| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/03983/И |
| Дугаар | 102/ШШ2021/03263 |
| Огноо | 2021-11-25 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/03263
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................... тоотод оршин суух, Ө ургийн овогтой Ц Х /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............................. өөрийн байранд байрлах, Д ХХК /РД:........../-д холбогдох,
1,536,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х Д ХХК -иас 1,536,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ц.Х 1992 оны 10 дугаар сард Д ХХК -д тасралтгүй 20 жил ажиллаад, Монгол улсын нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны .... дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй олгох нөхцөлийн халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод, 15,360,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор Д ХХК -ийн захиргаа шийдвэрлэсэн. Энэхүү буцалтгүй тусламжийг Ц.Х гийн харилцах данс руу шилжихдээ үнийн дүнгийн 10 хувийг суутгасан байсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаардаг. Өөрөөр хэлбэл татвар авах ёсгүй орлогоос татвар авсан. Иймд 10 хувийн суутгал болох 1,536,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан боловч буцалтгүй тусламжийн тэтгэмжийн мөнгө нь 2018 оны 11 дүгээр сард орсон. Түүнээс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Авсан даруйд шаардах эрх нь үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээний талууд гээд тодорхой бичсэн. Хөдөлмөрийн гэрээний талууд гэдэгт ажил олгогч, ажилтан хамаарна. Мөн хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас 3 сар гэсэн байгаа. Бидний маргаан хөдөлмөрийн гэрээний харилцаатай хамааралгүй. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д ХХК -ийн даргын тушаал гарч, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Үүнээс хойш үүсэх харилцаа авах ёсгүй тэтгэмжийн мөнгөнөөс хууль зөрчиж татвар авснаараа миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг Иргэний хуулийн ерөнхий ангид заасан 10 жилийн хугацаагаар тооцно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зохицуулалт ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байгаа. Уг хуулийн 42 дугаар зүйлд ажлаас халагдсан тохиолдолд олгох тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хуульчилсан байдаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан мөнгөнөөс татвар авч болохгүй гээд хориглосон заалтыг зөрчиж, Ц.Х гийн эрхийг зөрчсөн гэжээ.
Хариуцагч .......ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Х нь Д ХХК -д 20 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Д -4 ХХК -ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 15,360,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Баянгол дүүргийн татварын албаны дансанд шилжүүлсэн. Учир нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хуульд тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж гэж байгаа. Хуульд тусгайлан заасан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг ойлгоно. Уг тэтгэмжийг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасны дагуу олгохоор заасан ба 60 нас гээд тоо заасан байгаа учир 60 нас хүрээгүй Ц.Х гийн нэг удаагийн тэтгэмжийн 10 хувийг суутгаж, Баянгол дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн хамтын гэрээний дагуу олгож байгаа тэтгэмж учир тухай хуульд заасны дагуу мэдсэнээс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д ХХК -иас өндөр насны тэтгэвэр тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж 15,360,000 төгрөг олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувийн суутгал хийж 1,536,000 төгрөг авсан нь хууль бус гэж буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Д ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 сарын 31-ний өдрийн ..... дугаартай, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан Эрчим зоогийн газрын угаагч-үйлчлэгч Ц.Х гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Эрчим хүчний салбарт ажилласан 20 жилд ногдох 15,360,000 төгрөгийн тэтгэмж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 5,657,700 төгрөгийн халагдсаны тэтгэмжийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Д ХХК -ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу мөнгөн тэтгэмж олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувь болох 1,536,000 төгрөгийг суутган авсан талаар маргаангүй байна.
2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувийн суутгал хийж, татварын албаны дансанд шилжүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс суутгасан татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн нь тэтгэмжээс суутгасан мөнгийг олгохоос татгалзах, төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаагүй байх боловч шүүхэд гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Д ХХК -аас 1,536,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х д олгох нь зүйлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК -аас 1,536,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Х гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 39,525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.