Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

 

                                      

 

 

    2017          06            23                                        253

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Б.Гантогтох,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Данням, түүний өмгөөлөгч Ц.Энхболд /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0369/,

шүүгдэгч О.Буянбадам, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0464/, Б.Оюунбилэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0128/, Э.Туул / шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0495/,

шүүгдэгч Ж.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0518/ Б.Мөнхгэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0463/,

иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агар овогт Отгонбаатарын Буянбадам,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чойр боржигон овгийн Жадамбын Энхтайван нарт холбогдох эрүүгийн 2016 2601 1114 дугаартай, 3 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Агар овогт Отгонбаатарын Буянбадам Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч, барилгын даамал мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт харуул хамгаалалтын албаны харуулаар ажиллаж байсан, эрхэлсэн ажилгүй гэх, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Холбоочдын 1-20-4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй (РД:УХ90091051).

2.Чойр боржигон овгийн Жадамбын Энхтайван Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт харуул хамгаалалтын албаны ээлжийн ахлахаар ажиллаж байсан, эрхэлсэн ажилгүй гэх, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2-р хороолол, 70-5 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй  (РД:ЕЙ72123019).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч О.Буянбадам нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа “Улаанбаатар төлөөлөгчийн газар”-ын хашаанаас төмөр хулгай хийлээ гэх зүйлээр шалтаглан иргэн Д.Дагвадоржийг сагсны шийдний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан хууль бусаар хорьж хүнд хор уршиг учруулсан,

-2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа “Улаанбаатар төлөөлөгчийн газар”-ын хашаанаас төмөр хулгай хийлээ гэх зүйлээр шалтаглан иргэн Д.Дагвадоржийг сагсны шийдний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан юүдэнтэй цамцны малгайнаас нь нохойны оосроор холбож сагсны шийтний кольцооноос дээш татаж уян санаатай алсан тус тус гэмт хэрэгт;

 

Шүүгдэгч Ж.Энхтайван нь хамгаалагч О.Буянбадамд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа “Улаанбаатар төлөөлөгчийн газар”-ын хашаанаас төмөр хулгай хийлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан талийгаач Д.Дагвадоржийг хууль бусаар хорих талаар утсаар үүрэг чиглэл өгч хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсны улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Буянбадам: Мэдүүлэг өгөхгүй гэв.  

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Энхтайван мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр О.Буянбадамд ажлаа хүлээлгэн өгч, ээлжнээс буугаад гэр рүүгээ явж байхад О.Буянбадам утсаар яриад 2 дугаар постоор хулгайч орсон, нэг хүнийг нь барьсан, бас цаана нь нэг хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад хүнээ харагдахуйц газраас гавлаад байлгаж бай гэж хэлсэн. Харин Мэндийг яваад нөгөө хүнийг нь бариад ир гэж хэлсэн. Тэгээд хоёуланг нь цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгье, хоёуланг нь бариад байж бай, би одоо очлоо гэсэн. Манай байгууллага дээр удаа дараа хулгай гарч, хулгайн гэмт хэргээс болж байгууллагад хохирол учирч байсан болохоор хулгай хийсэн хүнтэй холбоотой байж магадгүй гэж бодсон. Хүний амь нас  хохирсонд харамсаж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Данням мэдүүлэхдээ:

Хохирогч бид эцэг, эхээс зургуулаа юм. Амь хохирогч дүү маань 57 настай байсан, миний ганц эрэгтэй дүү юм. Талийгаач нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр надтай утсаар яриад 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр манайд ирэхээр ярьсан. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр над руу залгасан утас руу нь залгаж дүүтэйгээ холбогдох гэсэн боловч над руу залгаж ярьсан утас нь хүний утас байсан учраас тэр өдөр олж ярьж чадаагүй. Гэтэл тухайн өдөр энэ хэрэг болсон байсан. Энэ хэрэг гарснаас хойш 1 жил 19 хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хорвоод хүн болж төрчихөөд ийм хариуцлагагүй байгууллага болон том эрх мэдэлтэй хүмүүсийн гарт миний дүү нохойны хөтөлгөө уяагаар дүүжлүүлж амь насаа алдсан. Монгол Улсын нутаг дэвсгэр болон гадаад улс оронд ийм хэрэг гарсан гэж би сонсоогүй. Ийм харамсалтайгаар онц хэрцгий байдлаар хүнийг алчихаад хэргээ нуун дарагдуулах гээд элдэв янзын зүйлийг хэлээд суух асуудал энэ хүмүүст байхгүй. Залуу хүмүүс байж хийсэн хэргээ хүлээх ёстой. 57 настай хүн 27 настай залуугийн хажууд хөгшин хүн байгаа. Би эдгээр хүмүүсийг нилээн удаан хугацаанд ажиглаж байна. Эдгээр хүмүүс нь Монгол Улсын иргэн хүний амь насыг хохироочихоод юу ч болоогүй юм шиг байдалтай байна. Эдгээр хүмүүс миний дүүгийн амь насыг хохироосоноо юман чинээ бодохгүй байна. Ийм хүмүүс цаашид юу ч хийж мэдэхээр хүмүүс байна гэж бодож байна. Мөн шүүгдэгч нар нь хэргээ нуун далдлах гэж янз бүрийн мэдүүлэг өгч цагдаагийн байгууллагыг төөрөлдүүлж, янз бүрийн зүйл хэлж шүүх, цагдаа, иргэдийн ажлыг алдагдуулж байна. Энэ байдлыг харахад Монгол Улсын нутаг дэвсгэрт Монгол хүнийг ёс жудаггүй, хүнтэй харилцаад явах чадваргүй хүмүүс байна.

Оршуулгын зардалд 14,690,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч О.Буянбадамаас 7,000,000 төгрөг хүлээн авсан. Мөн өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Дархан төмөрлөгийн үйлдвэрээс сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилнэ гэв.

4.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”  ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзийбаяр гаргасан тайлбартаа:

Манай компанийн хашаан дотор энэ хэрэг гарч, хүний амь нас хохирсонд харамсаж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санхүүгийн баримтгүй, мөн оршуулгын зардал 14,690,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг хэнээс нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Миний ойлгосноор сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөгийг манай компаниас нэхэмжилж байна гэж ойлголлоо. Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Амь хохирогч нь манай байгууллагын хашаанд удаа дараа хулгай хийж байсан. Хэрэг гарсан өдөр мөн адил хулгай хийх гэж орж ирсэн байсан. Мөн 2015 онд хулгай хийж байгаад баригдаж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагчид хүлээлгэн өгсөн байсан. Манай байгууллагаар үйлчлүүлэх гэж орж ирсэн хүний амь насыг хохироосон зүйл байхгүй гэв.

 

Эрүүгийн 2016 2601 1114 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд

 

 /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3, 80.1.5, 80.1.6-д заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон талаарх баримтууд/

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даннямын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “... Дүү Дагвадорж 2016 оны 04 дүгээр сарын 20-ны үед манай гэрт ирж 1 хоноод, хоол идээд 5,000 төгрөг аваад явсан. Дагвадорж өөрийн гэсэн орон гэр байхгүй, найз нөхдийнхөө гэрээр амьдарч явдаг. Яг хаана, хэнийд амьдардаг байсныг мэдэхгүй. Д.Дагвадорж нь 1959 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан соёмбо бригад Шарантайн гол гэх газар Дүгэр, Манлай нарын 6 дахь хүү болон төрсөн. Дээрээ 2 ах, 3 эгчтэй. Төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр хүмүүжин Тонхил сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын барилгын техникумд барилгын даамал, мастерын ангид суралцаж байх хугацаандаа Ховд аймгийн цэргийн ангид 3 жил алба хаасан. Ирээд барилгын даамал мастер мэргэжлээрээ суралцаж байх хугацаандаа Бүдийн Луу-Нараа гэх эмэгтэйтэй танилцаж хүүтэй болохоор нь би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитод хашаа, гэр барьж өгөөд тусад нь гаргасан. Тэгээд Дагвадорж, Луу-Нараа хоёрын дундааса 2 хүү, 1 охинтой болж амьдарч байгаад 2004-2005 оны үед эхнэр хүүхдүүдээсээ салаад хашаа байшин, гэрээ охин, хүү, эхнэр нартаа өгсөн. Салаад зээ дүү Бадамхандын гэрээр амьдарч байгаад цэргийн найзынхаа гэрт амьдарч байгаа гээд л гадуур хонож, өнжөөд, шил, сав худалдаж авдаг газар ажиллаж байгаа гэж надтай уулзахаараа хэлдэг байсан. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орон гэргүй, айл хэсч амьдарч байсан.

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр талийгаач над руу дугаарыг нь санахгүй утаснаас залгаж юу байна ах сайн уу гэхээр нь ах нь Говь-Алтай аймаг явах гэж байна, явахаас өмнө уулзъя, чи манайд хүрээд ир, ах, эгч хоёртой очиж уулзъя гэхэд за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд дахин холбогдоогүй. Ямар нэгэн өвчин эмгэгүй, эрүүл саруул хүн байсан.  Талийгаач дүү маань архи согтууруулах ундааны зүйл уух үедээ уучихдаг, …донтож уудаггүй хүн байсан...” гэх мэдүүлэг [1] ,

-2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн: “...Тухайн үед оршуулгын зардал болон 14,690,000 төгрөг нэхэмжилж байсан. Мөн дээрээс нь өмгөөлөгчийн зардал болон 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Үүнээс 2016 оны 08 дугаар сарын 23-24-ний өдөр хохирлын мөнгө гэж 7,000,000 төгрөгийг холбогдогч О.Буянбадамын ар гэрээс авсан. Би 10,690,000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн дээрээс нь Дархан Төмөрлөгийн үйлдвэрээс гэм хор сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг нэхэмжилнэ. Би гомдолтой...” гэх мэдүүлэг [2],

-2017 оны 01 дүгээр сарын 04-нд өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн: “...Талийгаач манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчний 26-25 тоотод манай эхнэр, 2 хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдарч байсан. Талийгаач нь Монгол улсын иргэний үнэмлэхний бүртгэлээрээ тус хаяган дээр байдаг. Дүүгээ оршуулахаар болоод ламаас асуухад хүний гарт ёс бусаар амь үрэгдсэн хүн учраас энэ хүний эдэлж хэрэглэж байсан бүх зүйлсийг бүгдийг нь устгаарай гэсэн юм. Ингээд би дүүгээ оршуулчихаад түүний бүх хувцас, хөнжил гудас, миний хувцаснаас хүртэл өмсөж байсан хувцаснуудыг, оршуулгын ажилд зориулж авсан хайрцаг, гурил, будаа, чихэр боов, бензин шатахуун, шашны зан үйлтэй холбоотой бүх баримтыг шатаагаад устгачихсан. Надад одоо ямар ч баримт байхгүй. Үүнийг нөхөж бүрдүүлэх боломжгүй. Оршуулгын зардал 14.690.000 төгрөг болсон. Талийгаач 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гарч явсан. Урд нь ажиллаж байсан газраасаа мөнгө төгрөг авна гээд гарч явсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр надтай утсаар ярьсан. Түүнээс хойш надтай холбоо бариагүй. Тэгтэл 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 13 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаагийн алба хаагч ирж дүүг нас барсан талаар хэлсэн. Энэ хэрэг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн. Одоог болтол шийдэгдэж өгөхгүй удааширч байна. Хэргийг үнэн зөвөөр хуулийн дагуу шийдвэрлэж намайг хохирол, гомдолгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг [3],

 

6.Гэрч Ж.Жанибекийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд манай гэрт Дагва ах 0,5 литрийн “Их монгол” архи авч ирээд хувааж уугаад дууссан. Тэгээд Дагва ах энд нэг хэдэн төмөр хураасан байгаа цуг зөөлцөөд, тушаалцаад өг гэж хэлэхээр нь дагаад явтал “Энхжин” худалдааны төвийн баруун талаар нь орж хойгуур нь тойроод Дархан төмөрлөгийн үйлдвэрийн зүүн талаар нь тойрч очоод “цэнхэр өнгийн нимгэн төмрөөр барьсан хаалганы цаана байгаа, чи гадаа байж бай, би ороод чамд өгье, чи надад зөөгөөд өг” гээд ганцаараа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хашаа руу яваад орчихсон. Удалгүй 1 ширхэг урт төмөр турбай гаргаж ирээд, байж байгаарай гэж хэлчихээд буцаад орсон. Тэгэхэд цаанаас “наад газар чинь камертай, чи юу хийж байгаа юм, хашаанаас гар” гэж хэлэхээр нь би манаач нь гараад ирлээ гээд шууд хаяад гэр рүүгээ явсан. Дагва ах хамгаалагчид баригдаад үлдсэн. Тэр өдрөөс хойш Дагва ахтай уулзаагүй.

Дагва ахыг 2-3 жилийн өмнө 10 буудал гэх газар архи ууж яваад танилцаж байсан. Дагваа ах “Монос” эмнэлгийн зүүн талд байх улаан худгийн траншейнд амьдардаг. Дагва  ах хог түүж амьдардаг байсан. Дагва ах уг төмөрлөгийн үйлдвэрээс хулгайгаар төмөр авч байсан байх. Би анх удаа хамт явж байгаад хамгаалагч нь гараад ирэхээр хаяад гэр рүүгээ явсан. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд манай гэрт ирэхдээ “Монос” орчмоор хог түүж тушаачихаад архи аваад ирлээ гээд ирсэн. Ирэхдээ бие өвдөж байна гэж зүйл яриагүй, ер нь бие өвдлөө гэж хэлж байгаагүй. Би Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хашааны гаднаас хараад зогсож байсан. Тэр үед хамгаалагч цохиж, зодож харагдаагүй... ” гэх мэдүүлэг [4],

 

7.Гэрч Д.Мэндийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр /15.20-15.50 цагт/ мэдүүлсэн:

“...Би Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар төлөөлөгчийн газарт харуул хийдэг. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 08 цагт ажилдаа ирж харуул Өлзийхутгаас ээлж хүлээж аваад, хашаагаар явж эргэчихээд, постын байрандаа байж байгаад 11 цагийн орчим дахин гарч хашаан дотуур эргэж явахад үл таних эрэгтэй хүн 1 метр гаруй урттай арматурын төмөр барьчихсан явж байсан. Тэгэхээр нь би “чи яахаараа байгууллагын хашаан дотор төмөр хулгайлаад барьж явдаг юм” гэхэд “зарж хоолны юм авч идэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи байгууллагын хашаан дотроос хулгай хийж болохгүй” гээд гүйж очоод барьж аваад явж байхад үүдний харуулын постод гарч байсан Буянбадам хүрч ирсэн. Би түүнд энэ хүн хашаан дотор төмөр хулгайлаад явж байна гэж хэлээд хоёулаа тэр хүнийг дагуулаад үүдний постын хажууд авчраад Буянбадам өрөө рүүгээ явж гав авч ирээд тэр хүнийг сагсний шийдний шонг ар талаар нь тэврүүлж гавалсан. Би дахин өөр хүн байж магадгүй гэж бодоод буцаж яваад хашаагаа тойрч эргэж яваад 15 орчим минут болоод буцаж ирсэн. Нөгөөх хүн доошоо өвдөглөөд суучихсан, толгой нь доошоо унжсан байдалтай, юүдэнтэй цамцны малгайнаас нь уяагаар гогцоолдоод сагсны шийдний кольцооноос уяад дүүжлэгдсэн байдалтай байхаар нь Буянбадамаас “яагаад ингээд уячихсан юм” гэж асуусан. Тэгтэл Буянбадам “доошоо суух гээд байхаар нь би уячихсан юм” гэж хэлэхээр нь “наад хүн чинь муудаад байна, царай нь сонин болсон байна” гэхэд тэр хүний гавыг Буянбадам тайлаад би доороос нь тэврээд дээш нь харуулж хэвтүүлээд алгадаад сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Тэгэхээр нь цээжин дээр нь дараад, энгэр хэсгээр нь гараа хийгээд зүрхийг нь чагнахад зүрх нь цохилохгүй, амьсгалахгүй байна гэхэд Буянбадам эмнэлэг рүү ярьж түргэн тусламж дуудаад, цагдаад мэдэгдсэн. Талийгаачийг би зодож цохиогүй, Буянбадам ч цохиж зодож байгаа харагдаагүй. Юунаас болж нас барсаныг мэдэхгүй. Тэр үед Буянбадам бид хоёроос өөр хүн байгаагүй. Манай үйлдвэр ажиллахгүй байгаа болохоор хоёр харуулаас өөр хүн байдаггүй. Талийгаачаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Биеийн байдал нь зүгээр, ямар нэгэн зовиур хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг [5],

 

8.Гэрч А.Мөнхтөрийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Ананд холдинг ХХК-нд краны жолооч ажилтай. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Энхжин худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойно байрлах “Ананд” ХХК-ийн хашаанд харуул манаач хийж амьдардаг. Манай байгууллагын хашааны ертөнцийн зүгээр баруун урд залгаа “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн хашаа байдаг. Уг хашааны харуул хамгаалагч нараас Мэнд гэх хамгаалагчийг сайн танина. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө би Мэндэд “танай байгууллагын хойд талын хашаа, манай гэрийн урд руу хулгайч нар ороод танай хашаанаас төмөр зөөгөөд байна” гэж хэлж байсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал “Энхжин” худалдааны төв талаас хашааныхаа гадаа алхаж явахаар нь би Мэндэд “танай энэ хашаагаар хулгайч ороод байх юм” гэж хэлэхэд нэг хулгайчийг нь барьчихсан, нөгөө хулгайчийг нь барьж чадсангүй, хайгаад явж байна гэж хэлсэн. Би бараан өнгийн хувцастай, намхан нуруутай, эрэгтэй хүн гартаа төмөр турбай барьчихсан “Энхжин” худалдааны төвийн баруун талаар гараад гүйж явахыг харсан. Тэрний дараа Мэнд хоёр хулгайч ороод нэгийг нь барьчихлаа, нөгөөг нь барьж чадсангүй гэж хэлэхээр нь “Энхжин” худалдааны төвийн баруун талаар нэг турбай бариад гүйгээд явчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг [6],

 

9.Гэрч Д.Өлзийхутагийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Д.Мэнд, Ж.Энхтайван гэх хүмүүстэй төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. О.Буянбадам миний төрсөн эгч Тунгалагийн төрсөн хүү юм. 2016 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө би Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын 2 дугаар постон дээр харуулын ажил үүрэг гүйцэтгээд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг 40 минутын үед Д.Мэндэд ээлж хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж, 10 цагийн үед ажил дээрээсээ гэр рүүгээ харьсан. Тухайн өдөр нэгдүгээр постонд надтай хамт Ж.Энхтайван үүрэг гүйцэтгэж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө О.Буянбадамд ээлж хүлээлгэн өгч байсан. Хэрэг болсон явдлын талаар мэдэж байгаа зүйл байхгүй. О.Буянбадам, Д.Мэнд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гав тусгай хэрэгсэл хэрэглэх заавар байхгүй. Би сургалтанд хамрагдаж байгаагүй. Хууль зөрчсөн этгээдийг барьж саатуулах үед гав хэрэглэх байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг [7],

 

10.Гэрч Н.Өсөхбаярын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн /”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харуул хамгаалалтын албаны дарга ажилтай/:

“...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр намайг Дархан-Уул аймагт ажил дээрээ байхад 11 өнгөрөөд 12 цаг үед ээлжийн ахлах Шинэбаяр Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хулгай хийж байгаад нэг хүн баригдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгч наад хүнээ цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөрэй гэж Шинэбаярт хэлсэн. Тэгээд байж байтал 10 гаруй минутын дараа Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын харуул хамгаалалтын ахлах харуул Ж.Энхтайван утсаар залгаж, манай байгууллага руу хулгай орж 1 хүн баригдсан, материалжуулаад цагдаад хүлээлгэж өгөх үү гэж асуухаар нь ямар байцаалт авах эрхтэй биш зургийг нь авч дахин хулгай хийхгүй гэж өөрөөр нь бичүүлээд цагдаад өгөөд явуулаач гэж хэлсэн. Ж.Энхтайван манай харуулууд чадахгүй байхдаа, би өөрөө очиж бүрдүүлдэг юм билүү гэж хэлэхээр нь би чи өөрөө мэддээ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 14 цагийн үед Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Өлзийбаяр миний утас руу залгаад хамгаалагч нар хулгайч гэж хүн бариад гавалсан байхад нь нас барчихсан байна. Эмнэлэг цагдаа дуудчихлаа, одоо яах вэ гэж асуухаар нь би байгууллагын хуулийн хэлтсийн дарга Цогоод мэдэгдэж, байгууллагын захирал руу мэдэгдэх гэхэд захирал мэдсэн байсан. Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар харуулд гарч байгаа хамгаалагч нар Дархан-Уул аймагт байрлах Дархан төмөрлөгийн үйлдвэрээс би ерөнхий удирдлагаар хангаж ажиллдаг. Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар харуул хамгаалалтанд гарч байгаа харуул нарыг өдөр тутамын удирдлагаар Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Өлзийбаяр хариуцан удирдаж ажилладаг. Манай харуул хамгаалалтын албанаас 2015 онд Дархан-Уул аймагт байх хамгаалагч нарт гав тусгай хэрэгсэл хэрэглэх заавар болон хууль эрх зүйгээр сургалт орж байсан. Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар ажилладаг хамгаалагч нарыг хамруулан нэгдсэн сургалт явагдаагүй. Ж.Энхтайван, Д.Мэнд, О.Буянбадам нар нэгдсэн сургалтанд хамрагдаагүй. Надаас 2015 онд ганцаарчилсан зааварчилгаа авч гарын үсэг зурж байсан. Гав тусгай хэрэгсэл ашиглах талаар зааварчилгаа өгч байсан. Манай харуул хамгаалалтын албаны дотоод журамд тодорхой заасан байдаг. Надад хулгай хийсэн этгээдийг барьж саатууллаа гэж хэлсэн, гавалсан гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг [8],

-2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр дахин мэдүүлсэн: “...Улаанбаатар төлөөлөгчийн газар нь манай байгууллагын салбар мөн боловч дээрээсээ нэг удирдлагаар ажилладаг байгууллага. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хамгаалалт аюулгүй байдлын албанд Улаанбаатар төлөөлөгчийн газрын хамгаалагч нар харъяалагдан ажилладаг боловч Улаанбаатар төлөөлөгчийн газрын захирал Өлзийбаярын удирдлага дор өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажилладаг.  Улаанбаатар төлөөлөгчийн газрын хамгаалагч нар өдөр тутам хоёр удаа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хамгаалалт аюулгүй байдлын албаны ээлжийн ахлахад мэдээ өгч ажилладаг. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн сургалтын менежер, Улаанбаатар төлөөлөгчийн газрын захирал Өлзийбаяр болон би Улаанбаатар төлөөлөгчийн газрын хамгаалагч нарыг сургалтанд хамруулах үүрэгтэй. Улаанбаатар төлөөлөгчийн газрын хамгаалагч нарт тусгай хэрэгсэл тавьж өгөхөөр Өлзийбаяртай ярилцаж байгаад радио станц авч өгч байсан. Гав, бороохой авч өгч байгаагүй. Одоогоос 3 жилийн өмнөөс Улаанбаатар төлөөлөгчийн газрын харуулын постонд дээрх гав байсан. Би ажилд ороод 2 жил болох гэж байна. Гав, бороохой, радио станцыг ээлж солихдоо хамгаалагч нар рапортны дэвтэр дээр бичиж хүлээлцдэг. Манай хамгаалалтын алба нь байгууллагын хамгаалалтын алба юм. Гэрээт харуул хамгаалалтын албаны тусгай зөвшөөрөл, эрх байхгүй. Иймд гав, бороохой, тусгай хэрэгсэл ашиглах зөвшөөрөл байхгүй...” гэх мэдүүлэг [9],

11.Гэрч О.Шинэбаярын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн /”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харуул хамгаалалтын албаны ээлжийн ахлах ажилтай/:

 “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цаг 55 минутад Улаанбаатар төлөөлөгчийн газрын харуул Буянбадам утсаар залгаж төлөөлөгчийн газраас хулгай хийж байгаад баригдсан хулгайчийг барьлаа, ямар арга хэмжээ авах гэж асууж мэдэгдсэн. Хариуд нь би дээд шатны даргаас үүрэг аваад эргээд хариу мэдэгдье гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 10 минутын дараа Буянбадам руу залгаж “цагдаагийн байгууллага дуудаад хүлээлгэж өг” гэж үүрэг өгөхөд за ойлголоо гээд утсаа тасалсан.

Дараа нь 13 цаг 38 минутад Улаанбаатар төлөөлөгчийн газрын 2 дугаар постны харуул Мэнд залгаад хулгай хийж байгаад баригдсан хүн нас барчихлаа, цагдаагийн байгууллага, түргэн эмнэлэг дуудаад Буянбадамыг цагдаа аваад явчихлаа гэж надад мэдэгдсэн. Тэгэхээр нь би “яахаараа нас бардаг юм” гэж асуухад” гавалчихсан байсан чинь нас барчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би дээд шатны дарга, харуул хамгаалалтын албаны дарга Н.Өсөхбаяр, харуулын үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилтан Мөнхдэлгэр нарт мэдэгдсэн. Надаас гавлах талаар асууж тодруулаагүй, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд дээд шатны дарга, ахлах нартаа мэдэгдэж үүрэг авч ажиллах үүрэгтэй. “Хулгай хийж байгаад баригдсан этгээд тавьсан шаардлага эсэргүүцсэн болон биед халдсан тохиолдолд гав тусгай хэрэгсэл хэрэглэнэ” гэж мэдэгдэж харуул хамгаалалтын албанаас сургалт орж заасан...” гэх мэдүүлэг [10],

 

12.Гэрч Д.Цогоогийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн /Улаанбаатар төлөөлөгчийн газарт хамгаалагч ажилтай/ :

 “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед намайг гэртээ байж байтал Энхтайван миний утас руу залгаад ажилд гарах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь юу болсон, яагаад гарах болсон бэ гэхэд ирээд мэд гэж хэлсэн. Тэгээд би 15 цаг 30 минутад Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар төлөөлөгчийн газар очиход цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгээд харахад байгууллагын хашаан дотор байх сагсан бөмбөгийн шийдний доор толгой хэсэг нь хойд зүгт чиглэсэн, дээшээ хараад хэвтсэн, буурал толгойтой эрэгтэй хүний шарил байсан. Тэгээд би контор руу ороход цагдаагийн алба хаагч нар камер шалгаад байж байсан. Тэгээд юу болсон талаар Энхтайвангаас асуухад хүн нас барсан байна, 2-р постны харуулыг цагдаа нар авч явах юм байна, та ээлжинд гар гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдөр ээлжинд гарсан...” гэх мэдүүлэг [11],

 

13.Гэрч Б.Дашцэрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст нохойн төлөөлөгчөөр томилогдон ирж ажиллаж байна.

2016 оны 05 дугаар сарын 04-ний 08 цаг 30 минутаас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус хэлтсийн “Сэлбэ-10”-аас 12-13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Дархан төмөрлөгийн Улаанбаатар дах салбарын хашаанд хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Хайдавын удирдсан бүрэлдэхүүний хамт албаны “Райкс” дуудлагатай нохойны хамт хэрэг болсон газар очиж ажилласан. Хэрэг болсон газар очиход 60 орчим насны эрэгтэй хүн тус байгууллагын сагсан бөмбөгийн шийдний дор дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Хэрэг болсон нөхцөл байдлыг харахад албаны нохой ашиглах шаардлагагүй гэж үзэн хэргийн газрын үзлэг хийж байх хугацаанд хэргийн газрыг хамгаалалтанд авч байсан. Хэргийн газрын үзлэг хийгдэн дуусч, би мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Н.Хайдавт тус байгууллагын конторын өрөөнд принтер оруулж өгөөд буцаад гарч явахдаа тус байгууллагын үүдний хажууд байх цонхны тавцан дээрээс ногоон өнгийн урдаа төмөр түгжээтэй нохойны хөтөлгөө уяа байхаар нь өөрийн нохойны хөтөлгөө уяа байна гэж андуурч аваад аваад албаны машинд ороод үзэхэд миний нохойны хөтөлгөө уяа биш байхаар нь уг уяаг буцааж оруулж цонхны тавцан дээр тавиагүй. Тэр уяаг би хэргийн газрын дуудлаганд явдаг албаны машинаас авлаа. Одоо надад байна. Өөрийн нохойны уяатай андуурч авсан. Түүнээс өөрт ашиглах болон  ямар нэгэн хувийн санаа зорилготой авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [12],

 

14.Гэрч Э.Байгалийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр юу болсон талаар нөхөр Мэндээс сонсоход манааныхаа постон дээр байж байтал хоёр хулгайч төмөр хулгайлж байхыг хараад нэг хүнийг нь бариад нөгөө харуулдаа хүлээлгэж өгчихөөд нөгөө нэг хулгайчийг нь хайгаад явж байгаад эргээд иртэл нөгөө баригдсан хулгайчийг нөгөө хамгаалагч нь суух гээд байхаар нь цамцнаас нь дээш татаад уячихсан байхаар нь чи яаж байгаан юм бэ гэхэд нөгөө хамгаалагч нь машиныхаа гадна утсаараа оролдоод зогсож байхад нь хэлсэн гэсэн. Тэгээд нөгөө хүнийх нь царай сонин болчихсон нас барсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг [13],

 

15.Иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзийбаярын мөрдөн байцаалтад 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан :

“...Манай байгууллага харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөл авч байгаагүй, байгууллагын дотоод зохион байгуулалтаар үүсгэн байгуулсан хамгаалалт юм. Д.Даннямын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь манай байгууллагаас хамгаалалтын ажилчдад үндсэн үүрэгт ажлын хуваарь нь хулгай, гадны халдлагад өртсөн тохиолдолд нэн даруй удирдах албан тушаалтанд болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэйг тайлбарлан сургалтанд хамрагдуулж байсан. Мөн би өөрийн биеэр хамгаалалтын ажилчдад эхлээд өөрийн амь насаа хайрлаж хамгаал, дараа нь хариуцан хамгаалж буй эд хөрөнгөө сайн харж хамгаал, аливаа халдлага, гэмт үйлдэл тохиолдсон тохиолдолд цагдаагийн байгууллагад болон удирдах албан тушаалтан надад танилцуул гэж хэлдэг байсан.  Дээрх гэмт хэргийн сэдэл үйлдэл нь хувь хүнээс шалтгаалсан шинжтэй гэж үзэж байна. Иймд байгууллага иргэний хариуцагчаар оролцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би Буянбадамд биечлэн амаараа заавар зөвөлгөө өгч байсан. Харин сургалтанд хамруулж байгаагүй байх. Манай байгууллагад харуул хамгаалалт тусгай хэрэгсэл хэрэглэх тусгай зөвшөөрөл байхгүй. Учир нь манай байгууллага албан хаагч хамгаалагч нарт тусгай хэрэгсэлээр хангаж заавар зөвөлгөө өгдөггүй болохоор тусгай зөвшөөрөл байдаггүй. О.Буянбадам гав, тусгай хэрэгсэл ашиглах зөвшөөрөлгүй. Манай байгууллагаас О.Буянбадамд гав, тусгай хэрэгсэл ашиглах эрх болон заавар зөвөлгөө өгөөгүй. Гав тусгай хэрэгсэл хүлээлгэж өгөөгүй. Тэр хэрэглэсэн гэх гавыг хаанаас авч ирж ашиглаж байсан талаар О.Буянбадам өөрөө мэдэх байх. Манай байгууллага нийт хамгаалагч нарт гав тусгай зөвшөөрлөөр хангаж байгаагүй, заавар зөвөлгөө өгч байгаагүй. Уг яригдаад байгаа гавыг хэн хаанаас авч ирээд хэрэглээд байгааг би мэдээгүй байсан. Би Энхтайванд мөнгөлөг цагаан өнгийн түлхүүртэй гав өгөөгүй. Гав тусгай хэрэгслийг зохицуулсан хуулийн дагуу албан ёсоор олгохыг хэлнэ гэж үзэж байна. Учир нь албан ёсоор гав тусгай хэрэгсэл тавьж өгөөгүй, хүлээлгэж өгөөгүй. Тусгай зөвшөөрөл авсаны дараа дээрх заалт хэрэгжүүлэх байсан байх. Одоогоор тусгай зөвшөөрөл аваагүй байгаа болохоор уг заалтыг хэрэгжүүлж тусгай хэрэгсэлээр хангасан асуудал байхгүй...” гэх тайлбар [14],

 

16.Д.Мэндийн сэжигтнээр 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр /19.31-19.37 цагт/ мэдүүлсэн:

“...Би Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар төлөөлөгчийн газарт харуул хийдэг. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг 45 минутын үед ажилдаа ирж харуул Өлзийхутгаас ээлж хүлээн аваад, хашаагаар эргэчихээд, постын байрандаа байж байхад урд байгууллагын харуул урд өмнө нь танай байгууллагад гадны хүмүүс нэвтэрээд байдаг шүү гэж хэлсэн. Би цонхоороо хараад байж байтал 11 цаг 05 минутын орчим харуулын постноос гараад харахад үл таних цэнхэр өнгийн саравчтай малгайтай, хар бараан өнгийн юүдэнтэй цамцтай, дотуураа цэнхэр срочкон цамцтай, нарны бараан өнгийн нүдний шилтэй, 60 орчим настай, бараан өнгийн даавуун материалтай өмдтэй хүн 1 метр гаруй урттай, 2 ширхэг хуучин арматурын төмөр барьчихсан явж байсан. Тэгэхээр нь хойноос нь хөөе ах хүү гэж дуудахад, эргэж хараад, амандаа үглээд цаашаагаа явахаар нь хойноос нь гүйж очоод “чи яахаараа байгууллагын хашаан дотор төмөр хулгайлаад барьж явдаг юм” гэхэд “зарж хоолны юм авч идэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь чи байгууллагын хашаан дотроос хулгай хийж болохгүй, бид нар цалин мөнгөө хасуулдаг гээд байж байсан. Тэгтэл үүдний харуулын постод гарч байсан Буянбадам хүрч ирээд би түүнд “энэ хүн хашаан дотор төмөр хулгайлаад явж байна” гэж хэлээд хоёулаа тэр хүнийг дагуулаад үүдний постын хажууд очоод зогсож байгаад, конторын үүдний сандал дээр очиж суулгаад байж байтал Буянбадам харуулын ахлах Энхтайвантай утсаар болсон явдлын талаар хэлэхэд надтай яръя гэж хэлсэн.

Буянбадамын утсаар би Энхтайвантай ярихад “наад хүнийхээ овог нэр, төрсөн он, хаягыг нь тодорхой бичиж аваарай. Буянбадамд чи захирагдаж байгаагаа мэдэж байгаа биз дээ, чи эрх үүргээ мэдэж байгаа биз дээ, цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд утсаа таслахад Буянбадам өрөө рүүгээ явж гав авч ирээд тэр хүнийг сагсны шийдний шонд нуруугаар нь тулгаж байгаад гарыг нь ард нь гавалсан. Би дахин өөр хүн байж магадгүй гэж бодоод буцаж яваад хашаагаа тойрч, эргэж яваад 15-20 минут орчим болоод буцаж ирсэн. Нөгөө хүн доошоо өвдөглөөд суучихсан, толгой нь доошоо унжсан, юүдэнтэй цамцны малгайнаас нь уяагаар гогцоолдоод сагсны шийдний кольцооноос уяад дүүжлэгдсэн байдалтай байхаар нь Буянбадамаас “яагаад ингээд уячихсан юм бэ” гэж асуусан. Тэгтэл Буянбадам “доошоо суух гээд байхаар нь би уячихсан юм” гэж хэлэхээр нь “наад хүн чинь муудаад байна, царай нь сонин болсон байна” гэхэд тэр хүний гавыг Буянбадам тайлаад би доороос нь тэврээд дээш нь өргөхөд Буянбадам цамцны малгайнаас нь гогцоог тайлсан. Тэгээд дээш нь харуулж хэвтүүлээд алгадаад сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Цээжин дээр нь дараад, энгэр хэсгээр нь гараа хийгээд зүрхийг нь чагнахад зүрх нь цохилохгүй, амьсгалахгүй байна гэхэд Буянбадам эмнэлэг рүү ярьж түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэний эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдээд цагдаагийн ажилтнууд ирж үзлэг шалгалт хийсэн.  Талийгаачийг би зодож цохиогүй. Буянбадам намайг харж байхад талийгаачийг цохиж зодоогүй. Талийгаач юунаас болж нас барсаныг мэдэхгүй. Тэр үед Буянбадам бид хоёроос өөр хүн байгаагүй. Талийгаачаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй, эрүүл байсан. Талийгаачийг сагсны шийдний шонгоос гавлаад 40-50 минут болсон. Гавлах үед талийгаач эсэргүүцээгүй. Байгууллагаас ямар нэгэн зааварчилгаа өгч байгаагүй. Би гав болон тусгай хэрэгсэл ямар тохиолдолд ашигладгийг мэдэхгүй, сургалтанд хамрагдаж байгаагүй. Талийгаачийг 11 цаг 05 минутад барьж саатуулан. 11 цаг 15-20 минутын үед сагсны шийднээс гавалсан. 12 цаг 05 минутын орчим гавыг тайлсан санагдаж байна. Талийгаач өөрийгөө “Дагвадоржийн Лхагвадорж, 1954 оны Говь-Алтай аймагт төрсөн, эхнэр хүүхэд байхгүй, орон гэргүй” гэж байсан...” гэх мэдүүлэг [15],

-түүний яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан заалттай уншиж танилцлаа. Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь би хэрэг болсон өдөр амь хохирсон хүнийг хорьж цагдсан зүйл байхгүй. Энхтайван намайг тэр хүнийг хорь гэж үүрэг даалгавар өгөөгүй. Би тэр хүнийг гавлаагүй. Хэрэг болсон өдөр Энхтайван намайг 1 дүгээр постны хамгаалагч О.Буянбадамын үүрэг зааварчилгааны дагуу ажил гэж үүрэг өгсөн. Намайг тэр хүнийг “гавал, хорь” гэж үүрэг даалгавар өгөөгүй. Би хэрэг болсон өдөр амь хохирогчтой хамт явсан хүнийг байгууллагын хашааны гадаа ойр орчимд байж магадгүй гэж үзэн байгууллагын хашаанаас гарах үед О.Буянбадам гавлана гээд үлдсэн. Тэгээд би байгууллагын хашаа тойрч яваад эргээд орж ирэх үед тэр хүн байгууллагын сагсан бөмбөгийн шийдний шонгоос гавлагдсан цамцных нь малгайг шийдний кольцооноос холбож уясан байдалтай, амь хохирогч ухаангүй байдалтай байсан. Энхтайван “намайг 1 дүгээр постны хамгаалагчид захирагдана шүү. Наад хүнийхээ гэрийн хаяг болон хаана ажилладаг талаар нь биеийн байцаалтыг нь наад хүнээрээ өөрөөр нь бичүүлж ав, бичиг үсэг мэдэхгүй бол өөрөө бичээд гарын үсгийг нь зуруулаарай” гэж хэлсэн. О.Буянбадам надад гав аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би гавыг нь авч ирээгүй, шууд контор руу явж орсон. Тэгээд контороос гараад ирэхэд Буянбадам гаваа аваад ирж байсан. Тэгэхээр нь би зөрөөд байгууллагын хашаанаас хулгайчтай хамт явж байсан хүнийг байгаа эсэхийг шалгахаар гарах үед О.Буянбадам тэр хүнийг шийднээс гавлаад үлдсэн. Манай байгууллага гав, тусгай хэрэгслийг албан ёсоор тавьж өгсөн үгүйг мэдэхгүй байна. Намайг анх ажилд ороход ажлын байранд гав байдаг байсан. Эсэргүүцэл үзүүлсэн болон зугтахаар оролдсон тохиолдолд гав хэрэглэнэ гэж байгууллагаас тавьсан журамтай танилцахад байсан. Уг журмыг танилцаж судал, шалгалт авна гэдэг байсан. Хэн шийднээс гавлах санааг гаргасан гэдгийг би мэдэхгүй байна. Намайг харж байснаар О.Буянбадам тэр хүнийг шийднээс гавлаад үлдсэн. Тэр үед нь би байгууллагын хашаанаас гарч явж таарсан. Яагаад шийднээс гавалсан талаар О.Буянбадамаас асуугаагүй. Харин байгууллагын хашааны гаднаас орж ирээд “яагаад уяагаар холбож уясан юм бэ” гэж асуухад “суух” гээд байхаар нь ингэсэн гэж хэлж байсан. Журам дээр гав хэрэглэх заавар байсан. Гав хэрэглэсэн тохиолдолд хэдэн минут ч билээ шалгана гэсэн юм байсан. Би хүнийг хууль бусаар хориогүй..” гэх мэдүүлэг [16],

 

17. О.Буянбадамын сэжигтнээр 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр /16.39-18.15 цагт/ мэдүүлсэн:

Би 1990 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд төрсөн. Төрсөн цагаасаа хойш эцэг эхийн гар дээр хүмүүжин Чингэлтэй дүүргийн дэнжийн мянгын цэцэрлэгт хүмүүжин Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд 8 настай элсэн орж, суралцаж байх хугацаанд манай аав Отгонбаатар нас барсан. 2006 онд 8 дугаар анги төгсөж Абука мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогооч мэргэжлээр суралцаж төгссөн. ...2012 оноос хойш Барилгын коллежид барилгын даамал мэргэжлээр 2.5 жилээр сурч 2014 онд барилгын даамал мэргэжил эзэмшиж төгссөн. 2014 оны зун ээж дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, холбоочны 1-20-40 тоот 3 өрөө байрыг зээлээр худалдан авч амьдарч байна. 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар төлөөлөгчийн газарт хамгаалагчаар ажилд орсон. Ажил орохдоо Дархан-Уул аймагт очиж анкет бөглөж, Улаанбаатар төлөөлөгчийн газарт ажилд орсон. Уг ажил нь 24 цаг ажиллаад 48 цаг амардаг. Эхнэр хүүхэдгүй. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй.

“...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн үед Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төлөөлөгчийн газрын 1 дүгээр постон дээр хамгаалагч Энхтайвангаас үүрэг хүлээн авч ажиллаж байхад 12 цагийн орчим постон дотроо хяналтын камер хараад сууж байтал 2 дугаар постны харуул Мэнд зүүн хойд зүгт чиглээд хар цамцтай, саравчтай малгайтай эрэгтэй хүн хөөгөөд явж байхыг хараад араас нь гүйгээд очиход тэр хүнийг бариад миний урдаас ирж байсан. Тэгэхээр нь 1 дүгээр пост руу Мэндийн хамт дагуулж очиход Мэнд халааснаасаа бал, цаас гаргаж ирээд тэр залуугаас гэрийн хаяг, нас, жил, хэдэн онд хаана төрсөн, овог нэрийг нь бичиж аваад байсан. Тэр үед би Дархан-Уул аймагт байдаг жижүүрийн ээлжийн ахлах Шинэбаяр руу залгаж манай байгууллагад хулгайч орж, хулгайчийг барилаа, яах бэ гэхэд “наад хүнээ байлгаж бай, дээш нь мэдэгдээд эргээд яръя” гэж хэлсэн. Тэгээд 5-10 минутын дараа эргэж залгаад наад хүнээ гавлаж саатуулаад, холбогдох мэдээллийг нь бичиж аваад цагдаа дуудаад хүлээлгэж өг гэж хэлсэн. Хэлсэний дагуу байгууллагын хашаан дотор байх сагсны шийдний шонгийн турбайд нуруугаар нь тулгаж зогсоогоод хоёр гарыг ард нь холбож гавалсан.  Тэгэхэд Мэнд “энэ хүнтэй хамт хулгайч байсан байж магадгүй, би явж үзчихээд ирье” гээд явахаар нь машинаа угаах гээд саванд ус авахаар конторын байр руу орж ус аван гарч ирээд машин дээрээ очоод шалавчнуудаа гаргаж хог шүүрдэж байсан. Тэгтэл Улаанбаатар хотод байх хамгаалалтын албаны ахлах Энхтайван над руу залгаж “наад хүнээрээ өөрийнх нь гараар хэдэн удаа орж хулгай хийсэн талаар нь болон овог, нэр, насыг нь бичүүлээд аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь 2 дугаар постны хамгаалагч Мэндийн хамт нөгөө сагсны шийдтэй холбож гавалсан хүн дээр очиход унтсан байсан. Тэгэхээр нь гавыг нь тайлаад “хөөе” гээд дуудахад ямар нэгэн мэдээ байхгүй байхаар нь дээш нь харуулж хэвтүүлээд цахилгаантай цамцны цахилгааныг нь доошлуулж байгаад цээжин дээр нь 2-3 удаа дараад конторын байрнаас хүйтэн ус гаргаж ирээд нүүр рүү нь цацаад судсыг нь барьж үзэхэд цохилохгүй байх шиг байсан. Тэгээд Улаанбаатар төлөөлөгчийн газрын дарга Өлзийбаяр руу залгаж болсон явлын талаар хэлэхэд “зодож цохиогүй биз дээ” гэж асуусан. Тэгэхээр нь “зодож, цохисон асуудал байхгүй, дээрээс үүрэг даалгавар өгсөний дагуу гавалж саатуулсан” гэхэд “хурдан эмнэлэг, цагдаа дууд” гэсний дагуу 103 болон 102-т дуудлага өгсөн.

2 дугаар постны хамгаалагч Мэндээ гав аваад ир гэхээр нь би 1 дүгээр постноос гав авч талийгаачийг гавалсан. Мэндээ дахин хулгай хийж байгаа хүн байна уу, шалгаад ирье гээд явсаны дараа би машинаа угаахаар контороос ус авахаар орох үед хараа хяналтгүй 2 минут болсон. Миний машин сагсны шийдний хажууд 2 метр зайд байсан болохоор машинаа цэвэрлэж байх үед хажууд харагдаж байсан. Доошуу суучихсан унтаж байгаа харагдсан. Талийгаачийг сагсны шийдний шонгоос гавлаад 10 гаруй минут болсон. Гавлах үед талийгаач би бөөстэй, хуурастай гэж хэлэхээр нь хувцаснаас нь тавиад гарыг нь ард нь гавлахад эсэргүүцээгүй. Түргэний эмч ирээд энэ хүн нас барсан байна гээд явсан.

Байгууллагаас аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон тусгай хэрэгсэл гав ашиглах зааварчилгааг амаар өгдөг байсан. Гарын үсэг зуруулж, танилцуулж байгаагүй. Аюулгүй ажиллагаа болон гав, тусгай хэрэгсэл ашиглах сургалт орж байгаагүй. Онц ноцтой этгээдэд гав ашиглана гэж бодож байна. Гав ашиглах талаар мэдлэг байхгүй. Мэнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би талийгаачийг 12 цаг 03 минутад барьж саатуулан ахлах Шинэбаярт мэдэгдэж 12 цаг 12 минутад Шинэбаяр ахлахаас гавалж саатуул гэсний дагуу гавалсан. Ойролцоогоор утсаар ярьсаны дараа 10 минутын дараа гавалсан. Тэгээд 12 цаг 48 минутын үед гавыг тайлахад нас барсан байсан. Талийгаачаас архи үнэртэхгүй, өмхий үнэртэж байсан. Талийгаач өөрийгөө Дагвадоржийн Лхагвадорж, 1954 онд Говь-Алтай аймагт төрсөн, эхнэр хүүхэд байхгүй, траншейнд амьдардаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг [17],

сэжигтнээр дахин 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр /20.40-21.00 цагт/ мэдүүлсэн:

Би урд өгсөн мэдүүлэгтээ зарим зүйлийг айгаад яриагүй. Одоо болсон явдлыг үнэнээр нь эхнээс нь ярья. Манай хамгаалалтын албаны ахлах Энхтайван “наад хулгайчаа гавлаад байлгаж байгаад үдээс хойш цагдаа дуудаад өгөөд явуул, ...согтуу байвал гражид хийгээд түгж гэж хэлсэн. Тэгэхэд Мэнд ах намайг яваад гав аваад ир гэж хэлэхээр нь би өөрийнхөө 1 дүгээр постноос гав аваад тэр залууг сагсны шийдний шонд гарыг нь гавалсан. Тэр үед Мэнд ах хамт явсан хүн байж магадгүй, шалгачихаад ирье гээд явсан. Тэр хооронд нь би 1 дүгээр пост орж шүүр аваад контор ороод ус аваад машиныхаа дотор талыг шүүрдээд байж байтал Мэнд ах ирсэн. Тэр үед талийгаач хөлөө урагшаа жийгээд газар бөгсөөрөө суучихсан байхаар нь очоод бос, бос суухгүй гэхэд өөрөө босоод зогссон байхад нь доош нь суулгахгүй гэж  би нохойны хөтөлгөө уяагаар нь сагсны шийдний кольцоноос дэгээ болгож гогцоолдоод малгайтай ноосон цамцны малгайны үзүүрээс нь жижиг цагаан цоожлогч төмөртэй хавчаараар хавчсан. Тэгээд удалгүй 5-10 минутын дараа Энхтайван ахлах залгаад өөрөөр нь хулгай хийсэн нь үнэн болно гэсэн гарын үсгийг нь зуруул гэж хэлэхээр нь очоод сэрээх гэтэл өвдөгөөрөө газар шүргэсэн байдалтай толгой нь урагшаагаа унжсан байдалтай байхаар нь сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь гавыг нь тайлаад малгайнаас нь дүүжлэгдсэн байсан уяаны үзүүрийг хавчаарыг нь тайлаад талийгаачийг газар дээш нь харуулж хэвтүүлээд амьсгалж байгааг нь үзэхэд амьсгалахгүй байхаар нь түргэн цагдаа дуудсан. Олон удаа манай байгууллагаас төмөр хулгайлаад байсан болохоор би бага зэрэг шоглох гээд газар суулгахгүй гэж дээрх уяагаар талийгаачийн цамцны малгайнаас хавчаараар нь хавчаад сагсны шийдний кольцооноос холбож уясан. Би тухайн үед ганцаараа дээрх уяагаар талийгаачийн цамцнаас хавчаад сагсны шийдний кольцоотой холбож уясан. Тэгэхэд Мэнд хажууд хараад зогсож байсан. Мэнд надтай хамтарсан оролцоо байхгүй...” гэх мэдүүлэг [18],

-яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“...Хэрэг болсон өдөр намайг ажилтай байх хугацаанд үл таних хүн хулгай хийж байгаад баригдсан. Би дарга Энхтайваны хэлснээр гавалж саатуулсан. Надад хүнийг санаатай алсан үйлдэл, санаа зорилго байгаагүй. Цагдаа дуудаад ирэхээс нь өмнө хувцас нь шороо болчихно гэж бодоод цамцнаас нь уяагаар гогцоолдоод сагсны шийдний кольцооноос холбож уясан. Тухайн үед тэр хүний хөл газар бүрэн гишгэж өвдөг нь нугларахаар хэмжээтэй байсан. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 08 цаг 50 минутын үед Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын хамгаалалтын 1 дүгээр постонд гарч байсан. Харуулын ээлжийн ахлах Энхтайванаас ээлж хүлээн авч ажилласан. Ажиллаж байх хугацаанд 12 цагийн орчим постынхоо цонхоор хартал 2 дугаар постны харуул Мэнд хашааны зүүн хойд зүг рүү гүйж байсан. Тэгээд би 1 дүгээр постноосоо гарахдаа цүнхэндээ байсан ногоон өнгийн нохойны хөтөлгөө уяаг барьж гараад нохойгоо хөтлөөд Мэндийн араас гүйж очиход Мэнд хар цамцтай, нүдний шилтэй, саравчтай малгайтай, 1 метр 65 см орчим өндөртэй, 50 гаруй настай эрэгтэй хүн барьчихсан урдаас ирж явсан. Очоод нохойтойгоо дагаад 1 дүгээр постны доор очоод би нохойгоо уячихаад ирэхэд Мэнд бал, цаас барьчихсан тэр хүний гэрийн хаяг, насыг асууж байхаар нь Дархан төмөрлөгийн үйлдвэрийн төвийн ээлжийн ахлах Шинэбаяр руу залгаж  “манай объектэд хулгайч нэвтэрсэнийг барьлаа” гэж хэлэхэд дээш нь дарга нарт мэдэгдээд эргээд холбоо барина гээд утсаа тасалсан.

Тэгээд ээлжийн ахлах Энхтайван руу залгаж болсон явдлын талаар хэлэхэд “наад хүнээ кранаас гавалж байлгаж байгаад цагдаад өгч явуул, өдөржингөө байлгаж байгаад үдээс хойш цагдаа дуудаж өг” гэж хэлсэн. Тэгтэл Мэнд 1 дүгээр постноос гав аваад ир гэхээр нь би гав авч ирээд байгууллагын конторын байрны үүдэнд байх сагсан бөмбөгийн самбарын шонгоос тэр хүний 2 гарыг нь ард нь холбож гавалсан.  Тэр үед Мэнд нөгөө хулгайч нь байж магадгүй, би харчихаад ирье гэж хэлээд явахаар нь машинаа цэвэрлэх гээд 1 дүгээр постноос шүүр авч, контороос ус аваад машиныхаа шалавчийг аваад машинаа шүүрдээд байж байтал мэнд ирээд нөгөө хулгайч байхгүй байна гэж хэлсэн. Тэр үед шийднээс гавалсан хүн доошоо суучихсан, гараараа тулаад, толгой нь урагшаа тонгойсон байдалтай байсан. Цагдаа дуудаж өгөхөөс өмнө гар хувцас нь шороо болоод биднийг зодсон гэж ойлгох бий гэж сэрэмжлээд тэр хүнийг босгож зогсоож байгаад машины хажууд байсан нохойны хөтөлгөө уяаг аваад шийдний кольцоо руу бариултай хэсгийг нь шидэж оруулаад, түгжигч төмөртэй хэсгийг бариулаар нь оруулж гогцоолоод түгжигч төмрөөр өмссөн байсан малгайтай цамцны малгайны бөндгөр оёдолоос нь хавчсан. Тэгээд хэсэг зуур машинаа үргэлжлүүлж угааж байхад харуулын ахлах Энхтайван залгаад наад хүнээрээ өөрөөр нь хэдэн удаа хулгай хийсэн, хаана амьдардаг талаар нь бичүүлж, гарын үсэг зуруулж ав гэж хэлэхээр нь за гэж хэлээд утсаа таслахгүй тэр хүнийг Мэндийн хамт сэрээх гэхэд хөдөлгөөнгүй, хөл нь улаараа газар хүрчихсэн, өвдөг нь тонгойсон байдалтай байсан. Сэрээх гээд сэрэхгүй байхаар нь унтаж байна гэж бодоод уяа, гавыг нь тайлаад, дээш нь харуулж хэвтүүлээд, судасыг нь барьж үзэхэд цохилохгүй байх шиг байна гээд Мэнд амандаа ус балгаж ирээд, нүүр рүү нь усаар тургиад сэрэхгүй байсан. Цээжин дээр нь Мэнд 2-3 удаа дараад сэрэхгүй болохоор нь Энхтайванд “энэ хүнийг гавалчихсан байсан чинь үхчихсэн юм шиг байна” гэж хэлсэн. Тэгтэл зодож нүдээгүй биз дээ гэж асуухаар нь зодоогүй гэхэд цагдаагийн байгууллагад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд конторын дарга Өлзийбаяр руу залгаж болсон явлын талаар хэлэхэд түргэн, цагдаа хурдан дууд гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаа түргэн дуудсан. Түргэний машин ирэхээс өмнө би шийдний кольцооноос гогцоотой байсан нохойны хөтөлгөө уяаг тайлж аваад конторын хаалганы хажуу талын цонхны тавцан дээр тавиад байж байтал түргэний эмч залгаад олохгүй байна гэхээр нь би зам руу гүйж гараад түргэний эмч дагуулж ирсэн. Тэр хүнийг үзүүлэхэд нас барсан байна, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирж үзлэг шалгалт хийсэн. Би болон Мэнд амь хохирогчийг цохиж зодсон асуудал байхгүй. Холбож уя гэсэн үүрэг даалгавар өгсөн хүн байхгүй, би өөрөө санаачлагаараа уясан...” гэх мэдүүлэг [19],

яллагдагчаар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дахин мэдүүлсэн “... Талийгаач зүгээр үгэнд ороод ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Энхтайван гаваар гавал гэж хэлсэн. Уяагаар холбож уя гэж үүрэг өгөөгүй. ...” гэх мэдүүлэг [20],

яллагдагчаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дахин мэдүүлсэн “... Энхтайвантай утсаар ярихад наад хүнээ кранаас гавал, согтуу байвал гражид хийгээд цоожилж болно шүү гэж хэлсэн. Амь хохирогч ахыгаа явуулчих гэсэн. ...2 гарыг нь сагсан бөмбөгний шийдний шонгийн араар нь холбож гавлаад цагдаа дуудаж таныг өгч явуулна гэж хэлээд дахиж шаардлага тавиагүй. ...” гэх мэдүүлэг [21],

яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин мэдүүлсэн “... би цагдаа дуудаагүй. Дарга ирээд өөрөө нөхцөл байдалтай танилцаад цагдаа дуудах байсан байх. ...амь хохирогчийг ... тавьсан шаардлагыг биелүүлж байхад нь сагсан бөмбөгний шийдний төмөр шонгоос гарыг нь ард нь гавлаж саатуулсан. ...Би ямар тохиолдолд гав хэрэглэх талаар мэдэхгүй. Байгууллагаас сургалт орж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [22],

яллагдагчаар дахин 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [23], түүхчлэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг [24],

 

18. Ж.Энхтайваны сэжигтнээр 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 09 цаг 00 минутад Дархан төмөрлөгийн үйлдвэрийн харуулын 1 дүгээр постны харуул Буянбадамд ээлж хүлээлцэн ажлаасаа буугаад Баянгаол дүүргийн 3 дуаар хороо, 2 хороолол 70-05 тоот гэртээ очиж хувцасаа солиод байж байтал манай байрны зүс таних 2 хүн намайг дуудаад хажуугийн байранд айлд орж, тэр 2 залуутай хамт архи ууж байсан. Тэгтэл 12 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна цаг сайн санахгүй байна. Миний 96505078 дугаарын утсанд манай ажлын хамгаалагч Буянбадам 88669945 дугаарын утаснаас залгаад байгууллагын зүүн хойд талын хашааг хулгайч давж орж ирээд төмөр хулгайлж байхад нь барьлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн хүн байна, ямар хүн барьсан талаар асуухад нэг хөгшинийг барилаа, залуу нь цаашаагаа зугтаасан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би наад хөгшинөөсөө хэдэн удаа хулгай хийж байгааг нь асуугаад хаана юу хийдэг, гэрийн хаягийг, нэрийг нь өөрөөр нь бичүүлээд зургыг нь аваад түр нэг газраас гавалчих. Наад гав чинь найдваргүй байх урд нь хүн гав аваад зугтаачихсан шүү, гарыг нь уяагаар хүлчих гэж хэлээд би хүүхэд дээрээ оччихоод наана чинь очъё, тэгж байтал дарга очих байх болохгүй бол би очиж шийдье гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би хамт архи ууж байсан айлаасаа ажил дээр ажил гарчихлаа гэж гараад ажил руугаа явдаг юм билүү гээд байж байтал Буянбадам миний гар утас руу залгаад энэ хулгай хийсэн хүнийг яах вэ, Мэнд ах сандал дээр суулгаад хайрлаад байна гэж хэлэхээр нь би наад хүн чинь тийм согтуу байвал гражид хийчих, Мэндтэй утсаар яръя гэж хэлээд Буянбадамын утсаар Мэндтэй ярьж нэгдүгээр постны харуул ээлжийг ахалдаг, чи үгэнд нь ороорой гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би ажил руугаа явахаар автобусны буудал руу алхаж байтал 13 цаг өнгөрч байхад Буянбадам над руу залгаад энэ хулгай хийсэн хөгшин хүн амьсгалахгүй байх шиг байна, хөдлөхгүй болчихлоо ч билүү тиймэрхүү юм хэлсэн. Тэгэхээр нь яаралтай 103, цагдаа дууд, би одоо очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би автобусанд суугаад ажил руугаа очиход манай ажил дээр цагдаа нар ирчихсан үзлэг шалгалт хийж, хяналтын камер төхөөрөмж хураагаад Буянбадам, Мэнд нарыг цагдаа аваад явсан. Тэгээд би ажил дээр дараагийн харуулуудыг дуудаж ажилд гаргаад гэртээ харьж амарсан.

Би Буянбадамд яг шийднээс гавал гэж хэлээгүй, алдахгүйн тулд өөртөө харагдах газраас уяагаар уя гэж хэлсэн. Би Буянбадамд наад хулгай хийж байгаад баригдсан хүнтэй хамт явсан залууг нь барьж тарчлаа гэж хэлсэн. Түүнээс тэр хөгшинийг тарчлаа гэж хэлээгүй, мөн сагсан бөмбөгний шийдний кольцооноос малгайг нь холбож уя гэж хэлээгүй. Хулгай хийж байгаад баригдсан хүнийг сандал дээр суулгаад ус уулгаад байна гэж Буянбадам надад хэлэхээр нь би Мэндэд байгууллагын дотоод журманд 1 дүгээр постны харуул ээлжийг ахална гэж байдаг болохоор Мэндэд 1 дүгээр постны харуулын үгэнд ороорой гэж хэлсэн. Тухайн үед тэр хулгай хийсэн хүнтэй хамт өөр хүн байсан гэсэн болохоор тэр хүнийг цагдаа иртэл алдахгүй байхын тулд гавал, хүл гэж хэлсэн.

2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс байгууллага өөрөө харуул хамгаалалтын алба байгуулснаас хойш байгууллагын гав, тусгай хэрэгслийг 1, 2 дугаар постон дээр тус тусдаа нэг, нэг эдвэрхий гав, нэ, нэг бороохой байдаг. Дээрх гав бороохойг хариуцдаг хүн байхгүй, постон дээр гарч байгаа хамгаалагч нар л хариуцдаг байсан. Дээрх гав бороохойг хүлээлцдэггүй, ашиглах боломжгүй болохоор тоодоггүй болсон байсан. Удаа дараа байгууллагад хулгай ордог байсан болохоор би хулгайч нарыг хашраах зорилготойгоор Буянбадам Мэндийг сандал дээр суулгаад ус уулгаад хайрлаад байна гэж хэлэхээр нь би уурлаад хулгайчийг алдах вий гэж бодоод би өөрөө очиж шийднэ, эсвэл дарга ирвэл шийдэх байх, ямар ч байсан дарга, бид хоёрын аль нэгийг очтол наад хүнээ байлгай бай гэж хэлсэн. Тэр хөгшин хүнийг цохиж, зодож болохгүй шүү гэдгийг сайтар сануулсан...” гэх мэдүүлэг [25],

-яллагдагчаар 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...Тухайн үед Буянбадам Мэнд ах энэ хүнийг сандал дээр суулгаад ус өгөөд хайрлаад байна гэж хэлэхээр нь би Мэндийг тэр хулгай хийсэн хүнийг таньдаг юм байна, явуулах гэж байж магадгүй гэж бодоод намайг болон даргыг очтол байлгаж бай, алдахгүйн тулд нүдэнд харагдах газраас уяагаар гарыг нь уяад байлгай бай гэж хэлсэн. Тэгээд би Мэндийг цуг хулгай хийсэн хүнийг олж барь, хэр их төмөр хулгайлсаныг олж мэд гэж хэлсэн. Мөн тарчлаа гэж хэлсэн үг нь бол наад хулгайчаа хашраах, залхаан цээрлүүлэх цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх хүртэл алдалгүй саатуулж бай гэж хэлсэн. Би гар утсаар үүрэг даалгавар өгөхдөө битгий зодож, цохиорой гэж сануулж байсан. Би Буянбадамд өөртөө харагдах газраас гавлаад байж гэж хэлсэн болохоос хүнийг гавалсанаас болж хүний амь нас аюулд учирна гэж бодоогүй. Би болсон явдлын талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв ярьсан. Сургалт орж байгаагүй, сургалт Дархан-Уул аймагт болдог байсан.  Улаанбаатар төлөөлөгчийн газраас Дархан-Уул аймагт очиж сургалтанд сууж байсан хамгаалагч нар байхгүй. Анх ажилд орох үед Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Ерөнхий Прокурорын газрын дарга нарын хамтарсан тушаал болон “Гэрээт харуул хамгаалалтын тухай” хууль зэргийг уншиж танилцан үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах үүрэг өгч байсан. Хамгаалагч нарт хөдөлмөр аюулгүй ажиллагааны менежер гэж байхгүй, мастер аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг байсан...” гэх мэдүүлэг [26],

-яллагдагчаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [27],

-яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн “...О.Буянбадамтай утсаар ярихдаа гавлаад байж бай согтуу бол гражид хий, эрүүл бол харагдахуйц газраас гавлаад байж бай гэсэн. ...Мэндийг хамт хулгай хийсэн хүнийг ол гэж хэлсэн. Мэнд хамт хулгай хийсэн хүнийг нь олох гээд явсан. Буянбадам нь талийгаачийг авч үлдээд сагсны шийдний шонгоос гавалсан байсан. Цамцных нь малгайнаас дээш нь татаж уясан үйлдлийг би бол мэдэхгүй. Миний хувьд гавал гэсэн болохоос уяж хүл гэж хэлээгүй. ...”  гэх мэдүүлэг [28],

 

19.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 855 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1.Хүзүүний дарагдлаас үүссэн механик амьсгал бүтэлт: дүүжлэлт, хүзүүний дээд хэсэгт урдаас арагш дээш чиглэлд хагас ташуу явж задгай төгссөн дарагдлын ором, оромны баруун урд ба баруун хажуу хэсгийн доод ирмэгийн зулгаралт, хүзүүний ар гадаргуу, хүзүүний зүүн урд дээд гадаргуун зулгаралт, хүзүүний арьсны өнгөц давхаргын намсал, бөөмийн татагдал, жолоо булчингийн цус хуралт, улаан хоолойн дотор салстын язрал, цус хуралт, гадна хальс, зөөлөн эд дэх цус хуралт, уушигны гялтан доорхи цэгчилсэн цус харвалт, тархины 4-р ховдолын цэгчилсэн цус харвалт

2.Тархи, уушигны хаван, дотор эрхтэнүүдийн эрс цус дүүрэлт,

3.Хүнд зэргийн согтолт, чихний хуучин зулгаралт.

Дүгнэлт:

“...1.Талийгаачийн хүзүүнд хүзүүний дарагдлын ором, хүзүүний зулгаралт, жолоо булчингийн цус хуралт, улаан хоолойн дотор салстын язрал, цус хуралт, гадна хальс, зөөлөн эд дэх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Хүзүү хоолойн дүүжлэлтийн дарагдлын ором, хүзүүний зулгаралт, жолоо булчингийн цус хуралт, улаан хоолойн дотор салстын язрал, цус хуралт, гадна хальс, зөөлөн эд дэх цус хуралт гэмтэл нь хагас зөөлөн эдээр босоо байрлалд хүзүү хоолойнд үйлчлэх үед үүсгэгдэнэ.

3.Талийгаач нь үхэлд хүрээгүй зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, судас хатуурах өвчтэй байжээ.

4.Талийгаач нь дүүжлэлтийн улмаас амьсгалын зам бүтэж нас баржээ.

5.Талийгаач нь АВО системээр O(I) бүлгийн цустай байна.

6.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ./Шинжээч эмч Н.Энхцолмон/...” гэсэн дүгнэлт [29],

 

20.Шинжээч Н.Энхцолмонгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “ ... Хүнд зэргийн согтолт нь цусанд илэрч байгаа этилийн спиртийн илэрлээр согтолтын зэргийг ангилдаг. Талийгаачийн цусанд 4,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийг илтгэж байна. Цусанд 3 промиллээс дээш илэрсэн тохиолдолд хүнд зэргийн согтолттой гэж үздэг. Хүнд зэргийн согтолттой хүн идэвхтэй үйл хөдөлгөөн хийж, өөрийгөө удирдан авч явах байдал нь тухайн хүний бие физиологийн онцлог, сэтгэл санаа, идэж уусан хоол ундны зүйл зэргээс хамаарч харилцан адилгүй байж болно. Өөрөөр хэлбэл хүнд зэргийн согтолттой хүн нь биеэ авч явах байдал нь дээрх зүйлүүдээс хамаарч харилцан адилгүйгээр илэрч биеэ авч өөрийгөө удирдаж чадна, чадахгүй ч байж болно. Дүүжлэлтийн улмаас амьсгал бүтэлт явагдах хугацаа нь маш хурдан байдаг. Энэ механизм нь тархинд очих цусан хангамжийн дутагдал, мөн хүзүүний хоёр талаар явж буй мэдрэлийн цочирлын улмаас рефлексийн замаар амьсгал бүтэлт үүсдэг учраас хэдэн секундын хугацаанд үргэлжилнэ. Тухайн процесс явагдаж байх үед хүнд зэргийн согтолттой хүний хувьд дуу хоолойгоороо мэдээ өгөх боломж муутай байна. Амь хохирогчийн биед өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, дүүжлэлтийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон нөхцөл байдал илэрсэн эсэхийг шинжээч эмч тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг [30] ,

 

21.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4044 дугаар:

“...1.Талийгаач нэр хаяг тодорхойгүй 50-55 настай эрэгтэйгийн гэх цус нь АВО системээр O(I) бүлгийн харъяалалтай байна. /шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж/...” гэсэн дүгнэлт [31] ,

 

22.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4043 дугаар:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн “нэр хаяг тодорхойгүй, 50-55 настай, эрэгтэй, 2016.05.04-ний эмч Энхцолмон” гэж хаягласан цусанд 4,4 промилли спиртийн агууламж илэрч байна. / цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин/...” гэсэн дүгнэлт [32] ,

 

23.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3272 дугаар :

“...1.Шинжилгээнд ирүүлсэн хар бор өнгийн юүдэнтэй цамцны зүүн ханцуйн доод ирмэгээс дээш 14 см, хажуу оёдол дагуу 45х30мм хэмжээтэй Г хэлбэрийн хатуу мохоо зүйлээр гогдож татагдсаны улмаас үүссэн хуучин гогдсон уранхайтай, баруун ханцуйн дээрээс доош 22см зүүн ажуу оёдлоос баруун тийш 12см зайд 10х9мм, 9х9мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдсэн цоорхойтой, цамцны дотор талд захны залгаас оёдол дагуу баруунаас зүүн тийш 13,5 ми зайд оёдол дагуу 33мм хэмжээтэй хуучин ханзарсан уранхайтай ба уг уранхайны дээр оёдол дарсан манжлага 10х6мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалтай байна. Хар ногоон эрээн /десант/ өнгийн өмдийн баруун хөлний доороос дээш 45 см, дотор хажуу оёдлоос баруун тийш 14 см зайд 15х11 мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн хуучин гогдсон уранхайтай, хар өмдний ар талд дээрээс доош 19 см, зүүн хажуу оёдлоос баруун тийш 9см зайд 45х30мм хэмжээтэй хатуу мохоо зүйлээр гогдож татагдсаны улмаас үүссэн шинэ гогдсон уранхайтай байна. Бусад хувцас уранхайгүй.

2.Хар бор өнгийн юүдэнтэй цамцны их бие, малгайн хэсгийн залгаас оёдол дагуу оёдол сунасан шинэ тэмдэг илрэхгүй байна. /Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Түвшинбаатар/...” гэсэн дүгнэлт [33] ,

 

24.Шинжээч Б.Түвшинбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “

“... Шинжилгээнд хар бор өнгийн юүдэнтэй малгайтай цамц ирүүлсэн. Уг цамцны дотор талд захны залгаас хэсэгт 33мм хэмжээтэй ханзарсан урагдалт, 10х6мм хэмжээтэй татах чангаах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин урагдалт байсан. Уг урагдалтыг өсгөгч шил болон микроскоп ашиглан шинжлэн үзэхэд урагдсан хэсэг өнгөө алдсан, хөвөрсөн утас бохирлогдсон байх тул хуучин гэж дүгнэсэн. Дээрх хоёр урагдалт нь оёдол дагуу урагдалтын зах ирмэг хэсэг сунасан байх тул татах чангаах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн гэж үзсэн. Уг урагдалтуудын тодорхой цаг хугацааг тогтоох шинжилгээний арга аргачлал байхгүй тул тогтоох боломжгүй.

Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд нь ар талдаа 45х30мм хэмжээтэй гогдсон шинэ уранхайтай байсан. Уг гогдсон уранхай нь “Г” хэлбэртэй зах ирмэгийг нийлүүлэхэд нэг бүхэлийг үүсгэж зах ирмэг хэсэг өнгөө алдаж гандаагүй, зах ирмэгийн хөвөрсөн утаснууд бохирлогдоогүй байсан тул шинэ урагдалт гэж үзсэн. Уг урагдалтын тодорхой цаг хугацааг тогтоох шинжилгээний арга аргачлал байхгүй тул тогтоох боломжгүй.

Хэрэг болсон өдөр нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байна. Уг хувцас шинжилгээнд 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн байна. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш уг хувцасыг өмсөж хэрэглэсэн хүн байхгүй байсан гэж үзвэл уг урагдалтын урагдсан хэсэг өнгөө алдсан, хөвөрсөн утас бохирлогдсон байсан тул хэрэг болсон цаг хугацаанаас өмнө урагдсан байх боломжтой гэж үзэж байна. Уг хар бор өнгийн цамцны дотор талд үүсгэгдсэн урагдалт нь өмсөж хэрэглэх үед өнгөө алдаж, хөвөрсөн утас бохирлогдох боломжтой тул хайрцаг дотор өнгөө алдаж бохирлогдох боломжгүй гэж үзэж байна. Уг хар бор өнгийн цамцны малгай хэсэгт ямар нэгэн урагдалт байгаагүй, малгай болон их биеийн залгаас хэсгийн оёдол сунасан шинж илрээгүй. Уг цамцны материал зузаан байсан тул материалаас шалтгаалж суналт үүсгээгүй байж болно...” гэх мэдүүлэг [34] ,

 

25.Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 530 дугаартай дүгнэлтийн :

Комиссын үзлэгт : “уналтын тодорхой тоо байхгүй. Ээж дүү хоёрын хамт амьдардаг. Мэдрэлийн эмчийн хяналтанд бол арай ороогүй байсан. Архи тамхи нэг их хэрэглээд байдаггүй.

Сэтгэцийн онош: Эрүүл /мэдрэлийн эмчээс “хэсэгчилсэн чамархайн эпилепси” оноштой хяналтанд байдаг/

Дүгнэлт:

“...1.О.Буянбадам нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2, 3.О.Буянбадам нь сэтгэцийн өвчингүй байна.

4.О.Буянбадам нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.О.Буянбадам нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /Комиссын дарга Н.Туяа, гишүүд С.Дашпилжээ, Л.Баттулга/...” гэсэн хэсэг [35],

 

26.Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 681 дугаар:

Сэтгэцийн онош: Эрүүл

“...1, 2, 4.  Ж.Энхтайван нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3.Ж.Энхтайван нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, бусдад ойлгуулах чадвартай байна.

5.Ж.Энхтайван нь хэрэг хариуцах чадвартай байна. /Комиссын дарга Д.Дэжидмаа, Гишүүд С.Дашпилжээ, Илтгэгч С.Байгальмаа/...” гэсэн дүгнэлт [36],

 

27.2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт [37],  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [38],

28. 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг [39], Амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [40], нас барсаны бүртгэлийн гэрчилгээ [41], 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр амь хохирогчийн биедээ авч явсан эд зүйл болон хувцасыг нь хууль ёсны төлөөлөгч Д.Даннямд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [42],

29. 2016 оны 5 дугаар сарын 4-ны өдөр О.Буянбадамын бие болон хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл [43],

30. 2016 оны 5 дугаар сарын 4-ны өдөр “Dijital Video” төхөөрөмж, О.Буянбадамын гар утас зэргийг хураан авсан тухай тэмдэглэлүүд [44],

31.2016 оны 5 дугаар сарын 4, 20-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд [45], 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [46],

32. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн эд мөрийн баримтаар ногоон өнгийн нэг талдаа түгжигчтэй нохойны хөтөлгөө уяаг Б.Дашцэрэнгээс хураан авах тухай тогтоол, мөн өдөр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл [47],

33. 2016 оны 5 дугаар сарын 4-ны өдөр “Мөнгөлөг цагаан өнгийн дундаа 2 гинжтэй 23см урттай гарны гав болон цагирган хэлхээтэй 2 ширхэг гавны түлхүүр”-ийг [48],

-2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “нохойны хөтөлгөө уяа”-г [49],

-Digital video recorder гэсэн бичигтэй DVR төхөөрөмжийг тус тус эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоолууд [50], 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... уг төхөөрөмжний 3, 5, 7, 8 дугаар хяналтын камерт хэрэгт ач холбогдол бүхий зүйл үзэгдээгүй болохыг тусгасан тухай,  гэрэл зураг [51],

34. Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-иас иргэний хариуцагчаар оролцуулахаар  С.Өлзийбаярыг томилсон тухай албан бичиг [52] ,

35.2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр О.Буянбадамын хэрэг гарсан өдөр биедээ авч явсан гэх 88669945 дугаартай, цагаан өнгийн гар утаснаас буулгасан тэмдэглэлээс:  

“...Тус өдрийн 12 цаг 03 минутад

Буянбадам: Сая нэг төмөр хулгайлж байгаа гарыг барьлаа, яах уу энийг

Шинэбаяр мэдээ: ямар хүн байна.

Буянбадам: өө хөгшин настай хүн л байна.

...Шинэбаяр: би чамтай ахлах ажилтан яриулъя за юу

Буянбадам: за

...Тайван ах ажил: байна уу?

Буянбадам: байна байна, Тайван ах нөгөө нэг төмөр хулгайлаад байдаг гарыг барьлаа.

Тайван ажил. За, хэнтэй байна

Буянбадам: нэг нь цаашаа гүйгээд явсан, нэг нь л байна. ..., одоо 64-тэй.

Тайван ажил: 64-тэй?

Буянбадам: Тийм,тийм. Нэг хөгшин байна.

...Тайван ах ажил: залууг нь уул нь барьж авч тарчлаавал зүгээр дээ. Наад муу хөгшин чинь цохиул үхийшдээ. Залууг нь барьж тарчлаах хэрэгтэй байна.

...Тайван ах ажил: наадахаа юу яачих, юунаас аваачаад хүлчих, нөгөө шийднээс.

Буянбадам: өө тэгсэн чинь Мэнд ах чинь уяж муяж болохгүй, тэгээд байна  шдээ.

Тайван ах ажил: Мэнд мэддэг юм уу, Наад муу чинь юу гээд байгаан. Алив наад муу нөхөртөө өгөөдөх дөө.

Буянбадам: Даргыг иртэл нохойны хажуунаас уячихъя гэсэн чинь болохгүй, болохгүй эд нарт гар хүрч болохгүй гээд, хажууд нь нөгөөдөх нь даварцан ах нь гэр орон байхгүй ээ.

-Тайван ах ажил: Алив наад муу чинь юу гээд байгаан. Мэнд хулгайч хаана байна.

-Буянбадам: За за нээх уурлалгүй хэлээрэй за, би Мэндэд хэлсэн, тэгсэн чинь,

-Тайван ах ажил: даргыг ирэхээр шийд гээд юу яачих за юу, худлаа даргаар түрий бариад наадахаа юу яачих, шийдэнд хүлээд өдөржингөө  байлгачих.

-Буянбадам: за тэгье.

-Тайван ах ажил: Үдээс хойш цагдаад өг.

-Буянбадам: за тэгье. ...

-...Тайван ажил: за за наадахаа юу яачих, нөгөө гаваараа гавлаад шийднээс уячих,

Мэнд: За

Тайван ах ажил: хөөе Мэндээ тэгээд наадахаа за юу, үдээс хойш дарга иртэл юм уу, тэгээд байлгаж бай за юу.

Мэнд: Тэгье, тэгж байна. тийм.

Тайван ах ажил: Тэгээд дарга ирэх байх, чи ямар ч байсан байлгаж бай. Үдээс хойш юу яая, над руу даргыг ирвэл хэл, ирэхгүй бол тэгээд нэг, одоо хэд болж байна.

Мэнд: Одоо 12 цаг болж байна.

Тайван ах ажил: 12 гэж байна. 15 цагийн алдад юу яа, согтуу байна уу наадах чинь?

Мэнд: Гайгүй байна. согтуу нь гайгүй байна.

Тайван ах ажил: Гайгүй байнаа, их согтуу байвал болохгүй бол гражид хийгээд цоожилчихож болно шүү дээ.

-Мэнд: Согтуу нь гайгүй байна, зүгээр.

-Тайван ажил: тэгүүл наадхаа шийднээс юу яа, хүлээд орхичих за юу... “ гэсэн ярианы хэсэг [53] ,

36.2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоол [54] ,

 

/Амь хохирогчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд/

37.Гэрч Б.Луунараагийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“...Д.Дагвадорж нь миний нөхөр байсан. Бид 1983 онд  Улаанбаатар хотод гэр бүл болоод Сонгинохайрхан дүүргийн Октябрын районд амьдарч эхэлсэн. Тэгээд бид дундаасаа хоёр хүүхэдтэй. 2001 онд Дагвадорж бид хоёр шүүхээр орж гэрлэлтийн баталгаагаа салгасан. Талийгаач бид хоёр залуу байхдаа үзэл бодол нийцэхгүй, санаа нийлэхгүй байдлаасаа болж салсан. Түүнээс талийгаач архи ууж дарамталж, зодож нүдэж байсан удаа байхгүй. Ер нь тухайн үед үзэл бодол нийцэхгүй байхаар нь би өөрөө өргөдлөө өгөөд салсан. Талийгаач хүнд их тусархуу, ажилсаг, хийсэн юмаа заавал хийж дуусгадаг, бага зэрэг зөрүүд зантай, халамжтай хүн байсан. Би зөрүүд, талийгаач зөрүүд ааш зантай хүн байсан болохоор үзэл санаа нийлэхгүй салж байсан. Талийгаа архи нээх их сүртэй уугаад байдаггүй, надтай хамт амьдарч байхдаа Сот-2 гэдэг газар байшин үйлдвэрлэх комбинатад барилгын талбайн мастер ажил хийдэг байсан. Би одоогоос 12 жилийн өмнө Улаанбаатар хотод гадуур явж байгаад тааралдаж хүүхдийнхээ талаар ярилцаж байгаад салсан. Тэр үед талийгаач ах Даннямын гэрт амьдарч байгаа гэж хэлж байсан. Ажил төрөл хийж байгаа, үгүй талаар нь асуугаагүй. Талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр ах Данням нь оролцож байгаад татгалзах зүйл байхгүй, би талийгаачаас салаад 15 жил болж байгаа болохоор надад хамаагүй...” гэх мэдүүлэг [55],

 

38.Гэрч Д.Эрдэмдалайгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“...Дүгэр овогтой Дагвадорж нь миний төрсөн эцэг, би 2 дахь төрсөн хүү нь юм. Манай аав Дагвадорж, ээж Луунараа нар 15 гаруй жилийн өмнө салсан. Манай аав, ээж хоёр салснаас хойш намайг ээж Луунараа өсгөсөн. Би аав Дагвадоржтой хамгийн сүүлд одоогоос 8 жилийн өмнө Улаанбаатар хотод Данням ахын гэрт уулзаж байсан.

Би хэргийн талаар аавын төрсөн ах Даннямаас сонссон. Манай аав Дагвадоржийг нас барсан гэж Данням ахын охин Нэргүй Солонгос улсад байхад Facebook-ээр холбогдон мэдэгдсэн. Тэгээд би Солонгос улсаас 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ирээд аавын буяны ажлыг дуусгаад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Солонгос улс руу явсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Монголд ирээд Эрдэнэт хотод амьдарч байна. Данням ахыг хохирогчоор оролцуулахад татгалзах зүйл байхгүй. Би ааваасаа бага насандаа ээжийн хамт салаад тусдаа амьдардаг болсон болохоор аавынхаа зам авир болон ямар хүн байсан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг [56],

 

39.Гэрч Д.Түвшинбаярын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

“...Д.Дагвадорж нь миний төрсөн эцэг юм. Би Дагвадоржийн том хүү нь байгаа юм. 2000 оноос хойш эцэг Дагвадорж, ээж Луунараа нар нь хоорондоо хөндий болж 2002 онд эцэг, эх хоёр маань салснаас хойш би эцэгтэйгээ холбоогүй байсан. Бид эцэг эхээс гурвуулаа юм. Миний доор Эрдэмдалай, Болортуяа гэж хоёр дүү байдаг. Намайг Орос улсад байхад дүү Эрдэмдалайгаас сонссон. Улаанбаатар хотод 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирсэн. Би хоёр хоногийн дараа Орос улс руу эргээд явна. Би хэрэг болсон явдлын талаар сайн мэдэхгүй. Би Орос улсад амьдарч байгаа болохоор өөрийн эцэг Дагвадоржийн төрсөн ах Даннямыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна. Учир нь талийгаач аав Дагвадоржийн бүхий л буяны ажлыг Данням ах хийж гүйцэтгэсэн болохоор Данням ах албан ёсны хохирогч болох байх гэж бодож байна. Манай эцэг Дагвадорж их тайван, эхнэр хүүхэддээ халамж анхааралтай сайн хүн байсан. Элдэв ааш араншин байхгүй, их хөдөлмөрч хүн байсан. Хүмүүжил сайтай, хүүхдүүдээ хүмүүжүүлсэн хүмүүжил их сайн. Одоо түүний 3 хүүхэд болох миний 2 дүү, бид нар эцгийнхээ хүмүүжүүлсэн хүмүүжлээр сайхан амьдарч байна. Данням ах биднийг хүүхэд байхад бид нэг хашаанд амьдардаг байсан. Манай аавын төрсөн ах Данням мөн. Би эцэг Дагвадоржтой хамгийн сүүлд 2008, 2009 онд гудамжинд явж байгаад тааралдаад мэнд мэдчихээд салсан. Тэр цагаас хойш уулзаагүй. Би 5-6 жилийн өмнөөс Орос улсад ажиллаж амьдарч байгаа...” гэх мэдүүлэг [57],

 

40.Гэрч Д.Болортуяагийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...Дүгэр овогтой Дагвадорж нь миний төрсөн эцэг. Би Дагвадоржийн хамгийн бага охин, дээрээ 2 ахтай. Аав Дагвадорж намайг 8 дугаар ангид байхад ээж Луунараагаас салсан. Хоорондоо үзэл бодол нь таарахгүй салсан байх гэж би боддог байсан. Би хэрэг болсон явдлын талаар мэдэхгүй байна. Би аав Дагвадоржийг нас барсан гэдгийг бага ах Эрдэмдалайгаас сонссон. Намайг бага байхад ээж Луунараагаас салахаас өмнө хааяа ганц нэг архи уучихдаг байсан. Архи уухаараа янз бүрийн элдэв ааш зан гаргадаггүй байсан. Би аав ээж хоёрыг салснаас хойш аав Дагвадоржтой уулзаагүй. Одоогоос 12-13 жилийн өмнөөс аав Дагвадоржтой уулзаж байгаагүй болохоор сүүлийн үед ямар зан авиртай болсон талаар мэдэх зүйл байхгүй. Аавын төрсөн ах Даннямыг энэ хэрэгт хохирогчоор оролцуулахад татгалзах зүйлгүй. Учир нь би ааваасаа хол өссөн болохоор надад хохирогчоор оролцох боломж, хүсэлт алга...” гэх мэдүүлэг [58],

 

41.Гэрч Т.Төгсжаргалын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн:

“…Д.Дагвадорж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, эргийн хотхон 5, бааз 11-5 тоотод ажиллуулдаг түүхий эд авдаг цэгт 2012 оноос хойш буюу намайг анх ажиллуулж эхэлснээс хойш манай цэгт шил, лааз, хуванцар сав зэрэг эд зүйл тушаадаг байсан. Буурал Дагва ах гэж хүмүүс нэрлэж дууддаг. Хамгийн сүүлд хээзээ хаана тааралдсанаа санахгүй байна. Хувийн амьдралынх нь талаар мэдэхгүй, зан байдлын хувьд их тусархаг, өөрийн идэвхи санаачлагаараа манай ажилд их тусалдаг, нийтэч зантай, онигоо ярьж хүн их инээлгэж явдаг, тайван дөлгөөн, хүнтэй их хурдан хэл амаа олдог хүн байсан. Д.Дагвадорж хааяа согтуу, халамцуу ирдэг, тамхи татаж байхыг нь хараагүй. Би найз нөхөд болон хаана, хэнтэй амьдардаг талаар нь мэдэхгүй байна. Хүнд зодууллаа, бие өвдлөө гэж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг [59] ,

 

42.Гэрч В.Давааноровын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн:

“...Д.Дагвадорж нь 1998-1999 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, цэргийн хотхоны замын урд түүхий эд авч эхэлсэнээс хойш шил, хуванцар, сав, лааз, хог хаягдалыг тушаадаг байсан. Өглөө оройгүй байнга надад шил, лааз тушаах гээд ирдэг. Хамгийн сүүлд 2016 оны 05 дугаар сарын эхээр манай түүхий эд авах цэг дээр ирж байгаад ирэхээ больсон. Надад шил, лааз тушаагаад явдаг болохоор хувийн амьдралынх нь талаар мэдэхгүй. Зан байдлын хувьд зүгээр сууж чаддаггүй, их ажилтай, цэмцгэр, ямар нэгэн муу зан араншин байхгүй, тусархуу, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг. Д.Дагвадоржийг архи уусан, тамхи татаж байхыг нь хараагүй. Төрсөн ах гэж хүн ирээд асуудаг байсан. Хүмүүстэй нийлээд архи дарс уугаад явдаггүй...” гэх мэдүүлэг [60] ,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар нотолсон ажиллагаа болох шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд буюу шүүгдэгч О.Буянбадамын хувийн байдлын талаарх/

 

43.Гэрч Д.Тунгалагийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн:

 “...О.Буянбадам нь миний төрсөн хүү, айлын том, би 3 хүүхэдтэй.

Би 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би хүү Буянбадамтай өглөөгүүр нэг удаа утсаар ярьж бие нь яаж байна гэж асуусан. Түүнээс хэрэг болсон явдлын талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Буянбадам 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд төрсөн. Төрсөн цагаасаа эцэг, эх, эмээ, өвөө нарынхаа гар дээр өссөн. 1994 онд Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгт 1 жил сураад гэртээ эмээ, өвөө дээрээ амьдардаг байсан. 1998 онд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн 1-В ангид элсэн орж суралцаад 2006 оны 08 дугаар ангиа төгсөөд, Баянгол дүүргийн модны 2-т “Абука” нэртэй хүнсний коллежид тогоочийн ангид суралцаж 9, 10 дугаар ангийн боловсрол давхар эзэмшин 2009 онд төгссөн.  Сургууль төгсөөд Төв аймгийн Лүн суманд өвөө, эмээ дээрээ мал дээр 2 жил гаруй амьдарч байгаад Улаанбаатар хотод 2012 онд орж ирэн “Абука” сургалтын төвд барилгын коллеж техникчийн ангид элсэн орж 1,5 жил сурч төгссөн.

Гэртээ ажил хийлгүй байж байгаад 2016 он 01 дүгээр сард Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын харуулын албанд хамгаалагчаар ажилд орсон. Зан чанарын хувьд гэрээс гардаггүй, архи хэрэглэдэггүй, эмээ өвөөдөө тустай, дүү нараа харж, арын гэрийн ажилд ээждээ тусалдаг. 2012 оны Буянбадамын аав Отгонбаатар нас барсанаас хойш дүү нараа болон ээжийгээ сайн харж ажиллаж амьдарч байгаа. Буянбадам аавыгаа нас барсанаас хойш их хариуцлагатай ар гэрээ авч явж байгаа. Сонирхол нь амьтан тэжээх дуртай, өрөвч сэтгэлтэй нохой тэжээдэг, амьтанд их хайртай, сэтгэлээсээ хайрлаж тэжээдэг. Ар гэр хариуцсан айлын том хүүхэд болохоор хар бор болон ар гэрийн ажлыг маш сайн хийдэг. Бага эрэгтэй дүүгээ 2-3 жил зөөж, хичээлийг нь хийлгэж, аав шиг нь л байдаг. Буянбадам чих зөөлөнтэй, хүний үгнээс гардаггүй, хүмүүжил сайтай, ямар нэгэн гаж буруу хүмүүстэй нөхөрлөдөггүй, элдэв муу зан авиргүй, их тайван дөлгөөн, дуу муутай. Буянбадам 3-4 настайгаасаа гэдэс өвдөж байна, даараад байна гэдэг байсан. Тухайн үед нь би зүгээр гээд тоодоггүй байсаар байгаад 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр татаж унаад эмнэлэгт үзүүлэхэд ядаргаанаас болж байна гээд Монголд оношилж чадахгүй байхаар нь Солонгос улсад очиж үзүүлэхэд ямар нэгэн өвчингүй, тархи толгой, мэдрэлдээ ямар нэгэн өвчний учир байна гэж оношлосон. Тэгээд Монгол улсдаа ирээд мэдрэлийн холбоотой өвчин байна гэж оношлосон. Тэр цагаас хойш хүү маань нэг таталт өгч ухаан алдаж унахаараа 2-3 өдөр дарааллаж унадаг болсон. Таталт өгч унахаасаа өмнө гэдэс даараад байна гэж хэлж байгаад таталт өгч унадаг байсан. Хамгийн сүүлд эмнэлэгт үзүүлэхэд тархины төрөлхийн чамархайн уналт гэсэн онош гарсан. 2016 оны 04 дүгээр сард харъяа дүүргийнхээ эмчийн хяналтад орсон...” гэх мэдүүлэг [61],

 

44.Гэрч Д.Баярмаагийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

“...Би “Альфа-Долгион” мэдрэлийн эмнэлэгт захирал ажилтай. Миний бие Эпилепем судлалаар 2000-2005 онд Москва хотод Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Хэсэгчилсэн чамархайн эпилепем нь унадаг татдаг өвчин. Энэ нь хүний тархины нэг хэсгийн эс нь шалтгаангүй хэт их цахилгаанжилт үүсээд таталт өгүүлэхийг хэлнэ. Татахдаа хэлээ хазна, нүүр ам хөхөрнө. Тэгээд хурхираад унтаад өгдөг учраас гэмтэх аюултай. Энэ нь хормын төдий болж өнгөрдөг. Манайх оношлогооны эмнэлэг учраас хүнийг хэвтүүлж эмчилдэггүй. Буянбадам 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тархины бичлэг хийлгэсэн. Бичлэг хийлгэснийхээ дараа манай эмнэлэг дээр таталт өгч байсан. Энэ өвчин нь зан байдлын хувьд өөрчлөлт өгдөг. Эдгэрэхгүй, эмээр зохицуулагддаг архаг өвчин. Буянбадамын тархины бичлэг хэвийн гарсан учир нь таталтын үед болсон. Таталтын дараах үед тархины цахилгаан бичлэгийг хийгээгүй, чамархайн хэсэг их гүн байрлалд байдаг учраас илрэх нь бага. Харин яагаад таталтын өвчинтэй гэж оношилсон бэ гэвэл илэрч буй шинж тэмдэг нь өвөрмөц буюу эмнэл зүйн өвөрмөц шинжээр нь өвчтэй гэж оношилж байгаа юм. Уг өвчин нь нэг ихэсээд, багадаад, намжаад, хурцдмал байдал ээлжилдэг мэдрэлийн гаралтай архаг өвчин байгаа юм. Эмээ тогтмол хэрэглэвэл намжмал байдал нь ихэснэ...” гэх мэдүүлэг [62],

 

45.Гэрч С.Сандуйжавын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн:

“...О.Буянбадам нь “Абука” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хоол үйлдвэрлэл, тогооч нарийн боовчны 1-а ангид 2008 онд манй ангийн суралцагч болон элсэн орж ирсэн. Би О.Буянбадамын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 01 дүгээр сар хүртэл анги даасан багш нь байсан. Буянбадам нь төлөв даруу зан чанартай анги хамт олны дунд нэр хүндтэй, удирдан зохион байгуулах чадвартай, мөн бусдыг сонсох харилцан ойлголцох чадвартай, ар гэрийн анхаарал халамж маш сайн, олон нийтийн ажилд ивэхитэй сайн оролцдог суралцагч байсан. Ангиасаа Мөнх-Эрдэнэ, Эрдэнэсайхан нартай их дотно найзалж харагддаг. Сургууль төгссөн хойноо багш шавийн холбоо тасраагүй байнгын харилцаа холбоотой байдаг байсан. 2013 онд Буянбадам нь манай сургуулийн барилгын техникчийн ангид элсэн орж 2014 онд төгссөн. Буянбадам архи тамхи хэрэглэдэггүй, гаж буруу зан авир байхгүй, анги хамт олондоо ямар нэгэн дээрлэх үү, бусдыг зандчилсан зан авир ажиглагдаж байгаагүй. Тийм зан чанартай хүн биш. Буянбадам бие султай, хичээл орж байх үед хичээлээс чөлөөлөгдөж, эмчилгээ хийлгэдэг байсан. Ээжээс нь юу болсон талаар сонсоход унаж татдаг, өвчтэй болсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг [63],

 

46.Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

 “...О.Буянбадамтай 2008 оны намар 09 дүгээр сард танилцаж, түүнээс хойш найзалж, нөхөрлөж ирсэн. Буянбадам хичээлдээ сайн оролцдог, нэр хүндтэй, сурлага, нийгмийн идэвхитэй, даруу томоотой, элдэв муу зуршилгүй, хүнд тусархуу. Миний найзыгаа үнэлж дүгнэдэг зүйл нь даруухан гэж дүгнэдэг. Буянбадам унаж татдаг өвчтэй, бие муутай, нэг ангид сурдаг байхад бие нь муудаад эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэдэг байсан. Буянбадам архи уудаггүй, тамхи хааяа татдаг ...” гэх мэдүүлэг [64] ,

 

47.Гэрч Ө.Эрдэнэсайханы 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...О.Буянбадамтай 2008 оны намар 09 дүгээр сараас хойш “Абука” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочийн мэргэжлийн нэг ангид элсэн орсноос хойш найз нөхөд болж өнөөдрийг хүртэл найзалж нөхөрлөж байна.

О.Буянбадамтай нэг ангид суралцаж байхад хичээлдээ идэвхитэй, шинийг эрэлхийлсэн, хичээнгүй, багш нарын итгэлийг даасан сайн сурагч байсан. Хамт олон дундаа хөгжилтэй даруухан, хүнтэй муудалцаж байгаагүй, шоу цэнгээн гэж мэдэхгүй, найз охингүй, гэртээ л байдаг, томоотой зөв хүмүүжилтэй, хүүхдээрээ зантай залуу. О.Буянбадам унаж татдаг, сэтгэц нь эрүүл, архи уудаггүй, тамхи хааяа татдаг ...” гэх мэдүүдэг [65],

48.Шүүгдэгч О.Буянбадамын иргэний үнэмлэхийн лавлагаа [66], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [67], Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн О.Буянбадамыг ажилд томилсон тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт [68] , Шүүгдэгч О.Буянбадамын шинээр ажилд орж байгаа ажилтны зааварчилгаа хяналтын хуудасны хуулбар [69], хөдөлмөрийн гэрээ, анкет [70], ажлын байрны тодорхойлолт [71],

49.Шүүгдэгч О.Буянбадамын хувийн байдлын талаарх бусад баримтууд [72],

 

Шүүгдэгч Ж.Энхтайваны хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

 

50.Гэрч Р.Энхжаргалын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Ж.Энхтайван нь миний төрсөн дүү юм. Би Равдан гэх айлд өргөгдсөн. Энхтайвантай 2015 оны цагаан сараар уулзаж, ойр дотно болсон. Ж.Энхтайван нь хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, зөөлөн ааш зантай хүн. Би дүүтэйгээ олон жилийн дараа уулзаад удаагүй байгаа болохоор хувийн зан байдлын талаар сайн мэдэхгүй. Хэрэг болсон явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [73],

51.Шүүгдэгч Ж.Энхтайваны иргэний үнэмлэхийн лавлагаа [74], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [75],

52.Шүүгдэгч Ж.Энхтайваны хувийн байдлын талаарх бусад баримтууд [76] ,

 

53.Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ний Хамгаалалт аюулгүй байдлын албаны ажиллах журам [77] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

-Шүүгдэгч О.Буянбадамыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, мөн хүнийг хууль бусаар хорьж, хүнд хор уршиг учруулсан тус тус гэмт хэрэгт,

-Шүүгдэгч Ж.Энхтайваныг хүнийг хууль бусаар хорьж хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг шүүх баримтлан хянан шийдвэрлэсэн болно.  

 

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл :

 

Нэг: Шүүгдэгч О.Буянбадамын үйлдсэн гэмт хэргийн талаар.

1.Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар.

 

О.Буянбадам нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний захирлын 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаар тушаалаар тус компанийн хамгаалалт аюулгүй байдлын албаны УБТК-ын хамгаалагчаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс туршилтын 6 сарын хугацаагаар томилогдон ажиллаж, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус компанийн Улаанбаатар төлөөлөгчийн газарт  хамгаалагчаар ажиллаж байсан байна.

Шүүгдэгч О.Буянбадам нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэрийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газар”-т харуулаар ажиллаж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа 12 цагийн үед “байгууллагын хашаан дотроос төмөр хулгай хийлээ” гэх шалтгаанаар иргэн Д.Дагвадоржийг сагсны шийдний шонд нуруугаар нь тулгаж зогсоогоод хоёр гарыг нь ард нь холбон гавлаж, улмаар түүнийг зогсоож босоо байдалд өмсөж явсан юүдэнтэй цамцны малгайг нь нохойны хөтөлгөө уяаны цоожлогч төмрөөр нь хавчиж холбон тус уяагаа сагсны шийдний кольцооноос дээш татаж уяж дүүжилсний улмаас хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад:

- Д.Мэндийн гэрчээр 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр мэдүүлсэн

“... Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар төлөөлөгчийн газарт харуул хийдэг. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 08 цагт ажилдаа ирсэн. ...11 цагийн орчим ...хашаан дотуур эргэж явахад үл таних эрэгтэй хүн 1 метр гаруй урттай арматурын төмөр барьчихсан явсан. ...Тэгэхээр нь “чи байгууллагын хашаан дотроос хулгай хийж болохгүй” гээд очоод барьж аваад явж байхад үүдний харуулын постод гарч байсан Буянбадам хүрч ирсэн. ...хоёулаа тэр хүнийг дагуулаад үүдний постын хажууд авчраад Буянбадам өрөө рүүгээ явж гав авч ирээд тэр хүнийг сагсний шийдний шонг ар талаар нь тэврүүлж гавалсан. Би дахин өөр хүн байж магадгүй гэж бодоод буцаж яваад хашаагаа тойрч ...15 орчим минут болоод буцаж ирэхэд нөгөө хүн доошоо өвдөглөөд суучихсан, толгой нь доошоо унжсан байдалтай, юүдэнтэй цамцны малгайнаас нь уяагаар гогцоолдоод сагсны шийдний кольцооноос уяад дүүжлэгдсэн байдалтай байхаар нь Буянбадамаас “яагаад ингээд уячихсан юм” гэхэд ...Буянбадам “доошоо суух гээд байхаар нь би уячихсан юм” гэж хэлэхээр нь “наад хүн чинь муудаад байна, царай нь сонин болсон байна” гэхэд тэр хүний гавыг Буянбадам тайлсан. ...дээш нь харуулж хэвтүүлээд алгадаад сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Тэгэхээр нь цээжин дээр нь дараад, энгэр хэсгээр нь гараа хийгээд зүрхийг нь чагнахад зүрх нь цохилохгүй, амьсгалахгүй байна гэхэд Буянбадам эмнэлэг рүү ярьж түргэн тусламж дуудаад, цагдаад мэдэгдсэн. ...” гэсэн мэдүүлэг [78],

-Д.Мэндийн яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн

“...Би хэрэг болсон өдөр амь хохирогчтой хамт явсан хүнийг байгууллагын хашааны гадаа ойр орчимд байж магадгүй гэж үзэн байгууллагын хашаанаас гарах үед О.Буянбадам гавлана гээд үлдсэн. Би байгууллагын хашаа тойрч яваад эргээд ирэх үед тэр хүн байгууллагын сагсан бөмбөгийн шийдний шонгоос гавлагдсан, цамцных нь малгайг шийдний кольцооноос холбож уясан байдалтай, амь хохирогч ухаангүй байдалтай байсан. ... Намайг харж байснаар О.Буянбадам тэр хүнийг шийднээс гавлаад үлдсэн. ...“яагаад уяагаар холбож уясан юм бэ” гэж асуухад “суух” гээд байхаар нь ингэсэн гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг [79],

-О.Буянбадамын сэжигтнээр 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр /20.40-21.00 цагт/ мэдүүлсэн “...Одоо болсон явдлыг үнэнээр нь эхнээс нь ярья. Манай хамгаалалтын албаны ахлах Энхтайван “наад хулгайчаа гавлаад байлгаж байгаад үдээс хойш цагдаа дуудаад өгөөд явуул, ...согтуу байвал гражид хийгээд түгж гэж хэлсэн. Тэгэхэд Мэнд ах намайг яваад гав аваад ир гэж хэлэхээр нь би өөрийнхөө 1 дүгээр постноос гав аваад тэр залууг сагсны шийдний шонд гарыг нь гавалсан. ...талийгаач хөлөө урагшаа жийгээд газар бөгсөөрөө суучихсан байхаар нь очоод бос, бос суухгүй гэхэд өөрөө босоод зогссон байхад нь доош нь суулгахгүй гэж би нохойны хөтөлгөө уяагаар нь сагсны шийдний кольцоноос дэгээ болгож гогцоолдоод малгайтай ноосон цамцны малгайны үзүүрээс нь жижиг цагаан цоожлогч төмөртэй хавчаараар хавчсан. Тэгээд удалгүй 5-10 минутын дараа Энхтайван ахлах залгаад өөрөөр нь хулгай хийсэн нь үнэн болно гэсэн гарын үсгийг нь зуруул гэж хэлэхээр нь очоод сэрээх гэтэл өвдөгөөрөө газар шүргэсэн байдалтай толгой нь урагшаагаа унжсан байдалтай байхаар нь сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Гавыг нь тайлаад малгайнаас нь дүүжлэгдсэн байсан уяаны үзүүрийг, хавчаарыг нь тайлаад талийгаачийг газар дээш нь харуулж хэвтүүлээд үзэхэд амьсгалахгүй байхаар нь түргэн цагдаа дуудсан. ...би бага зэрэг шоглох гээд газар суулгахгүй гэж дээрх уяагаар талийгаачийн цамцны малгайнаас хавчаараар нь хавчаад сагсны шийдний кольцооноос холбож уясан. Би тухайн үед ганцаараа дээрх уяагаар талийгаачийн цамцнаас хавчаад сагсны шийдний кольцоотой холбож уясан. Тэгэхэд Мэнд хажууд хараад зогсож байсан. Мэнд надтай хамтарсан оролцоо байхгүй...” гэсэн мэдүүлэг [80],

-яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Хэрэг болсон өдөр намайг ажилтай байх хугацаанд үл таних хүн хулгай хийж байгаад баригдсан. Би дарга Энхтайваны хэлснээр гавалж саатуулсан. ...ээлжийн ахлах Энхтайван руу залгаж болсон явдлын талаар хэлэхэд “наад хүнээ кранаас гавалж байлгаж байгаад цагдаад өгч явуул, өдөржингөө байлгаж байгаад үдээс хойш цагдаа дуудаж өг” гэж хэлсэн. Тэгтэл Мэнд 1 дүгээр постноос гав аваад ир гэхээр нь би гав авч ирээд байгууллагын конторын байрны үүдэнд байх сагсан бөмбөгийн самбарын шонгоос тэр хүний хоёр гарыг нь ард нь холбож гавалсан. ...Шийднээс гавалсан хүн доошоо суучихсан, гараараа тулаад, толгой нь урагшаа тонгойсон байдалтай байсан. ...тэр хүнийг босгож зогсоож байгаад машины хажууд байсан нохойны хөтөлгөө уяаг аваад шийдний кольцоо руу бариултай хэсгийг нь шидэж оруулаад, түгжигч төмөртэй хэсгийг бариулаар нь оруулж гогцоолоод түгжигч төмрөөр өмссөн байсан малгайтай цамцны малгайны бөндгөр оёдолоос нь хавчсан. Тэгээд хэсэг зуур машинаа үргэлжлүүлж угааж байхад харуулын ахлах Энхтайван залгаад наад хүнээрээ өөрөөр нь хэдэн удаа хулгай хийсэн, хаана амьдардаг талаар нь бичүүлж, гарын үсэг зуруулж ав гэж хэлэхээр нь за гэж хэлээд утсаа таслахгүй тэр хүнийг Мэндийн хамт сэрээх гэхэд хөдөлгөөнгүй, хөл нь улаараа газар хүрчихсэн, өвдөг нь тонгойсон байдалтай байсан. Сэрээх гээд сэрэхгүй байхаар нь унтаж байна гэж бодоод уяа, гавыг нь тайлаад, дээш нь харуулж хэвтүүлээд, судасыг нь барьж үзэхэд цохилохгүй байх шиг байна гээд Мэнд амандаа ус балгаж ирээд, нүүр рүү нь усаар тургиад сэрэхгүй байсан. Цээжин дээр нь Мэнд 2-3 удаа дараад сэрэхгүй болохоор нь Энхтайванд “энэ хүнийг гавалчихсан байсан чинь үхчихсэн юм шиг байна” гэж хэлсэн. ...Тэгээд конторын дарга Өлзийбаяр руу залгаж болсон явдлын талаар хэлэхэд түргэн, цагдаа хурдан дууд гэж хэлсэн. ...Холбож уя гэсэн үүрэг даалгавар өгсөн хүн байхгүй, би өөрөө санаачлагаараа уясан...” гэсэн мэдүүлэг [81],

-Ж.Энхтайваны сэжигтнээр 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Миний 96505078 дугаарын утсанд манай ажлын хамгаалагч Буянбадам 88669945 дугаарын утаснаас залгаад байгууллагын зүүн хойд талын хашааг хулгайч давж орж ирээд төмөр хулгайлж байхад нь барьлаа гэж надад хэлсэн. ...нэг хөгшинийг барилаа, залуу нь цаашаагаа зугтаасан гэж надад хэлсэн. ...түр нэг газраас гавалчих, ...наад хүн чинь согтуу байвал гражид хийчих, ...гэж хэлсэн. ...13 цаг өнгөрч байхад Буянбадам над руу залгаад энэ хулгай хийсэн хөгшин хүн амьсгалахгүй байх шиг байна, хөдлөхгүй болчихлоо ч билүү тиймэрхүү юм хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг [82],

-Гэрч О.Шинэбаярын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн  “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цаг 55 минутад Улаанбаатар төлөөлөгчийн газрын харуул Буянбадам утсаар залгаж төлөөлөгчийн газраас хулгай хийж байгаад баригдсан хулгайчийг барьлаа, ямар арга хэмжээ авах уу гэж асууж мэдэгдсэн. ...дээд шатны даргаас үүрэг аваад эргээд хариу мэдэгдье гэж хэлээд утсаа тасалсан. ...13 цаг 38 минутад Улаанбаатар төлөөлөгчийн газрын 2 дугаар постны харуул Мэнд залгаад хулгай хийж байгаад баригдсан хүн нас барчихлаа, цагдаагийн байгууллага, түргэн эмнэлэг дуудаад Буянбадамыг цагдаа аваад явчихлаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь би “яахаараа нас бардаг юм” гэж асуухад” гавалчихсан байсан чинь нас барчихлаа” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг  [83],

-Гэрч Н.Өсөхбаярын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр намайг Дархан-Уул аймагт ажил дээрээ байхад 11 өнгөрөөд 12 цаг үед ээлжийн ахлах Шинэбаяр Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хулгай хийж байгаад нэг хүн баригдсан байна гэж хэлсэн. ...би цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгч наад хүнээ цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөрэй гэж Шинэбаярт хэлсэн. ...14 цагийн үед Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Өлзийбаяр миний утас руу залгаад хамгаалагч нар хулгайч гэж хүн бариад гавалсан байхад нь нас барчихсан байна. Эмнэлэг цагдаа дуудчихлаа, одоо яах вэ гэж асуусан. ...Надад хулгай хийсэн этгээдийг барьж саатууллаа гэж хэлсэн, гавалсан гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг [84],

-Гэрч Э.Байгалийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [85],

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даннямын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...хохирогч бид эцэг, эхээс зургуулаа юм. Амь хохирогч дүү маань 57 настай байсан, миний ганц эрэгтэй дүү юм. ...Энэ хорвоод хүн болж төрчихөөд ийм хариуцлагагүй байгууллага болон ...хүмүүсийн гарт миний дүү нохойны хөтөлгөө уяагаар дүүжлүүлж амь насаа алдсан байна ...” гэсэн мэдүүлэг болон түүний мөрдөн байцаалтад удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд [86] ,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 855 дугаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт [87],

-шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [88] ,

-2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг [89],  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [90],

-2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг [91], Амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [92], нас барсаны бүртгэлийн гэрчилгээ [93],  2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [94], 2016 оны 5 дугаар сарын 4-ны өдөр “Мөнгөлөг цагаан өнгийн дундаа 2 гинжтэй 23 см урттай гарны гав болон цагирган хэлхээтэй 2 ширхэг гавны түлхүүр”-г эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол [95],

-2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр О.Буянбадамын хэрэг гарсан өдөр биедээ авч явсан гэх 88669945 дугаартай, цагаан өнгийн гар утаснаас ярианы бичлэгийг буулгасан тэмдэглэл [96]  болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт:

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Буянбадамаас”...хүнийг алах санаа зорилго байгаагүй, хохирогчийг дүүжилж алаагүй ...” гэж маргасан.

Шүүгдэгч О.Буянбадамын өмгөөлөгч Э.Туулаас “...талийгаачийн өөрийнх нь цамцны боолт орсон учраас нас барсан байна. ...” гэсэн,

-Өмгөөлөгч Б.Оюунбилэгээс “...О.Буянбадамд талийгаачийн амь насыг хохироох санаа зорилго байгаагүй, харин болгоомжгүй хандсан үйлдэл харагдаж байна. Талийгаачийг малгайнаас нь татаж уяахдаа малгайндаа боогдож үхнэ гэдгийг О.Буянбадам харж чадаагүй. Өөрөөр хэлбэл малгайтай цамцны малгайнаас татаж уяснаар талийгаачийг нас барна гэдгийг мэдээгүй...” гэсэн,

-өмгөөлөгч И.Чимэдбадамаас “...Р.Буянбадамын үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхгүйн харилцаа нь талийгаачийг алах бодол байгаагүй, хулгай хийсэн үйлдлийг нь таслан зогсоож байгаа тул санаатайгаар хүнийг алсан гэж зүйлчилсэнийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар зүйлчлүүлж өгнө үү. Хайхрамжгүй хандсан шинж байгаа, шууд бус санаатай үйлдлийг нотлох баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргаж, мэтгэлцсэн ба эдгээр саналыг шүүх доорхи үндэслэлээр үгүйсгэж байна.

 

            Гэм буруугийн хэлбэр нь санаатай, болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд санаатай үйлдэл нь шууд, шууд бус санаатай үйлдлээр илэрдэг.

Гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, тодорхой хор уршиг учруулахыг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнд зориуд хүргэсэн байдаг ба энэ нь шууд бус санааны хүсэл зоригийн гол шинж байдаг.

Шүүгдэгч О.Буянбадам нь харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа байгууллагын объектод нэвтэрч хулгай хийсэн хүнийг барьж түүний үйлдлийг таслан зогсоохдоо амь хохирогчийг байгууллагын хашаанаас хулгай хийлээ гэх шалтгаанаар сагсны шийдний төмөр шонд гарыг нь ард нь гавалсан, улмаар амь хохирогч ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй байхад түүний өмсөж явсан цамцнаас нь нохойны хөтөлгөө уяагаар холбож уян, тус уяагаа сагсны шийднээс уяж хохирогчийг дүүжилж байгаа үйлдэл нь санаатай, идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч О.Буянбадам нь амь хохирогч дүүжлэлтийн улмаас амьсгал бүтэлтэд орж нас барах үр дагаварыг буюу хор уршгийг хүсээгүй боловч тус үр дагаварт хүргэсэн түүний үйлдэл нь санаатай үйлдэл ба уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан, үр дагавар хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Буянбадам дээрх үйлдлийнхээ талаар мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ “...олон удаа байгууллагаас төмөр хулгайлаад байсан болохоор би бага зэрэг шоглох гээд ...холбож уясан” [97] гэж мэдүүлсэн.

Мөн О.Буянбадамаас ээлжийн ахлагч Ж.Энхтайвантай утсаар ярьсан тэмдэглэлээс үзвэл “... Ж.Энхтайванаас “...одоо 12 цаг болж байна, үдээс хойш цагдаад өг, худлаа даргаар түрий бариад наадахаа шийдэнд хүлээд өдөржингөө байлгачих...” гэхэд О.Буянбадамаас “...за тэгье...” гэж хариулсан зэргээр түүний санаа зорилго нь амь хохирогчийг шууд бус санаатай үйлдлээр алсан гэж үзэх үндэслэл болж байна.

Иймээс шүүгдэгч О.Буянбадамын анхнаасаа амь хохирогчид хандаж байгаа үйлдэл буюу түүнийг гарнаас нь гавлах, дараа нь уяагаар холбож дүүжилж байгаа зэрэг үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхгүй.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 855 дугаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт [98]-ээр  “...талийгаач нь дүүжлэлтийн улмаас амьсгалын зам бүтэж нас барсан. ...” талаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Нөгөө талаас хүнийг өмсөж явсан цамцнаас нь нохойны хөтөлгөө уяагаар холбон  уяж дүүжилж буй үйлдэл нь хүний халдашгүй байх эрхийг зөрчиж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зүй бус үйлдэл гэж үзнэ. 

Иймд О.Буянбадамын үйлдлийн гэм буруугийн хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “шууд бус санаа” гэж дүгнэх  хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас О.Буянбадамын амь хохирогчид хандсан үйлдэл, эс үйлдэхүй нь болгоомжгүй, хайхрамжгүй хандсан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх тухай саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч О.Буянбадам нь зөрчил гаргагчийг саатуулах үйлдэл хийсэн гэж мөн мэтгэлцсэн.

Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ний 2014 онд гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан “Хамгаалалт аюулгүй байдлын албаны ажиллах” журмын тавдугаар зүйлд зөрчил илрүүлж, шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 5.3-т “албан хаагч нь зөрчил гаргасан сэжигтэй этгээдийг саатуулж, ... хэрэв тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэнэ гэдгийг тод чанга дуугаар анхааруулна, 5.4-т саатуулагдсан этгээдийн гаргасан зөрчил, учруулсан хор уршиг нь байгууллагын дотоод дүрэм, журмаар шийдвэрлэх боломжгүй, хамгаалалтын алба хаагчийн шийдвэрлэх эрх хэмжээнээс хэтэрсэн бол цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулахаар хүлээлгэж өгнө” гэж зохицуулжээ.

Гэтэл харуулын үүрэг гүйцэтгэж байсан О.Буянбадам нь дээрх журмыг дагаж мөрдөж ажиллаагүй, өөрөөр хэлбэл амь хохирогчийг байгууллагын хашаанаас хулгай хийсэн гэж түүнийг түр саатуулсан бол ...амь хохирогчид ямар нэг шаардлага тавиагүй, мөн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал, гав хэрэглэх шаарлага бий болоогүй байхад буюу ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй, байгууллагад хор уршиг тухайн үед бодитоор учраагүй байхад амь хохирогчийн гарыг нь гавлах, өмсөж байсан хувцаснаас нь уяагаар холбож дүүжлэх зэрэг үйлдлийг хийсэн, байгууллагаас баталсан журманд заасны дагуу цагдаагийн байгууллагад зөрчил гаргагчийг илрүүлсэн талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал мөн тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

            Харин амь хохирогч нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанд хулгай хийх зорилгоор нэвтэрч орсон тухай амь хохирогчтой тухайн өдөр хамт явж байсан хүн болох гэрч  Ж.Жанибекээс “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өглөө Дагва ах энд нэг хэдэн төмөр хураасан байгаа цуг зөөлцөөд, тушаалцаад өг гэж хэлэхээр нь дагаад явсан. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн зүүн талаар нь тойрч очоод “цэнхэр өнгийн нимгэн төмрөөр барьсан хаалганы цаана байгаа, чи гадаа байж бай, би ороод чамд өгье, чи надад зөөгөөд өг” гээд ганцаараа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хашаа руу яваад орчихсон. Удалгүй 1 ширхэг урт төмөр турбай гаргаж ирээд, байж байгаарай гэж хэлчихээд буцаад орсон. Тэгэхэд цаанаас “наад газар чинь камертай, чи юу хийж байгаа юм, хашаанаас гар” гэж хэлэхээр нь би манаач нь гараад ирлээ гээд шууд хаяад гэр рүүгээ явсан. Дагва ах хамгаалагчид баригдаад үлдсэн... ” гэж мэдүүлсэн [99] , мөн гэрч Д.Мэнд, шүүгдэгч О.Буянбадам нараас харуулын үүрэг гүйцэтгэж байхад “...амь хохирогч нь байгууллагын хашаан дотор төмөр трубай барьсан явахад нь түүнийг барьсан...” талаар мэдүүлсэн, гэрч А.Мөнхтөрөөс “...би бараан өнгийн хувцастай намхан нуруутай эрэгтэй хүн гартаа төмөр трубай барьчихсан гүйж явахыг нь харсан...” гэж мэдүүлсэн. Иймд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний  Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашааг нэвтэрч тус байгууллагын эд хөрөнгийг хулгай хийсэн хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул О.Буянбадамд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсгээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүх шийдвэрлэв.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 855 дугаартай дүгнэлт, мөн тусгай шинжилгээний хэлтсийн 4043 дугаартай дүгнэлт зэргээр амь хохирогчоос 4.4 промилли спиртийн агууламж илэрсэн буюу хүнд зэргийн согтолттой байсан талаар тогтоогдсон боловч тухайн үед амь хохирогч өөрөө идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийж аж ахуйн нэгж байгууллагын хашаанд хууль бусаар нэвтэрч орсон байгаа  тул биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн амь хохирогч нь нас барах үедээ  56 нас 6 сар 3 хоногтой байсан буюу 60 нас хүрээгүй байх тул түүнийг хуульд зааснаар өндөр настай гэж үзэх боломжгүй, эдгээр үндэслэлээр шүүгдэгч О.Буянбадамын үйлдсэн хүнийг санаатай алсан гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туулаас байцаан шийтгэх ажиллагаа явуулсантай холбогдуулан гаргасан:

-Амь хохирогчийн өмсөж явсан цамцны өнгө зөрүүтэй тул зөрүүг арилгах, цамцны цахилгаан нь төмөр, эсхүл өөр материалаар хийгдсэн эсэхийг шалгах, амь хохирогчийн өмсөж явсан малгайны уртын хэмжээ тодорхойгүй, энэ үндэслэлээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох,

-Нохойны хөтөлгөө уяа солигдсон гэх,

-гар утасны дугаарууд нь хэний дугаар байсныг шалгах,

-О.Буянбадамын гар утасны загвар өөр, өөрөөр хэрэгт бичигдсэний ялгааг гаргах,

-О.Буянбадамын биед үзлэг хийхдээ эмчийг байлцуулаагүй гэх зэрэг бусад гаргасан саналыг хүлээн авах авах шаардлагагүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой биш гэж шүүх дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч О.Буянбадамын амь хохирогчийг зогсоож байгаад цамцыг нь нохойны хөтөлгөө уяагаар холбож уясан, тус уяагаа сагсны шийднээс уясан, нохойн хөтөлгөө уяа хэрэглэсэн үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, энэ талаар  шүүгдэгч О.Буянбадам маргаагүй. Мөн гар утасны загварын ялгааг шүүх хуралдаанд О.Буянбадамаас талууд тодруулж зөвтгөсөн.

Түүнчлэн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд амь хохирогчийн өмсөж явсан хар бор өнгийн юүдэнтэй цамц, хэрэглэсэн гав зэргийг ашигласан талаар тус тэмдэглэлд тусгагдсан байхад өмгөөлөгч Э.Туулаас амь хохирогчийн өмсөж явсан цамцтай адил төсөөтэй цамцыг ашигласан байна гэдэг нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.  

 

            2. Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Буянбадамыг хүнийг хууль бусаар хорьж хүнд хор уршиг учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд:

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгээс “...нэг хор уршигт хоёр хор уршиг учруулсан гэж зүйлчилсэнийг зөвшөөрөхгүй. Хүнд хор уршиг гэхээр хүний амь нас байна. Иймээс 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийн бүрэлдэхүүнгүй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадамаас “... Байгууллагаас гаргасан журмын 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг саатуулах ажиллагаа явагдсан байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй. О.Буянбадамын амь хохирогчийг малгайнаас нь сагсны шийднээс гогцоолдон уяж байгаа үйлдэл нь хүнийг хууль бусаар хорьсон асуудал болохгүй. ...” гэж тус тус мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч О.Буянбадамын үйлдэлд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй гэж үзлээ.

О.Буянбадамын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх хууль зүйн үндэстэй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бусад зүйл хэсгээр давхар зүйлчлэх үндэслэл тогтоогдоогүй. Нөгөө талаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигаар давхар зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Буянбадамд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар.

Шүүгдэгч О.Буянбадамын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байна. Амь хохирогч Д.Дагвадоржийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн ах Д.Данням нь тогтоогджээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хохирогч нас барсан буюу насанд хүрээгүй, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний насанд хүрсэн гэр бүлийн гишүүн,  төрөл садангийн хүн нь энэ хуульд заасны дагуу байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй” гэж заасан.

Мөн Иргэний хуульд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан.

            Тус хэргийн улмаас амь насаараа хохирсон иргэн Д.Дагвадоржийн төрсөн хүүхдүүд болох Д.Эрдэмдалай, Д.Түвшинбаяр, Д.Болортуяа нараас “аав Д.Дагвадорж нь 15 гаруй жилийн өмнөөс ээж Луунараагаас салж, үүнээс хойш бид тусдаа амьдарсан тул аавын  төрсөн ах Д.Даннямыг талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахад татгалзах зүйлгүй. Талийгаач аав Д.Дагвадоржийн буяны ажлыг Данням ах хийж гүйцэтгэсэн болохоор албан ёсны хохирогчоор оролцох байх...” гэж гэрчээр мэдүүлсэн байх тул иргэн Д.Даннямыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсныг буруутгах боломжгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Данням нь оршуулгын зардалд 14,690,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд  20,000,000 төгрөг нэхэмжилсэн.

Тус гэмт хэрэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ний Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанд гарсан, мөн тухайн өдөр шүүгдэгч О.Буянбадам нь харуулын ажил үүрэг гүйцэтгэж байсан байх тул дээрх байгууллагыг иргэний хариуцагчаар байцаан шийтгэх ажиллагаанд татан оролцуулж, тус компани нь албан бичгээр тус итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Өлзийбаярыг томилж оролцуулжээ.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өлзийбаяраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг төлөхгүй,  оршуулгын зардалд нэхэмжилж байгаа зардлын баримт нь байхгүй байна, нөгөө талаас манай байгууллагаар үйлчлүүлэх гэж орж ирсэн хүний амь насыг хохироогоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “амь хохирогч нь хүний гарт ёс бусаар амь үрэгдсэн тул оршуулахтай холбоотой гарсан зардлын бүх баримтыг устгасан тул өгөх баримт байхгүй байна гэж мэдүүлсэн, харин амь хохирогчийн хүү Д.Эрдэмдалайгийн БНСУ-аас ирж буцсан зардал 1,100,000 төгрөг нэхэмжилсэн талаарх онгоцны тийзийг хэрэгт хавсаргасан, үүнээс өөр баримтыг ирүүлээгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Буянбадамын ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даннямд 7,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг нэхэмжилж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэгт ирүүлсэн байна.

Шүүх өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг байцаан шийтгэх ажиллагааны зардалд  хамааруулж гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1-д “хохирогч өмгөөлөгч авах эрхтэй” талаар заасан.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Данням нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хүний зовиур, шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй ба энэ нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй тул сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Данням нь оршуулгын зардалд нэхэмжилсэн төлбөрийн үлдэх 7,690,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй байна.

 

4.Шүүгдэгч О.Буянбадамын хувийн байдал болон бусад асуудлаар.

 

Шүүгдэгч О.Буянбадам нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй болох нь тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч О.Буянбадамд ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг буюу оршуулгын зардлын зарим хэсгийг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч О.Буянбадамын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж, түүний 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг  түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгч О.Буянбадам нь “тархины төрөлхийн чамархайн уналт” гэсэн онош бүхий өвчтэй талаар хэрэгт баримт авагдсан, энэ талаар түүний эх Д.Тунгалаг гэрчээр мэдүүлсэн, мөн түүнд үзлэг хийсэн эмч Д.Баярмаа гэрчээр мэдүүлсэн байгаа хэдий боловч Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 530 дугаартай дүгнэлтээр О.Буянбадам нь хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэлт гарсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Шүүгдэгч Ж.Энхтайванд холбогдох Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Энхтайваныг хамгаалагч О.Буянбадамд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа “Улаанбаатар төлөөлөгчийн газар”-ын хашаанаас төмөр хулгай хийлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан талийгаач Д.Дагвадоржийг хууль бусаар хорих талаар утсаар үүрэг чиглэл өгч хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсны улмаас бусдад хүнд хор уршиг учруулж хатгагчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд тус үндэслэлээр ялалсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс “... Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж нь шууд санаатай үйлдэл байдаг ба энэ шинж нь Ж.Энхтайванд байхгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг,

-Өмгөөлөгч Б.Тэнгисээс “...Ж.Энхтайван нь байгууллагын дотоод журманд заасны дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Ж.Энхтайванд хүнийг газар дээр нь барьж хорьсон асуудал байхгүй. Харин Ж.Энхтайван нь хулгай хийсэн хүнийг гавлаад дарга нарыг иртэл байлгаж бай гэж хэлсэн. Үүгээрээ хулгай хийсэн хүнийг гавал гэж хэлсэн болохоос гавыг нь Д.Мэнд авч ирсэн байдаг тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж, мэтгэлцсэн.

 

Хүнийг хууль бусаар хорих гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр, объект нь хүний эрх, эрх чөлөө, объектив тал нь хүнийг хууль бусаар хорьж байгаа үйлдэл бөгөөд энэ нь хүнийг орон байранд хорих, түгжих, хүлэх, гадагш явахыг нь хориглож хүч хэрэглэхээр сүрдүүлэх зэрэг чөлөөтэй байхад нь хориг тавьсан ямар ч хэлбэрээр байж болно.

 

Шүүгдэгч Ж.Энхтайван нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар төлөөлөгчийн газарт ээлжийн ахлагчаар ажиллаж байсан байна.

Тухайн гэмт хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ээлжнээс буусан, ажил үүргээ гүйцэтгээгүй байсан байна. Энэ өдөр шүүгдэгч О.Буянбадам хамгаалагчаар ажиллаж байхдаа хамгаалж байсан объектод нь буюу байгууллагын хашаанд нэвтэрч хулгай хийсэн этгээдийг барьсан талаар дээд шатны албан тушаалтанд буюу ээлжийн ахлагч Ж.Энхтайванд мэдээлсэн болох нь гэрч Д.Мэнд, шүүгдэгч О.Буянбадам, Ж.Энхтайван болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн Ж.Энхтайван, О.Буянбадам нарын хоорондоо утсаар ярьсан тухай ярианы бичлэгийг буулгасан тэмдэглэлээс үзвэл Ж.Энхтайвангаас “...наад муу хөгшин чинь цохиул үхийшдээ, наадахаа нөгөө шийднээс хүлчих, ...даргыг ирэхээр шийд гээд, ...худлаа даргаар түрий бариад наадахаа шийдэнд хүлээд өдөржингөө байлгачих. ...” гэсэн үүргийг О.Буянбадамд өгч, О.Буянбадам нь амь хохирогчийг сагсны шийдний шонгоос гарыг нь ард нь гавалсан болох нь тогтоогдсон.

Харин Ж.Энхтайван нь О.Буянбадамд “амь хохирогчийг өмсөж явсан цамцнаас нь уяагаар сагсны шийднээс холбож уях дүүжлэх талаар хэлээгүй, энэхүү үйлдлийг өөрийнхөө санаачилгаар хийсэн талаар шүүгдэгч О.Буянбадам нь мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн.

Нөгөө талаар шүүгдэгч Ж.Энхтайван нь хүнийг хууль бусаар хорих буюу түгжих, хүлэх, гадагш явахыг нь хориглож хүч хэрэглэхээр сүрдүүлэх зэрэг чөлөөтэй байхад нь хориг тавьсан ямар нэг үйлдэл өөрөө хийгээгүй. Мөн шийдэнд гавал гэж хэлснийх нь улмаас хүнд хор уршиг учраагүй. Өөрөөр хэлбэл амь хохирогч түүний хийсэн үйлдлийн улмаас амиа алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь дүүжлэлтийн улмаас амьсгалын зам бүтэж нас барсан тухай дээр дурдсан.

Иймд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж шүүгдэгч Ж.Энхтайванд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Энхтайван нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаадад зорчих эрхийг хязгаарлаагүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Гурав. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц:

-хэрэгт хураагдсан “Самсунг галакси нөөт 3” маркийн гар утсанд бичигдэж хадаглагдсан 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ярианы бичлэгийг Си Ди-нд буулгаж хэрэгт хавсаргахыг тус шүүхийн мэдээлэл технологийн ажилтанд болон шүүгчийн туслахад даалгаж;

- “Самсунг галакси нөөт 3” маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигч О.Буянбадамд буцаан олгох;

-Эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт ирүүлсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын хяналтын камерийн бичлэг бүхий “Dijital Video” төхөөрөмжийг эзэмшигч байгууллагад нь олгох,

-мөнгөлөг цагаан өнгийн дундаа 2 гинжтэй 23 см урттай гарны гав болон цагираган хэлхээтэй 2 ширхэг гавны түлхүүр зэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж,

-ногоон өнгийн нэг талдаа түгжигчтэй нохойны хөтөлгөө уяаг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шүүгдэгч О.Буянбадамын гадаадад зорчих эрхийг хязгаарласныг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 297.6.1, 297.6.2, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Агар овогт Отгонбаатарын Буянбадамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Чойр боржигон овогт Жадамбын Энхтайванд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Энхтайваныг цагаатгасугай.

 

3.Шүүгдэгч Агар овогт Отгонбаатарын Буянбадамыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Отгонбаатарын Буянбадамыг 10 (арав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Буянбадамд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Буянбадамын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон  90 (ер) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

   7.Шүүгдэгч О.Буянбадам нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даннямд оршуулгын зардалд 7,000,000 төгрөг нөхөн  төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даннямын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Данням нь нэхэмжлэлээс үлдэх 7,690,000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар мөнгөлөг цагаан өнгийн дундаа 2 гинжтэй 23 см урттай гарны гав болон цагираган хэлхээтэй 2 ширхэг гавны түлхүүр зэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, ногоон өнгийн нэг талдаа түгжигчтэй нохойны хөтөлгөө уяаг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  

-мөн зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан “Самсунг галакси нөөт 3” маркийн гар утсыг хууль ёсны эзэмшигч О.Буянбадамд, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын хяналтын камерийн бичлэг бүхий “Dijital Video” төхөөрөмжийг эзэмшигч байгууллагад нь тус тус буцаан олгож,

-88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан “Самсунг галакси нөөт 3” маркийн гар утсанд бичигдэж хадгалагдсан 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ярианы бичлэгийг Си Ди-нд буулгаж хэрэгт хавсаргахыг тус шүүхийн мэдээлэл технологийн ажилтанд болон шүүгчийн туслах Д.Ренчинхандад даалгасугай.

 

10.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Энхтайван цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаадад зорчих эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11.Шүүгдэгч О.Буянбадамын гадаадад зорчих эрхийг хязгаарласныг хүчингүй болгосугай.

 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаах шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Буянбадамд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13.Шүүгдэгч Ж.Энхтайванд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Буянбадамд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ж.Энхтайванд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

           

 

                       ШҮҮГЧИД                                                       Г.МӨНХЗУЛ

 

 

                                                                                                Г.ГАНБААТАР 

                                                                                                           

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[2] 2 дугаар хавтаст хэргийн 147 дугаар тал.

[3] 2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал.

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[8] 1 дүгээр хавтаст хэргийн  44-45 дугаар тал.

[9] 2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[10] 1 дүгээр хавтаст хэргийн  49 дүгээр тал.

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар тал.

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал.

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал.

[14] 2 дугаар хавтаст хэргийн 155-157 дугаар тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 112-114 дүгээр тал.

[16] 2 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 106-108 дугаар тал.

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дугаар тал.

[20] 2 дугаар хавтаст хэргийн  9-10 дугаар тал.

[21] 2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар тал.

[22] 2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр тал.

[23] 2 дугаар хавтаст хэргийн 201-203 дугаар тал.

[24] 2 дугаар хавтаст хэргийн 204-207 дугаар тал.

[25] 2 дугаар хавтаст хэргийн 4-5 дугаар тал.

[26] 2 дугаар хавтаст хэргийн 7 дугаар тал.

[27] 2 дугаар хавтаст хэргийн 163-164 дүгээр тал.

[28] 2 дугаар хавтаст хэргийн 197-199 дүгээр тал.

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дугаар тал.

[30] 2 дугаар хавтаст хэргийн 150-151 дүгээр тал.

[31] 1 дүгээр хавтаст  хэргийн 74 дүгээр тал.

[32] 1 дүгээр хавтаст  хэргийн 75 дугаар тал.

[33] 1 дүгээр хавтаст  хэргийн  85-86 дугаар тал.

[34] 2 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар тал.

[35] 1 дүгээр хавтаст хэргийн  64-66 дугаар тал.

[36] 2 дугаар хавтаст хэргийн  17-18 дугаар тал.                                               

[37] 1 дүгээр хавтаст хэргийн  3-9 дүгээр тал.

[38] 1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дугаар тал.

[39] 1 дүгээр хавтаст хэргийн 10-15 дугаар тал.

[40] 1 дүгээр хавтаст хэргийн  22-29 дүгээр тал.

[41] 1 дүгээр хавтаст хэргийн  131 дүгээр тал.

[42] 1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар тал.

[43] 1 дүгээр хавтаст хэргийн  20-21 дүгээр тал.

[44] 1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дүгээр тал.

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 33, 34 дүгээр тал.

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 200-206 дугаар тал.

[47] 1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар тал.

[48] 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар тал.

[49] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[50] 1 дүгээр хавтаст хэргийн  194 дүгээр тал.

[51] 1 дүгээр хавтаст хэргийн  208-220 дугаар тал.

[52] 2 дугаар хавтаст хэргийн  146 дугаар тал.

[53] 1 дүгээр хавтаст хэргийн  225-226 дугаар тал.

[54] 2 дугаар хавтаст хэргийн 218 дугаар тал.

[55] 2 дугаар хавтаст хэргийн 47 дугаар тал.

[56] 2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар тал.

[57] 2 дугаар хавтаст хэргийн 148 дугаар тал.

[58] 2 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр тал.

[59] 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар тал.

[60] 1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар тал.

[61] 1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дүгээр тал.

[62] 2 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[63] 1 дүгээр хавтаст хэргийн  238 дугаар тал.

[64] 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал.

[65] 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[66] 1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр тал.

[67] 1 дүгээр хавтаст хэргийн  125 дугаар тал.

[68] 1 дүгээр хавтаст хэргийн  153-154 дүгээр тал.

[69] 1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дугаар тал.

[70] 1 дүгээр хавтаст хэргийн  157-160 дугаар тал.

[71] 1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал.

[72] 1 дүгээр хавтаст хэргийн 133-142, 182, 185 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 82 дугаар тал.

[73] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[74] 1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар тал.

[75] 1 дүгээр хавтаст хэргийн  124 дүгээр тал.

[76] 1 дүгээр хавтаст хэргийн  132, 176-178 дугаар тал.

[77] 1 дүгээр хавтаст хэргийн 162-174 дүгээр тал.

[78] 1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар тал.

[79] 2 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр тал.

[80] 1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар тал.

[81] 1 дүгээр хавтаст хэргийн 116-118 дугаар тал.

[82] 2 дугаар хавтаст хэргийн 4-5 дугаар тал.

[83] 1 дүгээр хавтаст хэргийн  49 дүгээр тал.

[84] 1 дүгээр хавтаст хэргийн  44-45 дугаар тал.

[85] 1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал.

[86] 1 дүгээр хавтаст хэргийн 41, 147 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр тал.

[87] 1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дугаар тал.

[88] 2 дугаар хавтаст хэргийн 150-151 дүгээр тал.

[89] 1 дүгээр хавтаст хэргийн  3-9 дүгээр тал.

[90] 1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дугаар тал.

[91] 1 дүгээр хавтаст хэргийн 10-15 дугаар тал.

[92] 1 дүгээр хавтаст хэргийн  22-29 дүгээр тал.

[93] 1 дүгээр хавтаст хэргийн  131 дүгээр тал.

[94] 1 дүгээр хавтаст хэргийн 200-206 дугаар тал.

[95] 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар тал.

[96] 1 дүгээр хавтаст хэргийн  225-226 дугаар тал.

[97] 1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар тал.

[98] 1 дүгээр хавтаст хэргийн 68-70 дугаар тал.

[99] 1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал.