| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/0701/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/804 |
| Огноо | 2025-03-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/804
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өлзийдүүрэн,
улсын яллагч Д.Түмэнжаргал,
шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408039410109 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********нь 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарам хэсэгт хохирогч *********рүү шилэн аяга шидэж нүүрэнд нь онон эрүүл мэндэд “зүүн хацар ясны нум, зүүн хоншоор ясны урд хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 145,000 төгрөг шилжүүлсэн. Харамсаж байна” гэв.
Эрүүгийн 2408039410109 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч *********: “2024 оны 02 сарын 12 өдөр би Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, 361 гарам хэсэгт *********хашаанд байсан чинь *********, ********* хоёр хоорондоо муудалцаад байхаар нь би “больцгоо” гээд хэлэхэд үгийн зөрүү байхгүй ********* над руу ширээн дээр байсан шилэн аяга /стакан/ шидсэн нь миний зүүн талын шанаа хэсэгт онож хамраас их хэмжээний цус гарч, шанаа, нүд хавдаж, хацар хэсэг халцарсан. Гэмтлийн эмнэлэг болон “Лазер мед” эмнэлэгт үзүүлэхэд шанааны яс хугаралтай гэж байсан. Тэр үед *********, түүний ээж гуйгаад эмчилгээний зардлыг өгнө гээд байхаар нь цагдаад хандаагүй. Надтай ********* холбогдоогүй, эмнэлгийн 1.500.000 төгрөгийн зардал гарсныг өгөхгүй байгаа тул цагдаад өргөдөл бичиж өгсөн. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 17 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.10.07-ны өдрийн 13164 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ********* биед зүүн хацар ясны нум, зүүн хоншоор ясны урд хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 33-35 дахь тал),
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дүгнэлтийн хуудас (хх-38), “Лазер мед” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ (хх-39), дүрс оношилгооны шинжилгээний хариу (хх-40), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх-47), хохирлын баримтууд (хх-60-63), хохирогчийн “Миний бие сэтгэцэд учирсан гэмтэл байхгүй...” гэх хүсэлт (хх-108),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-53), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-44), шийтгэх тогтоолын хуулбар (хх-87-92), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай “*********нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 138 цагийн ялыг 2024.11.15-ны өдрийн 20 дугаар шүүгчийн захирамжаар 17 хоногоор хорих ялаар шийтгүүлсэн...” тогтоол (хх-94), дансны хуулга (хх-111-143) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч *********150,000 төгрөг шилжүүлсэн гэх дансны гүйлгээний 2 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********нь 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарам хэсэгт шалтгаангүйгээр хохирогч ********* нүүрэн тус газарт шилэн аяга шидэж эрүүл мэндэд “зүүн хацар ясны нум, зүүн хоншоор ясны урд хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй гэсэн, баримтаар нэхэмжилсэн 150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,154,000 төгрөгийг гаргуулах саналтай” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********нь 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гарам хэсэгт хохирогч *********рүү шилэн аяга шидэж нүүрэнд нь онон эрүүл мэндэд “зүүн хацар ясны нум, зүүн хоншоор ясны урд хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ********* “...********* над руу ширээн дээр байсан шилэн аяга шидсэн нь миний зүүн талын шанаа хэсэгт онож хамраас их хэмжээний цус гарч, шанаа, нүд хавдаж, хацар хэсэг халцарсан...” гэх мэдүүлэг (хх-13-14, 17), шүүх эмнэлгийн 13164 дүгээр “1. ********* биед зүүн хацар ясны нум, зүүн хоншоор ясны урд хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-33-35) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*********ын хохирогч *********рүү шилэн аяга шидэж нүүрэнд нь онон хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ********* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 250,000 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шатахууны 100,000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, 150,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч завсарлага аван 150,000 төгрөгийг төлж барагдуулсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хохирогч *********гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Улсын яллагчийн хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан 1,154,000 төгрөгийг шүүгдэгч Б.*********аас гаргуулах тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй. Хавтаст хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан 1,154,000 төгрөгийн төлбөрийн баримт авагдсан боловч холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул улсын яллагчийг дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй, түүнчлэн хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэл гаргаагүй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ажлын байран дээр шүүгдэгчийг бусадтай маргалдаж байхад нь хохирогч “Боль” гэсний төлөө шилэн аяга шидэж онон хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон хохирлын 150,000 төгрөгийг төлсөн), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажил, орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“****” угаалгад ажилладаг, цалинтай)-ийг харгалзан шүүгдэгч *********700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********овогт *********ийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********700,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч ********* нэхэмжлэлийн шаардлагаас “Шатахууны зардал 100,000 төгрөг гаргуулах” хэсгийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР