| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/123 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам
Хохирогч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2419004730051 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 03 дугаар баг Залуучууд гудамжны 2-213 тоотод байрлах *******ын тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч 200,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай байшингийн үүдэнд эмээгийн маань амьд сэрүүн байх үед нь хоол ундаа хийдэг байсан галын амбаар байдаг. Тэр дотор манай Мөнхжаргал ах маань ч эд зүйлсээ хийчихдэг манайх ч өвөлдөө түлээ нүүрсээ хийчихдэг галын амбаар. Зундаа бид нар хоол цайгаа хийчихдэг тийм амбаар байгаа юм. Тэр өдөр нүүрс оруулахдаа хэдэн тогоог нь авсан тэр бол үнэн. Би тэр өдөр жоохон уучихсан байсан. Тухайн үедээ аваад би манай хойд хашааны Халзан гээд ченж ах байгаа. Тэр ахаас би очоод асуугаад та тогоо авдаг юм уу гэсэн чинь аваад ир авна гэхээр нь би аваачаад өгчихсөн юм” гэсэн мэдүүлэг
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эмнэлэгт хэвтээд гараад ирсэн чинь тогоо байхгүй байсан. Баттогтохтой уулзсан чинь би авсан Халзанд зарсан гээд тэгсэн. Тэгээд цагаан сарын өмнө буцаагаад бүрэн авчраад өгсөн.Тэр амбаар бол манай ээж,аав байхдаа хэрэглэж байгаад байранд орохдоо орхиод явсан амбаар. Тэнд ******* ээж ******* эгч болон манайх эд зүйлээ хийдэг юм, яг миний өмчлөлийнх гэсэн үг биш” гэсэн мэдүүлэг
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд би тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой хашаанд байрлах амбаараасаа юм авах гээ орох гэтэл түлхүүр нь эргэхгүй байхаар нь үзтэл цоож нь сэтэрчихсэн байсан. Тэгэхээр нь ороод хартал амбаар дотор байсан хуучин хэрэглэж байсан марк тодорхойгүй том тагтай тогоо нэг ширхэг, таггүй том тогоо нэг ширхэг, тагтай тогоо нэг ширхэг, марк тодорхойгүй хуучин хэрэглэж байсан аккумлятор зэрэг алдагдсан байхаар нь би шууд манай эгчийн төрсөн хүү болох Баттогтохыг шууд хардаад уулзаад "Чи яагаад амбаараас юм авчихдаг юм" гэтэл "Би авчихсан. Аваад хүнд зарчихсан" гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-925-911205 дугаартай "...нийт үнэ... төгрөг 200,000..." гэсэн дүгнэлт / хх-ийн 20-23-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгч ******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Залуучууд гудамжны 2-213 тоот хашаанд байрлах үүдний амбаараас нүүрс авахаар цоожийг татаж онгойлгон амбаарт орохдоо *******ын эзэмшлийн том,жижиг 4 ширхэг тогоо, 1 ширхэг хуучин хэрэглэж байсан аккумлятор нийт 200,000 төгрөгийн эд зүйлийг архи уух зорилгоор авч төмөрт тушаасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: тухайн үүдний амбаар нь манай эмээ,өвөө энэ хашаанд амьдарч байхдаа эдэлж хэрэглэж байгаад үлдээгээд байранд орсон. Тэр амбаарт ******* ээж ******* болон манайх эд зүйлээ хийдэг байсан. Тухайн амбаар нь миний өмчлөлийн эд зүйл биш, бид дундаа л юмаа хийдэг, харин ******* авсан зүйл нь минийх байгаа юм” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч, хохирогч нар нь ах дүү төрөл садны холбоотой нэг хашаанд буюу Залуучуудын 2-213 тоотод оршин суудаг, тухайн үүдний амбаар нь тэдний эмээ,өвөө нь эдэлж хэрэглэж байсан, одоо дундаа хамтран эд зүйлээ хийж хадгалдаг болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэргийг хулгай хийх зорилгоор тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй бөгөөд үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь өөрийн болон ах *******ын эд зүйлээ хадгалдаг амбаарын цоожийг татаж онгойлгосноор архи уух зорилгоор ах Мөнхжаргалын 4 ширхэг том,жижиг тогоо, хэрэглэж байсан 1 ширхэг аккумляторыг авсан гэсэн мэдүүлгийг шууд үгүйсгэх,бодит байдалд нийцээгүй гэж няцаан дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Иймд шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т ”бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулан ойлгохоор заажээ.
Шүүгдэгч ******* нь бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн этгээдийн үнэлгээг үндэслэн тогтоосон, мэргэшсэн үнэлгээний байгууллага болох Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 925-911205 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэрэг нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч *******д учирсан 200.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Бусад асуудлаар: Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар овогт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
3. *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН