Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/01347

 

 

 

 

 

 

 

 

  2022 о     03 с       24ө

Дугаар     101/ШШ2022/01347

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: .................-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............. ............................-д холбогдох,

 

1,810,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн, хариуцагч ........., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Үүрийнцолмон оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Замын үүд өртөөнөөс 2021 оны 2 дугаар сарын 12-ний өдрийн 13:56 минутад Амгалан өртөөнд барилгын материал ачсан 703157, 28415198 дугаартай 2 вагон хүлээн авагч иргэн Б гэсэн нэр дээр ирсэн бөгөөд, ирсэн даруйд 99119363 дугаартай утсаар Бтэй холбогдон ачаа ирсэн тухай мэдэгдсэн. Улмаар Б нь ийнхүү ачааг ирсэн тухай мэдэгдсэн даруйд ачаагаа хүлээн аваагүйгээс дээрх вагонууд нь Амгалан өртөөний Хомын тал ХХК-ийн салбар замд 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 13:56 цагт тавигдсанаас хойш 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 20:00 цаг хүртэл тус салбар замд зогссон бөгөөд дараах төлбөр гарсан. Үүнд:

221603700281 падаантай 703157 вагон

Вагон ашиглалт 173 цаг 592,950 төгрөг,

Утсаар мэдэгдэх 600 төгрөг,

Алданги 296,475 төгрөг

221606700282 падаантай 28415198 вагон

Вагон ашиглалт 173 цаг 592,950 төгрөг

Утсаар мэдэгдэх 600 төгрөг

Вагон тавилт, таталтын хөлс 20,000 төгрөг

алданги 306,475 төгрөг

Бид дээрх төлбөрийг барагдуулах талаар иргэн Г.Бархасбадид удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А-154 дугаар тушаалын 5 тавдугаар хавсралтаар батлагдсан “Төмөр замаар ачаа тээвэрлэх журам”-ын 23.6.1 “байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн өртөө зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авахад санамжийг үйлдэж тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр тооцоог бодож авна”

Төмөр замын тээврийн тухай хуулийн 7.1 дүгээр заалтад “Төмөр замын байгууллага нь зүй ёсны монопол болон зах зээл дээр давамгайлсан ажил, үйлчилгээтэй холбоотой төмөр замын тээврийн үйлчилгээний хөлс, тарифыг энэ хууль болон Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нийцүүлэн тогтооно."

Төмөр замын тээврийн тухай хуулийн 18.3. дугаар заалтад “Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч дор дурдсан нийтлэг эрхтэй байна”, 18.3.3 дугаар заалт “төмөр замын тээврийн үйлчилгээний үнэ, тарифыг улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хэрэглэгчийн ашиг сонирхлыг харгалзан энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу тогтоож, мөрдөх”  Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн А-53 тоот тушаалын 8.1 дүгээр заалтад “Вагон тавьж өгөх, татаж авах авахад түүнчлэн вагон тавьж өгсний дараа буюу татаж авахаар зүтгүүрийн хоосон явуулсан хөлсийг зүтгүүр-км тутамд 5000 төгрөгөөр бодож тооцох бөгөөд зүтгүүрийн гаралт бүрд 10000 төгрөгөөс доошгүй байна.”, 11.3.2а дугаар заалтад “ УБТЗ-аар үйлчлүүлэгч нь тээврийн тооцоог тогтоосон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй тээврийн тооцооны (тээврийн хөлсний тарифт үнэлгээ, вагон ашиглалт ба таталт тавилт, сэлгээний хөлс орно) үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг төлнө.”, 7.1 дүгээр заалтад Ачаа ирсэн тухай хүлээн авагчид мэдэгдэхэд илгээлт бүрээс дараах хөлс авна. Үүнд: а) утсаар мэдэгдвэл 600 төгрөг., 9.1 дүгээр заалтад “Ачаа хүлээн авагч, илгээгчээс вагон ашиглалтын хөлсийг тооцохдоо дотоод паркийн вагоны төрлийг харгалзахгүйгээр вагон-цаг тутмаас:

1 хоногт 900 төгрөг

2-4 хоногт 3100 төгрөг

5-7 хоногт 4200 төгрөг

8-с дээш хоногт 6100 төгрөг гэж тус тус заасан байна.

 

Иймд дээрх хууль, журмыг үндэслэн тарифын мөрдлөгөд заасан вагон ашиглалт, вагон таталт тавилтын хөлс, ачаа ирснийг мэдэгдсэний хөлс, тус төлбөрийг хугацаанд төлж барагдуулаагүйгээс үүссэн алданги буюу нийт 1,810,700 төгрөгийн төлбөрийг иргэн Б-эс гаргуулж өгнө үү.

 

1 вагоны тооцоог журамд зааснаар дараах байдлаар бодсон.

5 цаг*6,100 төгрөг=30,500 төгрөг

24 цагт * 900 төгрөг=21,600 төгрөг

72 цаг*3,100 төгрөг=223,200 төгрөг

72 цагаас дээш*4,200 төгрөг=302,400 төгрөг

30,500 төгрөгийн 0.5 хувь=15,250 төгрөг, нийт 592,950 төгрөг болж байгаа.

 

Цагдаа Амгалан өртөө рүү нэвтрүүлэхгүй байна гэж хариуцагч хэлж байсан нь үнэн, гэхдээ бусад хүмүүс аргалаад ачаагаа аваад л байсан. 2021 оны 2 сарын 19-нд хөл хориотой байхад ачаагаа авсан байгааг харгалзан үзнэ үү ... гэв.

 

Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021.02.12-ны өдөр Амгалан өртөөнд манай бараа ирснийг төмөр замаас надад мэдэгдсэн. Тэр үед корона вирусийн онц байдал зарласан, хүн болон машины хөдөлгөөнийг улс орон даяар хязгаарлаж хориглосон байсан. Уг байдлаа хэлэхэд төмөр зам ямар ч аргаар хамаагүй ав гэсэн шаардлага тавьсан. Шөнийн цагаар 6 ширхэг портер 8 ачигчийн хамт очсон боловч цагдаад баригдаж хөөгдөж арга  буюу буцсан. Ахлах дэслэгч цолтой амгалан өртөө хавийг хариуцсан хорооны цагдаа байсан. Би учир явдлаа тайлбарлаж төлбөр тооцооны өрөнд орно гэж хэлсэн боловч Монгол Улсын хууль төмөр замд ч гэсэн үйлчлэх ёстой, асуудал гарахгүй буцаасан. Би цагдаад хөөгдөөд болохгүй байна гэдгээ төмөр замд хэлэхэд өртөөний дарга цагдаад хэллээ гэж загнасан, одоо яая гэхэв буц буц гэсэн. Миний хувьд вагоны таталт тавилтын 110,000 төгрөг 2 вагон 220,000 төгрөгийг төлөхөд бэлэн гэдгээ төмөр замд хэлсэн боловч заавал торгууль төл гэж байгаа нь Монгол Улсын хууль, онц байдлын тухай хууль төмөр замд үйлчилдэг юм. Би уг ачааг авах гээд үнэхээр болоогүй. Нэг вагонд 64 тонн буюу 2700 хайрцаг бараа байдаг. 2 вагонд 5400 хайрцаг барааг авахад 36 ширхэг портерт ачиж буулгадаг. Энэ барааг Амгалан өртөөнөөс 100 айл хүртэл 36 портероор онц байдал зарласан гудамжаар ямар ч машин хүн явуулахгүй корона вирусийн онц байдлын үед гэрээс гарахад хэцүү байсан. Энэ ачааг авах ямар ч боломжгүй байсан. Гэхдээ шөнөөр машин, ачигч нараа дагуулан очсон боловч цагдаа хөөсөн. Би онц байдал цуцлагдангуут очиж бараагаа авсан.

Төмөр замын тооцооллыг бодсон хууль, дүрэм, журамтай болон сая хуралдаан дээр хэлсэн тооцооллын талаар маргаан байхгүй. Миний бие хөл хорионоос шалтгаалж ачаагаа авахад 6 хоног хэтрүүлсэн, уг төлбөрийг надаас шалтгаалаагүй учир төлөхгүй. Би портертой ачаагаа авах гээд Амгалан очсон боловч цагдаа оруулаагүй, энэ талаар төмөр замын ажилтанд хэлж байсан. 2 вагон ашиглалтын 220,000 төгрөг, таталтын 20,000 төгрөг, утсаар ярьсан 1,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2021 оны 2 сарын 19-нд хөл хориотой байсан хэдий ч шөнө орой ачаагаа авсан” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч А ХХК  зам хариуцагч Б-д холбогдуулан “вагон ашиглалтын төлбөрт 1,185,900 төгрөг, вагон тавилт, таталтын хөлсөнд 20,000 төгрөг, алдангид 602,950 төгрөг, утсаар мэдэгдсэн төлбөрт 1,200 төгрөг, нийт 1,810,700 төгрөгийг гаргуулах” шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч тал “бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан, ачаагаа авах гээд очиход цагдаа оруулаагүй, 35 орчим машинаар авах ачаа байсан” гэх үндэслэлээр 1 хоногийн төлбөрийг төлнө, бусад төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байх ба А ХХК  вагоноор барилгын материалын зориулалттай ачааг Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хотод тээвэрлэн ирж, ачааг хүлээлгэн өгөх Б ачааг хүлээн авч хөлс төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

А ХХК-ийн вагоноор Замын-Үүд өртөөнөөс 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Амгалан өртөөнд Б-ийн  2 вагон ачаа тээвэрлэгдсэн ирсэн болох нь зохигчийн тайлбар, галт тэрэгний үзлэгийн биечилсэн хүснэгт, Улаанбаатар төмөр замын хүснэгт, вагон ачилт буулгалт, хүлээлгэд тавьж өгсөн, хүлээлцсэн, буулгаж дууссан санамж, Вагон тавилт, таталтын хүснэгт зэргээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

Улаанбаатар төмөр зам 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр  Б-д ачаа ирсэн, авахыг утсаар мэдэгдсэн боловч тэрээр 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 2 вагон ачааг хүлээн авч, вагоныг суллаж өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.2-т “Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно” гэжээ.

 

Төмөр замын тээврийн тухай хуульд заасныг үндэслэн гаргасан А ХХК-ийн даргын тушаалаар баталсан үнэ тарифын дагуу үнийг тооцон нэхэмжилж байгаатай хариуцагч тал маргаагүй тул нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тооцооллын дагуу хариуцагч вагон ашиглалтын зардал, түүнтэй холбоотой бусад зардлыг төлөх үүрэгтэй гэж үзэв.

Хариуцагч 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан, авто машин явуулахгүйгээс шалтгаалж ачаагаа авч чадаагүй гэж тайлбарлаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас мөн оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн болох нь нийтэд илэрхий үйл баримт байх ба легалинфо вэб сайтад уг тогтоол байршсан байна.

 

Дээрх хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад Улаанбаатар төмөр зам орсон байх боловч иргэн Б-ийн  хувьд авто машинаар чөлөөтэй зорчих, улмаар 2 вагон ачааг 30 гаруй удаагийн тээвэрлэлтээр хүлээн авах боломжгүй байсан нь үндэслэлтэй, хариуцагчийн ...ачаагаа авах гээд очиход цагдаа хашаа уруу оруулаагүйг нэхэмжлэгч байгууллагын ажилтанд хэлсэн... талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.

 

Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй хэдий ч иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ачааг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд иргэн Б ачаагаа авахаар байсан байна.

 

Иймд 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 19-ний хооронд ачаагаа аваагүйд Б-ийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэн, хариуцагчийн 1 хоногийн 2 вагоны ашиглалтын зардал 220,000 /тус бүр 110,000 төгрөг/ төгрөг, 2 вагоны тавилт, таталтын хөлс 20,000 төгрөг, утсаар мэдэгдсэн төлбөр 1,200 төгрөг, нийт  241,200 төгрөгийг төлнө гэх тайлбарыг үндэслэн уг мөнгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт нийцнэ гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт дүн 1,810,050 төгрөг болж байх ба 650 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилсэн тооцоолол байхгүй байх тул 650 төгрөг илүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 2 вагоны зардал 220,000 төгрөгийг төлөөгүй байх тул Улаанбаатар төмөр замын даргын 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн А-53 тоот тушаалаар баталсан үнэ тарифын дагуу хоног тутамд 0.5 хувийн алдангийг төлөх үндэслэлтэй байна.

 

Алдангийг 2021.02.19-нөөс нэхэмжлэл гаргасан 2022.01.20-ны өдрийг хүртэл бодоход 363,000 төгрөг /220,000*0.5%х330 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагчаас 120,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Б-ээс вагон ашиглалтын төлбөрт 220,000 төгрөг, вагон тавилт, таталтын хөлсөнд 20,000 төгрөг, утсаар мэдэгдсэн зардалд 1,200 төгрөг, алдангид 120,000 төгрөг, нийт 361,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс вагон ашиглалтын зардалд нэхэмжилсэн 965,900 төгрөг, алдангид нэхэмжилсэн 482,950 төгрөг, илүү нэхэмжилсэн 650 төгрөг, нийт 1,449,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Вагон ашиглалт, түүнтэй холбоотой бусад зардлыг тогтоосон гэх А ХХК-ийн даргын 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн А-53 тоот тушаал хэрэгт авагдаагүй хэдий ч хариуцагч энэ талаар буюу тооцоолол бодсон аргачлалтай маргаагүй тул шүүх А-53 тоот тушаалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 380.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-ээс 361,200 /гурван зуун жаран нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,449,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,486 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.БАТЦЭЦЭГ