Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00348 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Г-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 670 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                     Д.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга      Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ж.Г-д 4 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 4 сарын дараа хугацаа нь дуусгаад мөнгөө авъя гэхэд өгч чадахгүй гээд сүүлдээ хүүг нь төлөөд явж байя гэсэн. Гэрээгээ сунгая гэхэд сунгахгүй байсан, уурлаж загнаад мөнгөнийхөө хүүг шаардуулж байж 7-14 хоногийн дараа өгдөг болсон. Энэ хугацаанд маш олон удаа холбогдох гэж оролдсон боловч хариу өгөхгүй, утсаа авахгүй байсан. Би 2018 оны 8 дугаар сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд Хан-Уул дүүргийн шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж хариуцагчийг олсон. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг, түүний 5 сарын хүү 1 600 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, эрэн сурвалжлуулахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 7 670 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Г- нь Д.Б-тай 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай авсан. Сар бүр зээлийн хүүнд 320 000 төгрөгийг төлж байсан бөгөөд зээлийн гэрээний хугацааг сунгаж гэрээ байгуулаагүй, 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төлсөн мөнгийг үндсэн зээлийн төлбөрт төлж байсан ба нийт 5 120 000 төгрөгийг төлсөн. 4 сарын зээлийн хүүнд 1 280 000 төгрөг, үндсэн зээлд 3 840 000 төгрөг төлсөн байна. Одоо үндсэн зээлд 160 000 төгрөг төлөөгүй байгаа. Энэ мөнгөө төлнө, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г-гаас 2,160,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 510 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ж.Г-гаас 49 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б- давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан. Талууд 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 4 сарын хугацаатай байгуулсан уг гэрээг бичгээр сунгасан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хариуцагчаас төлсөн мөнгийг үндсэн зээлийн төлбөрт тооцох үндэслэлтэй байна гэжээ. Хуульд гэрээ бичгээр байгуулаагүй бол гэж заасан болохоос гэрээг бичгээр сунгаагүй бол гэсэн заалт байхгүй. Миний бие гэрээг бичгээр байгуулсан төдийгүй төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэдэг нотариатын байгууллагаар албан ёсоор баталгаажуулсан бөгөөд гэрээг сунгах асуудал цэвэр хариуцагчийн буруугаас буюу өөрөөр хэлбэл хариуцагч зугтан зайлсны улмаас тасалдсаныг шүүх тогтоохыг хүссэнгүй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн холбогдох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Ж.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 670 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 4 000 000 төгрөгийг сар бүр 8 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон, уг гэрээний дагуу зээлийн мөнгийг авсан болохоо хариуцагч үгүйсгээгүй байна.

 /хх-ийн 4 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид мараагүй болно. 

 

Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Д.Б- хариуцагч буюу зээлдэгч Ж.Г-гаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндсэн зээлд 4 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны 5 сарын хүүд 1 600 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул алдангид 2 000 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг нийт 7 670 200 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон хариуцагч 4 сарын зээлийн хүүд 1 280 000 төгрөг, үндсэн зээлд 3 840 000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн төлбөрт 160 000 төгрөг төлнө, харин алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргажээ. Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч Ж.Г-гийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгөний үнийн дүнг үгүйсгээгүй байна.

 

            Хариуцагч Ж.Г- зээлийн гэрээгээр үндсэн зээлд 4 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 600 000 төгрөг нийт 5 600 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд анхан шатны шүүх талуудын тайлбар болон нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны хуулгыг үндэслэн хариуцагч зээлийн хүүд 1 280 000 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 3 840 000 төгрөг төлсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Зээлийн гэрээний 3-т зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заажээ.

 

            Анхан шатны шүүх Хаан банкны депозит дансны хуулгаас хариуцагч зээлийн мөнгийг буцаан төлсөн он сар өдрөөр тооцон 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 2 000 000 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай нийцсэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд хариуцагч алданги төлөхгүй гэсэн өөрийн тайлбараа болон татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлдээ “...хуульд бичгээр гэрээ байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан болохоос гэрээг бичгээр сунгаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн заалт байхгүй байхад хариуцагчаас зээлийн хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлд тооцсоныг зөвшөөрөхгүй” гэжээ.  

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн хуулийн энэхүү зохицуулалт нь хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхээр заасан бөгөөд гэрээний хугацаа дууссан тохиолдолд хүүгийн талаарх заалт үргэлжилнэ гэсэн ойлголт биш юм. Иймээс зээлийн гэрээг бичгээр сунгаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдана.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 113 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО