| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/02865/И |
| Дугаар | 102/ШШ2021/03309 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2021/03309
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах “С ” ХХК /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................................... тоотод оршин суух, М ургийн овогтой Б.Ч /РД:............../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 18,234,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х , А.А ,
Хариуцагч Б.Ч , хариуцагчийн өмгөөлөгч Х.У , Т.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С ” ХХК нь иргэн Б.Чд барилгын туслах материал болох обойны цавууг дараа тооцоогоор нийлүүлдэг байсан. Тухайн компани нь Б.Чд барааг нийлүүлж явсаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд Б.Ч нь “С ” ХХК-д барааны үнэ 21,028,466 төгрөгийн үлдэгдэл тооцоотой болохыг харилцан баталгаажуулсан. Түүнээс хойш 2 удаагийн төлөлтөөр 2,794,466 төгрөг төлж, үлдэгдэл 18,234,000 төгрөгийг төлөхгүй манай компанийг хохироосоор байсан. Иймд бид Б.Ч-ээс барааны үнэ 18,234,000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр уг нэхэмжлэлтэй хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ............... дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хэрэг бүртгэлийг хаах тухай прокурорын тогтоол гарсан буюу эрүүгийн журмаар тус хэрэг нь шалгагдаж дууссан. Иймд иргэн Б. Ч-ээс барааны үнэ болох 18,234,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, А.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С ” ХХК иргэн Б.Чд барилгын материал нийлүүлдэг байсан. Манай компани бараа нийлүүлж, бараа тооцооны төлбөрийг хэсэгчлэн хүлээн авч явсаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд Б.Ч нь “С ” ХХК-д барааны үнэ 21,028,466 төгрөгийн үлдэгдэл тооцоотой болохыг харилцан баталгаажуулсан. Түүнээс хойш 2 удаагийн төлөлтөөр 2,794,466 төгрөг төлсөн. Үлдэгдэл 18,234,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй компанийг хохироосоор байна. 2018 оны 03 дугаар сард Б.Ч-ээс барааны үнэ 18,234,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Ч уг мөнгөн дүн бүхий барааг н.Н , н.Б нар авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасны дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс Б.Чг хохирогчоор тогтоон, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан нь тогтоогдсон. Энэ үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхээс иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Баянгол дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол гарсан. Эрүүгийн журмаар тус хэрэг шалгагдаж дууссан. Иймд Б.Ч-ээс барааны үнэ болох 18,234,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Чгийн хувьд “Х ” төвд түрээлэгчээр олон жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба “С ” ХХК -наас обойн цавуу авч борлуулдаг байсан бөгөөд тус байгууллагад ямар нэгэн санхүүгийн өр төлбөр үүсгэж байгаагүйн зэрэгцээ, ашиг сонирхлын үүднээс хандаж байсан зүйл үгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үйл баримтын тухайд: Нэхэмжлэгч байгууллагын борлуулагчаар ажиллаж байсан Б.Н , жолооч Б нар нь хариуцагч Б.Чгийн “С ” ХХК-тай хамтран ажиллаж ирсэн харилцааг ашиглан, барааны үнэ буурсан, бид хоёрын сарын төлөвлөгөө биелэхгүй байна, тэгэхээр цалин хөлс хасдаг, танайх манай компани найдвартай харилцагч тул таны нэр дээр бараа зээлээр аваад дараа сар буцаагаад төлнө гэх зүйл ярьж байсан, энэ үед Б нь би 100 хувь арыг нь даана та туслаач гэсэн зүйл ярьж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа 84,305,482 төгрөгийн үнэ бүхий обойн цавууг өөрийн компаниасаа аваад нуусан байсныг мэдсэн, Б.Чгийн хувьд 29,153,000 төгрөгийн бараа буюу цавууг авч, өөрт ногдох төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлж дуусгасан байдаг. Тус компанийн борлуулагч Б.Н, жолооч Б нар нь 84,305,482 төгрөгийн барааг ярьж байснаараа үйлчлүүлэгч Б.Чд мэдэгдэлгүйгээр авч, 29,153,000 төгрөгийн барааг Б.Чд, 36,918,000 төгрөгийн барааг /цавуу/ компанидаа бараагаар нь тушаагаад үлдэгдэл 18,234,000 төгрөгийн барааны төлбөрийг тушаагаагүй байсан нь ил болсон байдаг. Н нь зээл авахдаа Ч-ээс ямар нэгэн бичиг баримт аваагүй, өөрсдөө хөөцөлдөөд нэр дээр нь зээл авсан ба компанидаа тушаах байсан үлдэгдэл 18,234,000 төгрөгийг дүүгийнхээ компанид өгсөн, та санаа зоволтгүй гээд л хойшлуулаад байсан байна. Б.Чгийн хувьд 29,153,000 төгрөгийн барааг хүлээн авсан ба өөрийн төлөх ёстой мөнгийг төлсөн баримт бий, харин нэхэмжлэгчийн нэхээд байгаа 18,234,000 төгрөгийн барааг хүлээн авсан баримт байдаггүй юм. Түүнчлэн Н , Б нартай холбоотой 84,305,482 барааг Б.Чгийн нэр дээр зээлээр авсан гэх баримт байдаггүй болно. Харин Б.Чгийн хувьд Н , Б нарын “С ХХК-нийг залилсан, гэмт үйлдэлд туслаж, болсон зүйлийн талаар Цагдаагийн байгууллагад хандаж, удаа дараа гомдол гаргаж явсан байдаг ба прокуророос Н , Б нар дээр Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлж, тэдгээрийн буруутай, хууль бус үйлдлийг шалган нотлож, уг асуудал нь 2018 оны 08 дугаар сард болсон болох нь тогтоогдсон гэж үзэн дүгнэсэн байдаг нь холбогдох баримтаас харагдана. Иргэн Б.Чгийн зүгээс “С ” ХХК-ны хариуцагч биш юм, Нөгөө талаас Н , Б нар нь хариуцагч бөгөөд Б.Ч гийн зүгээс илэрхий зүйлийг гэрчлэх байдлаар оролцох нь хуулийн боломжит хувилбар гэж үзнэ. Иймд “С ” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өөрийгөө хариуцагч биш гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр өөрийн төлөх ёстой үлдэгдэл 2,294,466 төгрөгийг тушаагаад, албан ёсоор компанид бичгээ хүргэж өгөөд, гүйлгээний утга дээрээ Б.Ч гийн тооцоо дууссан гэж тодорхой бичсэн. Гэрч н.Б мэдүүлэгтээ үлдсэн барааг н.Н авсан гэж гэрчилж байгаа. Би чин үнэнээр, 100 хувь өөртөө итгэлтэйгээр хариуцагч биш гэж өөрийгөө бодож байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч “С ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч “С ” ХХК нь хариуцагч Б.Ч д холбогдуулан худалдсан бараа үнэ 18,234,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Ч д 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 84,305,482.64 төгрөгийн үнэ бүхий барааг худалдахаар нийлүүлсэн бөгөөд үүнээс буцаалтаар 36,918,000 төгрөгийн бараа буцаагдсан. Нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдлийн тооцоог 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийхэд хариуцагч Б.Ч нь 21,028,466 төгрөгийн үлдэгдэлтэйг зөвшөөрч тооцооны баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Түүнээс хойш 2,794,466 төгрөгийг төлж, үлдэх 18,234,000 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжилж байна” гэх,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Нэхэмжлэгч байгууллагаас худалдан авсан барааны тооцоог бүрэн төлж дуусгасан. Тооцоо нийлсэн баримт үйлдэхдээ “С ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан Б.Н , түгээгч Б.Б нар миний нэр дээр 18,234,000 төгрөгийн барааг илүү захиалж авсан гэдгийг нягтлангуудад тухайн үедээ хэлж байсан. Нэхэмжилж байгаа 18,234,000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан.
Нэхэмжлэгч “С ” ХХК-ийн барааг хариуцагч Б.Ч нь худалдан авах захиалга өгч, захиалсан газарт хүргүүлэн авч, төлбөрийг тооцооны акт үйлдэн төлж байсан талаар зохигчид маргаагүй болно.
Харин хэрэгт бараа захиалсан, хүлээлгэж өгсөн баримтгүй, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 84,305,482.64 төгрөгийн үнэ бүхий бараанаас буцаагдсан гэх 36,918,000 төгрөгийн, мөн үнийг төлөөгүй гэх 18,234,000 төгрөгийн барааг захиалсан, хүлээн авсан талаар маргаантай байна.
Шүүхэд гэрч С.М, А., Б.Б нар нь “С ” ХХК-ийн борлуулагч Б.Н нь Б.Ч гийн нэр дээр илүү захиалга хийж, өөртөө бараа авсан үйл явдал 2015 оны 08 дугаар сард болсон талаар гэрчилж мэдүүлэг өгсөн байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст “Хохирогчийг байцаасан тэмдэглэл”-д “...2015 оны 08 сарын 20-иос хойш уг компанид борлуулалтын менежер ажилтай Н нь над руу утсаар яриад “Сарын төлөвлөгөө биелэхгүй цалингаа хасуулах гээд байна, таны нэр дээр зээл аваад дараа сард зээлсэн бараагаа буцаалт хийгээд компанидаа буцаагаад тушаачихна” гээд байхаар нь би эхлээд зөвшөөрөхгүй байж байгаад сүүлд нь уг компанид ажилладаг зүс мэдэх ачигч, жолооч ажилтай Бтой яриад “Эгч нь Н ыг танихгүй учир чамд итгэж зээл авахуулчихлаа шүү, Н та хоёр хамт уг зээлийг хариуцна шүү” гэхэд Б “Дүү нь 100 хувь хариуцна” гээд тэр хоёр миний нэр дээр өөрсдийн ажилладаг С ХХК-иас зээл авсан. ...Би энэ хугацаанд Б, Н хоёрыг буцаалтаа хий эсвэл нотариатаар ороод үлдэгдэл 55,152,000 төгрөгийн цавууг өөрсдөө авсан гэдгийг гэрчилсэн бичиг хийж өг гэсэн. Тэгээд тэр хоёр миний гараар бичсэн Н , Б хоёрыг 55,152,000 төгрөгийн цавууг авсныг гэрчлэх бичиг нь дээр гарын үсэг зурсан” гэх Б.Ч гийн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/,
Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Боос авсан тайлбарт “...2015 оны 08 дугаар сар хавьцаа байсан шиг санаж байна. Ч эгч Н нар нь ярилцаад ашиг сонирхлын үүднээс бараа материал тасрах, үнэ нэмэгдэх сургаар их хэмжээгээр нөөцлөхөөр ярилцаж тохиролцсон байсан ба Ч эгч манай байгууллагаас зээлээс зээлийн хооронд гэрээ байгуулан 80 сая төгрөгийн обойн цавуу зээлээр авсан уг авсан бараанаасаа тодорхой хэмжээний барааг Ч эгч өөрөө өөрийнхөө лангуун дээр буулгаж тавьсан харин үлдэгдэл бараануудыг нь Н өөрөө авч гарсан ба хаана яаж буулгасан эсэх талаар би мэдэхгүй хамт яваагүй. Ч эгч Н 2 уг бараанаас ашиг олох зорилгоор нөөцөлсөн байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
“С ” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ..... дугаартай “Төлбөр тооцоо хийх тухай” албан бичигт “Уншиж танилцаад хүсэлт явуулав. 2015.12.10-нд 2,000,000 төгрөг дансанд хийсэн үлдэгдэл тооцоо 50,627,466 төгрөг” гэсэн гарын үсэг бүхий баримт,
2015 оны 11 дүгээр сарын 06, 2015 оны 12 дугаар сарын 09, 2016 оны 12 дүгээр сарын 19, 2017 оны 02 дугаар сарын 10, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулсан баримт тус тус авагдсан байна.
Хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан “С ” ХХК-д 36,918,000 төгрөгийн бараа буцаагдсан баримтад гараар бичсэн хэсгийг хариуцагч Б.Ч нь “...тухайн үед захиалсан 84,305,482.64 төгрөгийн бараанаас 18,234,000 төгрөгийг Б.Н , Б.Б нар хариуцах тооцоо гаргасан” гэх, хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан тооцоо бүхий гар бичвэрийг “...Б.Н нь надад тооцоо хийж бичиж өгч байсан” гэх тайлбар гаргасан.
Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд зохигчийн тайлбар нотлох баримт болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан.
Хариуцагчийн тайлбар болон дээрх нотлох баримтаар хариуцагч Б.Ч нь 84,305,482.64 төгрөгийн үнэ бүхий барааг өөрийн нэр дээрээ захиалга хийхийг зөвшөөрч, улмаар хүлээн авсан талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн нь тогтоогдож байна гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Б.Ч нь нэхэмжлэгч “С ” ХХК-иас худалдан авсан барааны үнэ 18,234,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Б.Ч гээс худалдах-хадалдан авах гэрээний дагуу 18,234,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С ” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 249,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Ч гээс 18,234,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С ” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч гээс 249,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР