Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/12    

 

О.Т-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Т-т холбогдох эрүүгийн 2013001830151 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, прокурор Х.Өрен, шүүгдэгч О.Т-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

     О.Т нь 2020 оны 5 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутаг “Шар хүүш” гэх газарт байрлах “Ж” ХХК-ийн нарны цэнэг үүсгэгч толь байрлуулсан хашаанд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг нарны цэнэг үүсгэгч толийг өөрийн эзэмшлийн “Nissan Primera” загварын 95-81 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т  2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.   

 

Шүүгдэгч О.Т-ын давж заалдах гомдолд: “Шүүгдэгч О.Т- миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01  дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч О.Т- миний бие 2020 оны 5 дугаар сарын эхээр Сагсай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шар хүүш” гэх газарт байршилтай “Ж" ХХК-ны өмчлөлд байсан “нарны цэнэг үүсгэгч”-ийг хулгайлж, өөрийн хувийн машинаар зөөж тээвэрлэж, хувьдаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн болохыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлж өгч, хохирлыг арилгасан. Шүүгдэгч О.Т- миний бие хулгайн хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, прокурорт удаа дараа гаргасан хүсэлтүүдээр нотлогдож байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “харин тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй” гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч О.Т- миний бие Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг бүрэн хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг бүрэн арилгасан байгаа. Харин О.Т- би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг заасан “... тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэх, 2.4 дэх хэсэгт заасан “... машин механизм ашигласан” гэх хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг эс зөвшөөрч байсан билээ. Иймд шүүгдэгч О.Т- миний бие хэргийн хүндрүүлэх нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр ялыг хөнгөрүүлж оногдуулахад саад болохгүй гэж үзэж байна. Шүүгдэгч О.Т- би “хулгайн хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” тул учруулсан хохирол, хор уршгийг төлсөн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж оногдуулах боломжтой юм. Иймд Баян -Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хугацаагаар ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү.” гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Т-ын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Шүүгдэгч О.Т- нь 2020 оны 5 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутаг “Шар хүүш” гэх газарт байрлах “Ж” ХХК-ийн нарны цэнэг үүсгэгч толь байрлуулсан хашаа буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг нарны цэнэг үүсгэгч толийг учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн “Nissan Primera” загварын 95-81 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

 

            Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл болон үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч О.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хамаарах, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэн, хохирогч “Ж” ХХК-ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх, орон байр нь халдашгүй байх үндсэн эрхэд халдсан нь тогтоогдсон байна.   

 

            Иймээс анхан шатны шүүх О.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журмыг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Шүүгдэгч О.Т-аас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах журмаар гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг хөнгөрүүлж болно гэж хуульчилсан.

Үүнд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн” гэдэгт шүүгдэгчээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн шалгах ажиллагааны эхнээс нь сайн дураараа бүрэн хүлээн мэдүүлэхээс гадна тухайн гэмт хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг бүрэн хүлээн зөвшөөрснийг цогцоор нь ойлгох бөгөөд шүүгдэгч О.Т- нь хохирогч хуулийн этгээдийн тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч анхан шатны шүүх хуралдаанд “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин улсын яллагчийн тусгай хамгаалагдсан байранд нэвтэрч орсон, машин механизм ашигласан гэж зүйлчилснийг зөвшөөрөхгүй байна” гэж гэм буруугаа  бүрэн хүлээн зөвшөөрөөгүй тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтыг хэрэглэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлээгүйг буруутах хууль зүйн үндэслэлгүй болно. Иймээс шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч О.Т-ын цагдан хоригдсон 50 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ын цагдан хоригдсон 50 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                            С.ӨМИРБЕК