| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/03342/И |
| Дугаар | 102/ШШ2021/02935 |
| Огноо | 2021-11-11 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/02935
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................................ тоотод оршин суух, Б ургийн овогтой С.Х /РД:....................../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах, Д ХХК /РД:…............../-д холбогдох,
2,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 60 нас хүрсэн учир 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. 2021 онд цуг ажиллаж байсан П.Ц миний тэтгэвэрт гарсан 26,800,000 төгрөгөөс 10 хувийн татвар авахгүй байна гэх ойлголтыг авсан. Баянгол дүүргийн татварын хэлтсээс асуухад, ийм мөнгө аваагүй гэсэн. 26,800,000 төгрөгөөс 10 хувийн суутгаж авсан тул 2,680,000 төгрөгийг Д ХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дулааны 4 дүгээр цахилгаан станц ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Х 1958 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, Д ХХК -д нийт 37 жил, 3 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 ны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ..... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Мөн байгууллагын Д ХХК -ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-т заасны дагуу С.Х гийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож, нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын албаны дансанд шилжүүлсэн. Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Д ХХК -иас өндөр насны тэтгэвэр тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувийн суутгал хийж 2,680,000 төгрөг авсан нь хууль бус гэж буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 10 хувийн суутгал хийж авсан 2,688,000 төгрөгийг татварын албанд шилжүүлсэн тул хариуцахгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Д ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 02-ны өдрийн ...... дугаартай, Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж, ажил хүлээлцэх хугацааны олговор олгох тухай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан Нийгэм ахуйн хэлтсийн ариун цэвэр, гоо зүй, ахуйн үйлчилгээний мэргэжилтэн С.Х гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Эрчим хүчний салбарт ажилласан 35 жилд ногдох 26,880,000 төгрөгийн тэтгэмж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 7,438,959 төгрөгийн халагдсаны тэтгэмжийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Д ХХК -ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу мөнгөн тэтгэмж 26,880,000 төгрөг олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувь болох 2,688,000 төгрөгийг суутган авч, 24,192,000 төгрөгийг С.Х гийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд шилжүүлсэн байна. Зохигч энэ талаар маргаагүй байна.
2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувийн 2,688,000 төгрөгийн суутгал хийж, татварын албаны дансанд шилжүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.
Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй, эсхүл уг хугацаанд гомдол гаргах боломжгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол нэхэмжлэгчийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч С.Х д Д ХХК -иас Эрчим хүчний салбарт ажилласан 35 жилд ногдох 26,880,000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, мөнгөн тэтгэмж 26,880,000 төгрөгөөс 2,688,000 төгрөгийг суутган авч, 24,192,000 төгрөгийг шилжүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацаанд гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгосон тул уг тушаалыг нэхэмжлэгч мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй.
Иймд хариуцагч Д ХХК -аас 2,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Х гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК -аас 2,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Х гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Х гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.