Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/03264

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .................... тоотод оршин суух, Х  ургийн овогтой Аийн Ц  /РД:............./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................... өөрийн байранд байрлах, Д ХХК /РД:............/-д холбогдох,

 

2,551,466 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А овогтой Ц  Д ХХК -иас 2,551,466 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. А.Ц 1994 оны 10 дугаар сард Д ХХК -д тасралтгүй 24 жил 11 сар ажиллаад, Монгол улсын нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны .... дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй олгох нөхцөлийн халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод, 25,514,666 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор Д ХХК -ийн захиргаа шийдвэрлэсэн. Энэхүү буцалтгүй тусламжийг А.Ц ын харилцах данс руу шилжихдээ үнийн дүнгийн 10 хувийг суутгасан байсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаардаг. Өөрөөр хэлбэл татвар авах ёсгүй орлогоос татвар авсан. Иймд 10 хувийн суутгал болох 2,551,466 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ц  нь Д ХХК -д 24 жил 11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Өндөр насны тэтгэвэрт гарах үед нь Д ХХК -ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 25,514,666 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжийг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан тэтгэмж бөгөөд 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасан 60 нас хүрээгүй гэх үндэслэлээр ажил олгогч 10 хувийг суутгаж, Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн хамтын гэрээний дагуу олгож байгаа тэтгэмж учир тухай хуульд заасны дагуу мэдсэнээс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.Ц  нь хариуцагч Д  ХХК -иас өндөр насны тэтгэвэр тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж 25,514,666 төгрөг олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувийн суутгал хийж 2,551,466 төгрөг авсан нь хууль бус гэж буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д  ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 сарын 17-ны өдрийн ........дугаартай, Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан Механикийн цехийн өргөх зөөх механизмын кранчин-лифтчин А.Ц ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Эрчим хүчний салбарт ажилласан 24 жил 11 сард ногдох 25,514,666 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Д  ХХК -ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу мөнгөн тэтгэмж олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувь болох 2,551,466 төгрөгийг суутган авсан талаар маргаангүй байна.

 

2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувийн суутгал хийж, татварын албаны дансанд шилжүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс суутгасан татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн нь тэтгэмжээс суутгасан мөнгийг олгохоос татгалзах, төлөхгүй байх үндэслэл болохгүй.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаагүй байх боловч шүүхэд гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Д  ХХК -аас 2,551,466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц од олгох нь зүйлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,....5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55,....5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Д  ХХК -аас 2,551,466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц од олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ц оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,....5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д  ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 55,....5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.