| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0081/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/183 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0081/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418003010052 дугаартай хэргийг 2025 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 2005 оны 01 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уулын ажлын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******йг 2024 оны 08 сард болон 10 сарын 18-ны өдрийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 03 дугаар багийн нутаг дэвсгэр Ширээ нурууны орчмоор ургасан сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй /каннабис/ олсны ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2024 оны 10 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн******* улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 03 дугаар багийн нутаг дэвсгэр Ширээ нурууны орчмоос 2024 оны 08 сард болон 10 сарын 18-ны өдөр сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй /каннабис/ олсны ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж өөрийн эзэмшлийн******* улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн тээшинд хадгалж байгаад 2024 оны 10 сарын 23-нд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагчид саатуулагдсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,
“...зорчигчийн урд талын хайрцгийг шалгахад гялгар ууттай хатсан ургамал, тээврийн хэрэгслийн хойд тээшин дэх улаан өнгийн цаасан хайрцгийг нээж шалгахад хар өнгийн гялгар уутанд ургамал байсныг хураан авахаар тогтов” гэх шүүгдэгч*******йн******* улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15/,
“ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх шүүгдэгч*******йн шээснээс дээж авч хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 20-22/,
Шүүгдэгч*******йн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26/,
“...сайжруулсан шороон замаас хойд талд байх тариан талбайн хашаа дотор орж хатсан шаргал иштэй бор өнгийн ургамлыг заав...” гэх шүүгдэгч*******йн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-31/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 сарын 04-ний өдрийн дугаартай: ...шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол илэрсэн. Энэ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад багтана... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 6052 дугаартай: ...шинжилгээнд ирүүлсэн “ 1341******* ” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Энэ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад багтана... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-40/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн дугаартай: ...шинжилгээнд ирүүлсэн “ДУА ******* өвс дээж 1341” гэж хаягласан зип лок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол илэрсэн. Энэ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад багтана... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-50/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 сарын 12-ны өдрийн дугаартай: ...шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгийн ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол илэрсэн. Энэ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад багтана... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******йн дээрх үйлдэл нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтгүйгээр буюу хууль бусаар, худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ял эдлэх хугацаанд түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 03 дугаар багийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг хууль бусаар түүж бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн 3,500,000 төгрөгийн үнэ бүхий******* улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан, улмаар уг ургамлыг тээврийн хэрэгсэлдээ хадгалсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгчид хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэм хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгсэл нь одооий өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 177-1178/
Иймд шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах тухай прокурорын санал үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ууттай жин нь 306.0 грамм, цэвэр жин нь 288.7 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэвэр жин нь 7.1 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан цэвэр жин нь 0.5874 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******йг 01 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ууттай жин нь 306.0 грамм, цэвэр жин нь 288.7 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэвэр жин нь 7.1 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан цэвэр жин нь 0.5874 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР