| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 195/2025/1001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1098 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1098
2025 4 21 2025/ШЦТ/1098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Д.Рэгзэдмаа /томилолтоор/
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөл” нэртэй пабад байхдаа хохирогч ***ийг тооцоогоо хийхээр зөөгчтэй уулзаж байх хооронд түүний цэнэглэж байсан “Самсунг А 55” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Миний ярьсан зүйл үнэн учраас дахин ярихгүй. Хохирогчийн гар утсыг буцааж өгсөн. Бид нар нэг нутгийн хүмүүс юм. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх болно гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч ***“... би 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөл” нэртэй пабад орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба *** /Нутагаа ах/ гэх хүнтэй фейсбүүкээр холбогдож дуудсан. Тэгээд бид хоёр 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уучхаад би тооцоо хийх гээд өөр ширээнд ресейпшнтэй уулзаад байж байхад Нутагаа ах босож ирээд “ах нь явлаа” гэж хэлчхээд гараад явсан. Би эргээд сууж байсан ширээн дээрээ ирээд цонхны тавцан дээр цэнэглэж үлдээсэн “Самсунг А 55” загварын гар утсаа авах гэтэл алга болчихсон, цэнэглэгч нь залгаатай үлдсэн байсан. Би гар утсаа 2024 оны 10 дугаар сард хувь хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би сэтгэцэд нөлөөлсөн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” /хх-н 29-30/ гэж,
гэрч ***“... миний хамтран амьдрагч *** тухайн өдөр 13 цагийн үед найзындаа очиж хийж байсан ажлаа дуусгачхаад ирье гэж хэлээд гарч яваад удалгүй гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. 2 ширхэг гар утас барьчихсан байсан. Би гайхаад энэ юун гар утас вэ? гээд асуусан чинь хэнийх гэдгийг нь хэлэлгүй, дуугүй ломбардад авч очоод тавьчих гээд байсан. Би гар утсыг аваад замын баруун талын “***” гэсэн нэртэй ломбардад очоод асуухад 400.000 төгрөг болно гэж хэлсэн ба ***гээс 400.000 төгрөгт зээл гарна гэнэ, яах юм бэ? гэж асуухад болно тавьчих гэсэн. Тэгээд би 400.000 төгрөг бэлнээр аваад ***д өгсөн. Ягаан өнгийн “Самсунг А 55” загварын гар утас байсан. Уг гар утсыг гэмт хэргийн замаар авсан талаар огт мэдэхгүй, би тухайн мөнгийг огт зарцуулаагүй ***д өгсөн” /хх-н 19-20/ гэж,
иргэний нэхэмжлэгч *** “... 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед үйлчлүүлэгч ***/ПЯ89112506/ нь ягаан өнгийн “Самсунг А 55” загварын гар утас барьчихсан 400.000 төгрөгөөр барьцаалан зээлдмээр байна гэсэн. Эхлээд Уянга нь бичиг баримтгүй байсан учраас манайх үйлчлэх боломжгүй гэхэд хэсэг хугацааны дараа иргэний үнэмлэхийн лавлагаатай орж ирсэн. Тэгэхээр нь би гар утасны дэлгэц, код, эвдрэл гэмтэл, дуудлага зэргийг шалгаад хэвийн ажиллагаатай байсан учир ХААН банкны 5859060579 дугаарын дансаар 400.000 төгрөг шилжүүлж өгөөд явуулсан. Одоо надад үндсэн зээл болох 400.000 төгрөг, зээлийн 8%-ийн хүүд 32.000 төгрөг төлөх ёстой. Нийт 432.000 төгрөг нэхэмжилнэ” /хх-н 38-39/ гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч *** “... тэгээд бид хоёр 0.75 литрийн шилтэй архи хувааж уусан бөгөөд би түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Би тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь би гэртээ сэрсэн. Би тухайн гар утсыг ломбардад тавьчихсан байсан” /хх-н 70/ гэж мэдүүлжээ.
Түүнчлэн Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасагт ирүүлсэн дуудлагын лавлагаа /хх-н 4/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Ц-003 дугаартай үнэлгээний тайлан /хх-н 22-25/, “Дөл” нэртэй пабын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 47-52/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд
шүүгдэгч Боржигон овогт ***г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.
Шүүгдэгч ***н хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 58/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 59/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 60/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 62/,
Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 76/,
Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 77-79/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1231 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 82-83/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний 67 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 84-86/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч ***ийн гар утсыг хураан авч хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгснөөр хохирол төлөгдсөн. Харин “***” ХХК-д 432.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч ***гээс гаргуулж иргэний нэхэмжлэгч ***т олгох нь зүйтэй.
Шүүгдэгч *** 19 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овог ***г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ***н цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс 432.000 төгрөг гаргуулж “***” ХХК буюу иргэний нэхэмжлэгч *** дугаарын регистртэй, ***т олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ