2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1099

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2025         4            21                                     2025/ШЦТ/1099

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Б.Сүрмандах /томилолтоор/

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хурд” хорооллын 17 дугаар байрны гадна 41-19 УЕТ улсын дугаартай, “Тоёота Приүс-41” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хаалга, крыло зэргийг цохих, өшиглөх зэргээр халдаж эвдрэл үүсгэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээн 630.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугийн талаараа маргахгүй байна. Гэхдээ надаас шалтгаалж энэ хэрэг үйлдэгдээгүй. Хохирогч Пүрэвням нь эхэлж өөрөө над руу дайраад миний нүүрийг маажиж урсан. Энэ хэргээс хойш би дүүдээ монгол гэр авч өгөөд эхнэр, хүүхэдтэй нь тусад нь гаргасан байгаа. Хохирогчийн хохирлыг төлөх болно. Төлөхөөс гадна надад миний танил вьетнам засварын газар байдаг юм. Гол нь хохирогчтой уулзаж, яахаа ярилцаж амжаагүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***“... 2024 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 03 цагийн үед манай охин Ариунболор залгаад уйлаад намайг ирээд аваач гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын машин ордог хаалт дээр өөрийн 41-19 дугаартай машинтайгаа очсон. Тэндээ зогсоод хүлээгээд охин руугаа залгаад дуудсан. Гарч ирэхдээ хүүхдээ тэвэрчихсэн, бас Сүх-Эрдэнэ цуг гарч ирсэн. Сүх-Эрдэнэ хойд талын хаалгыг онгойлгоод чи хэрүүл болохоор яахаараа охиноо ирж авдаг юм гэх мэтээр хэлсэн. Би буугаад очсон чинь Сүх-Эрдэнэ миний толгой зүүн тал руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд манай охин Ариунболор хамгаалаад урдуур орсон чинь Ариунболорыг нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Тэгэхэд хүүхэдтэй хавсраад цохисон. Дахиад гараа атгаж байгаад намайг цохиж унагаасан. Ер нь толгой руу цохиод байсан” /хх-н 14-15/ гэж,

гэрч *** “... тэгээд ээжийн машины хойно юмнуудаа хийж байхад нөхрийн ах Сүх-Эрдэнэ гарч ирээд манай ээжийг “муу гичий, хүүхдээ авах гэж ирлээ" гэж хэлээд машиных нь хойд талын цонх руу цохисон ба тэр үед нь манай ээж *** буугаад ирэхэд нөхрийн ах Сүх-Эрдэнэ татаж унагаад машиных нь хаалга руу хэд хэдэн удаа өшиглөсөн” /хх-н 16-17/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч *** нь анх цагдаад дуудлага мэдээлэл өгөхдөө хүнд зодуулсан гэж бүртгүүлжээ.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1009 дугаартай дүгнэлтээр “... ***ын биед зүүн сарвуу, баруун шилбэнд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна” гэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж устгасан эсхүл гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч ***д холбогдох энэ хэрэгт “Онцгой үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр хохирогч ***ын эд хөрөнгөд 630.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /хх-н 42/

 

“эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь тухайн эд зүйл, хөрөнгийг сэргээн засварласнаар дахин ашиглах боломжтойг хэлнэ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ***д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.

 

Шүүгдэгч *** хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 56/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч ***ын эд хөрөнгөд учирсан хохирол болох 630.000 төгрөгийг шүүгдэгч ***эс гаргуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *** овогт *** бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эс 630.000 төгрөг гаргуулж хохирогч, *** дугаарын регистртэй ***д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ