Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2021/03002

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....................................... давхарт байрлах, Э ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................... тоотод байрлах Г ХХК /РД:............./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 3,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С ,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Э ХХК нь Г ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ..................... хотхоны гадна талд нэг ширхэг, нэг талт Light Вох /сурталчилгааны Г  самбар/ хийлгүүлэхээр тохирч гэрээний төлбөрт 3,520,000 төгрөг төлсөн ба Г ХХК нь гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Г  самбарыг хүлээлгэн өгөх байсан боловч хугацаа хожимдуулж 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгсөн. 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тухайн Г  самбар нь хүрээгээрээ салж, түүнийг бэхэлж тогтоосон никел төмөр дээд хэсгээрээ хугарч, улмаар хулдаас нь бүрэн хууларч унасан байсныг мэдсэн. Тухайн үед хатуу хөл хорионы үе таарч манай байгууллага үйл ажиллагаа явуулаагүй байсан тул гүйцэтгэгч байгууллагад мэдэгдэж чадаагүй бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэгч байгууллагын менежер Х.У / фэсбүүк цахим хаягаар эвдэрч гэмтсэн самбарын зургийг явуулан гэрээнд заасан баталгаат хугацааны дотор уг самбар нь эвдэрч гэмтсэн тул засварлах арга хэмжээ авч өгөхийг хүсэхэд гүйцэтгэгч байгууллагаас хүн ирж хууларч гэмтсэн хулдаасан самбарыг авч явсан боловч өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ хийж өгөөгүй байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн самбарын гэрлүүд нь шатсан, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш огт асаагүй бөгөөд энэ талаар гүйцэтгэгч байгууллагад мэдэгдсэн боловч үзлэг, засвар хийж арга хэмжээ авч өгөөгүй болно. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 'Г           ХХХ-иас албан тоот ирүүлж эвдэрсэн Г  самбарыг гүйцэтгэгч талаас засварлах боломжгүй самбарын гэрлүүд шатсан нь танай хотхоны гэрлийн хэлбэлзлээс үүдэлтэй салхи шороо шуурганы улмаас учирсан гэмтлийг хариуцахгүй гэдгээ илэрхийлсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 2.3 дахь хэсэгт Г  самбарын баталгаат хугацаа 6 сар байхаар талууд тохиролцсон ба дээрх гэмтэл нь баталгаат хугацааны дотор үүссэн. Монгол Улсын Иргэний хуулийн 352.2.2-д доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гүйцэтгэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, самбарыг сэргээн засварлах боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул бид М ХХК-тай 2021 онь 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулан 3,667,950 төгрөгийн өртөг бүхий Г  самбарыг дахин хийлгүүлсэн. Иймд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Г ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 3,520,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Э ХХК 2020 оны 10 сарын 09-ний өдөр Г ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг ............... хороонд байрлах өөрийн эмнэлгийн байгууллагын гаднах хаяг, рекламын самбар Лайт бокс хийлгэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээний нөхцөлд 2020 оны 10 сарын 19-ний өдрийн дотор манай Лайт боксыг 6 сарын баталгаат хугацаатайгаар 3,620,000 төгрөгөөр хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр тохирсон. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагад хүлээлгэж өгсөн. Манайх хүлээж авснаас 3 хоногийн дараа Г  самбарын гэрлүүд ажиллахаа больсон. Тухайн үед гэрээн дээр компанийг төлөөлөн гарын үсэг зурж, төлөөлөн харьцаж байсан н.У гэдэг хүнтэй фейсбүүк, утсаар, мессежээр хэд хэдэн удаа харилцаж, гэрэл нь ажиллахаа больсон гэдэг гомдлын шаардлагаа гаргасан. Энэ хугацаанд 3 удаа, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хөл хорио тавигдсаны маргааш уг Г  самбарын хулдаас, хүрээ зэрэг нь эвдэрсэн, урагдсан байдалтай байсан. Энэ талаар манайхаас Г ХХК-ийн төлөөлөгч Уд мэдэгдээд, удаа дараа засварлаж өгнө үү гэдгийг мессеж, фейсбүүк, утсаар мэдэгдэж байсан. Тухайн үедээ ирээд зөвхөн гадна талын урагдсан хулдаасыг хурааж аваад явсан. Түүнээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй учраас манайхаас 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Г ХХК-д албан бичгээр гомдлын шаардлагаа хүргэсэн. Үүнээс хойш тодорхой арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь уг ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байгаа учраас уг доголдлыг засуулахаар удаа дараа шаардлагаа хүргүүлсэн ч ямар ч арга хэмжээ аваагүй учраас 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр У ХХК-тай дахин гэрээ байгуулж уг самбарын суурин дээр шинээр 3,667,000 төгрөгөөр самбараа байршуулсан. Г ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч Г ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э ХХК-нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллагатай Г  самбар /Суртачилгааны Г  самбар/ хийх гэрээ байгуулж гэрээний дагуу стандартын дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн болно. Захиалагч байгууллагаас манай хийсэн Г  самбар бидний буруугаас болсон, баталгаат хугацаандаа эвдэрсэн, энэ хугацаанд засварлаж өгсөнгүй тул гэрээг ноцтой зөрчсөн гэж үзээд мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Самбарыг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүрээгээрээ салж бэхэлж тогтоосон никел төмөр дээд хэсгээрээ хугарч, улмаар хулдаас нь бүрэн хууларч унасныг мэдсэн гэх. Бид реклам сурталчилгааны самбар Г эй хаягнуудыг ижил стандартаар хийсээр ирсэн. Захиалагч байгууллага нь баталгаат хугацаанд бидний зүгээс шалтгаалаагүй үүссэн гэмтлийг стандартын дагуу бус ур чадваргүй хийсэн гэж буруу дүгнэсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг мэргэжлийн бус хүмүүсийн өөрт таалагдаагүй дүгнэлтээр нотлогдохгүй юм. Нэхэмжлэлд гаргаж өгсөн Г  самбар салсан эвдэрсэн байдлыг харахад хүний гараар салгасан байж болзошгүй байгааг харлаа. Бидний зүгээс Г  самбар хийгээд удаагүй биш ажлын 20 жилийн туршлага байгаа бөгөөд ийм тохиолдолд хавар намрын улиралд салхи шороо зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас байшингийн дээвэр хүртэл салж унах тохиолдол гардаг. Э ххк нь нэг л удаа албан тоотоор бидэнд Шаардлага хүргүүлсэн бөгөөд засвар үйлчилгээ хийх үнийн санал гаргаж өгье хэрэв танайх зөвшөөрсөн тохиолдолд гэдгээ мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэгч тал доголдлыг арилгуулахдаа бүхэлд нь хийсэн ажлыг үгүйсгэж бүтэн мөнгөө нэхсэн байгаа . Мөн ажил хүлээлцэн өгсөнөөс хойш хэзээ доголдол гарсан түүнийг ямар хүчин зүйлээс болсоныг нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс Э ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэгт: ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь гэрээт ажлын үр дүн. Нэхэмжлэгч тухайн ажлын үр дүнг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүрэн хүлээж авсан. Харин доголдол илэрсэн учир ажил гүйцэтгэх гэрээг цуцалъя, төлбөрт өгсөн бүх төлбөрөө буюу 3,520,000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжлэлийн агуулгаа тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэл алга. Энэ гэрээ хэрэгжээд дууссан. Баталгаат хугацаанд ямар нэгэн доголдол илрээгүй гэж үзэж байгаа. Доголдол илэрсэн гэдгийг нэхэмжлэгч нотлох баримтаа шаардлага хангасан хүрээнд нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй, мөн өнөөдрийг хүртэл шүүх хуралдаанд гаргаж өгсөнгүй. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр чанарын баталгаат хугацаа гүйцэтгэгч гэм буруутай үйл ажиллагаа, эсхүл тухайн самбарыг хэвийн горимоор ажиллуулахад учирсан доголдол арилгахад чиглэсэн талаар зохицуулсан. Гэтэл захиалагчийн өгсөн захиалгын дагуу ажлыг гүйцэтгэсэн, гэрээний ард бүх материалын үнийн дүнг жагсааж бичсэн, захиалагч тал хүлээн зөвшөөрөөд энэ ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл тухайн самбарыг гэрээн дээрх шаардлагын дагуу ашиглах үүргээ өөрсдөө гүйцэтгээгүй, самбарыг худалдаж авсан өмчлөгч нь өөрөө цаашид шаардлагын дагуу ашиглах, арчлах үүрэг нь өмчлөгчид шилжсэн. Доголдол гээд байгаа нь өндөр хүчдэлээс шалтгаалаад гэрэл нь шатсан ч юм уу, хулгана урчихлаа гэдгийг нотолж чадаагүй гэж үзэж байна. Хүн буулгаад тавьсан юм уу, эсхүл гэрэл нь асаж унтраад байгаа үгүйг энд авагдсан баримтаас харахад нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч өөрөө доголдол арилсан тохиолдолд баталгаат хугацаандаа мэдэгдээд түүнийгээ нэмэлт төлбөр гаргаж, Г ХХК-иар хийлгэх гэрээтэй, хуульд мөн энэ талаар заасан. Г ХХК-ийн захирал тайлбарлаж хэлсэн. Зардал гарах учраас зардлаа төлбөл засаж өгье гэснээс үүргээ гүйцэтгээгүй асуудал биш. Захиалагч бол сонгосон загвараа захиалах боломжтой байсан, ажлыг үр дүнтэй нь захиалагч өөрөө хүлээгээд авсан. Хүлээж авах үүрэг нь захиалагчид өөрт нь байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй. Маргаад байгаа энэ хүлээн авсан, тооцоо хийсэн, доголдол үүссэн үйл баримтыг тодруулахгүйгээр гэрээний төлбөрийг буцаан шаардах эрхгүй юм. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийг зөрчсөн, гүйцэтгэсэн ажил нь ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хуулийн хүрээнд гаргаж өгнө. 6 сарын дотор гаргаж өгнө. Уг хугацаа өнгөрснөөс хойш нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа, Уд мэдэгдсэн гэсэн. У нь манайд ажилладаггүй хүн байсан. Ажилладаг эсэхийг нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй. Мөн доголдол үүссэн нөхцөлөөс болж тодруулж, баримтжуулахгүйгээр нэгэнт хийгдсэн гэрээний зүйлийн төлбөрийг буцаан шаардах эрхгүй юм. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 350.2.1, 350.2.2 дах зүйлд зааснаар үр дүнтэй холбоотой доголдол гарсан, тогтоогдсон хугацаанд арилгуулах, хэрвээ арилгаж өгөөгүй бол холбогдсон зардал буюу самбарыг засан сайжруулсан зардлаа нэхэмжлэх эрхтэй болохоос дууссан гэрээний гүйцэтгэлээс татгалзана гэж байхгүй. Гэрээ дуусгавар болох, татгалзах гэдэг нь өөр өөр ойлголт. Гэрээ дууссан байхад цуцална гэдэг нь үргэлжилж байгаа түрээсийн гэрээ, цаг хугацаатай гэрээнүүдийг цааш нь үргэлжлүүлэхгүй цуцалъя гэж өөр агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэтэл доголдлыг дууссан гэрээн дээр буцааж гэрээ цуцална гэсэн эрх зүйн ойлголт байхгүй. Ийм учраас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 350.2.1, 350.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа буруу ойлгож шаардлага гаргасан тул ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд гүйцэтгэгч талын буруугаас болсон гэдгийг нотолсон баримт байхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажил гүйцэтгэх гэрээний ард байгаа үнийн дүнг хавсралтаар авсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар шинээр хийсэн гэдэг нь бүх юмыг шинэчилж эсвэл тэнд байхгүй өөр газраас шинэ самбар нэхээд байх шиг байна. Тайлбартаа суурин дээр нь суурилуулсан гэж ярьсан. Г  самбар гэдэг чинь төмөр суурь нь хамгийн үнэтэй. Гэрэл шатсан гэсэн. Бид нар лампын үйлдвэрлэгч биш, үйлдвэрлэгчийн доголдлыг гүйцэтгэлийн гэрээгээр угсарч байгаа хүмүүс хариуцах үүрэг хүлээхгүй. Ийм нөхцөлөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 3,520,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Хариуцагч хийсэн Г  самбараа 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа Г  самбарын гэрэл нь ажиллахгүй болсон. 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хөл хорио тавигдаад очиход гадна хүрээ эвдэрч, UV хэвлэл урагдсан байсан. Эвдрэлүүд нь баталгаат засварын хугацааны дотор гарсан учир засварлуулах хүсэлт тавьсан боловч засварлаж өгөхөөс татгалзсан. Иймээс М ХХК-иар Г  самбар хийлгэж, эвдэрсэн Г  самбарын суурийн дээр байрлуулсан. Хариуцагчид төлсөн ажлын хөлс төлсөн 3,520,000 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...гэрээнд заасан баталгаат хугацаа дууссанаас хойш гэмтэл гарсан, гарсан гэмтэл нь юунаас болсон нь тодорхойгүй, Г  самбарын гэрлийн ажиллагааг манайх хариуцахгүй гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Г ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу хариуцагч нь ........................... нэг ширхэг нэг талт Light box /Г  самбар/-ыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор хийж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлс 3,520,000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө 1,760,000 төгрөгийг, ажил гүйцэтгэж дууссаны дараа үлдэх 1,760,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Талууд хүсэл зоригийнхоо дагуу ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан зохицуулалтад хамаарах, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Зохигчид Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалсан Г  самбарыг хийж гүйцэтгэн, ..........................хотхонд суурилуулан хүлээлгэн өгч, төлбөр 3,520,000 төгрөг төлөгдсөн, Г  самбар эвдэрсэн учир хариуцагч талаас ажиллахгүй болсон гэрэл, гадна хүрээ, UV хэвлэл зэргийг авч явсан тухайд маргаагүй.

 

Шүүх хуралдаанд зохигчид Г  самбарыг баталгаат хугацаа болох 6 сарын дотор гарсан талаар маргасан. Хариуцагч нь Г  самбарын эвдрэлийг засах тухай нэхэмжлэгчийн хүсэлтэд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариу албан бичиг хүргүүлсэн, Г  самбарыг төлбөртэй засварлах боломжтойг мэдэгдэж, самбарын эвдэрсэн хэсгийг авч явсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т ...гэрээнд чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан. Г  самбар гомдлын шаардлага гаргах хугацаанд ердийн нөхцөлд зориулалтаар ашиглах боломжгүй болж эвдэрсэн нь тогтоогдож байна.

 

Хариуцагч доголдлыг өөрийн зардлаар арилгахаас татгалзсан учир нэхэмжлэгч М ХХК-иар Г  өөр Г  самбар буюу биет үсэг бүхий самбар хийлгэсэн болох нь Э ХХК, М ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Г  самбар, биет үсгийн ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрт 3,667,950 төгрөг төлсөн баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 19-21 дүгээр тал/

 

Хариуцагч нь гэрээний дагуу Г  самбарыг хийж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 352.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж заасны дагуу мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь доголдлыг арилгуулахаар хариуцагчид шаардлага гаргасан боловч засварлахаас татгалзсан учир М ХХК-иар биет үсэг бүхий өөр Г  самбар хийлгэж, хариуцагчаас хийсэн суурь рам /гадна төрмө/, PVS хавтан дээр байрлуулжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаар хийлгэсэн Г  самбарын рам төмөр, PVC хавтан, будаг, бетон зуурмаг зэргээс бусад эд зүйлийн үнэд төлсөн төлбөрийг учирсан хохиролд тооцож /гэрээнд тусгасан үнийн дүнгээр UV хэвлэл 480,000 төгрөг, Чиптэй лед гэрэл 360,000 төгрөг, трасформатар 110,000 төгрөг, цахилгааны утас 80,000 төгрөг, цагийн релэй 19,500 төгрөг, ажлын хөлс 600,000 төгрөг, тээвэр 300,000 төгрөг/ 1,949,500 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Г ХХК-иас 1,949,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,570,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,142 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343,1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Г ХХК-иас 1,949,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах болон 1,570,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 46,142 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.