| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0432/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/628 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/628
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310011881477 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***********
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ***********нь “***********” ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хүргэлтээс 303,150 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хүргэлтээс 366,050 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ачааны төлбөр 2,922,080 төгрөгийг шилжүүлэлгүй хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Санхүүгийн асуудалтай болчихоод байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Надаас өөр ажил хийдэг хүнгүй тул 6 хүүхдийг минь бодож үзнэ үү” гэв.
Эрүүгийн 2310011881477 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч “***********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***********: “Тус компанид *********** нь 2021 оны 10-р сарын 19-ний өдрөөс эхлэн тээврийн жолоочийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. *********** нь ачаа тээвэрлэлтийн зардал 3,591,270 төгрөг хувьдаа завшсан, өнөөдрийг хүртэл 2,922,080 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд ***********аас хохирлоо барагдуулж авмаар байна. ...Жолооч илгээмжийг хүргэж өгнө, төлбөртэй илгээмж байвал төлбөрийг байгууллагын дансанд хийлгүүлж, гүйлгээ хийгдсэн эсэхийг төв рүү залгаж шалгуулна, хэрэв бэлнээр тооцоо хийсэн үед төлбөрийн баримтын хамт орлого хүлээж авдаг хуваарьт ажилтанд хүлээлгэж өгнө. Тэр болгон жолооч нар төв рүү байнга залгаж данс шалгах боломжгүй байдаг тул хувийн дансаар төлбөрөө аваад ажлаа дуусгаад бэлэн болгоод баримтын хамт авчирч тушаадаг байсан. ***********ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 сарын 10-ны өдөр 4 хайрцаг хүргэлтээс 303,150 төгрөг, 2022 оны 06 сарын 20-ны өдөр 3 хайрцаг хүргэлтээс 366,050 төгрөг, 2022 оны 10 сарын 12-ны өдөр ачааны төлбөр болох 2,922,080 төгрөг, нийт 3,591,280 төгрөгийг байгууллагын дансанд хийхгүй хувьдаа завшсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
Гэрч ***********: “2021 оны 10 дугаар сард манай компанид Түгээлтийн жолоочоор ажилд орсон ***********ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 10 сарын 12-нд хүргэж өгсөн ачааны 2,922,080 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа ашигласан байсныг 2022 оны 11 сард мэдсэн. Иймд хүргэсэн ачааг нь шалгахад 3 удаа 669,200 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа ашигласан байсан. 2022 онд 4 удаа 3,591,270 төгрөг бүхий байгууллагын хөрөнгийг хувьдаа ашигласан байсан. ***********нь байгууллагад хүсэлт гаргаж тухайн зардлыг цалингаас нь суутгаж нийт 669,190 төгрөг хасагдсан, одоо 2,922,080 төгрөгийн үлдэгдэлтэй. 2023 оны 1 дүгээр сараас ***********ажилдаа ирэхээ больсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дахь тал),
Гэрч ***********: “...Бид нар гадаад улсаас захиалгаар ирсэн бараа материалуудыг МУ-д байгаа газруудад хүргэж өгөөд төлбөрийг нь өөрсдөө аваад компанид тушаадаг байсан. Бид хоёр хамт хүргэлт хийдэг байсан, ***********ах миний данс руу мөнгө хийлгээд өөрөө авчихдаг байсан. Би тийм олон удаа тэгэж авсан гэж бодохгүй байна. Ямар ч байсан би ганц хоёр удаа тэгэж авахад нь ***********ахаас “та авч болж байгаа юм уу” гээд асуухад “ах нь боломжтой болохоор компанид тушаачихна” гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
Шүүгдэгч ***********ын яллагдагчаар өгсөн: “Миний хувьд 2021 оны 10 сарын 18-наас 2023 оны 1 дүгээр сар хүртэл “***********” ХХК-д хүргэлтийн жолоочоор ажиллаж байгаад нийт 3,591,270 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),
“***********” ХХК-ийн захирлын 2021.10.20-ны өдрийн “Ажилтанг томилох тухай” 02/х/030 дугаар тушаал, “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 2023.01.31-ний өдрийн 02/х/23-005 дугаар тушаал (хх-49, 50), Б.***********ын цалингаас 669,190 төгрөг суутгасан, үлдэгдэл өр 2,922,080 төгрөг” гэх баримт (хх-107), “***********” ХХК-ийн төлбөрийн баримт (хх-108), шүүгдэгчийн “Миний бие сануулах өргөдөлтэй танилцсан болно. 2,922,075 төгрөгийн тооцоог 1 сарын хугацаанд барагдуулах болно” гэх хүсэлт (хх-109),
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны “2016.01.06-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол, 2016.02.16-ны өдрийн 3/160 дугаар магадлалаар тэнссэн гүйцэтгэх баримт бичиг тус албаны цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг (хх-55), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-57), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-58), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-59), дансны хуулга (хх-63-94) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “*********” ХХК-ийн “***********нь борлуулалтын жолооч албан тушаалд 2024.01.17-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн ***** дүгээр хорооны Засаг даргын “***********тус хорооны ******* тоотод ам бүл 8 оршин суудаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, “***********” ХХК-д “2,922,080 төгрөгийн хохирол төлсөн” гэх дансны хуулга зэрэг нийт 7 хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********нь “***********” ХХК-д жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хүргэлтээс 303,150 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хүргэлтээс 366,050 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ачааны төлбөр болох 2,922,080 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлэлгүй хувьдаа завшиж, нийт 3,591,280 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, нийт 3,591,280 төгрөгийн хохирол учруулснаас 669,190 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул гаргуулах саналтай...” гэж,
шүүгдэгч “Энэ 7 хоногт багтаад хохирол төлбөрийг барагдуулна. Надаас өөр ажил хийдэг хүнгүй тул 6 хүүхдийг минь бодож үзнэ үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********нь “***********” ХХК-д жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хүргэлтээс 303,150 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хүргэлтээс 366,050 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ачааны төлбөр болох 2,922,080 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлэлгүй хувьдаа завшиж, нийт 3,591,280 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** “...*********** нь ачааны тээвэрлэлтийн зардал 3,591,270 төгрөг хувьдаа завшсан...” гэх мэдүүлэг (хх-38), гэрч *********** “...2022 онд 4 удаа 3,591,270 төгрөг бүхий байгууллагын хөрөнгийг хувьдаа ашигласан байсан. Тухайн зардлыг цалингаас нь суутгаж нийт 669,190 төгрөг хасагдсан, одоо 2,922,080 төгрөгийн үлдэгдэлтэй...” гэх мэдүүлэг (хх-40), гэрч *********** “...***********ах миний данс руу мөнгө хийлгээд өөрөө авчихдаг байсан. ...“Ах нь боломжтой болохоор компанид тушаачихна” гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг (хх-42) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.***********ын хохирогч “***********” ХХК-ийн хүргэлтийн жолоочоор ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр тус компанийн 2022 оны 1, 6, 10 сард нийт 3 удаагийн ачааны төлбөрийг байгууллагын дансанд шилжүүлэлгүй завшсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч “***********” ХХК-д 3,591,280 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогч хуулийн этгээд шүүгдэгчийн цалингаас 669,190 төгрөгийг суутгаж авсан, үлдэгдэл 2,922,080 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Шүүхээс үлдэгдэл хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөх завсарлага аван төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** “Хохирлоо барагдуулж авсан” гэснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн саналтай нийцэж байна. Уучлаарай, миний буруу” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хүргэлтийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа ачааны төлбөрийг үйлчлүүлэгч нараас авсан атлаа байгууллагын дансанд шилжүүлэлгүй хувьдаа завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 3,591,280 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Хохирлоо барагдуулж авсан” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн ажилтай, орлоготой, бага насны хүүхдүүдтэй)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “торгох ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“******” ХХК-д хүргэлтийн жолооч ажилтай, цалинтай)-ийг харгалзан шүүгдэгч ***********3,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч ***********ын 2025.02.11-ний өдрөөс 2025.02.26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 225,000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 2,775,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт **********ын ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 225,000 төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 2,775,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********2,775,000 төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР