Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/02833

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: .............................. тоотод оршин суух, Д ургийн овогтой Ц Г /РД:........4/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...................................... тоотод оршин суух Ө ургийн овогтой О М /РД: ...................../-д холбогдох,

 

18,338,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэрэнпүрэв овогтой Г миний бие 2018 оны 07 дугаар сарын 05 ны өдөр бэлнээр 10,000,000 төгрөгийг О.Мд 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн юм. Зээлийн хүүг сар бүрийн 5-ны өдөр өгч зээлсэн нийт мөнгийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгнө гэж тохиролцсон юм. Гэвч О.М нь өнөөдрийг хүртэл үндсэн төлбөр 10,000,000 төгрөг болон хүү 6,830,000 төгрөгийг огт төлөөгүй байна. Мөн О.М нь хоол хүнсний мөнгө 150,000 төгрөг, тийзний мөнгө 850,000 төгрөг, визэнд орох мөнгө 508,000 төгрөгийг нэмж тус тус зээлж авсан юм. Иймд О.Маас 18,338,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би сар бүр хүүг нь төлж байна. 4 дансны хуулганы ард хүүг нь бичсэн байгаа. Солонгосоос ирэхээсээ өмнө 238,000 төгрөгөөр надад юм захиулж авч байсан. Солонгосоос ирээд 2 хүн рүү тус бүр 50,000 төгрөг хийлгэсэн нь 2018 оны хуулга дээр байгаа. Онгоцны билетийн мөнгө 854,800 төгрөгийг ...................... тоот данс руу 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлж байсан. 2019 онд 4,200,000 төгрөгийн хүү төлөхөөс 850,000 төгрөгийг 01 дүгээр сар 250,000 төгрөг, 03 дугаар сард 350,000 төгрөг, 05 дугаар сард 250,000 төгрөгөөр буюу 3 удаагийн төлөлтөөр төлсөн. 2019 онд 1,500,000 төгрөгийг цувуулж 5 удаа авсан, Анх гаргасан нэхэмжлэлийг хуулийн зөвлөгөө өгдөг газраар бичүүлж байсан. Их мөнгө нэхэмжилж болдоггүй, сүүлд нь дахиад дансны хуулгаар нэхэмжлэл өгдөг. Өргөдлийг товч тодорхой бичих ёстой гэж зөвлөсөн. 2019, 2020 оны хүү төлөлт 6,000,000 төгрөгөөс илүү байгаа. 2019 онд 4,200,000 төгрөгөөс 850,000 төгрөгийн хүү төлсөн. 2020 онд 4,200,000 төгрөгийн хүүгээс 2,700,000 төгрөг төлөөд, 1,500,000 төгрөгийг төлөөгүй. 2021 оны 10 дугаар сар хүртэл 3,500,000 төгрөг төлөхөөс 1,050,000 төгрөг төлөөд, би 2,450,000 төгрөг төлсөн байна. 2018 онд 1, 2 сарын хүү над дээр гарч ирнэ. Дансанд байршуулах маягаар 10,000,000 төгрөгийг аваад, буцааж өгч байсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.Мын хувьд иргэн Ц.Гээс зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөг авсан гэдэг дээр маргаагүй. Нэхэмжлэлд дурдагдсан хоол хүнсний мөнгө 150,000 төгрөг, тийзийн мөнгө 850,000 төгрөг, визэнд орох 508,000 төгрөгийг тус тус авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 10,000,000 төгрөг дээр 6,830,000 төгрөгийн хүүгийн асуудлыг нэхэмжлэлдээ тусгасан байна. Хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэж үзэж байна. О.Мын хувьд 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 5,350,000 төгрөгийг төлсөн нь хариуцагч талаас гаргаж өгсөн Хаан банкны лавлагаагаар тодорхой харагдана. Нэхэмжлэгч Ц.Гийн данс руу шилжүүлсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Гагцхүү 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3,5 хувийн хүү дээр маргаагүй хэдий ч зээлийн гэрээ 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байгуулагдсан. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хүү нэхэмжлээд байгаа боловч хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагч О.М 3 сарын хугацааны хүү төлөх ёстой. Гэрээний 2.6 дахь хэсэгт талууд харилцан тохиролцоод анз, алданги тохиролцоогүй. 3 сарын хүүг төлөөд, илүү төлөлт нь зээлийн үндсэн төлөлт болох ёстой байтал О.М огт мөнгө төлөөгүй, үндсэн зээлийн төлөлт хийгдээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь хуулийг ойлгохгүй байна. Түүнчлэн хүнээс мөнгө авсан тул буцааж төлөх ёстой. Хариуцагч О.М уг мөнгийг буцааж төлөх байр суурьтай байгаа хэдий ч нэхэмжилж байгаа мөнгөн дүн хууль бус, хэт өндөр байна. 10,000,000 төгрөгийн асуудал нь Солонгос улс руу эмчилгээний журмаар виз гаргана гэж Солонгос улсын иргэн Монгол улсын 100 гаруй иргэдээс их хэмжээний мөнгө залилаад явсан. Хохирогч нараас зарим нь Монгол улсын шүүх, цагдаагийн байгууллагад хандаад явж байгаа. Солонгос улсын иргэн тул төвөгтэй байдалтай байна. Бусдад мөнгөө залилуулаад хүнд байдалд орсон, хамгийн сүүлд 10 дугаар сард 350,000 төгрөг төлсөн. Хүүгээ төлсөн, үндсэн төлбөрийг сар болгон төлөөд явж байгаа

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч О.Маас 18,338,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч О.М нь намайг н.Б гаас 10,000,000 төгрөг зээлүүлж, түүнд сард 350,000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч зээл 10,000,000 төгрөг төлөөгүй, сарын хүү төлөхөө больсноос надад 6,830,000 төгрөгийн хохирол учирсан. Мөн надаас хоолны мөнгө 150,000 төгрөг, тийзний мөнгө 850,000 төгрөг, визэнд орох мөнгө 508,000 төгрөгийг авсан тул буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Нэхэмжлэлийн шаардлагаас хоолны мөнгө 150,000 төгрөг, тийзний мөнгө 850,000 төгрөг, визэнд орох мөнгө 508,000 төгрөгийг зээлж авсан тул төлөхийг зөвшөөрч байна. Харин 10,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авахаар тохирч гэрээ байгуулсан. Зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 5,350,000 төгрөгийг төлсөн. Үүнээс зээлийн гэрээнд заасны дагуу 3 сарын хүү 1,200,000 төгрөгийг хасаж үлдэх 4,150,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулна гэх тайлбарыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч О.М нар 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээгээр 10,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцжээ. Зохигч шүүх хуралдаанд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулах болсон шалтгааныг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр бэлнээр шилжүүлснээ баталгаажуулж, зээл, зээлийн хүү төлөх хугацааг тохирч гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр бэлнээр шилжүүлсэн, талууд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүсэл зоригийнхоо дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байх тул уг гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч О.М нар нь Хаан банк ХХК-ийн 5914111505 тоот дансны хамтран эзэмшигч, хариуцагч О.М нь Хаан банк ХХК-ийн 5913054523 тоот данс эзэмшигч байх бөгөөд дээрх хоёр дансны хооронд shiljuuleg, baraa avah, s, une, buteegdehuuni une, zeel зэрэг утгатай гүйлгээгээр 2021 оны 08 сарын 10-нд 350,000 төгрөг, 21 оны 06 сарын 10-нд 350,000, төгрөг, 2020 оны 11сарын 17-нд 250,000 төгрөг, 2020 оны 09сарын 11-нд 350,000 төгрөг, 2020 оны 08 сарын 20-нд 350,000, төгрөг, 2020 оны 07 сарын 10-нд 350,000 төгрөг, 2020 оны 06 сарын 10-нд 350,000 төгрөг, 2020 оны 03 сарын 10-нд 350,000 төгрөг, 2020 оны 02 сарын 13-нд 150,000 төгрөг, 2020 оны 02 сарын 07-нд 200,000 төгрөг, 2020 оны 01 сарын 16-нд 150,000 төгрөг, 2019 оны 03 сарын 04-нд 350,000 төгрөг шилжүүлсэн байна. Дээрх дансны хуулга, зохигчдын тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчид 10,000,0000 төгрөгийн зээлийн хүүг гэрээнд заасны дагуу 3 сарын хугацаанд 400,000 төгрөгөөр, харилцан тохиролцсоны дагуу сар бүр 350,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон нь нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлийн гэрээнд хүү тохирсон бол гэрээг бичгээр байгуулах бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан бол хэтэрсэн хугацааны хүүг зээлдүүлэгч шаардах эрхгүй. Мөн зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү төлөхийг зөвшөөрч төлсөн бол уг хүүг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас харилцан тохиролцсоны дагуу сар бүр 350,000 төгрөгийн хүү төлөх үүргээ биелүүлээгүйгээс н.Б д 6,830,000 төгрөгийн хүү төлж хохирсон хохирол гаргуулахаар шаардсан байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч О.Мтай харилцан тохиролцсоны дагуу н.Б гаас 10,000,000 төгрөг зээлж авсан, нэхэмжлэгчид 6,830,000 төгрөгийн хохирол учирсан, хариуцагч нь нэхэмжлэгчид зээл 10,000,000 төгрөгөөс буцаан төлсөн болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч О.Маас хоолны мөнгө 150,000 төгрөг, тийзний мөнгө 850,000 төгрөг, визэнд орох мөнгө 508,000 төгрөг, зээл 10,000,000 төгрөг нийт 11,508,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,830,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.Маас 11,508,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,830,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,640 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Маас 199,078 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.