Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0119/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Э.Улаанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******ид холбогдох эрүүгийн 2518000000054 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1948 оны 10 сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 76 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, 02 давхар*******,*******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 07 сарын 30-ны өдрийн******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 3-т зааснаар 80,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснийг 1999 оны 06 сарын 10-ны өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольсон,

          Нийслэлийн шүүхийн 1998 оны 09 сарын 02-ны өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 1-д зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн*******ны******* гэртээ 2025 оны 01 сарын 03-ны 21:00 цагийн үед архи авлаа гэх маргаан үүсгэж*******ы толгойн тус газар заазуураар цохиж*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ийн: Хохирогч орж ирээд архи авах гэсэн. Заазуурын ирээр нь биш мөрөөр нь түүнийг цохисон гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

          “Уг заазуур 23 сантиметр урттай, 12.5 сантиметр ажлын хэсэгтэй, 11.5 сантиметр саарал өнгийн оруулгатай, ногоон өнгийн хуванцар бариултай заазуур байх ба ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байв...” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, заазуурыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-8/,

          Хохирогч*******ы: ... ******* өвөө босож ирээд “зайлцгаа” гээд орилж хашхираад байсан.******* ах намайг “гарч бай” гэсэн. Гэтэл өвөө гэнэт араас толгой руу цохисон, эргээд харахад ******* өвөө гартаа ногоон иштэй заазуур барьчихсан байсан. Тэгээд тэднийхээс гараад гадаа байж байхад нэг эгч “толгойноос чинь цус гарч байна” гэхээр нь эмнэлэг явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

          Гэрч*******гийн: ... ******* ахын гэрт унтаж байхад******* том өрөөний цонхоор цээжин биеэрээ орж ирээд “гэрийнхээ хаалгыг тайлаач” гээд орилоод байхаар нь би хаалга тайлсан.******* орж ирээд гэрэл асаахад ******* ах сэрээд “муусайн хулгайч нар зайлцгаа” гэж хэлсэн.******* ширээ дээр байсан архийг аваад гарах гэхэд ******* “наадах чинь миний архи” гээд уурлаад байхаар нь би*******аас архийг аваад газарт тавиад*******ыг гаргах гэхэд гарахгүй хаалга алдлаад зогсоод байсан. Тэгээд би хөл нүцгэн байсан тул том өрөө рүү ороод гутал өмсөөд эргээд гартал ******* ах заазуур барьчихсан,*******ы толгойноос цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

          Гэрчын: ...манай эгч аавд ногоон иштэй заазуур, бор иштэй хутга авч өгсөн. Энэ зураг дээрх заазуур эгчийн авч өгсөн заазуур мөн байна гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

          Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 09-ний дугаартай:*******ы биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

          Шүүгдэгч *******, хохирогч*******, гэрч******* нарын согтуурлыг шалгасан тэмдэглэлүүд /хх-ийн 50-51/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2025 оны 01 сарын 03-ны 21:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, 02 давхар*******,******* гэртээ*******тай маргалдаж улмаар түүний толгойг заазуураар цохиж эрүүл мэндэд нь дагзанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ы эрүүл мэндэд дагзанд шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 03 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.

Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулж байгаагүй зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12.5 сантиметр ажлын хэсэгтэй, 11.5 сантиметр саарал өнгийн оруулгатай, ногоон өнгийн хуванцар бариултай, нийт 23 сантиметр урттай нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 03 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 12.5 сантиметр ажлын хэсэгтэй, 11.5 сантиметр саарал өнгийн оруулгатай, ногоон өнгийн хуванцар бариултай, нийт 23 сантиметр урттай нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР