Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0120/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,

          Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,******* нарт холбогдох эрүүгийн 2433001190083 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1976 оны 05 сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 02 дугаар баг,*******,*******,*******од оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,*******,од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

          2. Монгол Улсын иргэн,******* /РД: /, 1975 оны 03 сарын 07-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн,,д үйлчлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,*******,од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн хохирогчийг 2023 оны 11 сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 01 дүгээр багийн нутаг тоот өөрийн түрээслэх гэж байсан байрандаа дуудаж уулзан “энэ байрыг худалдан авч байгаа тул шинэ байрандаа шкаф авахад мөнгө хэрэг болоод байна 800,000 төгрөг зээлээч” гэж *******гийн эзэмшлийн ХААН банкны тоот дансаар 800,000 төгрөг шилжүүлж авсан, 2023 оны 11 сарын 22-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байхдаа “гэртээ юм авах гэсэн мөнгө дутаад байна,******* говьд уурхайд ажилладаг, сар бүрийн 25-нд цалин нь тогтмол ордог учир 2023 оны 12 сарын 25-нд 1,500,000 төгрөг болгож өгье, өмнө авсан 800,000 төгрөг дээрээ нэмж 300,000 төгрөг зээлээч” хэмээн 300,000 төгрөг бэлнээр авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчээс нийт 1,100,000 төгрөгийг авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******гийн: гэх хүнээс худлаа ярьж мөнгө авсан. 2025 оны 04 сарын 01-ний өдөр цалин буухаар хохирол төлбөрийг төлнө гэх мэдүүлэг,

Шүүгдэгч*******гийн:тэй нэг нутаг байсан. Тийм учраас мөнгө зээлээч гэж гуйсан юм. Бид 2 байр худалдаж авах гэж байгаа гэж ерөөсөө хэлээгүй. Хохирогч яагаад ингэж хэлснийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Хохирогчийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 13-15/,

Хохирогчийн: 2023 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгаас Сайхан сум руу такси үйлчилгээнд явдаг байхад эхнэр, нөхөр хоёр гэх 2 хүн “төлбөрөө маргааш өгье” гээд миний машинд суугаад Сайхан сум руу явсан. Тэр хоёр “50,000 төгрөг зээлчих, маргааш замын төлбөртэйгөө хамт буцаагаад өгье” гэхээр нь би мөнгө өгсөн бөгөөд маргааш нь авсан мөнгөө буцааж өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа над руу залгаад манайд ирж цай уу гэхээр нь би очсон ба эхнэрийг нь*******, нөхрийг нь ******* гэдэг, эхнэр нь говьд ажилладаг, удахгүй ажилдаа явна, манайх энэ байрыг авч байгаа юм, явахаасаа өмнө гал тогооны өрөөнд шкаф авах гэсэн юм, та 800,000 төгрөг зээлээч” гээд гуйгаад байхаар нь би өөрийн тоот данснаас тоот данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надтай хамт Дархан руу тавилга авна гээд явсан. Дарханд очоод би хоолонд орж байхад эхнэр нь над руу залгаад “та зогсоол дээр байрлуулсан машин дээрээ хүрээд ирээч” гэхээр нь би очиход эхнэр, нөхөр хоёр хоёулаа байж байсан. Эхнэр нь “юм авах гэсэн чинь мөнгө дутаад байна, нэмээд 300,000 төгрөг өгөөч, миний цалин сар бүрийн 25-нд ордог, 2023 оны 12 сарын 25-нд 1,500,000 төгрөг болгож өгнө” гэхээр нь би АТМ-аас 300,000 төгрөг бэлнээр аваад тэр хоёрт өгсөн. Түүнээс хойш дугаар луу залгаад мөнгөө нэхэхээр өгнө гэж хэлээд 01 жилийн хугацаа өнгөрсөн.

Өөрт учирсан 1,100,000 төгрөгөө буцаагаад авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18, 51/,

Гэрчгийн: 2023 оны 11 сарын дундуур манай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 01 дүгээр багийн тоот байранд Орхон аймгаас шилжиж ирж байгаа гээд эхнэр, нөхөр 2 хүн сургуулийн хүүхдийнхээ хамтаар түрээсээр байхаар орсон. Тухайн хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна, 05 хоногийн дараа мөнгөө өгнө гээд байранд орсон. Тэгээд мөнгөө өгөхгүй 15 хоног болчихоор нь би байрнаасаа гаргасан. Би байраа зарна гэж ярьж тохирсон зүйл байхгүй, сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр ярилцсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Шүүгдэгч *******гийн ХААН банк дахь тоот дансанд тоот данснаас 2023 оны 11 сарын 22-нд 800,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /хх-ийн 23/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *******,******* нар нь хохирогчд “уурхайд ажилладаг, удахгүй ажилдаа явах гэж байгаа” гэж худлаа хэлж 1,100,000 төгрөг авч хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******,******* нар нь таксигаар үйлчлүүлэхдээтэй танилцаж, улмаар 2023 оны 11 сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 01 дүгээр багийн 04 дүгээр байрны 11 тоотод “******* говьд уул уурхайн компанид ажилладаг, удахгүй ажилдаа яваад буцааж өгнө” гэж хэлээд 800,000 төгрөгийг *******гийн ХААН банкны тоот дансанд шилжүүлэн авсан, тус өдрөө Дархан-Уул аймгийн Дархан суманд ирээд “дахин мөнгө зээлээч” гэж хэлэн 300,000 төгрөгийг бэлнээр авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******,******* нарын дээрх үйлдэл нь хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан мөнгийг нь авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчд 1,100,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд 1,100,000 төгрөгийгийн ХААН банкны тоот данс руу шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, эхнэр, нөхөр бөгөөд ам бүл 3 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь тэдний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргав.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР