| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0118/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/150 |
| Огноо | 2025-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0118/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2518000000160 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1998 оны 09 сарын 15-ны өдөр Завхан аймгийн Их уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,******* сургуульд технологийн багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг,*******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 03 сарын 29-ний өдөр хасуулсан боловч дахин 1.39 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ 2025 оны 03 сарын 05-ны шөнө 02:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Nice” баарны зогсоол дээр******* улсын дугаартай N/Juke маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/******* дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн ба 2025 оны 03 сарын 05-ны шөнө 02:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар******* улсын дугаартай N/Juke маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 6/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.39 хувийн үзүүлэлт илэрч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн 7/,
Шүүгдэгчийн согтуурлын хэмжээг шалгасан гэрэл зураг /хх-ийн 9/,
“...баарны ойр орчмын хүмүүсийг тараагаад байж байхад цагаан өнгийн N/Juke тээврийн хэрэгсэл зогсоолоос их эвгүй гарч ирээд 50 метр орчим яваад буцаж ухраад зогсоол руу орчихсон. Тэгээд очиж шалгахад жолооч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгөөд жолоочийн үнэмлэхийн хувьд “байхгүй, эрхээ хасуулсан” гэж хэлсэн. Түүний согтолтыг шалгахад 1.39 хувь гарсан...” гэх гэрч*******ы мэдүүлэг /хх-ийн 12/,
“...найз *******ын хамт “Gold” нэртэй паабад нэг шил архи хувааж уусан. Тэгээд тэндээс гараад урд талд нь байдаг баар луу ороод шар айраг уусан. Баарнаас гараад би салхинд цохиулаад тасарчихсан байсан. Нэг мэдэхэд *******ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд цагдаа нар машинтайгаа ирчихсэн байсан...” гэх гэрч*******ын мэдүүлэг /хх-ийн 13/,
Шүүгдэгч ******* 2025 оны 03 сарын 05-ны өдөр эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 17/,
Шүүгдэгч ******* 2024 оны 03 сарын 29-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 26/,
Шүүгдэгч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэсэн тухай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/******* дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 37-39/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын үйлдэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 16 сарын хугацаанд сар бүр 312,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 16 сарын хугацаанд сар бүр 312,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 16 /арван зургаа/ сарын хугацаанд сар бүр 312,500 /гувран зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР