Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

 

 

 

П.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00146 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч П.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “В ББСБ” ХХК-д холбогдох

 

"Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх олговрыг ажлаас халсан өдөр болох 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах" тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               Н.П

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                         Б.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                  Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                  Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

П.А- би 2007 оны 4 дүгээр сард "В" ББСБ-ын Хэнтий аймгийн салбарт нягтлан бодогчоор томилогдон 11 жил ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй сайн ажиллаж байсан учраас Хэнтий аймаг дахь салбарын эрхлэгчээр томилогдсон. 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар-3 салбарт нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан ба тус салбарт нийт 8 ажилтан ажилладаг байсан. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төв оффисоос намайг дуудаад танай салбарыг татан буулгаж байгаа гэж хэлээд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд нягтлан бодогч болон салбарын захирлын сул орон тоо зарлагдсан байсан тул би 2 албан тушаалд хоёуланд нь бичгээр хүсэлт өгсөн боловч намайг томилоогүй тус ажлын байрны шаардлага хангаагүй хүнийг томилсон байсан. Салбар татан буугдсан, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Учир нь манай салбарт ажиллаж байсан найман албан хаагчаас ганцхан намайг шилжүүлэн томилоогүй, өөр салбарт сул орон тоо байсаар байтал ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Миний хувьд ажлаас халсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас тухайн ажлын байранд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн шаардлагыг шүүхэд гаргасан. Ажилгүй байсан хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 2 сар 16 хоног ажилгүй байсан бөгөөд сарын үндсэн цалин 900 000 төгрөг, нийт 2 266 981 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “В ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"В ББСБ” ХХК нь олон жил үргэлжилсэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөлийг даван туулахын тулд бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэхүү өөрчлөлтөөр П.А-ын ажиллаж байсан Улаанбаатар хотын 3 дугаар салбар татан буугдаж байгууллагын хэмжээнд Салбарын нягтлан бодогчийн орон тоо цөөрсөн. Энэхүү үйл явцыг "В ББСБ" ХХК нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн. П.А-ын ажиллаж байсан Улаанбаатар 3 салбар нь татан буугдсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгэгдсэн. Мөн манай байгууллагад дахин Салбарын нягтлан бодогчийн албан тушаал бий болоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цомхтгол хуулийн дагуу хийгдсэн. Уг бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Улаанбаатар хотын гурван салбарыг татан буулгах, төв оффисын хэмжээнд 7-8 ажлын байрыг цомхтгох үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч П.А-ын ажиллаж байсан Улаанбаатар-3 салбар бол татан буугдсан. Нийт байгууллагын хэмжээнд 2018 онд нягтлан бодогчийн орон тоо хоёроор буурсны нэг нь П.А-ын ажиллаж байсан Улаанбаатар-3 салбарын нягтлан бодогчийн орон тоо байсан юм. Дараагийн тайлбарлах зүйл нь бол цомхтголоор гарсан хүнд дараа нь нээлттэй зарлагдсан ажлын байрыг заавал санал болгох гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй. Иймээс шинээр зарлагдсан ажлын байрыг байгууллагын дотоод журмын дагуу зохион байгуулж гаргасан бөгөөд энэ ажлын байранд П.А- өрсөлдсөн байгаа. Эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой аргагүй байдлаар ажлын байрыг цомхотгосон. Бид хуульд заасны дагуу 45 хоногийн өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч П.А-т хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Налайх салбарын нягтлан бодогчийн ажлын зар 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зарлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, П.А-т мэдэгдэл өгсний дараа зарлагдсан байгаа. Нэгэнт мэдэгдэл өгөөд дараа нь зарлагдсан учраас хөдөлмөрийн дотоод журмын дагуу заавал өрсөлдөөнд орох шаардлага үүссэн. Бид хуучин ажилтнаа аль болох авах гэж хичээсэн гэдэг нь түүний хийсэн цомхтголын үйл ажиллагаа үндэслэлгүй болсон гэж үзэх үндэслэл, нотлох баримт болохгүй юм. Бид П.А-ыг ажлаас халагдсанд гомдолтой байгаа тухай сонсоод удахгүй дахиад орон тоо гарах гэж байгаа та ирээд уулз гэж хэлсэн боловч ирээгүй. Мөн өмнөх хуралд дээр ч ажлын байр санал болгосон. Энэ ажлын байр нь П.А-ын өмнө нь ажиллаж байснаас 200 000 төгрөгөөр илүү өндөр цалинтай ажил байсан. Шүүх хуралдаан дээр 900 000 төгрөгийн цалинтай байсан бол төв оффист 1 100 000 төгрөгийн цалинтай ажилд оруулах тухай санал гаргаж байсан байхад зөвхөн өөрийг нь гадуурхаж ажлаас халчихлаа гэж үздэг. Мөн нэхэмжлэлд 2 ойлгомжгүй зүйл байна. Ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж байгаа. Татан буугдаад байхгүй болсон салбарт яаж ажилд орох юм бэ, бүх тушаал, шийдвэр нь гараад улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад боломжгүй гэмээр байна. Тухайн салбарт байсан орон тоо байхгүй болсон байхад уг албан тушаалд эгүүлэн томилох юм бэ, Налайх салбар дээр өөр хүн орсон байхад тэр хүнийг гаргаад эгүүлэн томилох ёстой юм уу, нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө биелэгдэх боломжгүй хэцүү шаардлага байна. Өмгөөлөгчийн хэлсэн зүйл дээр тайлбар хийхэд 2018 оны 09 дүгээр сарын 20-нд өгсөн энэ мэдэгдэл, тушаал 2 зөрсөн гэж байгаа. Гэвч өгүүлбэрийн утга нь нягтлан бодогчийн тоог цөөрүүлж байгаа гэж тодорхой байгаа. Мэдэгдэл дээр нийт салбарын нягтлан бодогчдын тоог цөөрүүлж байгаа гэж байгаа. Харин тушаал дээр нь татан буугдсан газарт буюу Улаанбаатар-3 салбар дахь орон тоо хасагдаж байгаа гэдэг талаас бичсэн байгаа. Салбараа татан буулгаж байж цаашдаа үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн хэцүү байдлаас гарах боломж олдсон болохоор салбарыг татан буулгасан асуудал үндэслэлтэй хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч "В ББСБ" ХХК-д холбогдох, "Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан "нягтлан бодогч" албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх олговорт ажлаас халсан өдөр болох 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах" тухай нэхэмжлэгч П.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.А- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн гэж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч П.А- давж заалдах гомдолдоо:

... Шүүх хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй гэж үзэж байна. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэлдээ ажил хүлээлцэх хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөр тасалбар болгохоор хугацаа заасан байдаг бөгөөд уг хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөн дараа нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус тус нягтлан бодогчийн сул орон тоонд нээлттэй ажлын байр зарласан байдаг. Гэтэл "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "орон тоо хасагдсан" гэх үндэслэлээр ажлаас халсан нь дээрх нягтлан бодогчийн ажлын байранд дахин ажилтан авахаар зарлал гаргаж байгаа нь тухайн орон тоо хасагдсан гэх үндэслэл үгүйсгэгдсээр байхад шүүх дүгнэхдээ тухайн салбар "татан буугдсан"-аар нягтлан бодогчийн орон тоо хасагдсан гэж дүгнэсэн нь буруу юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан үндэслэл байсаар байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралд гаргасан тайлбартаа “Тус Улаанбаатар 3 салбарт нийт 8 ажилтан ажилладаг байснаас зөвхөн П.А-ыг ажлаас халсан” гэсэн байдаг. Ажил олгогчийн тус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бусад 7 ажилтанд давуу байдал олгосныг хууль ёсны мэт дүгнэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд ажил олгогч нь Монгол улсын хуулийг дагаж мөрдөн үйл ажиллагаа явуулах үүрэгтэйн хувьд тус салбар нь татан буугдаж орон тоо нь хасагдсан 8 ажилтанд тэгш байдлаар хандаж бүгдийг нь ажлаас чөлөөлөх, эсвэл бүгдийг нь шилжүүлэн томилох үүрэгтэй байсныг тогтоож Монгол улсын иргэн хэн боловч ажил хөдөлмөр эрхлэхдээ ч "эрх тэгш" байх зарчмыг баримтлан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч П.А- нь хариуцагч “В ББСБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “В ББСБ” ХХК-ийн УБ-3 салбар татан буугдсан гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч “В ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Е18/11/30 тоот тушаалаар салбарын нягтлан бодогчийн ажилтай П.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42, 43 дугаар зүйлүүдийг үндэслэсэн байна.

 

Хэрэгт авагдсан "В ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 18/100/17 дугаар тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ... Улаанбаатар-3 салбарыг татан буулгаж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10 дугаар тушаалаар "В ББСБ" ХХК-ийн Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Улаанбаатар-3 салбарын зөвшөөрлийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон байна.  /хх-ийн 30, 32 дугаар тал/

 

            Мөн ажил олгогч 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Налайх салбарт захирлын албан тушаал, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр салбарын нягтлан бодогчийн албан тушаал, төв албанд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр санхүүгийн зохицуулагч албан тушаалыг тус тус зарласан, тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явагдсан байна.

/хх-ийн 46 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.А- ажиллаж байсан УБ-3 салбар татан буугдсан болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон байх тул ажил олгогч байгууллагын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Е18/11/30 тоот тушаал нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан бөгөөд “В ББСБ” ХХК нь нэхэмжлэгч П.А-ыг ажлаас халахын өмнө болон дараа нь сонгон шалгаруулалт зарласан байгаагаас үзэхэд ажил олгогч байгууллагад нягтлан бодогчийн орон тоо дахин бий болсон гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримт тогтоогдсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасны дагуу орон тоо хасагдсан гэж заасан байгаа боловч тухайн заалтад мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг бүхэлд нь иш татсан агуулгатай байх тул уг заалтад салбар татан буугдсан буюу ажилтны ажлаас чөлөөлөх болсон нөхцлийг хамарсан гэж үзэх юм.

 

            Иймд нэхэмжлэгч П.А-ыг урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2 266 981 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа цалингүй байсан хугацаатай тэнцэх олговорт 2 266 981 төгрөгөөр гаргуулахаар тодорхойлсон байх тул уг шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/00146 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.А-ыг “В ББСБ” ХХК-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “В ББСБ” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 266 981 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.А-т олгож, дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай” гэж өөрчилж,

 

шийдвэрийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагч “В ББСБ” ХХК-аас 51 221 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч П.А- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

     Ц.ИЧИНХОРЛОО