Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Ц.Болдбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2352/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч Жонон овогт Бямбаагийн Болдбаярт холбогдох эрүүгийн 2017 2601 0607 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Жонон овогт Бямбаагийн Болдбаяр Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 03-5 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 6 дугаар гудамжны 23-A тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:ГП84071113).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Болдбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойрог дээр 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогч В.Отгонбаяр “...Б.Болдбаяртай авто машинтайгаа урдуур орж хүн ачлаа...” гэх шалтгаанаар маргалдан Б.Болдбаяр нь хохирогч В.Отгонбаяртай барилцаж авах үедээ давхралдан унаж хохирогч В.Отгонбаярын бие махбодид “зүүн шилбэний шаант ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Болдбаяр мэдүүлэхдээ:

2017 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны тойргийн автобусны буудал дээрээс хоёр хүн авах гээд “приус-20” загварын 45-26 УБЦ улсын дугаартай машинтай ирж зогссон. Намайг Баянхошууны тойрог дээр ирээд зогсох үед Батжаргал гэдэг хүн “Соната-6” загварын машинтай Гандан руу явахаар хүн ачаад зогсож байсан. Тэгэхээр нь би Батжаргалаас “би яараад байна, чиний өмнө хоёр хүн аваад явчихъя” гэж асуухад тэг тэг гэсэн. Тэгтэл хохирогч В.Отгонбаяр “би бас хүн ачиж байна шүү дээ, чи оочерийн урдуур дайрлаа” гээд хэрүүл хийхээр нь Батжаргалаас “энэ хүн бас машинаараа хүн ачдаг юм уу” гэхэд харж байгаагүй юм байна гэсэн. Тэгээд би машиндаа гурван хүн суулгаад гарахаар болоод Батжаргал дээр очиж “би гарлаа” гээд хэлэх гэж байтал хохирогч В.Отгонбаяр хүрч ирээд миний хөл рүү өшиглөөд намайг зуураад авсан. Тэгэхээр нь би тавиулах зорилгоор хажуу тал руугаа болоод зайлуулах үйлдэл хийхэд бид хоёр давхралдаж газар унасан. Гэтэл хохирогчийн хөл хугарсан байсан. Тухайн үед миний гар гэмтэлтэй байсан тул хохирогч В.Отгонбаярыг тавиулах санаатай зайлуултал давхралдаад унасан юм. Би ямар нэг мэх хийгээгүй. Хохирогч В.Отгонбаяр өөрөө ирээд намайг шууд хоолойгоор боогоод Батжаргалын машин руу шахсан. Тэгээд машиных нь хаалгыг нь түшиж байгаад хаалганаас нь мултраад хажуу тийшээ болсон, тэгээд унасан. Надаас хохирогч В.Отгонбаяр 2,0 сая гаруй төгрөг нэхэмжилсэн. 2,100,000 төгрөг төлсөн гэв.

 

Эрүүгийн 2017 2601 0607 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаарх баримтууд.

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

2.Хохирогч В.Отгонбаярын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...Би ажлын хажуугаар хааяа хааяадаа Баянхошууны тойргийн хажууд автомашины зогсоол дээр зогсож таксинд хүн зөөдөг. 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд би уг зогсоол дээр очиход нэг “Верна” машин зогсож байхаар ард нь очиж зогссон. Тэгээд удаагүй “Верна” машиныг яваад өгөхөөр нь би “гандан явна” гээд 10 гаруй минут орилоод зогсож байтал хар өнгийн “Соната-6” маркийн автомашин ирээд миний урд талд ирж зогссон. Тэгтэл түүний урд “приус 20” маркийн автомашин ирээд зогссоноо “гандан явна гандан явна” гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би “оочёроороо ачилдаа” гэхэд “би ачиж байна” гээд тэр машины жолооч хэлсэн. Тэгтэл манай машинд нэг хүн ирж суусан чинь нөгөө машинд 2 хүн суусан. Тэгээд урд талын приусны жолооч буугаад миний урд зогсож байсан хар машины хажууд ирээд зогсоод уг машины жолоочтой юм яриад байхаар нь би тэр залууд “чи оочёроороо ачаач” гэсэн чинь тэр залуу “би ачиж байна” гэж хэлсэн. Тэгээд би очоод тэр залуугийн энгэрээс нь заамдаад авсан чинь тэр залуу намайг тонгороод унагаачихсан. Тэгээд миний хөл саваад замын боржуур дээр цохигдоод хугарсан. Эмчилгээ хийлгэсэн мөнгөө гаргуулж авна. ...” гэх мэдүүлэг [1],

- 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Би уг залуу дээр очоод “чи дараалалаараа ачил даа” гээд энгэрээс нь гараараа заамдаж авсан. Тэгтэл тэрүүхэн зуурын хооронд бид хоёр маш хурдан хугацаанд давхаралдаад унасан. Би яг тэр залуу надад мэх хэрэглэсэн эсэх, мэх хэрэглэсэн бол ямар мэх хэрэглэсэн болох талаар нь хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед уначихсан учир тэр залуу намайг унагаасан болохоор толгойноос барьсан ч юм шиг санагдаад тэр хоромхон зуур болсон болохоор намайг тонгороод унагаачихсан юм болов уу ч гэж бодсон. Гэхдээ бодоод байхаар яг яаж унагаасан, ямар мэх хэрэглэсэн, мэх хэрэглэсэн эсэх, яаж байгаад унасанаа сайн хэлж мэдэхгүй байна. Очоод энгэрээс нь зуурахад тэрүүхэн хооронд уначихсан. Би Болдбаярыг цохиж зодсон зүйл байхгүй. Би хүн ачаад байж байхад тэр хүн урдуур орж ирээд хүн ачаад байхаар нь очоод хэлсэн чинь тэр залуу би ачина гээд өөдөөс пээдийгээд байхаар нь заамдаж авсан. Би уг хүнийг заамдаж авсанаас өөрөөр унагаах зодож цохих гэсэн санаа байгаагүй. Дүү хүүхэд өөдөөс пээдийгээд байхаар нь заамдаж авсан. Би болон Болдбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Надад эмчилгээ, унааны зардалд гарсан 1.430.000 төгрөгийн баримт байгаа, уг баримтыг өгсөн. Харин дэл сул ширхэгээр эм авсан болон такси барьж эмнэлэг явсан гэх мэт зардлуудыг би баримт байхгүй болохоор тооцож мэдэхгүй байна. Мөн ирэх жил хөлөнд хадсан хадаасыг авахад бас тав зургаан зуун мянган төгрөг гарах юм байна лээ. Тийм болохоор би эмчилгээндээ 2.100.000 төгрөг нэхэмжилж байна. Дээр хэлсэнээс өөр баримт надад байхгүй. Болдбаяр надад эмчилгээ, унааны зардал болох 2.100.000 төгрөгийг өгч барагдуулсан учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [2],

 

3.Гэрч Г.Батжаргалын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...Би ажилгүй гэрт байхаараа өөрийн эзэмшлийн 42-87 УНЭ улсын дугаартай хар өнгийн “Соната-6” маркийн автомашинаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошууны тойргоос Гандангийн автобусны буудал хоёрын хооронд хүн зөөж явдаг. Ингэж явж байгаад Болдбаяр болон Отгонбаяр нарыг зүс мэдэх болсон. Болдбаяр тэндээс хааяадаа хүн ачдаг. Харин Отгонбаяр тэндээс ачдаггүй гандангийн нөгөө зогсоол дээрээс хүн ачиж байгаа харагддаг байсан. Уг хүмүүс хааяадаа Баянхошууны тойрог дээрээс хүн ачиж явдаг. Би уг хоёр хүнийг зүс таних болохоос ямар нэгэн холбоо байхгүй. Тэр хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойргийн Жанцан тал руу явдаг автобусны буудлын зогсоол дээр хүн ачих гээд ирчихээд зогсож байхад Отгонбаяр гэх хүн миний машины хойд талд ирээд зогссон байсан. Тэгтэл миний машины урд талд Болдбаяр машинтайгаа хүрч ирж зогсоод “хөгшин нь нэг хүн авчихаад гарлаа, яараад байна” гэхээр нь “тэг тэг” гэж хэлээд Болдбаяр хүн авахаар орилсон. Тэгээд намайг машиндаа сууж байхад удаагүй байж байтал Болдбаяр хүрч ирээд машины хаалга онгойлгож байгаад “за за хөгшин чинь явлаа баяртай” гэж хэлээд эргээд явах гэхэд Отгонбаяр гэх залуу цаанаас хүрч ирээд “чи яах гэж хүний урдуур орж хүн ачаад байгаа юм” гэсэн утгатай үг хэлээд Болдбаярын шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд Отгонбаяр Болдбаярыг бариад авсан чинь Болдбаяр мөн өөдөөс нь барьж авч байсан байх. Тэгэхээр нь би салгах гээд машинаас буугаад өөрийн машинаа тойроод очсон чинь Отгонбаяр газар унаад хэвтчихсэн байсан. Болдбаяр мөн унаад босч ирж байсан санагдаж байна. Тэгээд Отгонбаяр Болдбаярыг “чи миний хөлийг хугалчихлаа” гэж байсан. Би яг хэн нь хэнийгээ хэрхэн унагаасан талаар хараагүй. Отгонбаяр газар унасан чигтээ, Болдбаяр босч ирж байсан. Би яг унагааж байхыг нь хараагүй. Би ойлгохдоо цуг зууралдаад уначихсан юм байна гэж харсан. Тэрнээс нэг нэгэндээ мэх хийгээгүй байх гэж бодож байна. Би бол яг унаж байхыг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Болдбаяр тэр залууг цохиогүй. Харин Отгонбаяр хүрч ирээд цохиж аваад зуурсан. Тэгээд би салгах гээд машин тойрох хооронд л уначихсан байсан. Болдбаяр, Отгонбаяр нар нь хоёулаа эрүүл байсан. Би ч бас эрүүл байсан ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Гэрч М.Батсүхийн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн:

 “...2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ачит 117-р чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 05 минутад “Баянхошууны тойрог дээр намайг хүн зодоод миний хөлийг гэмтээчихлээ” гэсэн дуудлага 98452012 гэсэн дугаараас ирсэн. Ингээд дуудлагын дагуу очиход Баянхошууны тойргоос зүүн зүгт явсан замд байх “Ав хайрхан” дэлгүүрийн урд талын зам дээр замын 1-р эгнээнд 2 автомашин зогсож байсан. Очиж шалгахад хөл нь хугарсан хүн болох Отгонбаяр гэгч арын машинд сууж байсан. Юу болсон талаар асуухад “миний хөлийг урд талын машины жолооч хугалчихлаа” гэж хэлж байсан. Юунаас болсон талаар асуухад энэ залуу миний урдуур орж зогсоод оочир дайрахаар нь би очиж маргалдсан чинь намайг унагаагаад би замын боржуур дээр унаад хөлөө хугалсан гэх талаар хэлсэн. Харин Болдбаяр би уг хүнийг зодож цохисон зүйл байхгүй, наад хүн чинь намайг зодох гэхээр нь би түлхсэн гэж байсан. Тэр хүмүүс хэлэхдээ оочир дайраад Отгонбаяр нь очоод Болдбаяртай маргалдсан гэсэн утгатай зүйл ярьж байсан. ...” гэх мэдүүлэг [4],

5.Б.Болдбаярын сэжигтнээр 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн:

“...Би өөрийн эзэмшлийн 45-26 УБЦ улсын дугаартай “приус-20” маркийн автомашинаараа хааяа, хааяадаа халтуур хийдэг.  Бусад үед нь гэртээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Халтуур хийхдээ хааяадаа Баянхошууны тойрогоос Гандан хүртэл, Гандангаас тойрог хүртэл хүн ачдаг. Уг газруудаас байнга явдаг машинууд байдаг. Би хааяадаа явдаг болохоор тэр жолооч нар намайг таньдаг.

2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би 22 цагийн орчимд байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. Би гандан дээр очоод тэндээс Баянхошууны тойрог руу хүн ачаад Баянхошууны тойрог дээр очсон. Тэгээд тэндээсээ буцаж ачихаар Баянхошууны тойргийн хажууд очиход нэг хар өнгийн “Соната-6” маркийн автомашин байсан. Тэр жолооч байнга тэндээс хүн ачдаг болохоор би зүс таних учир уг автомашины урд талд нь очиж зогсоход хойд талд байсан “Соната-6” маркийн автомашины жолооч миний машин дээр хүрч ирэхээр “хөгшин нь яараад байна 2 хүн аваад гарчий” гэхэд “тэг тэг” гээд миний машинд суусан. Тэгэхэд би тэр машины ар талд машин байсан эсэхийг сайн анзаараагүй. Би машиндаа суусан чигээрээ цонхоо онгойлгож байгаад “Гандан явлаа, гандан явлаа, 2 хүн аваад явлаа” гээд орилсон чинь хойноос нэг хүн ирээд “би наана чинь ачиж байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь би тоогоогүй, юм ч яриагүй. Тэгээд дахиад гандан явлаа гээд орилоод байж байтал нөгөө хүн хүрч ирээд “чи муу гөлөг минь буугаад ир” гэсэн. Тэгэхээр нь би буугаад өөдөөс нь дөхөж очоод “яасан гэнээ ах” гэхэд тэр хүн “би наана чинь ачиж байгаа биз дээ” гэхээр нь би “2 хүн аваад гарлаа, та ч гэсэн хүн ачиж байхгүй юу зэрэгцээд л аччий” гэж хэлчихээд буцаад машиндаа очоод суусан. Тэгээд би машиндаа суугаад орилж байхад “Соната”-гийн жолооч хажууд сууж байсан. Би түүнээс “энэ хүн яасан эндээс ачдаг хүн юм уу гэхэд” тэр залуу “үгүй эндээс ачдаггүй шүү дээ” гэж хэлээд буугаад машиндаа суусан. Тэгээд би цонхоороо гандан явлаа гээд 20, 30 минут орилоод байж байтал 3 хүн ирээд суусан. Тэгэхээр нь би арын “Соната”-гийн жолоочид 3 хүн суучихлаа би явлаа гэж хэлэх гээд очоод хаалгыг нь онгойлгосон чинь арын машины жолооч ах над дээр ирээд юу  ч хэлээгүй шууд миний зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөөд авахаар нь би “та зүгээр байгаач ээ” гэж хэлсэн. Би тухайн үед бодохдоо миний гар гэмтэлтэй байсан учир тэр хүнтэй зууралдах юм бол гараа хөндчих байх гэж санаад намайг өшиглөсөн ч гэсэн би хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд би цаашаа “Соната” маркийн автомашины жолооч руу явах гэж байгаагаа хэлэх гээд машин руу нь тонгойсон чинь нөгөө ах миний баруун гарын ханцуйнаас татаад авсан. Тэгэхээр нь би тэр хүний зуурсан гар болох баруун гараа татаж аваад яах гээд байгаа юм бэ гээд тэр хүнтэй маргалдахыг хүсээгүй учир “Соната”-гийн жолоочтой ярих гээд буцаад машин руу тонгойх гэтэл тэр ах миний энгэрээс заамдаж аваад намайг өмсөж явсан хувцасаар боогоод машин руу шахсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гэсэн чинь гар нь тавигдахгүй байсан. Би гарыг нь тавиулах санаатай машины хаалганаас холдох гээд хажуу тийшээ эргэж зайлсхийсэн чинь тэр хүн бид хоёр давхаралдаад унасан. Би уг нь тэр хүний доор унаад нөгөө хүн миний дээр унасан. Тухайн үед миний гар гэмтсэн байсан болохоор би ноцолдож чадахгүй байсан. Гараа гэмтээхгүй юм сан гэж бодсон. Тэгээд би түрүүлж босоод хувцасныхаа шороог гөвж байхдаа “та чинь ямар сонин юм бэ хүн зүгээр хэлээд байхад чинь заавал ч үгүй зууралдаж байдаг гэхэд тэр хүн “миний хөл сонин болчихлоо" гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэж ийм юман дээр хугарч байдаг юм бэ яагаад жүжиглээд байгаа юм бэ гэсэн чинь тэр хүн мөлхөж очоод машиндаа суугаад цагдаа түргэн дуудсан. Би тухайн үед хөл нь хугарсан гэж итгээгүй, худлаа жүжиглэж байна гэж бодсон. Би цагдаа дуудчихаар нь машинд суусан байсан хүмүүсийг арын машинд суулгаж явуулаад цагдаа ирэхийг нь хүлээж байгаад цагдаад энэ талаараа хэлсэн. Би уг хүнииг танихгүй, өмнө нь харж байгаагүй, бид маргалдаж зодолдож байсан удаа байхгүй. Өр авлага өс хонзон гэх зүйл ч байхгүй. Тэр өдөр би уг нь тэр хүнтэй маргалдаагүй учраа хэлээд л маргалдах сонирхолгүй байсан учир 2 хүн аваад гарлаа гэж өмнө нь хэлсэн байхад тэр хүн яагаад уурласан юм мэдэхгүй хүрч ирээд зуураад авсан. Бид маргалдаагүй. Тэр хүн сүүлд хэлэхдээ намайг айлгах санаатай очоод зуураад авсан чинь хоёулаа давхаралдаад уначихлаа гэж ярьж байсан. Би уг хүнийг цохиж зодсон зүйл огт байхгүй. Тэр хүн хүрч ирээд намайг зуураад авахаар би гарыг нь тавиулах гээд эргэхэд л бид хоёр эрчиндээ давхаралдаад унасан. Би санаатай унагаасан зүйл байхгүй. Миний гар гэмтсэн байсан болохоор би гараа гэмтээхгүй гэж бодсон. Миний зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу хоёр гэмтэлтэй. Би хувиараа модоор сийлбэр хийдэг. Өмнө нь буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сийлбэр хийж байгаад сийлбэрийн хутга халтираад гараа зүсчихсэн. Долоовор хурууны 2 шүрмэс тасарч, дунд хурууны яс нь гэмтсэн байсан. Эмч гараа гэмтээж болохгүй талаар хэлж байсан болохоор би зууралдаж ноцолдохыг хүсээгүй, гар бүрэн эдгээгүй байсан...” гэх мэдүүлэг [5],

- яллагдагчаар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би Баянхошууны тойрог дээр очоод хүн ачихаар тойргийн хажууд очсон. Намайг очиход нэг хар өнгийн “Соната-6” маркийн автомашин байсан. Уг автомашины жолооч байнга тэндээс хүн ачдаг болохоор би зүс таних учир уг залууд “хөгшин нь яараад байна 2 хүн аваад гарчий” гэхэд тэг тэг гэсэн. Тэгээд би Гандан явлаа, гандан явлаа, 2 хүн аваад явлаа” гээд орилсон чинь хойноос Отгонбаяр гэх залуу ирсэн. Ирээд “чи яагаад байгаа юм бэ, би наана чинь ачиж байгаа юм биш үү” гэж хэлэхээр би 2 хүн аваад гарчихна гэж хэлсэн чинь тэр залуу “намайг гөлөг минь буугаад ир” гэж байсан. Тэгээд би машиндаа суугаад орилж байхад 3 хүн ирээд суухаар нь би арын “Соната”-гийн жолоочид явах гэж байгаа талаараа хэлэх гээд очоод хаалгыг нь онгойлгосон чинь арын машины жолооч ах над дээр ирээд юу ч хэлээгүй шууд миний зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөөд авахаар нь би та зүгээр байгаач гэж хэлсэн. Би гар гэмтэлтэй байсан учир гараа хөндчих байх гэж санаад хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд би цаашаа машин руу тонгойсон чинь нөгөө ах миний энгэрээс нэг гараараа нөгөө гараараа баруун гарын ханцуйнаас татаад намайг өмсөж явсан хувцасаар боогоод машин руу шахсан. Би гарыг нь тавиулах гэсэн чинь гар нь тавигдахгүй байсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах санаатай машины хаалганаас холдох гээд хажуу тийшээ эргэж зайлсхийсэн чинь тэр хүн бид хоёр давхаралдаад унасан. Тэгэхэд тэр хүн “миний хөл сонин болчихлоо” гэж хэлсэн. ...Тэр хүн хүрч ирээд намайг зуураад авахаар би гарыг нь тавиулах гээд эргэхэд бид хоёр эрчиндээ давхаралдаад унасан. Би санаатай унагаасан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [6],

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4149 тоот:

Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хажуу хэсэгт 0,5х03 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралт, хэвлийд хүйсний зүүн талд 2,0х2,0 см, 1,0х1,0 см хэмжээтэй бүдэг хүрэн өнгийн цус хуралттай. Зүүн хөлийн өсгийнөөс ясны татлага хийгдсэн, шилбэнд ариун боолттой. Ариун боолтыг тайлж үзэхэд боолтонд бага хэмжээний цус нэвтэрсэн, зүүн шилбэний урд доод хэсэгт хугаралын харалдаа 0,3х03см хэмжээтэй хатгагдсан шархтай, шархнаас цус бага хэмжээтэй шүүрч гарсан, шилбээр хаван, хавдар ихтэй.

Дүгнэлт:

“...1.В.Отгонбаярын биед зүүн шилбэний шаант ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал, хугарал орчмын шарх, зөөлөн эдийн няцрал, дух болон хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Т.Сэлэнгэ/...” гэсэн дүгнэлт [7],

 

7.Шинжээч Т.Сэлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн:

“...Зүүн шилбэний шаант ясны ил хугарал гэмтэл нь хүнд гэмтэл байна. Дээрх бүх гэмтлүүд нь тус тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шаант ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал, хугарал орчмын шарх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, дух болон хэвлийд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Давхралдаж унах үед уг гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Унах үед уг гэмтлүүд үүсэх боломжтой...” гэсэн  мэдүүлэг [8],

 

8. “Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны тойрог дээр 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэн В.Отгонбаярыг Б.Болдбаяр нь зодож гэмтэл учруулсан хэрэгт “Ав хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрийн камерийн бичлэгийг буулгасан Си Ди-нд үзлэг хийхэд “... 1 мин 27 секундын бичлэг байх ба, ...засмал зам дээр урд талд цагаан өнгийн приус-20 маркийн машин, түүний хойд талд хар өнгийн соната-6 маркийн машин зогсож байгаа харагдана. Болдбаяр нь хойд талд байх машины баруун урд талын хаалган дээр ирж хаалгыг онгойлгож байх ба түүний хойд талаас В.Отгонбаяр ирээд түүнтэй юм ярьж байгаад зүүн гараараа түүний энгэрээс барьж баруун гараараа түүний зүүн гарын доогуур оруулж суганы хойд талаас барин машины хаалга руу Б.Болдбаярыг түлхэн шахахад Б.Болдбаяр нь зүүн гараа В.Отгонбаярын толгойг ороож баруун хойш ухарч камераас гарч байна. ...” гэх тэмдэглэл [9],

-дүрс бичлэг бүхий Си Ди-г эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол [10],

 

9. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 22 цаг 01 минут 26 секунтэнд дуудлага хүлээн авсан, очсон нь мөн өдрийн 22 цаг 15 минут гэж бүртгэсэн тухай түргэн тусламжийн дуудлагын хуудас [11],

 

10. Хохирогч В.Отгонбаярын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 22.00 цагт хэвтэж, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар [12], Хохирогч В.Отгонбаярын гарсан гэм хорын зардлын талаарх баримтууд [13], Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар [14],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

11.Гэрч Ц.Хандоржийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“...Б.Болдбаяр нь зан байдлын хувьд элдэв муу зангүй, дараа төлөв зантай хүн. Архи тамхи хэрэглэдэггүй. Маргаан зодоон хийгээд яваад байдаггүй. Миний мэдэхээр өмнө бусадтай маргалдан зодолдож байсан удаа байхгүй. Муу зуршил гэх зүйлгүй. Уурлаад байдаггүй, би найз болоод 20 гаран жил болж байна. Энэ хугацаанд уурлаад элдэв зан гаргаж байсан удаагүй. ...” гэх мэдүүлэг [15],

 

12.Гэрч Т.Мөнхцэцэгийн 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр мэдүүлсэн:

“...Б.Болдбаяр нь манай нөхөр байгаа юм. Өвөрхангай аймагт төрсөн, таван хүүхэдтэй айлын гурав дах хүүхэд нь байгаа юм. Түүний аав нь трактор барьдаг байсан, ээж нь шатахуун түгээх газарт ажилладаг юм. Болдбаяр нь багаасаа мал дээр өссөн, мал маллаад сургуульд ороод гарчихсан юм гэж ярьдаг юм. Болдбаяр нь хувиараа морин хуур хийдэг. Тогтсон ажил гэж хийж байгаагүй, морин хуур хийж зараад л амьдардаг юм. Болдбаяр нь 2000 оны эхээр Улаанбаатар хотод орж ирсэн гэж ярьдаг санагдаж байна. Бид 2005 онд гэрлэлтээ батлуулсан, 5 настай, 3 настай хоёр хүүхэдтэй. Зан байдлын хувьд дараа төлөв, зөөлөн зантай, архи тамхи хэрэглэдэггүй, үр хүүхэд хань ижилдээ халамжтай, тусархуу, уурлаад байдаггүй. Маргаан зодоон хийгээд яваад байдаггүй. Ял шийтгэл эдэлж байгаагүй. ...Болдбаяр морин хуур хийхээр сийлбэр хийж байгаад сийлбэрийн хутгаараа гараа зүсээд гэмтээсэн юм Тэгээд гэмтэлд очиж шөрмөс залгуулах мэс засал хийлгэсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад гараад гар нь сайн эдгээгүй байсан учир эмчилгээ хийлгээд явж байсан. Тэгж явахдаа л энэ хүнтэй маргалдсан байна лээ. ...” гэх мэдүүлэг [16],

 

13.Шүүгдэгч Б.Болдбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа [17],  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [18], ЦЕГ-ын гэмт хэрэг, гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийн талаарх сангаас гаргасан Б.Болдбаярын талаарх лавлагаа [19], Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Б.Болдбаяр нь эхнэр, 2 хүүхдийн хамт тус хороонд оршин суудаг тухай тодорхойлолт [20] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Болдбаярт холбогдох хэргийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

Нэг.  Шүүгдэгч Б.Болдбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянхошууны тойрог дээр 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн үед 45-26 УБЦ улсын дугаартай “приус-20” маркийн автомашинаар хүн зөөвөрлөх үйлчилгээ эрхлэхдээ дараалалд зогсож байсан машинуудын урдуур орж зогссон, улмаар иргэн В.Отгонбаяраас “ирсэн дараалалаараа хүн зөөсөнгүй, урдуур орж хүн ачлаа” гэсэн  шаардлага тавихад Б.Болдбаяр нь иргэн В.Отгонбаяртай барилцаж авч, улмаар давхралдаж газар унаж иргэн В.Отгонбаярын бие махбодид “зүүн шилбэний шаант ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал” бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад:

-хохирогч В.Отгонбаярын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...Би ажлын хажуугаар хааяадаа Баянхошууны тойргийн хажууд автомашины зогсоол дээр зогсож таксинд хүн зөөдөг. 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд би уг зогсоол дээр очиход нэг “Верна” машин зогсож байхаар ард нь очиж зогссон. Тэгээд удаагүй “Верна” машиныг явахаар нь “гандан явна” гээд 10 гаруй минут орилоод зогсож байтал хар өнгийн “Соната-6” маркийн автомашин ирээд миний урд талд ирж зогссон. Тэгтэл түүний урд “приус 20” маркийн автомашин ирээд зогссоноо “гандан явна гандан явна” гээд орилоод эхэлсэн. Би “оочёроороо ачил даа” гэхэд “би ачиж байна” гээд тэр машины жолооч хэлсэн. ...Тэгээд приусны жолооч буугаад миний урд зогсож байсан хар машины хажууд ирээд зогсоод уг машины жолоочтой юм яриад байхаар нь би тэр залууд “чи оочёроороо ачаач” гэсэн чинь тэр залуу “би ачиж байна” гэж хэлсэн. ...би очоод тэр залуугийн энгэрээс нь заамдаад авсан чинь тэр залуу намайг тонгороод унагаачихсан. Тэгээд миний хөл саваад замын боржуур дээр цохигдоод хугарсан. ...” гэсэн мэдүүлэг [21],

-2017 оны 05 дугаар 30-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн: “...Би уг залуу дээр очоод “чи дараалалаараа ачил даа” гээд энгэрээс нь гараараа заамдаж авсан. Тэгтэл тэрүүхэн зуурын хооронд бид хоёр маш хурдан хугацаанд давхаралдаад унасан. ...Би тухайн үед уначихсан учир тэр залуу намайг унагаасан болохоор толгойноос барьсан ч юм шиг санагдаад тэр хоромхон зуур болсон болохоор намайг тонгороод унагаачихсан юм болов уу гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг [22],

-гэрч Г.Батжаргалын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Отгонбаяр Болдбаярыг бариад авсан чинь Болдбаяр мөн өөдөөс нь барьж авч байсан байх. ...би салгах гээд машинаас буугаад машинаа тойроод очсон чинь Отгонбаяр газар унаад хэвтчихсэн, Болдбаяр мөн унаад босч ирж байсан. …Тэгээд Отгонбаяр Болдбаярыг “чи миний хөлийг хугалчихлаа” гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг [23],

-гэрч М.Батсүхийн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ачит 117-р чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 05 минутад “Баянхошууны тойрог дээр намайг хүн зодоод миний хөлийг гэмтээчихлээ” гэсэн дуудлага ирсэн. ...дуудлагын дагуу очиход Баянхошууны тойргоос зүүн зүгт явсан замд байх “Ав хайрхан” дэлгүүрийн урд талын зам дээр замын 1 дүгээр эгнээнд 2 автомашин зогсож байсан. ...Очиж шалгахад хөл нь хугарсан хүн болох Отгонбаяр гэгч арын машинд сууж байсан. Юу болсон талаар асуухад “миний хөлийг урд талын машины жолооч хугалчихлаа” гэж хэлсэн. Юунаас болсон талаар асуухад “энэ залуу миний урдуур орж зогсоод оочер дайрахаар нь би очиж маргалдсан чинь намайг унагаагаад би замын боржуур дээр унаад хөлөө хугалсан” талаар хэлсэн. Харин Болдбаяр би уг хүнийг зодож цохисон зүйл байхгүй, наад хүн чинь намайг зодох гэхээр нь би түлхсэн гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг [24],

-Б.Болдбаярын сэжигтнээр 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би өөрийн эзэмшлийн 45-26 УБЦ улсын дугаартай “приус-20” маркийн автомашинаараа  хааяадаа халтуур хийдэг.  ...2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би 22 цагийн орчимд байх, ...Баянхошууны тойрог руу хүн ачаад Баянхошууны тойрог дээр очсон. ...тэндээсээ буцаж ачихаар Баянхошууны тойргийн хажууд очиход нэг хар өнгийн “Соната-6” маркийн автомашин байсан. ...уг автомашины урд талд нь очиж зогсоход хойд талд байсан “Соната-6” маркийн автомашины жолооч миний машин дээр хүрч ирэхээр нь “хөгшин нь яараад байна 2 хүн аваад гарчий” гэхэд “тэг тэг” гэсэн. ...“Гандан явлаа, гандан явлаа, 2 хүн аваад явлаа” гээд орилсон чинь хойноос нэг хүн ирээд “би наана чинь ачиж байгаа юм биш үү” гэж хэлэхээр нь би тоогоогүй, ...дахиад гандан явлаа гээд орилоод байж байтал нөгөө хүн хүрч ирээд “чи муу гөлөг минь буугаад ир” гэсэн. Тэгэхээр нь би буугаад өөдөөс нь дөхөж очоод “яасан гэнээ ах” гэхэд тэр хүн “би наана чинь ачиж байгаа биз дээ” гэхээр нь би “2 хүн аваад гарлаа, та ч гэсэн хүн ачиж байхгүй юу зэрэгцээд л аччий” гэж хэлчихээд буцаад машиндаа очоод суусан. ...20, 30 минут орилоод байж байтал 3 хүн ирээд суусан. ...би арын “Соната”-гийн жолоочид 3 хүн суучихлаа би явлаа гэж хэлэх гээд очоод хаалгыг нь онгойлгосон чинь арын машины жолооч ах над дээр ирээд юу  ч хэлээгүй шууд миний зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөөд авахаар нь би та зүгээр байгаач ээ гэсэн. ... тэр ах миний энгэрээс заамдаж аваад намайг өмсөж явсан хувцасаар боогоод машин руу шахсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гэсэн чинь гар нь тавигдахгүй байсан. Би гарыг нь тавиулах санаатай машины хаалганаас холдох гээд хажуу тийшээ эргэж зайлсхийсэн чинь тэр хүн бид хоёр давхаралдаад унасан. ...тэр хүн “миний хөл сонин болчихлоо" гэж хэлсэн. ...Би тухайн үед хөл нь хугарсан гэж итгээгүй, худлаа жүжиглэж байна гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг [25], яллагдагчаар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [26], шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4149 тоот дүгнэлт [27], Шинжээч Т.Сэлэнгийн мэдүүлэг [28], хэрэгт нотлох баримтаар цуглуулсан “Ав хайрхан” нэртэй хүнсний дэлгүүрийн камерийн бичлэгийн тэмдэглэл [29], бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол [30], Түргэн тусламжийн дуудлагын хуудас [31], хохирогч В.Отгонбаярын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 22.00 цагт хэвтэж, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар [32] зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Болдбаяр гэм буруугийн талаар маргаагүй.

Тухайн хэрэг маргаан гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Б.Болдбаяр нь хүн зөөвөрлөхөөр дараалалд зогсож байсан автомашинуудын урд нь очиж зогсож бусдыг үл хүндэтгэсэн, улмаар шаардлага тавихад үл тоож хүн зөөвөрлөх ажлаа үргэлжлүүлсэн тул  дараалалд машинтайгаа зогсож байсан иргэн В.Отгонбаяр түүн дээр очиж дахин шаардлага тавьж маргалдан, түүнийг заамдаж авахад Б.Болдбаяр өөдөөс нь барьцалдаж аван хохирогчтой давхралдаж газар унан хохирогчийн биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. Тус хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн,  мөн хэрэг маргаан гарахад шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, мөн хохирогчийн үгээр учраа ололцолгүй, үйл хөдөлгөөнөөр буюу заамдах, барьцалдаж авсан зэргийн улмаас даамжирч гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Болдбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг зөв гэж үзэн, Б.Болдбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч В.Отгонбаярын бие махбодид хүнд гэмтэл учирсан, хохирогч В.Отгонбаяр нь бензин шатахууны зардалд 93,500 төгрөг, эм тарианы зардалд 1, 039,250  төгрөг, арьс үдэгч 24,000 төгрөг,  хэрэглээний бараа худалдан авсан зардалд 6,250 төгрөг, суга таяг худалдан авсан /хос/ 40,000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төв /цаашид ГССҮТ гэх/-д үзүүлсэн 76,194 төгрөг, ГССҮТ- СПИЦ-ний үнэ 8,038 төгрөг, ГССҮТ-хагалгааны үнэ 7,500 төгрөг буюу нийт 1,294,732 төгрөг нэхэмжилсэн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Отгонбаяр нь “Б.Болдбаяраас 2,100,000 төгрөг хүлээн авлаа. Б.Болдбаяр нь миний эмчилгээний зардлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” [33] гэсэн баримтыг ирүүлжээ.

Мөн шүүх хуралдаанд дуудахад хохирогч В.Отгонбаяр нь “шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролд 2,100,000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй...” гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Болдбаярыг хохирогч В.Отгонбаярт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан ЦЕГ-ын МНБГ-ын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуудсаар [34] шүүгдэгч Б.Болдбаяр нь лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. 

Иймд шүүгдэгч Б.Болдбаярт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлөх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Б.Болдбаярын хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв

 

Дөрөв. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Болдбаяр цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Жонон овогт Бямбаагийн Болдбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбаагийн Болдбаярыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Болдбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч В.Отгонбаярт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг Си Ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Болдбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн  цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Болдбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Болдбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 10 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 8 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 36 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 58-65 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 37-55 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 40-49 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 68 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 70-73 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 67 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 10 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[27] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[30] Хавтаст хэргийн 8 дугаар тал

[31] Хавтаст хэргийн 36 дугаар тал

[32] Хавтаст хэргийн 58-65 дугаар тал

[33] Хавтаст хэргийн 91 дүгээр тал.

[34] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.