Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Г.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ганболдод холбогдох 201707000050 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, халх, 1963 оны  01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа, оршин суух тодорхой хаяггүй, хааяа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 11-1 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд нь 2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 5 дугаар шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ДЮ63012518 регистрийн дугаартай, Еншөөбү овогт Гантулгын Ганболд.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Ганболд нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд Есөнбулаг сумын төвд Мон-Алтай орон сууцны зогсоолд байрлуулсан иргэн Б.Лхагва-Очирын тээврийн хэрэгсэл дотроос Dell брендийн нөүтбүүк болон бусад эд зүйлсийг хулгайлж түүнд 1.192.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

 Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 2017 оны 03 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд Мон-Алтай орон сууцны зогсоолд байрлуулсан иргэн Б.Лхагва-Очирын тээврийн хэрэгсэл дотроос Dell брендийн нөүтбүүк болон бусад эд зүйлсийг хулгайлагдаж, түүнд 1.192.300 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг гарсан байна.

Уг гэмт хэргийг шүүгдэгч Г.Ганболд нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Г.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Мон-Алтайн тэнд явж байсан. Нэг машин байхаар нь харах үед тортой зүйл байсан. Торон дотор шилтэй зүйл байх шиг байхаар нь архи байна гээд авсан, цаад талд нь цүнх байсан тэрийг бас аваад гарч явсан. Тэгээд хэрэглэж чадалгүй Дарханбаатарт баригдсан. Цүнхэнд нь компьютер, торонд нь хүнсний зүйлс байсан. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... надад зургаан сарын хугацаагаар хорих ял өгнө үү. Би зун болохоор Эрдэнэт явж ногоон дээр ажилладаг юм. Энэ зун барилга дээр ажиллаад яваагүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Лхагва-Очирын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед Мон-Алтай байрны гадаа өөрийн унаж явсан манай аавын эзэмшлийн 23-06 ГАА улсын дугаартай УАЗ 31512 маркын авто машинтай явж байгаад байрны ойролцоо авто зогсоолд үлдээгээд айлд 1 цаг орчим болоод эргээд оройн 21 цаг өнгөрөөд гарч ирсэн. Гарч ирээд машиндаа ороод хөдөлж яваад гэртээ очсоны дараа арын суудлын ар хэсэгт хийсэн Таван богд дэлгүүрээс худалдаж авсан байсан эд зүйлс болон, хар өнгийн цүнхтэй Dell брэндийн нөүтбүүк залгуурын хамт алга болсон байсан. Тэгээд буцаад уг машинтайгаа цагдаа дээр ирж биеэр энэ талаар мэдэгдсэн. Тэгээд байж байтал удалгүй орой 22 цаг өнгөрч байхад эргүүлийн цагдаа Дарханбат гэх хүнд манай машинд орж эд зүйл хулгайлсан хулгайч нь гудманд баригдсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 17-рт/,

Гэрч Г.Дарханбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгээгүй амарч байсан юм. Тэгээд найзууд дуудаад зааланд тоглоё гэхээр нь би гэрээсээ 19 цаг өнгөрөөд гарсан санагдаж байна. Зааланд яваад очиход найзууд ирээгүй байсан. Би зааланд гүйчихээд буцаад гэр лүүгээ явах гээд спорт цощолборын урд талаар явж байтал өмнө зүс таних Г.Ганболд хар цүнхтэй зүйл үүрсэн явж байсан. Хажуудаа тортой зүйл барьсан байсан. Тухайн үед яг цаг хэд болж байсныг мэдэхгүй гадаа харанхуй болчихсон байсан. Гудамны гэрэлд харагдсан. Би Ганболдыг сэжиглээд араас нь дагасан, дагаж явсаар 21-р байрны зүүн талын 1 давхар цагаан байр хүртэл дагасан. Гадаа хэсэг хүлээсэн боловч гарч ирэхгүй болохоор нь араас нь ороход цүнх тортой зүйлээ яг тэр хэвээр нь орхисон байсан. Тэгээд энэ юу болох талаар Ганболдоос асуухад архи уусан байсан намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд элдвээр хараасан. Тэгээд наадах чинь миний юм чамд хамаагүй гэж хэлсэн. Би жижүүр рүү залгаад нөүтбүүк алдсан дуудлага ирсэн үү гэхэд ирсэн ахмад Мөнхбаатар араас нь явж байгаа гэж хэлсэн. Мөнхбаатартай ярихад би хохирогч нартай гадуур явж байна гэсэн. Би компьютерийг нь аваад Ганболдыг дагуулаад хохирогч нартай уулзахад алдсан нөүтбүүк мөн байна, мөн тортой эд зүйл байх ёстой гэсэн. Тухайн үед Ганболд тортой эд зүйлийг миний юм гээд байсан тул тэр байранд үлдээсэн байсан юм. Тэгээд эргэж очиж тортой зүйлийг нь хохирогч нартай уулзаж очиж авахад алдсан зүйлс болох хүүхдийн памперс, 00-н цаас, гоймон зэрэг ахуйн хэрэглээний зүйл байсан. Тэрийг нь авч Мөнхбаатарт хүнтэй нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 19-рт/,

Гэрч Б.Жавзмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Тухайн орой 18 цагаас ажил тараад хадам аавынхаас хүүхдүүдээ аваад 20 цагийн орчимд Таван богд хүнсний дэлгүүр орж ахуйн хэрэглээний ойр зуурын юм авсан юм. Тэрийгээ унаж явсан УАЗ-31512 маркын хадам аавын эзэмшлийн машинд тавиад тэндээсээ найз болох Ганбатын Аптангэрэл гэх айлд Мон-Алтай байранд байдаг 20 цаг өнгөрч байхад очоод уулзаж хэсэг байж байгаад 21 цаг өнгөрөөгөөд гарч ирээд машиндаа сууж байгаад гэртээ харьсан. Гэртээ хариад машинд байсан дэлгүүрээс авсан эд зүйлс болон нөүтбүүк, 60 литрийн цэнхэр өнгөтэй усны сав зэргийг буулгах гэхэд алга болсон байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд цагдаа руу манай нөхөр ирж биеэр мэдэгдсэн. Тэр орой хулгай ч баригдсан манай машинаас алга болсон эд зүйлс олдсон байсан...” гэх мэдүүлэг /хх 21-рт/,

Гэрч Г.Энхчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Эхнэр Нансалмаа гэж хүн байсан. 2015 онд салчихсан юм. 2 хүүхэд байдаг юм. Аль аль нь Улаанбаатар хотод байдаг хоорондоо холбоо харилцаагүй. Өмч хөрөнгө гэр орон гэх зүйл байхгүй. Манайхаар хааяа ирж хоног төөрүүлдэг. Бусад үед хаагуур хоноглодог талаар сайн мэдэхгүй. Хаана тааралдсан газраа унтдаг байх. Өмнө нь хулгайн хэргээр удаа дараа ял эдэлж байсан. Бүр хулгай хийгээд сурчихсан манайд шөнө босчихоод л юм онгичоод байна. Хулгай хийгээд сурчихсан хүн тэгдэг юм байлгүй. Дахиад угаасаа хулгай хийнэ засрахгүй гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх 23-рт/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-н 32-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах  талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Лхагва-Очирын мэдүүлэг/хх 16-17-рт/, Хохирогч Б.Лхагва-Очирыг дахин байцаасан мэдүүлэг/хх 100-рт/, гэрч Г.Дарханбатын мэдүүлэг/хх 18-19-рт/, гэрч Б.Жавзмаагийн мэдүүлэг/хх 20-21-рт/, гэрч Г.Энхчимэгийн мэдүүлэг/хх 22-23-рт/, шүүгдэгч Г.Ганболдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 39-40-рт/, эд зүйлийн үнэлгээ/хх 27-34-рт/, ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд/хх 57-66-рт/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Г.Ганболдыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч Б.Лхагва-Очир, гэрч Г.Дарханбат, Б.Жавзмаа, Г.Энхчимэг нарыг байцаасан тэмдэглэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэг хамааралтай бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул шүүхээс дээрхи нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Ганболд нь ....өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож өөрийгөө өмгөөлнө...гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан бөгөөд талуудаас  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан бусад асуудлаар хүсэлт, гомдол гаргаагүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ганболд нь  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 2017 оны 03 дугаар сарын 20-ны орой 21 цагийн орчимд Мон-Алтай орон сууцны зогсоолд байрлуулсан иргэн Б.Лхагва-Очирын тээврийн хэрэгсэл дотроос Dell брендийн нөүтбүүк болон бусад эд зүйлсийг хулгайлж хохирогчид Б.Лхагва-Очирт 1.192.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Ганболд нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэдэг, түүний хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө, ашиг олох гэсэн санаа зорилго нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж шүүх үзлээ. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ганболдоос нүүдэл нэртэй гоймон 2 уут, Алтан тариа гоймон 2 уут, Зева нэртэй нойлын цаас нэг боодол буюу 4 ширхэг, Обухов нэртэй нойлын цаас 1 бүтэн, Хүүхдийн живх 1 бүтэн боодол, Dell брендийн хар өнгийн цүнхтэй нөүтбүүк залгуурын хамт хураан авч хохирогч Б.Лхагва-Очирт хүлээлгэн өгсөн бөгөөд харин хохирогчид 2.000 төгрөгний үнэ бүхий нойтон сальфетка, 1.500 төгрөгний үнэ бүхий Зөв нэртэй аарцны ундаа, 100 төгрөгний үнэ бүхий тор нийт 3.600 төгрөгний үнэ бүхий эд зүйлүүдийг хүлээлгэж өгөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ганболдоос 3.600 төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагва-Очирт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг бусад нотлох баримтуудаар Г.Ганболд нь гэм буруутай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчид холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийг 145 дугаар зүйлийн 145.2 заасан  агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдалд тусгагдаагүй байх тул 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Ганболд нь урьд нь 2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын 5 дугаар шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал нь хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ганболдыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Иймд шүүгдэгчийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх үндэслэлтэй байна. 

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох үнэлгээчний хөлс 40.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ганболд нь төлөөгүй болох нь хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд байгаа баримтаар нотлогдож байх тул түүнээс 40.000 төгрөг гаргуулж Угалз мэргэн ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 1 хоног цагдан хоригдсон түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн  5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Г.Ганболдод холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Еншөөбү овогт Гантулгын Ганболдыг бусдын эд

 хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар ялтан Г.Ганболдод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ганболдын цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцсугай.

6. Ялтан Г.Ганболдыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох үнэлгээчиний хөлс 40.000 төгрөгийг ялтан Г.Ганболдоос гаргуулж Угалз мэргэн ХХК-д олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ганболдоос 3.600 төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагва-Очирт олгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтан нь 1 хоног цагдан хоригдсон түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА