Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

Х.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Д-д холбогдох эрүүгийн 2013003820270 дугаартай хэргийг шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч Т.Костёр, хохирогч Д.Б- нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Наурызбек, прокурор М.Парида, шүүгдэгч Х.Д-, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр, Х.Бакен, хохирогч Д.Б-, орчуулагч Б.Арманбек нар оролцов.

 

...урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х.Д нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар говийн “Налуу даваа” гэх газарт өөр өөр загварын тээврийн хэрэгслийн эд ангиудыг өөрөө гар аргаар угсарч босгосон улсын дугааргүй, ОХУ-д үйлдвэрлэгдсэн Уаз-452 “фургон” загварын гэх  саарал өнгийн кузовтой тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 дугаар зүйлийн а/, 3.4 дүгээр зүйлийн а/, 3.7 дугаар зүйлийн в/, 12.3 дугаар зүйл, 23.9 дүгээр зүйлийн а/ дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодож явсан автомашин онхолдож, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 4 настай хүүхэд С.К нас барсан, иргэн Д.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн М.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Х.Д-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-д оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Х.Д- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт авто осолд орсон ижил загварын тээврийн хэрэгслийн эд ангийг эвлүүлэн гар аргаар босгосон Уаз-452 “Фургон” загвартай гэх кузовтой, улсын дугааргүй  саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн эд ангийг сэлбэг болгож худалдан борлуулахыг эзэмшигч нь гэх шүүгдэгч Х.Д-, түүний эхнэр хохирогч Д.Б- нарт тус тус даалгасугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Д-ын давж заалдах гомдолд: “1. Миний бие 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар говийн Налуу даваа гэх газарт өөр өөр загварын тээврийн хэрэгслийн эд ангиудыг өөрөө гар аргаар угсарч босгосон улсын дугааргүй, ОХУ-д үйлдвэрлэгдсэн Уаз-562 “фургон” загварын гэх саарал өнгийн кузовтой тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээ онхолдуулж уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан 4 настай хүүхэд С.К нас барж, иргэн Д.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн М.Ж-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.Нас барсан С.К нь миний төрсөн ах Х.С-н охин, хохирогч М.Ж нь бэр эгч, Д.Б- нь миний эхнэр болдог. Би үйлдсэн гэмт хэргээ эхнээс нь хүлээн зөвшөөрч тухайн үед сүлжээтэй газар очиж сумын төвд оршин суудаг ах дүү нар руу утсаар мэдэгдэж улмаар ах дүү нар цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн байсан. Мөн тухайн үед Засагт нуур чиглэлд ноолуур цуглуулах ажлаар явж байсан жип машинтай хүмүүсийг зогсоож машинд нь бензин хийж өгч гэмтэл авсан Д.Б-, М.Ж нарыг сумын эмнэлэгт яаралтай хүргэх арга хэмжээ авсан. Миний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан. Миний бие эхнээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч талийгаач охин С.К-ын оршуулгын ажилд биечлэн оролцож тусалж, гэмтсэн Д.Б-, М.Ж нарын эмчилгээнд шаардагдах эм тариаг олж өгч туслалцаа үзүүлсэн. Хохирогч нарын зүгээс өөр хохирол нэхэмжлээгүй учир хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэж үзэх үндэстэй. Миний бие хувийн байдлын хувьд ам бүл 4, эхнэр Д.Б-, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.Сакен, 2018 оны 7 дугаар сарын 16- ны өдөр төрсөн охин Д.А нарын хамт амьдардаг. Эхнэр, бид хоёр хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн орон байргүй, мал хөрөнгөгүй. Цэнгэл суманд өөрийн гэсэн орон байр, хашаагүй болсон учир амьдралаа залгуулахын тулд 2020 оны зун Өлгий сумын 3 дугаар багт түр нүүж ирж, 3x8 метрийн хэмжээтэй шавар блок байшин барьсан, цаашид хөлсөөр ажиллаж амьдралдаа нэмэр болгох бодолтой байсан. Гэтэл энэ хэрэгт холбогдож хорих ял шийтгүүлсэн учир ар гэрт ямар ч тус нэмэргүй болж байна. Энэ хэргийн улмаас эхнэр Д.Б-ийн баруун талын 4, 5, 6 дугаар хавирганууд хугарч баруун уушгийг гэмтээсэн.Үүнээс болж Д.Б- нь ямар нэгэн хүнд зүйл өргөж болохгүй болж гэрийн гал түлж чадахгүй байдалд хүрсэн учир миний бие гал түлж гэрийн ажлуудаа өөрөө хийж байсан. Намайг хорих ял шийтгүүлж явснаас хойш яаж амьдарч байгааг бүү мэд. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан надад дуулсан 3 жилийн хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой байхад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж, мөн зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж тус тус заасан. Миний үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг мөн хэрэглэх бүрэн боломжтой байхад хэрэглээгүй явдалд гомдолтой байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Миний бие тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Д.Б-, М.Ж нарыг замд явж байсан машинд бензин хийж өгч сумын эмнэлэгт хүргүүлж шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, түүнчлэн учруулсан хохирлыг төлсөн. Эмнэлэгт яаралтай хүргүүлэх арга хэмжээ авсан талаар хохирогч М.Жийн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-46 дугаар хуудас/, Д.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/, эрх бүхий байгууллагад мэдэгдсэн талаар гэрч С.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/-т тус тус тусгагдсан. Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх ёстой байтал ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Миний бие амьдрахын эрхээр өөр өөр загварын тээврийн хэрэгслийн эд ангиудыг өөрөө гар аргаар угсарч босгосон нь үнэн. Хэрэв миний амьдрал хүрэлцээтэй, мөнгө төгрөгийн боломжтой байсан бол юу гэж машин босгож байх вэ. Энэ буруугаа хүлээн зөвшөөрч байна.Гэхдээ энэ нь Эрүүгийн хуулийн (ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй учир надад оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэхэд саад болохгүй гэж үзэж байна.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж ар гэрийн ахуй амьдрал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт зохих эмнэлгийн туслалцаа үзүүлсэн нөхцөл байдал, хохирогч нарын ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа талаарх мэдүүлэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж надад анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн харгалзах, заавал хорих ял оногдуулах ёстой гэж үзсэн тохиолдолд хорих ялын хэмжээг багасгах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёрын давж заалдах гомдолд: “...Хумархан овогтой Д-ын өмгөөлөгч Т.Костёр би “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Х.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хурал дээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Хохирогч Д.Б-, М.Ж нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.С нарыг хохиролгүй болгосон байгаа. Хохирогч нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Х.Д-ын хийсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтээ ч хэлсэн. Шүүгдэгч Х.Д- нь үйлдсэн хэрэгтээ гэмшин буруугаа ойлгож хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нь түүнд ял оноохдоо Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлын 1.2-т заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байгаа. Ахуй амьдралын хувьд эрхэлсэн ажилгүй, бие муутай эхнэр Д,Б-, бага насны 2 хүүхэдтэй, өөрийн гэх хашаа, байшин гэр оронгүй, мал хөрөнгөгүй, нэн ядуу амьдралтай, харж хандах төрөл садангүй байгаа. Хөдөө мал, хөрөнгөгүй болохоор амьдралын эрхээр аймгийн барааны зах дээр хүмүүсийн хар бор ажлыг хийж эхнэр, хүүхдээ тэжээхийн тулд Өлгий суманд нүүж ирээд бусдын үнсэн блокон амбаарт толгой хорогдож байсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж буруу дүгнэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илэрхий дордуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн заалтыг шүүгдэгч бүрэн гаж байна гэж үзэж байна. Дээрх байдлууд дээр дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.Д- нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх ял оноохгүйгээр тэнсэж болдоггүй юмаа гэхэд түүний санамсар болгоомжгүйгээр үйлдсэн хэргийн болон хувийн байдал, ар гэр ахуй амьдралыг харгалзан үзэж, 3 жилийн ял оногдуулан мөн хугацаагаар тэнсэх бүрэн боломжтой байсан. Гэвч анхан шатны шүүх дээрх байдлуудыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн шүүгдэгч Х.Д-д хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын «цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцнэ» гэж зөвхөн яллах талыг баримтлан ял оногдуулж шүүгдэгч Х.Д-ын эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой байтал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шүүгдэгч Х.Д-ын хэргийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсье.” гэжээ.

 

Хохирогч Д.Б-ийн давж заалдах гомдолд: “2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед миний нөхөр Х.Д- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар говийн “Налуу даваа” гэх газарт өөр өөр загварын тээврийн хэрэгслийн эд ангиудыг өөрөө гар аргаар угсарч босгосон улсын дугааргүй, ОХУ-д үйлдвэрлэгдсэн Уаз-562 “фургон” загварын гэх саарал өнгийн кузовтой тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээ онхолдуулсан. Энэ хэргийн улмаас дээрх тээврийн хэрэгслээр зорчиж явсан 4 настай хүүхэд С.К нас барж, миний эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн М.Жийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Х.Д- нь үйлдсэн гэмт хэргээ эхнээс нь хүлээн зөвшөөрч тухайн үед сүлжээтэй газар очиж сумын төвд оршин суудаг ах дүү нар руу утсаар мэдэгдэж, улмаар ах дүү нар цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн. Мөн тухайн үед Засагт нуур чиглэлд ноолуур цуглуулах ажлаар явж байсан жип машинтай хүмүүсийг зогсоож машинд нь бензин хийж өгч гэмтэл авсан, М.Ж бид хоёрыг сумын эмнэлэгт яаралтай хүргэх арга хэмжээ авсан. Түүнчлэн талийгаач охин О.К-ын оршуулгын ажилд биечлэн оролцож тусалж, миний эмчилгээнд шаардагдах эм тариаг олж өгч туслалцаа үзүүлсэн. Манайх ам бүл-4, нөхөр Х.Д-, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.С, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Д.А нарын хамт амьдардаг. Бид хоёр хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн орон байргүй, мал хөрөнгөгүй. Нөхөр Х.Д- нь 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогдож нөхөн төлбөрөө төлөхийн тул Цэнгэл суманд байсан байшин, хашаагаа зарж улсыг хохиролгүй болгосон. Бид Цэнгэл суманд өөрийн гэсэн орон байр, хашаагүй болсон учир амьдралаа залгуулахын тулд 2020 оны зун Өлгий сумын 3 дугаар багт түр нүүж ирж, 3x8 метрийн хэмжээтэй шавар блок байшин барьсан. Нөхөр Х.Д- нь цаашид хөлсөөр ажиллаж амьдралдаа нэмэр болох бодолтой байсан боловч өөрөө энэ хэрэгт холбогдож хорих ял шийтгүүлсэн учир бидэнд ямар ч тус нэмэргүй болж байна. Энэ хэргийн улмаас миний баруун талын 4, 5, 6 дугаар хавирганууд хугарч баруун уушгийг гэмтээсэн. Эмч нарын зүгээс бүрэн эдгэрэх хүртэл ямар нэгэн хүнд зүйл өргөж болохгүй гэсэн зөвлөгөө өгсөн учир гал түлэхээс эхлээд гэрийн бүх ажлуудыг нөхөр Х.Д- өөрөө хийж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Х.Д- хорих ял шийтгүүлснээс хойш ар гэрийн ахуй амьдралд туслах хүнгүй болж, аргагүйн эрхэнд хадам ах Х.Сн 13 настай хүү С.А-ыг түр туслуулж байна.  3 дугаар сарын 01-ний өдрөөс танхимын сургалт эхэлбэл С.А Цэнгэл сум руу хичээлдээ явах учир бас хүнд байдалд орно. Шүүхээс нөхөр Х.Д-д хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх боломжтой байхад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж ар гэрийн ахуй амьдрал, миний эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, нөхөр Х.Д-д анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч Т.Костёр, хохирогч Д.Б- нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

Шүүгдэгч Х.Д- нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Шар говийн налуу даваа гэх газарт улсын дугааргүй, бүртгэлийн гэрчилгээгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, өөр өөр загварын тээврийн хэрэгслийн эд ангийг гар аргаар нийлүүлж, босгосон гэх саарал өнгийн /“Уаз-452 фургон” загварын гэх/ тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 дугаар зүйлийн “а”, 3.4 дүгээр зүйлийн “а”, 3.7 дугаар зүйлийн “в”, 12.3 дугаар зүйл, 23.9 дүгээр зүйлийн “а” дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 4 настай хүүхэд С.К нас барж, иргэн Д.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн М.Ж-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн, хангалттай тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тус тус тогтоогдоогүй байна.

 

Х.Д-ын нийгэмд аюултай, гэм буруутай, болгоомжгүй уг үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн мөн зүйл, хэсэгт зааснаар түүнийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцохдоо тус тус хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон буюу хууль ёсны байх, гэм буруугийн болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмууд тус тус хангагдсан байна.

 

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Д-ын үйлдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, хуульд заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэж, шүүгдэгчээс “оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэх, эсхүл хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэж, хохирогч буюу Х.Д-ын эхнэр Д.Б-ээс “нөхөр Х.Д-д оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Түүнчлэн амь хохирогч С.К-ын хууль ёсны төлөөлөгч Х.С-н үйлдсэн “Би хохирогчийн хувьд түүний ял хүндэдсэн гэж үзэж байна” гэх тодорхойлолтыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой” баримтад тооцож давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн боловч хохирогч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, тодорхойлолт, давж заалдах гомдол зэргийг үндэслэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарыг эмнэлгийн байгууллагад бусдын тээврийн хэрэгслээр хүргүүлэх арга хэмжээ авсан нөхцөл байдал зэргийг харгалзаж, шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан гурван жилийн хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х.Д-ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж, түүнчлэн мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Х.Д-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах, хөнгөн ангиллын гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангид заасан дээрх зохицуулалтуудыг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүдийг зарим талаараа /гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэх/ хангаж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэргийг харгалзаж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар хуульд заасан хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн гомдлыг бүхэлд нь, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч Х.Д-ын өмчлөлийн улсын дугааргүй, бүртгэлийн гэрчилгээгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу өөр өөр загварын тээврийн хэрэгслүүдийн эд ангийг гар аргаар нийлүүлж босгосон Уаз-452 фургон загварын гэх тээврийн хэрэгслийн эд ангийг сэлбэг болгож худалдан борлуулахыг шүүгдэгч Х.Д- болон түүний эхнэр, хохирогч Д.Б- нарт тус тус даалгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэснээс гадна шүүхийн уг шийдвэр өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болох Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчимтай харшилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй.

 

Гэхдээ, шүүгдэгч Х.Д- болон түүний гэр бүлийн гишүүн, хэн боловч энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн, зам тээврийн осол гарах нөхцөл шалтгаан болсон, өөр өөр загварын тээврийн хэрэгслүүдийн эд ангийг гар аргаар нийлүүлж босгосон Уаз-452 фургон загварын гэх, улсын дугааргүй, бүртгэлийн гэрчилгээгүй, зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй буюу механикжсан тээврийн хэрэгслийн техникийн стандарт шаардлагыг хангаагүй “тээврийн хэрэгсэл”-ийг замын хөдөлгөөнд оролцуулах нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах, орчин тойрондоо аюултай нөхцөл бий болгож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, бусад хууль тогтоомжуудад нийцэхгүйг тус тус анхааруулан сануулж, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлд зориуд тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Х.Д- нь энэ хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болсонд тооцож, дээрх агуулгаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Х.Д-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 56 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “3 (гурав) жилийн хугацаагаар” гэснийг “нэг /1/ жилийн хугацаагаар” гэж, 3 дахь заалтын “3 (гурав) жилийн” гэснийг “нэг /1/ жилийн” гэж,

 

6 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, түүний өмгөөлөгч Т.Костёр, хохирогч Д.Б- нарын давж заалдах гомдлыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ын цагдан хоригдсон 56 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                        С.ӨМИРБЕК