Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/00633

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/00633

Улаанбаатар хот

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Б.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И, нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016.06.16-ны өдөр  С төвийн даргын Б/57 тушаалаар архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажилласан ба хөдөлмөрийн гэрээг уг өдөр 6 сарын хугацаатай байгуулсан. Гэтэл 2016 оны 12 дугаар арын 02-ны өдрийн Б/82 тоот тушаалаар ажлаас халагдсан.

Дарга Ц.Г нь намайг ажлаас халахын 4 хоногийн өмнө надад байгууллагын бүтэц өөрчлөгдсөн учир таныг ажлаас чөлөөлж байна гэх мэдэгдэх хуудас өгөөд 4 хоногийн дараа ажлаас халагдлаа ажлаа өг гэсэн. Тэгээд тушаалаа авья гэтэл хүний нөөцийн мэргэжилтэн Г.Г нь чамайг ажлаас халах үндэслэл олдохгүй байна дарга бид хоёр ярилцаж байна чи жоохон гадуур явж байгаад ирэх үү гэсээр орой 18 цаг өнгөрч байхад тушаал өгсөн.

Байгууллагын дарга уг тушаалдаа миний хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ямар үндэслэл шалтгаанаар ажлаас халж байгаагаа хэлээгүй, хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэхгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөн мөн байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаа бол үүнийгээ дурдаагүй миний ажлын байр байсаар байхад намайг ажлаас халсан нь хууль бус байна.

Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны дарамт их байсан төдийгүй шөнийн 22 цаг өнгөртөл илүү цагаар ажиллаж байсан тохиолдол байгаа. Энэ нь цагийн тооцоон дээрээс харагдана. Мөн надад архив бичиг хэргийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс болон илүү цагийн мөнгө олгож байгаагүй.

Хөдөлмөрийн хуулийг практикт хэрэглэх зааврын дагуу ажлаас халсан тушаалаа хөдөлмөрийн гэрээг хэзээнээс дуусгавар болгож байгаагаа календарийн тодорхой хугацаатай холбон зааж бичнэ мөн ямар үндэслэл шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа болон цаашид гэрээг сунгахгүй болсныг заавал дурдана гэснийг ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 37, 38, 40, 41 дүгээр тушаал гарган гэснийг зөрчин миний ажлын байр одоог хүртэл хадгалагдсаар байтал ямар нэгэн ноцтой болоод захиргааны зөрчил гаргаагүй байхад ажлаас халсанд гомдолтой байгаа тул хуулийн дагуу шүүхэд хандаж байна.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Б.О-г 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр С төвийн даргын Б/57 дугаар тушаалаар Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр түр томилж  хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.8 дахь хэсэгт шинээр орсон ажилтны туршилтын хугацаа 6 сар хүртэлх сар бөгөөд уг хугацаа дуусахад ажилтны ажлын тайлан үр дүн харьяалах газар нэгжийн даргын саналыг үндэслэн жинхлэх эсэх талаар шийдвэр гаргахаар мөн 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацаанд ажлын шаардлага хангаагүй бол туршилтын хугацаа дуусмагц хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байдаг тул ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өпөр Б/22 дугаар тушаалаар Б.О-г ажлаас чөлөөлсөн.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацаа тодорхой заасан байна.

Б.О-н гэрээний хугацаа дуусахаас өмнө14 хоногийн өмнө дээрх байдлыг танилцуулан түүнтэй харилцан ттохиролцож нэг сарын тэтгэмж олгож ажлаас чөлөөлсөн болно.

Мөн Архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод Байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зааврын дагуу хөтлөн явуулах, хэрэгжилтийг хангуулах, төвийн даргын өдөр тутмын үйлд ажиллагааг тасралтгүй явуулах боломжоор хангах гэж заасан байдаг тул ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам хөдөлмөрийн гэрээнд түр хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд гэрээний хугацаа  дуусмагц тэтгэмж ээлжийн амралт цалингийн нэмэгдэл зэрэг төрөөс үзүүлэх хөндөлтүүдийг эдэлдэггүй.

Иймд Б.О-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.Нэхэмжлэгч С төвийн даргын 2016 оны 06 дугаар 16-ны өдрийн Б/57 тушаалаар архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр түр томилон талууд хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулан ажиллаж  байжээ. /хх-ийн 5-6, 49 дүгээр тал/

Ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  Б/22 тоот тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь заалтын 2 дахь хэсгийг үндэслэн Б.О-г үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 8 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь  ажилтныг ажлаас чөлөөлөгдөх  болсон  үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болно.

С төвийн санаачилгаар Б.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль тохирох хэсгийг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцлах байжээ.(хх-ийн 102 дугаар тал)

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй байх бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон  гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд С төвийн  даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  Б/22 тоот тушаалыг хүчингүй болгож, урд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилтны дундаж цалин хөлсийг түүний сүүлд авч байсан 3 сарын цалин хөлсний дунджаар тооцвол, (554,617+554,617+554,617=1,663,851):3=554,617/21,5=26,285 төгрөг, ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дундаж төгрөг байна. Үүнийг ажилтны ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл буюу ажлын 57 хоногт үржүүлж 26,285*57=1,498,245 төгрөг буюу нэхэмжлэгчид олгохоор тооцож, ажилтны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Б.О-н №01252641 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцсон болно.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд тус ту  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д тус тус заасныг баримтлан С төвийн  даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  Б/22 тоот тушаалыг хүчингүй болгон, Б.О-г С төвийн архив бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, тус газраас 1,498,245 төгрөгийг гаргуулж Б.О-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.О-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг С төв үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн дурдаж, хариуцагч С төвөөс 38,922 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ