдаж авахад миний үснээс зулгааж, цээж хэсгийг маажаад, хөлөөрөө гэдэс рүү өшиглөөд байхаар нь би зөрүүлж үсдэлцсэн. Мөн намайг А- үсдэж авсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг С- цохиж үүсгэсэн. ...” /хх 16, 23, 72-73/ гэж, шүүгдэгч Б.С- “...би Б-ийн биед гэмтэл учруулаагүй. Харин Б- миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед түүний эцэг Ц-, эх Б-, нөхөр Э-, манай дүү А- нар байсан ба Б-ийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүйг манай дүү А-, дуудлагаар ирсэн цагдаагийн 2 албан хаагч харсан. ...” /хх 11, 18-19, 21, 68-69, 100/ гэж, тухайн үйл явдал болж өнгөрсний дараах нөхцөл байдлын талаар гэрч У.Б- “...би тухайн үед яг юу болсныг мэдэхгүй. Намайг хүлэмжинд ногоогоо янзалж байгаад гэртээ ортол манай охин Б-ийг С- нь үс толгойноос нь зулгаачихсан байсан. Манай нөхөр Ц- луу аяга шидсэн байсан. ... Тэгээд удалгүй цагдаа нар ирээд С-ийг аваад явсан. ...” /хх 75/ гэж тус тус мэдүүлжээ.
Гэвч энэ хэргийн шийдвэрлэлтэнд хувийн сонирхолгүй этгээдүүдээс тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал (цохих, өшиглөх, үсдэх, харилцан зодолдох г.м)-ын талаар хангалттай мэдээлэл өгөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг сэргээн тогтооход дээрх хүмүүсийн мэдүүлэг чухал ач холбогдолтой бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь энэ талаар өөр өөрөөр мэдүүлснийг хэн алиных нь ашиг сонирхолтой холбон дүгнэж болох ч эдгээр мэдүүлэгт тулгуурлан гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох боломжгүй байх тул үйл явдал болсон гэх газар байсан Л.Ц-, н.Э-, н.А- гэх хүмүүс болон дуудлагаар ирсэн цагдаагийн 2 албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авах замаар тухайн үед болсон үйл явдал, түүний дараах нөхцөл байдлыг тодруулан нотлосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв.
Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны үед, Л.Ц-аас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулсан байх боловч тэрээр “Би боловсролгүй бичиг үсэг мэдэхгүй тул мэдүүлэг өгөхгүй. Дараа өмгөөлөгчтэй ирж мэдүүлэг өгнө” /хх 25/ гэдгээ илэрхийлсэн тул уг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг авах нийтлэг журамд нийцүүлэн дахин явуулах нь зүйтэй.
Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.С-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний гэм буруугийн талаар маргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхилоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.С-д холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Прокурорын газарт хэрэг очтол Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН