Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 242

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Л.Батгэрэл,

шүүгдэгч Ц.Лхагважав,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан  хуралдаанаар: 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бортог овгийн Цэнд-Аюушийн Лхагважавт холбогдох эрүүгийн 2017 2400 0153 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн А-1 танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бортон овогт Цэнд-Аюушийн Лхагважав Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ахуйн ослоор S24 оношоор сээрний түвшинд нугас ба мэдрэл гэмтсэн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувь тогтоогдсон, ам бүл 3, эхнэр, 11 настай хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47-р гудамжны 49 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

1. 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 109 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 25,000 төгрөгийн торгох ял,

2. 2000 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 185 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

3. 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 128 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т  зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн (РД:ПЗ80030611).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Ц.Лхагважав нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монгол зоог” цайны газрын урд талын замд “Toyota Fun Cargo” маркийн 53-34 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн:

-2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна:

а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”;

-2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ;

а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”,

- 7.10-д заасан “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.

Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ  /эсвэл хөвөө/-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө,  

-Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 6 дугаар хэсгийн 6.11 “Тахир дутуу хүн” - 5.15 тэмдэг бүхий зогсоол нь зөвхөн “Тахир дутуу хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Ц.Баянмөнхийн жолоодон явсан “Hyundai Sonata-6” маркийн 43-31 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 698.000 төгрөгийн хохирол учруулсан осол гаргаад,

улмаар мөн дүрмийн “2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай  цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин ослын газраас зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Лхагважав:  

Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Эрүүгийн 2017 2400 0153 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар баримтууд.

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд:

 

2.Гэрч Э.Баянмөнхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед байх, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн “Х.Соната 6” маркийн 43-31 ДАР дугаартай автомашинтайгаа явж байгаад, хуучин 22-ын товчоо жаахан өнгөрөөд ойролцоогоор 60-70 км/цаг хурдтай 2-р эгнээгээр явж байтал 1-р эгнээнд зогсож байсан суудлын автомашин гэнэт зүүн гар тийшээ буцаж эргэх үйлдэл хийсэн. Тэр автомашиныг хараад тормос гишгээд зугтааж зүүн гар тийшээгээ дараад, сигнал дараад байхад тэр чигээрээ эргээд миний автомашины баруун хажуунаас мөргөчихсөн. Тэгээд тэр чигээрээ зогсолгүй цаашаа яваад айлын хашаанд ороод зогсохоор нь би явганаар тэр айл руу ортол жолооч эрэгтэй машин дотроо сууж байхаар нь “яаж байгаа бэ” гэхэд, “чи харин яаж байгаа юм бэ” гээд өөдөөс хэрэлдсэн. Тэгэхээр нь би өөрийн утаснаас 102 уруу залгаж ослын талаар мэдээллэж байхад тэр хүн машинаа асаагаад зугтаад яваад өгсөн. Буцаад хэргийн газар дээр ирэхэд цагдаа ирээд, хэмжилт хийсэн. Би тэр цагдаад осол гаргасан жолоочийн машины дугаарыг хэлж өгсөн. Нилээн хэд хоногийн дараа цагдаа тэр хүнийг барьсан гэж хэлж байсан. Би машиндаа Дархан-Уул аймгаас замын хүмүүс суулгаад явж байсан. Хүн болгон хамгаалах бүстэй явж байсан. Тухайн үед хэн нэгэнд гэмтэл учраагүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж зорчигч нар надад хэлж байсан. Тэр хүмүүс Дархан-Уул аймгаас сууж ирсэн. Тэр хүмүүсийг танихгүй. Би 60-70 км цаг хурдтай явж байсан нь үнэн. Тэр хүн ганцаараа явж байсан. Осол гаргаад зугтаагаад явахаар нь араас нь явганаар гүйгээд 150 метр орчим яваад, айлын хашаа уруу араас нь ороход машиндаа ганцаараа сууж байсан. Тэгэхээр нь жолооч дээр очиход, амнаас нь архи үнэртэж байсан. Мөн яриа нь согтуу хүний яриагаар хэл ам нь ээдрээд байсан. ...” гэх мэдүүлэг [1],

 

3. түүний иргэний нэхэмжлэгчээр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...3 зорчигчтой явж байсан. Гэмтэж бэртээгүй. Миний машин зээлийн барьцаанд байдаг. Автомашины баруун хоёр хаалга, багана, урд крыло хагарсан. Миний автомашинд учруулсан хохирлын мөнгийг төлчихвөл гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг [2],

 

4.Гэрч Я.Отгонцэцэгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 02 дугаар сарын эхээр байх, өдрийг санахгүй байна. Өдрийн 13 цагийн үед манай нөхрийн найз Лхагважав машинтайгаа ирсэн. Тухайн үед манай нөхөр урьд өдөр ажлынхантайгаа архи уугаад ирчихсэн гэртээ хэвтэж байсан. Лхагважавыг манай нөхөр дэлгүүр ороод нэг шил архи аваад өгөөч, бие өвөөд байна гэсэн. Манайхаас хүнсний дэлгүүр хүртэл 100 метр байдаг. Тэгээд Лхагважав манай хашаанаас машинаа унаад дэлгүүр явсан. 30 хүрэхгүй минутын дараа Лхагважав хүний машин мөргөчихлөө гээд машинтайгаа хүрээд ирсэн. Мөн араас нь удаагүй мөргүүлсэн машины жолооч гээд эрэгтэй хүн явган хүрээд ирсэн. ...Машинаа мөргүүлсэн хүн уурлаад цагдаа дуудна гээд утсаар ярьж байхад, Лхагважав машинаасаа буугаагүй байсан. Тэгтэл Лхагважав машинтайгаа ганцаараа яваад өгсөн. Тэр хүн цагдаад мэдэгдээд, дуудлагын дагуу нэг цагдаа ирээд, Лхагважав хаана байдаг, утас, хэн хэнтэй байдаг талаар асуусан. ...Ирэхдээ архи дарс хэрэглээгүй, эрүүл байсан. Манай нөхөр архи уумаар байна гээд түүнийг архинд явуулчихсан. Тэр ...үнэмлэхгүй байсандаа явсан байж магадгүй байх, сайн мэдэхгүй байна. Манай нөхөр, Лхагважав хоёр нэг нутгийн багын найзууд байгаа юм. Би нөхөртэйгөө гэр бүл болсноос хойш Лхагважавыг мэднэ. Манайхаар ирдэг. Тэрээр айлд оччихоод, буцах замдаа манайхаар ирж байна гэж хэлж байсан. Лхагважавын зан ааш нь их гайгүй, даруухан дуу муутай, хүнд гэмгүй хүн. ...” гэх мэдүүлэг [3],

 

5.Гэрч Н.Төртогтохын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед би өөрийн 79-94 гэсэн дугаартай автомашинтайгаа Эмээлтэд явж байгаад дугуй хагараад, янзлах гэтэл надад запас дугуй, данхраад байхгүй байхаар нь найз Лхагважавыг гар утсаар дуудаад дугуй, данхраад аваад ирээч гэсэн. Манай найз над дээр 12 цагийн үед ирж дугуй, данхраад авчирч өгчихөөд яваад өгсөн. Тэгтэл хэд хоногийн дараа түүнтэй гар утсаар ярихад, тэр өдөр надаас салж яваад осол гаргасан гэж сонссон. Тэр машинаа ганцаараа бариад явж байсан. Надад архи уусан зүйл мэдэгдээгүй. Надад дугуй, данхраад авчирч өгчихөөд яваад өгсөн. Лхагважав бид хоёр нэг нутгийнх багаасаа найзлаж өссөн. Миний найз хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй. Одоогоос хэдэн жилийн өмнө барилга дээр ажиллаж байгаад нугасандаа гэмтэл аваад түүнээс хойш суугаа болсон. Манай найз хааяа архи уудаг, гэхдээ машин бариад архи ууж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [4],

 

6.Ц.Лхагважавын сэжигтнээр 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2003 онд Багануур дүүрэгт хувь хүний барилга дээр ажиллаж байхад нуруу дээр битон хавтан унаад, нуруунд гэмтэл аваад, түүнээс хойш суугаа болсон. Тоуоtа Fun саrgо маркийн 53-34 УНМ дугаартай автомашиныг 2017 оны 01 дүгээр сард Даваасүрэн гэж хүнээс 3,000,000 төгрөгөнд худалдаж авсан. Өөрөө тусгай гар ажиллагаа буюу гар удирлаганд хааз, тормосыг оруулж унаж байсан. Надад жолооны үнэмлэх байхгүй. Урьд үнэмлэхгүй байхдаа машин барьж явдаг байсан. Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Хуучин 22-н товчооны постны хажууд байдаг найз Баатархүүгийн гэрээс ганцаараа гараад, дэлгүүр орох гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хотын төв уруу явж байгаад буцаж эргэх гээд дохиогоо өгөөд зогсож байтал хөлийн шөрмөс татаад, хаазны уяаг чангалаад, машин хөдлөөд, өөдөөс ирж байсан автомашиныг мөргөсөн. Тэгээд мөргүүлсэн машины жолоочтой уулзалгүй, тэр чигтээ зугтаад, найзынхаа хашаа уруу машинтайгаа ортол, араас мөргүүлсэн машины жолооч эрэгтэй ирсэн. Тэр залуутай би тохиролцъё гэхэд “үгүй, цагдаа дуудна, гээд утсаараа цагдаа дуудахаар нь жолооны үнэмлэхгүй болохоор айгаад, машинтайгаа зугтаад, гэртээ очсон. Тусгай жолооны курс байдгийг мэднэ. Санхүүгийн боломжгүй болоод жолооны курсэд суугаагүй. Өөрийн хэрэгцээндээ уг автомашиныг унадаг. Осол болох үед найздаа дэлгүүрээс нэг шил архи авч өгөх гээд явж байсан. Би өөрөө архи уугаагүй байсан. Хэргийн газраас зугтааж болохгүй гэдгийг мэднэ. Миний автомашин тусгай тахир дутуу хүн жолоодох зориулалтай автомашин биш юм. Би өөрөө гар ажиллагаанд оруулсан. ...” гэх мэдүүлэг [5],

- яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, Эмээлтэд байсан найз Төртогтох руугаа өөрийн “Тоуоtа Fun саrgо” маркийн 53-34 УНМ дугаартай автомашинаар оччихоод, буцах замдаа өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Хуучин 22-н товчооны постны хажууд байдаг, найз Баатархүүгийнд очсон. Намайг очиход тэр урьд өдөр нь архи уучихаад, үхэх гээд байна, шар тайлах ганц юм аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь тэдний гэрээс ганцаараа гараад, дэлгүүр орох гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хотын төв рүү 1-р эгнээгээр явж байгаад зүүн гар тийшээ дараад эргэтэл чигээрээ явж байсан автомашинтай мөргөлдсөн. Би тэр машиныг хол зайтай явж байхаар нь амжаад эргээд орчих байх гэж бодоод эргэчихсэн. Тэгтэл тэр машинтай мөргөлдөөд зогссон. Тэр машины жолооч эрэгтэй буугаад ирэхэд нь “уучлаарай, тохиролцоод салъя” гэхэд, “үгүй цагдаа дуудна” гэхээр нь жолооны үнэмлэх байхгүй болохоор айгаад машинаа унаад, найзынх уруугаа зугтаасан. Араас нөгөө жолооч явган ирээд, “яагаад зугтаж байгаа юм бэ гэж загнаад, цагдаа дуудчихсан байгаа” гэхээр нь айсандаа тэр чигтээ машинтайгаа зугтаад яваад өгсөн. Мөн адил би цагдаад юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан. Хөлийн шөрмөс татсан гэж худлаа хэлсэн юм. Би жолоочийн  хажуу талын толинд харахад ойролцоогоор 100 орчим метрийн зайд тэр машин ирж байхаар нь гайгүй байх гэж бодоод эргэчихсэн. Тахир дутуу хүний тусгай жолооны курс байдгийг мэднэ, жолооны курсэд сууж амжаагүй байсан. Би 2009 оноос хойш автомашин жолоодож байгаа, үнэмлэх авалгүй машин барьж байсан нь миний буруу. Би хохирогч залуутай тохиролцоод 500,000 төгрөг 2017 оны 05 сарын 01-ний өдөр өгөхөөр болсон ...” гэх мэдүүлэг [6],

 

7. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн  шинжээчдийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтэд:

“...Цэнд-Аюуш овогтой Лхагважавын эзэмшлийн Тоуота маркийн Fun Саrgо загварын, шаргал өнгөтэй, Япон Улсад 1999 онд үйлдвэрлэсэн, 5334УНМ улсын, NCP200010484 арлын дугаартай, баруун гар талдаа жолооны хүрдтэй, энгийн их гэрэлтэй, суудлын автомашиныг ...шалгаж үзэхэд автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд буфер баруун гар талын хэсэгтээ хагарч цоорч будаг нь нилэнхүйдээ халцарсан, урд их гэрэл тогтоогч нүүр хуниралдаж будаг нь халцарсан, баруун гар талын гэрэл зүүн өнцөгтөө хагарч сууриараа доошоо болж гажсан, урд капот хонхойж будаг нь ховхорч цоожлогч түгжээг нь гагнасан байдалтай боловч бүрэн хаагдахгүй гажсан, хөргөлтийн радиатор бэхлэгч хөндлөвч дотогш чихэгдэж хөргөлтийн сэнсний гаднах хамгаалалт нь хагарсан, урд салхины шил баруун гар талын булангаараа цуурсан, баруун гар талын жолоочийн арын хаалга онгойхгүй, урд шил арчигч, дуут дохио ажиллахгүй, урд хоёр оврын гэрлийн чийдэн, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэн, зүүн ба баруун гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй, хянах самбар дээр АВS, Сhеск еngine, ослын дэрний гэрлүүд ассан, урд босоо тэнцүүлэгч, хөндлөн татуурганууд нь хөдөлгөөн орсон, тоормосны системийн хөл ажиллагааг зориулалтын бус гар аргаар өөрчилсөн зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Мөн тахир дутуу хүн таних тэмдэг /ЗХХД-6.11/, дагалдах хэрэгслийн иж бүрдэл (галын хор, ослын гурвалжин тэмдэг, эмийн сан)-гүй байв.

Уг автомашиныг ...тоормос шалгагч тоног төхөөрөмж ашиглан шалгаж үзэхэд ...зогсоолын тоормос зогсоогүй. ...Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 6.000сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0.000сd (стандарт 10.000-250.000 сd) буюу гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан. Мөн зүүн ба баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан. Урд босоо тэнцүүлэгч, хөндлөн татуурганууд холхио орсон.

...Урд ба хойд дугуйн тоормос, зогсоолын тоормос, их гэрлийн хол ба ойрын гэрлийн тусгал, хойд тэнхлэгт тавигдсан дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байна.

Автомашиныг ...тэнхлэг шалгагч тоног төхөөрөмж ашиглан шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 4.9мм, ...Тоормосны дөрөөн дээр хөлөөрөө гишгэж шалгахад тормос зогсож байсан. Зогсоолын тоормос зогсоогүй. ...гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан. Мөн зүүн ба баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, …урд босоо тэнцүүлэгч, хөндлөн татуурганууд холхио орсон байна. Баруун гар талын хойд дугуйны хээний гүний хэмжээ ...стандартын шаардлага хангахгүй байна.

Автомашины урд буфер баруун гар талын хэсэгтээ хагарч, цоорч будаг нь нилэнхүйдээ халцарсан, урд их гэрэл тогтоогч нүүр хуниралдаж будаг нь халцарсан, баруун гар талын их гэрэл зүүн өнцөгтөө хагарч сууриараа доошоо болж гажсан, урд капот хонхойж будаг нь ховхорч цоожлогч түгжээг нь гагнасан байдалтай боловч бүрэн хаагдахгүй гажсан, хөргөлтийн радиатор бэхлэгч хөндлөвч дотогш чихэгдэж хөргөлтийн сэнсний гаднах хамгаалалт нь хагарсан зэрэг эвдрэл, гэмтлүүд нь ослын хойно үүссэн байж болно.

Харин урд салхины шил баруун гар талын булангаараа цуурсан, баруун гар талын жолоочийн арын хаалга онгойхгүй, урд шил арчигч, дуут дохио ажиллахгүй, урд хоёр оврын гэрлийн чийдэн, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэн, зүүн ба баруун гар талын тормосны гэрлийн чийдэн асахгүй, хянах самбар дээр АВS, Сhеск enginе, ослын дэрний гэрлүүд ассан, урд босоо тэнцүүлэгч, хөндлөн татуурганууд нь хөдөлгөөн орсон зэрэг эвдрэл, гэмтлүүд нь ослын өмнө буюу ашиглалтын явцад үүссэн байж болно. Мөн зүүн ба баруун гар талын хойд дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартад заагдсанаас бага байсан, урд болон хойд дугуйнуудын тоормос барихгүй, зогсоолын тоормос шаардлага хангахгүй байсан нь ослын өмнө үүссэн байж болно. Зүүн ба баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь ослын өмнө эсхүл хойно хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй. Дээрхи эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол гарахаас өмнө эсхүл хойно хэдийд үүссэнийг бид нарийн тодорхойлох боломжгүй. Ослоос өмнө үүссэн байж болох автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн эвдрэл гэмтлүүд нь осолд нөлөөлөөгүй байж болно. Ер нь тоормос барихгүй, дугуй элэгдсэн зэрэг эвдрэл гэмтэлтэй ямар ч автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд тоормосны замыг уртасгах, автомашиныг найдвартай зогсоох боломжгүй байдлаар жолоочид хүндрэл учруулж болно. Энэ автомашины тоормос барихгүй, дугуй элэгдсэн зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг бид тогтоох боломжгүй. Уг автомашин нь АВS бүхий шингэн дамжуулгын тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр тоормосыг шалгахад гар ажиллагаанд оруулсан нь зогсоогүй. Мөн шинжээчийн ур чадвараар зам дээр жолоодлого хийж шалгахад АВS нь ажиллахгүй, ажлын болон зогсоолын тоормос зогсоогүй. Автомашины АВS тоормосны систем ажиллахгүй тохиолдолд ердийн шингэн удирдлагатай тоормосны системээр ажилладаг тул тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ. Уг автомашин нь тулгуур хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж үйлдвэрлэгдсэн автомашин биш байна. Эзэмшигч нь хувиараа автомашины хааз, тоормосыг ажиллагаанд шилжүүлсэн нь зориулалтын дагуу тоноглоогүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тээврийн хэрэгслийг тоноглох угсарахад тавигдах МУ-ын стандарт, мэргэжлийн хяналтын газрын зөвшөөрөл, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд тавигдсан заалт байхгүй. Уг автомашины тоормосны системийг гар ажиллагаанд оруулан тоноглосон  нь зориулалтын байгууллагаар бус, хувиараа хийгдсэнээс тоног төхөөрөмж дээр шалгахад зогсохгүй байсан тул осол гарахад нөлөөлөх магадлалтай. /Шинжээч Авто тээврийн зөвлөх инженер Н.Алтанхуяг, авто тээврийн мэргэшсэн инженер Ж.Алтанцэцэг, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Ганбат/ ...” гэсэн дүгнэлт [7],

 

8.Техникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 171 тоот дүгнэлтийн:

“...1. “Тоуоtа Fun саrgо” маркийн 53-34 УНМ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Ц.Лхагважав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;”,

2.3-д зааснаар “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

-Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”,

“2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;”,

“в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;”

“2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”

-7.10. Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.

Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ (эсвэл хөвөө)-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.", “ Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 6.11-д “Тахир дутуу хүн” - 5.15 тэмдэг бүхий зогсоол нь зөвхөн “Тахир дутуу хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Hyundai sоnаtа-6 маркийн 43-31 ДАР дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Ц.Баянмөнх нь 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

Мөн хавтаст хэрэгт авагдсан автомашины тоормосны мөрөөр хурдыг тодорхойлоход 91.5 км цагийн хурдтай явж байсан байна.

4.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдалаас нөлөөлөөгүй байна. /Цагдаагийн ахмад Б.Батзориг/...” гэсэн дүгнэлт [8],

 

9.2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл [9], Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг, гэрэл зураг,

 

10.2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Тоуоtа Fun саrgо” маркийн 53-34 УНМ дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, автомашины гэрэл зураг, [10], “Вендо” ХХК-ны авто машин техникийн үнэлгээний тайлан [11], Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас [12], тээврийн хэрэгслийн лавлагаа [13],

11.Дуудлагын лавлагааны хуудас [14], Хохирол хүлээлгэн өгсөн тухай баримт [15],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

12.Гэрч Ц.Янжиндуламын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Ц.Лхагважавын төрсөн дүү нь юмаа. Бид нар эхээс наймуулаа, аав Цэнд Аюуш, ээж Бямбажав нар Ц.Лхагважавтай нэг хашаанд амьдардаг. Миний ах төлөв даруухан зантай, хүнд тусархуу ...” гэх мэдүүлэг [16],

 

13.Шүүгдэгч Ц.Лхагважавын иргэний үнэмлэхийн лавлагаа [17],  түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [18], Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  1999 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 109, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаар тус тус таслан шийдвэрлэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [19],

 

14.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт [20], Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрах тухай гэрээ [21] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан тус хэргийг хянан шийвэрлэсэн болно.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ц.Лхагважав нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монгол зоог” цайны газрын урд талын замд “Toyota Fun Cargo” маркийн 53-34 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

-2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна:

а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”;

2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ;

а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”,

-7.10-д заасан “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.

Зорчих хэсэг дээр зүүн гар талын захаас буцаж эргэх боломжгүй бол баруун гар талын эгнээ  /эсвэл хөвөө/-нээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэргэлдээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө,

-Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 6.11-д заасан “Тахир дутуу хүн”, -5.15 тэмдэг бүхий зогсоол нь зөвхөн “Тахир дутуу хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Баянмөнхийн жолоодон явсан “Hyundai Sonata-6” маркийн 43-31 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 698.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж улмаар,

-мөн Замын хөдөлгөөний дүрмийн “2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ”: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай  цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин ослын газраас зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-гэрч Ц.Баянмөнхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед, ...Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өөрийн “Х.Соната 6” маркийн 43-31 ДАР дугаартай автомашинтайгаа явж байгаад, хуучин 22-н товчоо жаахан өнгөрөөд ойролцоогоор 60-70 км/цаг хурдтай 2-р эгнээгээр явж байтал 1-р эгнээнд зогсож байсан суудлын автомашин гэнэт зүүн гар тийшээ буцаж эргэх үйлдэл хийсэн. Тэр автомашиныг хараад тормос гишгээд зугтааж зүүн гар тийшээгээ дараад, сигнал дараад байхад тэр чигээрээ эргээд миний автомашины баруун хажуунаас мөргөчихсөн. Тэгээд тэр чигээрээ зогсолгүй цаашаа яваад айлын хашаанд ороод зогсохоор нь би явганаар тэр айл руу ортол жолооч эрэгтэй машин дотроо сууж байхаар нь яаж байгаа бэ гэхэд, чи харин яаж байгаа юм бэ гээд өөдөөс хэрэлдсэн. Тэгэхээр нь би өөрийн утаснаас 102 уруу залгаж ослын талаар мэдээллэж байхад тэр хүн машинаа асаагаад зугтаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг [22], түүний иргэний нэхэмжлэгчээр  мэдүүлсэн мэдүүлэг [23],

-гэрч Я.Отгонцэцэгийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 02 дугаар сарын эхээр байх,  өдрийн 13 цагийн үед манай нөхрийн найз Лхагважав машинтайгаа ирсэн. ...Лхагважавыг манай нөхөр дэлгүүр ороод нэг шил архи аваад өгөөч, бие өвөөд байна гэсэн. ...Лхагважав манай хашаанаас машинаа унаад дэлгүүр явсан. ...30 хүрэхгүй минутын дараа Лхагважав хүний машин мөргөчихлөө гээд машинтайгаа хүрээд ирсэн. Мөн араас нь удаагүй мөргүүлсэн машины жолооч гээд эрэгтэй хүн явган хүрч ирээд уурлаад цагдаа дуудна гээд утсаар ярьж байхад, Лхагважав машинаасаа буугаагүй байсан. Тэгтэл Лхагважав машинтайгаа ганцаараа яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг [24],

-гэрч Н.Төртогтохын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед би өөрийн 79-94 гэсэн дугаартай автомашинтайгаа Эмээлтэд явж байгаад дугуй хагараад, янзлах гэтэл запас дугуй, данхраад байхгүй, найз Лхагважавыг гар утсаар дуудаад, манай найз над дээр 12 цагийн үед ирж дугуй, данхраад авчирч өгчихөөд явсан. ...хэд хоногийн дараа түүнтэй гар утсаар ярихад, тэр өдөр надаас салж яваад осол гаргасан гэж сонссон. ...” гэх мэдүүлэг [25],

-Ц.Лхагважавын сэжигтнээр 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [26],  яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн “...ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хотын төв рүү 1-р эгнээгээр явж байгаад зүүн гар тийшээ дараад эргэтэл чигээрээ явж байсан автомашинтай мөргөлдсөн. Би тэр машиныг хол зайтай явж байхаар нь амжаад эргээд орчих байх гэж бодоод эргэчихсэн. Тэгтэл тэр машинтай мөргөлдөөд зогссон. Тэр машины жолооч эрэгтэй буугаад ирэхэд нь “уучлаарай, тохиролцоод салъя” гэхэд, үгүй цагдаа дуудна гэхээр нь жолооны үнэмлэх байхгүй болохоор айгаад машинаа унаад, найзынх уруугаа зугтаасан. Араас нөгөө жолооч явган ирээд, “яагаад зугтаж байгаа юм бэ гэж загнаад, цагдаа дуудчихсан байгаа” гэхээр нь айсандаа тэр чигтээ машинтайгаа зугтаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг [27],

* “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн  шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт [28], Техникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 171 тоот дүгнэлт [29],

-2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл [30], Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг, гэрэл зураг, “Вендо” ХХК-ны авто машин техникийн үнэлгээний тайлан [31], Дуудлагын лавлагааны хуудас [32] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Лхагважав нь гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Ц.Лхагважав нь ахуйн ослоор S24 оношоор сээрний түвшинд нугас ба мэдрэл гэмтсэн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувь тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь 2002 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгосон бөгөөд үүнээс хойш 7 жил тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмэнд заасны дагуу жолоодох эрхийн үнэмлэхгүй, тахир дутуу иргэний таних тэмдэгийг тээврийн хэрэгсэлд байрлуулаагүй, улмаар өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн хааз, тоормосыг гар ажиллагаанд шилжүүлсэн нь зориулалтын дагуу тоноглогдоогүй буюу тахир дутуу иргэнд зориулагдсан зориулалтаар тоноглогдоогүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тус зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болох нь холбогдох байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Нөгөө талаас Ц.Лхагважав нь зам тээврийн осол гаргаж, тус хэргийн газраас зугтаасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Ц.Лхагважавыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж  зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ц.Баянмөнхийн эзэмшлийн “Хюьндай Сонота-6” маркийн 43-31 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан байх ба “Вендо” хөрөнгийн үнэлгээний компани нь шууд хохирлыг 550,000 төгрөгөөр, шууд бус хохирлыг 148,000 төгрөгөөр, нийт 698,000 төгрөгөөр тогтоосон байна.  

Мөрдөн байцаалтад 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний нэхэмжлэгч Ц.Баянмөнх нь шүүгдэгч Ц.Лхагважаваас автомашины эвдрэл хохирлын төлбөрт 500,000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Лхагважавыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгч Ц.Лхагважав нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар алдсан улмаас Сүхбаатар дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь түүнийг асрах гэрээг иргэн Ц.Цэвэгсүрэнтэй 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр хүлээсэн үүргээ асрагч  Ц.Цэвэгсүрэн биелүүлээгүй байна.

Шүүхээс иргэний нэхэмжлэгч Ц.Баянмөнхөд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч нөхөн төлж арилгасан байгаа учраас шүүгдэгч Ц.Лхагважавын асрамжлагч Ц.Цэвэгсүрэнг  иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй хэдий боловч Ц.Лхагважавын асрагч Ц.Цэвэгсүрэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгааг холбогдох байгууллагад тус тогтоолыг хүргүүлж мэдэгдэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Ц.Лхагважав нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэргээр 3 удаагийн ял шийтгэлтэй байх ба хамгийн сүүлд 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ял шийтгүүлсэн байх ба, хуульд зааснаар ялгүй болсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Лхагважавт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгасан буюу иргэний нэхэмжлэгч Ц.Баянмөнхөд 500,000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч Ц.Лхагважавын хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал, гэм хорын хохирлыг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Ц.Лхагважав нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бортон овгийн Цэнд-Аюушийн Лхагважавыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цэнд-Аюушийн Лхагважавыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лхагважавт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Ц.Лхагважав нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, иргэний нэхэмжлэгч Ц.Баянмөнхөд төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдаж, шийтгэх тогтоолыг Сүхбаатар дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлсүгэй.

 

5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Лхагважавт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн  цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Лхагважавт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Лхагважавт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 66 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 37-42 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 57 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 3 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 88 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 95 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 106 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 73 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 79-80, 81-82, 102-104  дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 83  дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 84 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 66 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 37-42 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 57 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 3 дугаар тал

[31] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[32] Хавтаст хэргийн 95 дугаар тал.