| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/00116/И |
| Дугаар | 142/ШШ2018/00203 |
| Огноо | 2018-02-27 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2018/00203
| 2018 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 142/ШШ2018/00203 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б
Нэхэмжлэгч: Б.Онарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В.Г
Хариуцагч: В.А
Хариуцагч: В.Б нарт холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгийг гаргуулах, зээл 7,0 сая төгрөгийг төлүүлэх, хуваарьт хөрөнгөөр тогтоолгох, эд хөрөнгийг дундын хөрөнгө болохыг тогтоолгох, түүнээс ногдох хэсгийг гаргуулах, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгч нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.о итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгч Д.б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч В.Г, В.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч В.А , хариуцагчийн өмгөөлөгч О.С , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр В.Гтой 1998 оноос хойш нэг гэрт орж амьдраад 18 дэхь жилдээ болж байна. Анх түүнтэй суухдаа миний бие 3 настай охин о хамт ирж энэ хүнтэй амьдарсан. Бидний дундаас 2001-11-23-нд хүү Өнөрболд, 2011-06-22-нд хүү Түшмэл-Эрдэнэ нар төрсөн боловч хүү Түшмэл-Эрдэнэ маань 2013 онд нас барсан. Одоо хүү Өнөрболд маань 9 дүгээр ангид, охин О маань Улаанбаатар хотод их сургуульд сурч байна. Бид энэ хугацаанд албан ёсоор гэрлэлтийн бүртгэл хийгээгүй явж ирсэн. Анх би энэ хүнтэй суухдаа 1-5-66 тоотод 2 өрөө байртай, Хүрэн булаг ХК-д лангуу түрээсэлж байнга наймаанд явдаг, эргэлтийн хөрөнгөтэй хэнээс ч дутуугүй амьдралтай байсан. Харин Г нь Чандмань төв дээр хийдэд ламаар ажиллаж сард 20 000 төгрөгний цалинтай ажилладаг байсан бөгөөд өмссөн хувцастайгаа манайд ирж амьдарч эхэлсэн. Миний бие нь 2002 онд Велле франц ХХК-г байгуулж срестораны зүүн талд байрлах өөрийн павильонд 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад уг павильоноо 2004 онд нөхөртөө зориулан хийд болгон тохижуулж өгсөнөөр Г одоо хүртэл уг байранд сууж үйл ажиллагаа явуулж байна. Миний бие нь наймаагаа хийж лангуугаа түрээсэлсээр гэр орныхоо бүх хоол унд, ахуй хэрэглээ, хувцас хунарыг зохицуулж ирсэн. Энэ хүн олсон орлогоо надад огт өгдөггүй бөгөөд хадгаламжинд хийж одоо нилээд их мөнгөн хуримтлалтай болсон. Энэ мөнгийг би нэхэж байгаагүй бөгөөд үр хүүхдэдээ зарцуулах нь тодорхой гэж бодож дуугүй явж ирсэн. Гэтэл нөхөр Г нь ааш зан нь хувирч гэр орондоо ирэхээ больж, охин Оюунсувдыг хотод байрнаас нь хөөж гаргасан байсан. Хүү Өнөрболдоо ч тоохгүй биднийг ер нь хүн гэж тоохгүй орхисон. Энэ байдлаас болж бид 2015 оны 09 сараас хойш тусдаа амьдарч байна. Яагаад ийм байдал гаргах болов гэдгийг асууж сураглатал Улаанбаатар хотод өөр хүүхэнтэй болсныг олж мэдлээ. Иймд цаашид бидний хамтын амьдрал дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Хүү Ө-ыг18 нас хүртэл нь эцгээр нь тэжээн тэтгүүлж өгнө үү. Бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгөнөөс заримыг буюу срестораны зүүн талд байрлалтай үйлчилгээний зориулалттай 35 м2 ажлын байр, Рашаант баг Уртын гол 6А-2 тоот 800 мкв хашаа бүхий газар, Улаанбаатар хот Хангай хотхоны 2 өрөө байр зэргийг хүүхдүүд бидэнд үлдээж өгнө үү. Хас банкинд байгаа 2014-06-18-ны өдрийн 14 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 14 000 000 төгрөгийн 50 хувь болох 7 000 000 төгрөгийг Гоор төлүүлэх зэрэг болно... гэжээ.
Нэхэмжлэгч Д.б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: ...Д.б би Гтой анх суухдаа ямар хөрөнгөтэй байсан, яаж зарцуулдаг байснаа өмнөх тайлбартаа тодорхой бичсэн. Харин В.Г Хас банкны 5001511687 тоот данс нээлгэж тэндээ мөнгөө байршуулж Лексус машин ба Улаанбаатар хотод олон байр л авсан байх. Г Д.б намайг болон хүүхдээ хүртэл зодоод хөх няц болгочихдог байснаа ярьж байгаа байлгүй дээ. Харин ч би Гоос илүү Буддагийн номлолыг дээдлэн хүндэлж биширдэг, бурхан шүтээнтэй холбоотой зүйлсийг зарж борлуулдаг хүн. Үүнийг том болсон хүүхдүүд нь ээж, дүү нар нь сайн мэдэх байх. Би хөөж явуулаагүй, Улаанбаатар хотод өөр хүүхэнтэй болчихоод явсан гэдгийг өмнөх тайлбартаа бичсэн. В.Г нь бид хамтран бий болгосон хөрөнгө гээд 9 зүйл жагсааж бичсэн байсан. Энэ хэний хөрөнгө, хэрхэн яаж бий болсон тухайд дээр тайлбарласан. В.Г нь харин Эрдэнэт хот болон Улаанбаатарт байгаа хөрөнгөө нэгийг ч дурдаагүй нь хачирхалтай. Би В.Гоос Улаанбаатарт байгаа байр, хадгаламжинд байгаа мөнгө, мал ахуйг нь булаацалдахгүй ээ. Өөрийнхөө хөрөнгөөр худалдаж авсан павильоныг нурааж сүүлд баригдсан барилгаа эргүүлэн авах, Рашаант багийн 6-а-2 тоотод байгаа 800 мкв хашаа бүхий газрыг хүү Г.Өнөрболдын нэр дээр болгуулах, хүү Г.Ө-днасанд хүртэл тэтгэлэг олгуулах, Хас банкнаас хамтран зээллэг авч байраа засварласан болон гражийн дээвэр засварласан мөнгийг хувааж төлөх хүсэлтэй байна...
В.Гийн тайлбартай танилцаад доорх дэлгэрэнгүй тайлбар хийх нь зүйтэй хэмээн үзлээ. Даш овогтой б миний бие 1998 онд Виктор овогтой Гтой танилцаж нэг гэрт орж амьдарч эхэлсэн. Энэ үед би 3 настай охин Оюунсувдтайгаа хамт Баян-Өндөр сум Зэст багийн 1-р хороолол 5-р байрны 66 тоотод ирж бүрэн тавилга, хүний хэрэгцээний бүх зүйлтэйгээ 2 өрөө байранд амьдарч байсан. Би өөрөө үйлчилгээний төвд бэлэн хувцас худалдаалдаг 5 метр урт лангуутай, эргэлтийн бүрэн хөрөнгө мөнгөтэй хэнээс ч дутахааргүй амьдарч байсан. Харин В.Г энэ үед Чандмань төвд хүний хийдэд цалингүй шахам сууж байгаад өмссөн хувцастайгаа л над дээр ирж амьдарч эхэлсэн. В.Гтой амьдраад би 2001 онд хүү Өнөрболдыг, 2011 онд хүү Түшмэл-Эрдэнийг төрүүлж өгсөн. Гэвч хүү Түшмэл-Эрдэнэ маань бие муутай төрж байнга өвдөж улмаар би Энэтхэг улсруу охин Оюунсувдтайгаа хамт хүүгээ авч явж 30 гаруй сая төгрөг зарцуулан эмчлүүлж зүрхний мэс ажилбар хийлгэж ирсэн. Энэ үед В.Г нь Архангай аймаг руу сүвлэрдэг хүүхнээ авч яван зугаацаж яваад ирсэн байдаг. Улмаар би хүүдээ эмчилгээ хийлгээд эргэж ирсэн шөнө хүүхэд уйлж сандаргахад Үхээд ирэхгүй яасан юм, хүн амьтны хүүхэд үнс болоод ирж байхад гэж орилоход би өөрөө ёстой л үхэх шиг болж байсан. Хүү маань энэ хүний тэр хараалаас болж 2013 оны 10-р сард өнгөрсөн. Энэ үед буяных нь ажилд зориулж 5 төгрөг ч өгөөгүй, Ийм л эцэг хүн. Анх В.Гтой амьдрахдаа лам хүнтэй, бурхны шашныг шүтдэг ариун ёс жаягтай, хүнлэг, энэрэнгүй, бурханы шавь хүн гэж хүндэтгэн дээл хувцас хийж өгөн бүс малгайг нь дээр тавьж хүндэтгэн ханилж ирсэн. Би 1995 оноос хойш наймаа эрхлэн Үйлчилгээний төвд бэлэн хувцас зарж овоо мөнгөтэй болсон. Мөн миний төрсөн ах Д.Ядамхүү 3 дугаар хорооллын 3-р ДГТ-ын 01 тоот 2 өрөө байрыг надад Д.Л-с /бэлэглэлийн гэрээгээр/ түр өгсөн үүнийгээ ах Д.Ядамхүү одоог хүртэл бусдад түрээслүүлдэг. В.Г энэ байрыг авахад ямар ч оролцоо байгаагүй. Мөн 2002 онд 2 дугаар хороолол сзочид буудлын урд талд павилон худалдан авч энд Велла франц ХХК-ыг 100 хувийн нэг хүний хөрөнгөөр байгуулан 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад 2003 онд би өрөө санаачлан энэ дэлгүүрээ татан буулгаж байрыг нь засварлан хийд болгож В.Гт өгсөн. Энэ компани одоо ч гэсэн миний нэр дээр байгаа. Энэ үеэс хойш энэ хүн энэ хийдэд 13 жил тасралтгүй ажиллан багагүй хэмжээний ашиг орлого олдог боловч эхнэр, хүүхдэдээ ямар ч мөнгө төгрөг өгдөггүй хүн. В.Г нь сүүлийн 7-8 жилийн хугацаанд зан ааш нь ихэд эвдэрч гэр орондоо байхгүй нь ихсэж, надыг болон хүүхдэдээ гар хүрдэг болсон. Гэр орныхоо эд хэрэгслийг эвдэж, хэмхэлж хүүгийнхээ компьютерийг хүртэл эвдэлж хаяж байсан. 2014 оны 11 дүгээр сард хүү Өнөрболд нь аавынхаа мал дээр хөдөө явж очиход В.Гийн малыг малладаг дүү Баяка нь нүүрлүү нь цохиж гэмтээн хөөж явуулахад хүүхэд Хангал сумаас явган ганцаараа гүйж ирж байсан. Тэгэхэд хүүхдээ нэмж зодон ухаан алдуулан унагаж нүүр нүдийг нь хөх няц болгочихсон байсныг сургуулийн багш нар, ангийнх нь хүүхдүүд сайн мэдэж байгаа. Миний охин О Эрдэнэт хотод Эрдмийн сан сургуулийг төгсөж одоо их сургуульд сурч байхад сургалтын төлбөр гэж нэг ч удаа тусалж байгаагүй. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Түмэн наст хороололд В.Г байртай бөгөөд энэ 1 байранд миний охин амьдарч байхад нь 2015 онд энэ байрнаас нь гуйлгачин минь тавилгаа орхиод зайл гэж хэлэн хөөж гаргасан тул одоо өөр байрыг сарын 420 000 төгрөгөөр түрээслэн амьдарч байна. Би хүүхдэдээ байр олж өгч байлгачихаад ирсэний дараа В.Г надыг хэл үгээр доромжлон ороод ир хэлэх зүйл байна гээд байхаар нь явж ороход урдаас хэрүүл хийсэн энэ үед би цохиж авсан боловч энэ үед худлаа дальдарч унаж өнхөрөөд байсан. Тэгсэн өөрийнхөө утсыг нэг ламдаа өгч зориуд бичлэг хийлгэсэн юм байна лээ. Түүнээс биш би В.Г шиг хүнийг хөх няц болтол нь зодоод байдаг хүн биш. Харин болохгүй зүйлийг нь хэлж үглэж загнадаг байсан минь үнэн. Харин би В.Гоор зодуулж хөх няц болсон хүн өөрийн эгч, ах нартаа хэлэхэд эхнэр, нөхрийн хэрүүлийг бид мэдэхгүй ээ гээд оролцохгүй гэдэг байсан. Гэтэл би В.Гийг зодоод, энэ хүн миний дарамтанд ороод хөөгдөж туугдаад явдаг гэж үү? Тэр камер нь хаана байдаг юм болоо. Арай ч ингэж гүтгэж болохгүй байхаа. Том болсон хүүхдүүд нь, хамт ажилладаг лам нар нь хэн нь хэн бэ? гэдгийг хэлэх байхаа. Би одоо амьдарч байгаа энэ 2-р хорооллын 7-р байрны 3 тоот байрыг Худалдаа Хөгжлийн банкнаас зээл авч худалдан авч байсан. Энэ байрыг авахад оролцоогүй. Мөн 2007 оны 7-р сард Эрдэнэт хотод болсон газрын дуудлага худалдаанд оролцож 4-р хороолын 10-р байрны ард гражын зориулалттай газрыг 5,0 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ мөнгөний 4,0 сая төгрөгийг миний ах Д.Сайнхүү өгсөн. Энд ах Д.Лхамхүү УБҮ-ээс ухагч эксковатор авч ирэн газрыг нь ухуулж бэлтгэн Эрдэнэт хот дахь барилгын цэргийн 110-аар ангиар Хас банкнаас зээл авч гражууд бариулан одоо бусдад түрээслэн ашиглаж байна. Түүнээс биш В.Г ах дүү нартайгаа нийлж бариулаагүй. Тийм их 30,0 сая төгрөгөөр ч бариагүй. 10,0 сая төгрөгөөр БЦ-ийн 110-р ангиар бариулсан баримт нь одоо надад байгаа. Мөн өөрийн одоо амьдарч байгаа байрныхаа ар талд өргөтгөл хийн Шашны эд зүйлийн дэлгүүр нээн ажиллуулж эхэлсэн. Энэ дэлгүүрийг барихад ах Д.Сайнхүү 3 сая төгрөг өгч дотор тавих тавилга, лангууг хийж өгсөн одоо ч ашиглаж байна. Ингэж л би өдрөөс өдөрт амьдрах гэж зүтгэж 2 хүүхэд гэр бүлийн төлөө гэж явахад В.Г гэдэг хүн олсон орлогоо зөвхөн өөртөө зориулдаг. Би В.Гтой амьдарсан 18 жилд сайхан дурсамжтай, баяр хөөртэй үе бишгүйдээ их байсан. Би үүнийг үгүйсгэхгүй. Би В.Гийн зан аашийг засах гэж олон удаа янз бүрээр ойлгуулах гэж зүтгэж эмэгтэй хүний янз бүрийн аргыг хэрэглэж үзсэн, гуйж хайрлаж байсан. Олон ч хүүхэнтэй нэр холбогдож бүр өвчин хүртэл авчихаад ирж байсныг би уучилж байсан. В.Г 2015 оны 6-р сараас гэртээ ирж хонох нь эрс цөөрч 9 сарын 15-нд гэрээсээ би явлаа гээд явсан. Улмаар 11 сарын 17-нд өөрийн дүү А тайгаа ирж өөрийн хувцас, хэрэгсэл, бурхан, шүтээнээ авч явсан. Би энэ үед нь 18 жил амьдарсан амьдралаа үр хүүхдээ бодооч гэж нөхөр дүү хоёроос хүү Өнөрболд бид 2 уйлан гуйхад тоохгүй яваад өгсөн. Тэгсэн Улаанбаатар хотод Нийслэлийн Газрын харилцааны газар мэргэжилтэн хийдэг О.Уранчимэг гэдэг хүүхэнтэй амьдрахаар явсан юм байна лээ. В.Г нь миний бусад хөрөнгийн талаар огт бичээгүй байна гэсэн байна лээ. Тиймээ энэ хүн хөрөнгө ихтэй. Тухайлбал: Би В.Гт Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Түмэн наст хорооллын 36-ийн Б байрны 31,8 мкв 1 өрөө байр худалдаж авахад нь Хас банкнаас 10,0 сая төгрөг зээлэн авч өгсөн. Мөн 2014 оны 1-р сард lехиs 570 маркийн 00-06 УБП улсын дугаартай авто машин авахад нь би 20,0 сая төгрөг өгч байсан. Мөн 2014 онд Баян цагаан багийн 2-р байрны 6 тоот 3 өрөө байр авахад нь тусалж Д.б би 3 сая төгрөг өгч байлаа. В.Г нь дээрх хөрөнгөнөөс гадна 2015 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 100 айлын баруун талд Хангай хотхоны 1 давхарт 1 өрөө байр, мөн байрны 8 давхарт 2 өрөө байртай. 2014 онд Булган аймгийн Хангал суманд нийт 200 гаруй хонь, ямаа худалдаж авсан одоо дүү В.Баяка нь малладаг. 2007 онд Орхон аймаг Рашаант багийн Уртын голын 6а-2 тоот 800 мкв хашаа бүхий газартай болсон хүн. Би В.Гтой 18 жил хамт амьдрахдаа удаа дараа гэр бүлээ батлуулъя, эвтэй зүйтэй сайхан амьдарцгаая гэж гуйж аргадаж янз бүрээр л үздэг байсан. Гэтэл энэ хүн гэр орон, амьдрал ахуй, өдөр тутмын хоол хүнсэнд, үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд зарцуулдаггүй байсан орлогоо аль болохоор бэлэн хоол идэж, үнэгүй байранд амьдарч байгаад өсгөж арвижуулчихаад өөр амьдрал хөөх бодолтой байсан юм байлгүйдээ. Миний ах Д.Ядамхүү 3-р ДГТ-ийн 54 тоот 2 өрөө байрыг бэлэглэлийн гэрээгээр 2014 онд надад түр хугацаагаар өгсөн. Ах маань саймгийн Сүхбаатар хотод амьдардаг, бие муутай болохоор 2 охиндоо өгөхөөр захиж үлдээсэн 3 байр байгаа. Энэ бол миний мэдлийн өмч хөрөнгө биш. В.Гт битгий хэл надад ч хамаагүй байр. Энэ байрыг хүнд түрээслүүлдэг, түрээсийн мөнгийг нь би биш ах авч амьдрал ахуй, эмчилгээндээ хэрэглэдэг. Д.Ядамхүү нь буцааж авах хүссэн үед нь өгөх үүрэгтэй. В.Г надаас 2 ш хөөрөг, З0 ш мөнгөн аяга, монгол гутал, бүс нэхсэн байх юм. Энэ бол гүтгэлэг би хүний хуучин гутал, бүс, хөөргөөр юу хийх вэ. Би хөөрөг хэрэглэдэггүй. Уг 2 хөөрөг нь орчин цагийн хөөрөг, мөнгө нь гэх бүс нь Хятад улсын Полиосон 20 000 төгрөгний үнэтэй бүс шүү дээ. Харин мөнгөн аяганы хувьд 1-р хорооллын байраа зараад зээлээ төлж үлдсэн мөнгөнөөсөө 20 ш аяга би өөрөө худалдаж авсан. Үүнээс 7 ш нь гэрээс алга болсон. Түүнээс биш 30 ш аяга огт байгаагүй. Миний хэдэн аягыг шуналын сэтгэл нь хөдлөөд 30 ш болгож хараад авах гээд байгаа юм байлгүй дээ. Мөн надыг ломбард ажиллуулдаг гэсэн байна лээ. Би ломбард ажиллуулдаггүй ээ. Би В.Г шиг худал хэлж хүний өмч хөрөнгө, авсан хэдэн мөнгөн аягыг хүртэл булаацалдахгүй. В.Гоос тэр их хөрөнгийг нь авна гэж зүтгээгүй, тэгэх ч үгүй. Сольж өмсөх хувцасгүй ирсэн тэрнийг хувцаслаж, хооллож, ажлын байр гарган өгч өдий зэрэгтэй болгосныг манай энэ орчны айл хөршүүд, түүний ах дүүс нь хүртэл бүгд мэднэ. Гэхдээ түүнийхээ орыг хүн чанаргүй лам хүнээс нэхэхгүй. Харин өөрийнхөө хөрөнгөөр барьж өгсөн одоо В.Гийн нэр дээр байгаа байраа эргүүлэн авах, Рашаант багийн 6а-2 тоотод байгаа 800 мкв хашаа бүхий газрыг хүү Өнөрболдын нэр дээр болгуулах, хүү Ө-днасанд хүртэл нь тэтгэлэг олгуулах, Хас банкнаас хамтран зээллэг авч байраа засварлаж, гражийн дээвэр засварласан мөнгийг хувааж төлөх хүсэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.
1. Хариуцагч В.Г, нэхэмжлэгч Д.б нар нь 2011 онд өөрсдийн хамтран өмчлөх дундын өмч болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Рашаантын 14-р гудамжны 106 тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000074086, Улсын бүртгэлийн дугаар Г-2203007328, нэгж талбарын 18643312442948 дугаартай, 269 м2 талбай бүхий газрыг Аюурзана овогтой Хүрэлшагайд худалдаж, төлбөрт нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14-р хороо, 36а орон сууцанд 2-р блокийн 4 давхрын 28 тоотод байрлах 1 өрөө бүхий орон сууцыг худалдан авсан байдаг одоогоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа юм. Иймээс Д.б гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.
1.1 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 36а орон сууцанд 2-р блокийн 4 давхрын 28 тоотод байрлах 1 өрөө бүхий орон сууц нь В.Г, Д.б , Өнөрболд, О нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоох,
1.2 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 36а орон сууцанд 2-р блокийн 4 давхрын 28 тоотод байрлах 1 өрөө бүхий орон сууцны хамтран өмчлөгч нь Д.б , Өнөрболд, О нар мөн байх тул хариуцагч В.Гоос оногдох хэсгийг гаргуулан олгох.
2. Д.б , В.Г нар нь гэр бүлийн дундын хэрэгцээнд хэрэглэж байсан Лексус 570 автомашинд зам тээврийн ослын улмаас хохирол учруулсан иргэн Д.Доржбатаас автомашин хохиролд тооцон 2014 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулан Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан баг Вокзалын 2-6 тоот хаягтай Улсын бүртгэлийн Ү-2101010586 дугаартай, 38 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцыг авсан байна. Үүнээс үзвэл улсын бүртгэл нь хариуцагч В.Гийн нэр дээр бүртгэлтэй боловч Д.б , Г.Өнөрболд, О нарын дундын өмчлөлийн зүйл болох нь харагдаж байна. Гэтэл хариуцагч В.Г нь энэхүү үл хөдлөх хөрөнгийг дундын хөрөнгөд учирсан хохирол, Д.б гийн мөнгөн хөрөнгөөр авсан байтал тус орон сууцны хамтран өмчлөгчөөр өөрийн төрсөн дүү Викторын А г 2015 оны 09 сарын 17-ны өдөр нэмж, өөрөө болохоор 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хасагдаж, дундын эд хөрөнгийг нуусан байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.
2.1 В.Г В.Адьяа нарын хооронд 2016 оны 09 сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл, мөн 2015 оны 09 сарын 18-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл зэрэг хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад хүчин төгөлдөр бусад тооцуулах /хэрэгт нотлох баримтаар авагдсан/
2.2 Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцосны үндсэн дээр А гийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож В.Г, Д.б , Өнөрболд, О нарын нэр дээр бүртгэхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах,
2.3 Энэхүү орон сууц нь В.Г, Д.б , Г.Өнөрболд, О нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Д.б , Өнөрболд, О нарт оногдох хэсгийг хариуцагч В.Гоос гаргуулан олгох
3. Дараах эд хөрөнгүүдийг Д.б гийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:
3.1 Улсын бүртгэлийн Ү-2101000735 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3 хороолол ДГТ 3-р байр 54 тоот 2 өрөө орон сууц,
3.2 Улсын бүртгэлийн Ү-2101002333 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3 хороолол ДГТ 3-р байр 53 тоот 2 өрөө орон сууц,
3.3 Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-р байр 1 тоот 1 өрөө орон сууц
3.4 Орхон аймаг, Баян-Өндөр, Оюут баг 2-7- 3 тоотод байрлах 4 өрөө орон сууц
З.5 Улсын бүртгэлийн 2101017174 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 10-р байрны ард байрлах 216 мкв талбай бүхий граж зэрэг үл хөдлөх хөрөнгүүд нь Д.б гийн ах Д.Я-ээс бэлэглэж шилжүүлсэн мөн Д.б нь өөрийн аж ахуйн үйл ажиллагааны орлогоор бий болгосон хөрөнгүүд байх тул эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг Д.б гийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Д.б сөрөг нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагад хариу тайлбар гаргахдаа: Миний бие Д.б нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд В.Гт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэгт хариуцагч В.Г нь тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэсэн шаардлагын тухайд:
1. Оюут багийн 2-7-03 тоот орон сууцыг миний бие 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ч.Чанцал гэдэг хүнээс 24 сая төгрөгөөр худалдан авсан /1-р хавтасны 154-р талд гэрээ байгаа/ бөгөөд түүний үнийг Худалдаа хөгжлийн банкнаас 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээл авч /1-р хавтасны 169-р талд гэрээ байгаа/, миний худалдаа хөгжлийн банкны 40716396 дугаарын данснаас 21 сая төгрөг авч /1-р хавтасны 153-р талд байгаа данснаас миний бие өөрөө мөнгөө авсан баримт/ миний бие өөрөө үнийг нь төлсөн. Ийнхүү миний бие өөрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрөө үнийг нь төлж авсан орон сууцыг В.Г шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ үндэслэлгүйгээр худал бичиж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймээс 2-7-3 тоот орон сууцыг хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэв В.Г нь орон сууцыг худалдан авахад оролцсон бол, үнийг нь төлсөн бол өөрөө гэрчилгээнд нэрээ оруулах л байсан. Оролцоогүй учраас өмнө болон одоо ч түүний нэр байдаггүй юм. Иймээс энэ орон сууц нь миний хуваарьт хөрөнгө болно.
2. Орон сууцны өргөтгөл буюу шашны дэлгүүр, шашны дэлгүүрийн газрын талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг өргөтгөлийг барихад миний бие блок цохиулж, өөрөө уг блокоор өөрийн найзын нөхрөөр бариулж, гадна болон дотор заслыг нь хийлгэсэн миний хуваарьт хөрөнгө юм. Гэвч энэхүү өргөтгөлийг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй /гэрчилгээ байхгүй, зөвшөөрөлгүй баригдсан/, газар нь нь нийтийн эзэмшлийн газар бөгөөд ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, удахгүй буулгагдах хөрөнгө юм. Ийнхүү буулгахад материал нь ч хэрэггүй болно. Нөгөө талаас энэхүү өргөтгөлийг барихад В.Г нь 1 ч төгрөг оруулаагүй бөгөөд хуруугаа ч огт хөдөлгөөгүй. Тиймээс түүний дундын хөрөнгө гэж үзэхгүй.
3. 4-10-р байрны ард талд байрлах 8 автомашины граж, гражийн газар нь хамтран өмчлөх дундын өмч биш бөгөөд газрын худалдаанд миний бие оролцож авсан /1-р хавтасны 56-р, 107-р талд гэрээ/ бөгөөд одоо газрын эзэмших эрхийн гэрээг /1-р хавтасны 104-105 талд/ миний бие байгуулан үндсэн эзэмшигчээр нь эзэмшдэг ба В Г өөрөө миний нэрийг оруулаач" гэж гуйсан болохоор нь оруулсан. Түүнээс В.Г нь уг газрыг худалдан авахад огт мөнгө гаргаагүй. Харин миний өөрийн төрсөн ах Сайнхүүгээс 4 сая төгрөг авч өөрөө үйл ажиллагааны орлогоосоо 1 сая төгрөг гаргаж нийт 5 сая төгрөг /1-р хавтасны/-өөр дуудлага худалдаанд ялалт байгуулж худалдан авсан. В.Г нь огт мөнгө төлөөгүй, харин өөрөө дуудлага худалдаанд оролцохдоо 5000 төгрөг төлсөн /1-р хавтасны 126-р талд/ байдаг. Иймээс В.Гт харин тус гражийн газрын үнэлгээ /1-р хавтасны 35-р талд/-ний дагуу оногдох хэсгийг миний бие мөнгөөр нь гаргаж өгнө. Харин гражууд нь бүгд миний хуваарьт хөрөнгө бөгөөд В.Г огт мөнгө оруулаагүй, барихад нь хүч хөдөлмөр зарцуулаагүй тул түүнд гражаас нэхэх эрх байхгүй юм.
4. ДГТ 3-54 тоот, ДГТ 3-01 тоот миний ах Д.Я-ээс болон түүний зөвшөөрснөөр Д.Л-с тус тус зөвхөн миний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжиж ирсэн /1-р хавтасны 157 тайлбар, 158-р талд тайлбар, 160-161 талд орон сууц хөлслөхөөр олгосон итгэмжлэл, 117-р талд лавлагаа/ бөгөөд энд В.Г бэлэглэсэн тухай ямар ч баримт байхгүй. Хувийн шуналдаа хөтлөгдсөн ийнхүү дээрх орон сууцыг хамтран өмчлөхөөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ талаар Д.б би нотлох баримттай, үндэслэл бүхий тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5. Миний бие Д.б болон охин Б.О бидний хувьд гэрийн тавилга болох буйдан, гал тогооны тавилга, 4 хивс, Сони маркийн 42 инчийн телевизор зэргийг миний бие өөрөө бий болгосон боловч одоо В.Г нь өөр хүнтэй амьдрахдаа тансаг хаусдаа тавих тавилгагүй байгаа бол эдгээр хөрөнгийг В.Гт өгч харин бид гурав ногдох хэсгээ В.Гоос гаргуулан авах саналтай байна. Харин шинжээчийн дүгнэлтээр 60 000 /жаран мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн камен зуухыг бид өөрсдөө авч, В.Гт ногдох хэсгийг өгнө.
6. Уртын гол баг 6а-02 тоот хашааны газар буюу 8.600.000 төгрөгөөр үнэлэгдсэн газар нь хэдийгээр В.Гийн нэрээр олгогдсон ч блокыг нь миний бие 2 ажилтан авч ажиллуулж цохиулсан ба миний хөрөнгө орсон тул энэ нь бидний хамтран өмчлөх дундын өмч юм. Тиймээс В.Гийн хуваарьт хөрөнгө үзэхгүй байна.
7. Маанийн үсэгтэй манан хөөргийг өөрөө 2013 онд Архангай явахдаа авсан гэж байсан ба өөрөө 2015 оны 06 дугаар сарын 15-нд БНХАУ-руу явсан хойгуур хаалга эвдэж ороод аваад явсан байсан. В.Гийг мөнгөн тоногтой суран бүстэй байсан эсэхийг миний бие мэдэхгүй байна. Мөн халтар манан хөөрөгтэй байсан эсэхийг мэдэхгүй, ийм хөөргийг манайд авч ирээгүй. Би ч хараагүй. Хэрэв тийм хөөрөгтэй бол надаас нууцаар авсан биз, өөрийнх нь хуваарьт хөрөнгө байж болох юм. Фото зураг хавсаргав-1 хуудас
8. Харин 30 ширхэг мөнгөн аягыг өөрийн хуваарьт хөрөнгө гэж бичсэн байх ба миний бие В.Гийг 30 ширхэг мөнгөн аягатай байсныг мэдэхгүй. Харин миний бие 2014 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотоос Мөнгөн бүс гэх нэртэй дэлгүүрээс жижиг, дунд нийлсэн нийт 21 ширхэг мөнгөн аягыг өөрийн мөнгөөр худалдаж авсан ба 4 ширхэг мөнгөн аяга нь В.Гийг хаалга эвдэж орох үеэр алга болсон ба одоо надад дунд жижиг нийлсэн 13 аяга хадгалагдаж байна. Энэ нь миний хуваарьт хөрөнгө юм. Худалдан авсан бичгийг хавсаргав-1 хуудас
9. Булган уулын 80*80 хэмжээтэй уран зургийг миний бие Эрдэнэт хивс ХХК-д үйлдвэрлэсэн 2*3 харьцаатай хивсээр сольж авсан ба намайг 2016 оны 10 дугаар сард гадагш явсан хойгуур бидний дундаас төрсөн насанд хүрээгүй хүү Г.Ө-ыггэртээ ганцаараа байх үеэр нь В.Г шашны дэлгүүрийн тогийг таслахад нь бусдад 20 000 төгрөгөөр худалдаж тэр мөнгөөр нь тогоо залгуулсан байсан. Тиймээс одоо энэ зураг байхгүй болно.
10. Велле франц ХХК-ийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багт байрлах срестораны урд байрлах 35 мкв газрыг өөрийн хуваарьт өмч гэж үзэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Велле франц ХХК-ийн хувьцааг бүрэн эзэмшдэггүй бөгөөд миний бие дангаар энэ асуудлаар шийдвэр гаргах эрхгүй юм. Мөн тэр тусмаа В.Г ч үүнийг нэхэмжлэх эрхгүй, мөн тус газарт байрлах барилга нь хүүхдүүд болон миний дундын өмч тул миний бие анх шүүхэд хандахдаа уг асуудлаар нэхэмжлэл гаргасан болно. В.Гийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан учир нь миний бие хүү Г.Ө-ыгтөрүүлсэн асарч байсан ба гадуур гарах боломжгүй байснаас болж ийнхүү бүртгүүлсэн. Түүнээс үүнд В.Г нь ямар ч мөнгө оруулаагүй, оруулах боломж байгаагүй болно. Велле франц ХХК-ий Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, тус компанийн дүрэм нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 6 хуудас хавсаргав... гэжээ.
Хариуцагч В.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие б гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос бусад бүх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. б бид хоёр 18 жил хамтран амьдарсан нь үнэн. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч б г өөрийн ханиа гэж л бодож өдий хүртэл амьдарч хамаг амьдралаа зориулж ирсэн. б өөрөө л намайг хүнтэй хардаж гэрээс маань хөөж, гэрт оруулахгүй камер тавьчихаад хянаад л сууж байгаа шүү дээ. Намайг хүн гэж тоохгүй харааж зүхэн эмэгтэй хүнээс гарамгүй ааш гарган элдвээр харааж зүхэн зодож нүддэг. Эрэгтэй хүн байж эмэгтэй хүнд зодуулаад, доромжлуулаад сууж байдаг гэхэд хүн итгэхгүй л байх. Гэхдээ баримт бий. Харин хамгийн сүүлд ажил дээр ирж зодсон бичлэгийг аз болоход манай нэг лам утсан дээр бичиж авсан байсан. Хэд хэдэн удаа ажил дээр ирж дарамталж зодсон. Манай лам нар гэрчилнэ. б д миний бурхан тахил, лам, үйлчлүүлэгч нар бол юу ч биш. Ичиж зовохоо ч мэддэггүй л хүн дээ. Би их тэвчиж ирсэн. Амьдралаа болгочихъё гэж эр хүний хувьд тэвчээр заан өөрийг нь аргадаж гуйж явсаар өдий хүрсэн. б нэгэнт амьдрахгүй гэж байгаа бол би хэлэх юм алга. Хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлэг төлнө. б нь нэхэмжлэлдээ хамаг амьдралаа өөрөө босгож хамаг хөрөнгөө өөрөө бий болгосон, миний оролцоо байхгүй, би олсон орлогоо ч өгдөггүй, үр хүүхдээ ч тоодоггүй гэж худал зүйл бичжээ. Би энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин энэ амьдралыг босгож өдий зэрэгтэй болгож хамаг бий болгосон хөрөнгөө эхнэрээ гэж бодож б гийн нэр дээр бий болгож. ажиллах ажлын байрыг нь хүртэл бэлтгэж өгч явсан нь миний алдаа болж байх шиг байна. Би шашны үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоо харин ч б д өгч өөрсдийнхөө хамтын амьдрал, үр хүүхдүүдийнхээ төлөө хоол хүнс, байрны төлбөрт зориулсаар ирсэн. б миний байнгын шашны үйл ажиллагаа явуулдаг ажлын байр. миний өмчилж авсан газрыг авахаар нэхэмжилжээ. Надад огт байхгүй хүний эд хөрөнгийг хүртэл авах гэж нэхэмжлэл гаргасан нь үнэхээр гайхмаар байна. Гэсэн атлаа миний хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгосон өөр бусад хөрөнгүүдийн маань талаар огт бичээгүй байна. Хэрвээ б хөрөнгийн талаар маргаж байгаа бол би ч мөн адил өөрийн хүч хөдөлмөр, орлогоороо бий болгосон эд зүйлээ авах болно. Би б тэй амьдарч байх хугацаандаа дараах эд хөрөнгүүдийг бий болгосон.
Үүнд: 1. Шашны үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байр. Энэхүү байрыг анх би бий болгосон. Тэгээд бид хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад сүүлдээ дэлгүүрээ больж би шашны үйл ажиллагаа явуулдаг болсон. Энэ байр нь анх жижигхэн павилон байдаг байсан. Тэгээд сүүлдээ би павильоноо буулгаж энэхүү барилгыг барьсан юм. Энэ байрандаа би тасралтгүй 12 жил үйл ажиллагааг явуулж байна.
2. Хүрэнбулаг баг буюу 4-10 дугаар байрны ард талд 8 гараашийн газрыг дуудлага худалдаагаар анх авч уг газар дээр өөрийн ах дүү нарын хамт өөрсдийн хөрөнгөөр банкнаас зээл авч байж барьж байсан. Тухайн үед гарааш барихдаа өөрийн орлогын бэлэн байсан мөнгө дээрээ банкнаас зээл авах, ах дүү нараасаа зээлэх зэргээр хөрөнгийг бий болгож цэргийн ангиар бариулж байсан. Тухайн үед 30 0000 000 гаран төгрөг зарцуулж байсан. Харин одоо уг гараашийг түрээсэлж орлогыг б л түрээслэгч нараас авдаг. Орлого яасан юунд зарцуулав гэж би нэг ч асууж байгаагүй. Өөрөө зарцуулаад дуусгадаг байх.
3. Одоо бидний амьдарч байгаа 2-7-03 тоот 4 өрөө байрыг би мөн л өөрөө худалдаж авсан. Энэ байрны үнийн 50 хувийг би цэвэр өөрийн орлогоос гаргаж 50 хувийг нь банкнаас зээл авч байж худалдаж авсан. Би энэ байраа худалдаж авсны дараа бүрэн 4 өрөө болгож супер засвар хийж бүх тавилгаа шинэчлэн гал тогооныхоо өрөөг Паб-ын түвшинд тохижуулсан. Мөн арагш нь өргөтгөж шашны дэлгүүрийн зориулалт бүхий байр бий болгосон. Энэ бүгдийн зардлыг би өөрийн орлогоос бий болгосон. б гээс нэг төгрөг ч гараагүй. Тэгээд дэлгүүрийг нь б г ажиллуул гэж өгсөн. Одоо б энэ өргөтгөлд шашны дэлгүүр ажиллуулж орлогыг нь мөн л өөрөө авдаг.
4. Уурхайчин багт байрлах 3-р ДГТ-1 тоот 2 өрөө байрыг мөн л бид өөрсдийн хөрөнгөөр худалдаж авч байсан. Одоо мөн л түрээсэлж байгаа бөгөөд түрээсийн орлогыг б түрээслэгч нараас авч өөрөө л зарцуулдаг. Түрээсэлсэн гэх орлогоос би нэг төгрөг ч авч байгаагүй.
5. Рашаант баг Уртын голын 6а-2 тоот газрыг миний бие хуулийн дагуу өмчилж авсан газар юм.
Тэгэхээр эдгээр хөрөнгө бол яах аргагүй миний хөрөнгө мөн. Иймээс би өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа байр, Рашаант баг Уртын голын 6а-2 тоот газраа өөрийн өмчлөлд авч бусад хөрөнгүүдийнхээ тал хувийг авах эрхтэй гэж бодож байна. Дээрх эд хөрөнгөнөөс гадна б нь Уурхайчин багт байрлах 3-р ДГТ-54 тоот 2 өрөө байр, Уртын голын 9-59 тоот газрыг өмчилдөг. Би энэ хоёр хөрөнгө болон бусад орлого хуримтлал дээр маргахгүй . Гэрийн тавилга бусад эд зүйл дээр ч маргахгүй . Харин миний өөрийн өмчлөлд байсан миний хуурай ахаас бэлэглэсэн маанийн үсэгтэй манан хөөрөг, мөнгөн тоногтой суран бүс, угалзтай монгол гутал, мөн хөдөө явахдаа дүүгээсээ авсан халтар манан хөөрөг, 30 ширхэг мөнгөн аяга зэргээ б гээс авмаар байна. б нь өөрийн гэх 1-5-66 тоот байраа зарж тэр мөнгөөрөө өөрөө компани байгуулж ломбард ажиллуулдаг. Би б гийн бизнес рүү огт орж байгаагүй. Тэрээр олсон орлогоо өөрөө зарцуулдаг. Иймээс би 2014 оны Хас банкнаас зээлсэн гэх өрийг би огт мэдэхгүй. Юунд яаж зарцуулсныг нь мэдэхгүй. Иймээс энэ өрийг би төлөх ямарч үндэслэлгүй юм. Хэрвээ б нь өөрсдийн хөрөнгөө харилцан тохиролцож хуваахгүй гэвэл би шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.
Хариуцагч В.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн талаарх шаардлагыг үл хүлээн зөвшөөрч дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Би б тэй 1998 оноос эхлэн хамтран амьдарч бидний дундаас хүү Г.Өнөрболд маань төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч нэг гэр бүл болж дутагдаж гачигдах зүйлгүй сайн сайхан амьдарч ирсэн. Миний бие б тэй суух үед хийдэд ламаар сууж байсан нь үнэн. б намайг 20 000 төгрөгийн цалинтай байснаас өөр юу ч үгүй байсан гэжээ. Би б тэй суухаас өмнө хийдийн цалингаас гадна хүмүүст ном айлдаж уншлага хийн орлого олдог байсан, сууснаасаа хойш ч мөн шашин номынхоо ажлаар байнгын орлого олж гэр бүлийнхээ өдөр тутмын хэрэгцээ болон үл хөдлөх хөрөнгүүдийг бий болгоход зориулсаар ирсэн. Би орлогоо хадгаламжид хийж б гээс нууж хураагаад байсан зүйл байхгүй . Харин ч орлогоо б д өгдөг байсан. Гэтэл б миний хөрөнгөөр үүсч бий болсон хөрөнгүүдийг хэрхэн яаж бий болсныг нууж бүх хөрөнгөө өөрийн болгох гээд байгааг ойлгохгүй байна. Сүүлийн үед б өөрөө л намайг хүн хүнтэй хардаж элдэв ааш аяг гарган намайг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлон хүүхэд аятай харааж зүхэн зодож хөөх болсон. Намайг хүндэлдэггүй юм аа гэхэд бурхан шашныг минь хүндэлмээр. Гэтэл ажлын байр дээр хүртэл ирж дарамтлан шашны эд зүйлүүдийг маань хүртэл эвдэж хэмхлэн лам нарын маань дэргэд харааж зүхэж зодож нүддэг болсон. Би б д ном судар дээр минь гишгэлэн, эд зүйлийг маань хэмхчин бурхан сахиусыг маань бузарласанд маш их гомдож байна. Гэрт маань оруулахаа ч больсон. Ингээд хамтран амьдрах аргагүй болж миний бие аргагүйн эрхэнд 2015 оны 10 сараас эхлэн тусдаа ээжтэйгээ амьдрах болсон. Гэртээ ирэхээр хөөж туугаад суулгадаггүй. Би б тэй хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулах тухай ярихаар уурлаж уцаарлаад батлуулдаггүй байсан. Өмнө нь шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан юм болохоор эмзэглээд байдаг юм болов уу гэж бодоод би нэг их шахдаггүй байсан. Тэгээд л гэрлэлтээ батлуулалгүй 18 жил болчихсон байна. Амьдралынхаа төлөө зүтгэсээр яваад цаг хугацаа өнгөрснийг ч анзаардаггүй л юм байна. Бид хамтран амьдарч байх хугацаандаа дараах хөрөнгүүдийг бий болгосон. Үүнд: Оюут багт байрлах миний шашны үйл ажиллаагаа явуулдаг хийдийн барилга, газар, Хүрэнбулаг баг буюу 4-10 дугаар байрны ард талд байрлах авто машины зориулалт бүхий 8 грааш, түүний газар, бидний амьдарч байгаа Оюут багт байрлах орон сууцны зориулалт бүхий 2-7-03 тоот 4 өрөө байр, дээрх орон сууцны өргөтгөл буюу шашны дэлгүүрийн барилга, Уурхайчин багт байрлах 3-р ДГТ -1 тоот 2 өрөө байр, Уурхайчин багт байрлах 3-р ДГТ -54 тоот 2 өрөө байр, Рашаант баг Уртын голын 9-59 тоот газар, Рашаант Уртын голын багийн газар зэргийг бий болгосон. Эдгээр хөрөнгүүдийг би цэвэр өөрийн орлого болон банкнаас зээл авч байж худалдаж авахыг нь худалдаж авч барьж байгуулахыг нь барьж байгуулсан. б миний өмчлөлийн Рашаант баг Уртын голын 6а-2 тоот газар дээр маргахгүй бол би түүний Уртын голын 9-59 тоот газар дээр маргахгүй. Харин би өөрийн өмчлөлийн үйл ажиллагаа явуулж буй хийдийн барилга, хийдийн барилгын газраа өөрийн өмчлөлд үлдээнэ. Эдгээрээс бусад үл хөдлөх хөрөнгүүдийнхээ оногдох хэсгийг б гэзс гаргуулж авна. Яагаад гэвэл эдгээр хөрөнгүүд нь бүгд миний хүч хөдөлмөр, миний хөрөнгө ах дүү нарын маань тус дэм шингэсэн хөрөнгө шингэж байж бий болсон хөрөнгүүд юм.Ямар хөрөнгө яаж бий болсон тухай би б гийн нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой дурдсан байгаа учир энд давтан дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээс гадна миний эдэлж хэрэглэж байсан өөрийн зарим үнэт эдлэлүүдийг маань нуучихаад өгөхгүй байгаа тул мөн б гээс гаргуулж авна. Би хурал ном хурж, хийж байгуулах гээд байнгын завгүй байдаг. Гэтэл б миний энэхүү завгүй байдлыг маань ашиглан үл хөдлөх хөрөнгүүдийнхээ гэрчилгээг намайг оролцуулалгүй өөрийн нэр дээр гарган аваад байсан байна. б одоо хохь чинь би өөр дээрээ гэрчилгээ гаргуулаад авчихсан юм чинь чи яаж авах юм бэ чамд юу ч өгөхгүй чамайг гуйлгачин болгоно гэж хараах болсон
Бүх гэрчилгээг б авчихаад өгдөггүй юм. Одооч гэсэн гэрчилгээнүүд маань бүгд б дээр л байдаг. Би б г эд хөрөнгөө тохиролцоод хуваах болов уу гэж зөндөө л харлаа. Гэвч огт ийм юм болсонгүй. Иймд б биднийг 1998 оноос 2016 он хүртэл 18 жил хамтран амьдарч байсныг тогтоож ийнхүү хамтран амьдрах хугацаандаа бий болгосон Хүрэнбулаг баг буюу 4-10 дугаар байрны ард талд байрлах авто машины зориулалт бүхий 8 гарааш, 8 гараашийн газар, Оюут багт байрлах орон сууцны зориулалт бүхий 2-7-03 тоот 4 өрөө байр энэхүү орон сууцны өргөтгөл буюу шашны дэлгүүрийн барилга, Уурхайчин багт байрлах 3-р ДГТ-1 тоот 2 өрөө байр, Уурхайчин багт байрлах 3-р ДГТ-54 тоот 2 өрөө зэрэг хөрөнгүүд, гэрийн тавилга эд хогшил зэргийг бидний дундын өмчид тооцож эдгээр хөрөнгүүдийн надад оногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Мөн өөрийн хөрөнгө болох өөрийн өмчлөлд байсан миний хуурай ахаас бэлэглэсэн маанийн үсэгтэй манан хөөрөг, мөнгөн тоногтой суран бүс, угалзтай монгол гутал, хөдөө явахдаа дүүгээсээ авсан халтар манан хөөрөг, 30 ширхэг мөнгөн аяга зэргийг Д.б гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.Г нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Миний бие В.Г нь Д.Буянхуүгийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Уг шаардлагад:
1. Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11-р хороо Рашаантын 14-р гудамж 106 тоот газар хашааг Хүрэлшагайд худалдаж төлбөрт нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14-р хороон дахь 36а-28 тоот байрыг авсан байдаг тул уг 1 өрөө 36а-28 тоот орон сууцыг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож В.Гоос оногдох хувь хэсгийг гаргуулах
2. 2014 оны 08 сарын 01-ны өдөр Вокзалын 2-6 тоот 3 өрөө орон сууцыг н.Доржбатаас автомашины хохиролд тооцон авсан ба уг байрыг Д.б гийн мөнгөн хөрөнгөөр авсан тул Д.б , Г.Өнөрболд Б.О нарын дундын өмчлөлийн зүйл гэж харагдаж байна. 2015 оны 09 сарын 17-ны өдөр В.А г хамтран өмчлөгчөөр хассан байх тул 2015 оны 09 сарын 18-ны орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоон оногдох хувь хүнийг В.Гоос гаргуулах гэсэн шаардлагуудыг нэмжээ.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр гудамжны 106 тоот газар хашааг авахад Д.б гээс нэг ч төгрөг ороогүй. Уг газрын өмчлөгчөөр дангаараа В.Г би байсан бөгөөд Хүрэлшагайд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 36а-28, тоот 1 өрөө байраар арилжсан, одоо уг орон сууц В.Баярсайханы өмчлөл, эзэмшилд байгаа тул уг байрыг өмчлөх эрх үүсэхгүй юм. В.Баярсайханы өмчлөх эрхийн гэрчилгээг хавсаргав.
Лексус 570 маркийн УБП 00-06 дугаартай машиныг иргэн Ганбаатараас авахаар ярьж тохироод унаж явж байгаад зам тээврийн осолд орж, уг ослыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2014 оны 09 сарын 30-ны Сум дундын шүүхийн 170 тоот тогтоолоор Доржбатыг гэм буруутай гэж үзсэн. Доржбат гэм хорын 25 900 000 төгрөгөнд Вокзалын 2-6 тоот байрны өр төлбөрт тооцон шилжүүлсэн. Д.б гээс ямар ч мөнгөн төлбөрийн үүрэг гараагүй бөгөөд дүү А гаас 13 000 000 төгрөг зээлж авсан байсан тул уг төлбөрт тооцож өгсөн юм. Иймд Вокзалын 2-6 тоот 3 өрөө байр нь дундын өмчлөлийн зүйл болох ямар ч үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд уг 3 өрөө байрыг Д.б гийн мөнгөн хөрөнгөөр авсан гэдэг үндэслэлгүй тул хамтран өмчлөгчөөр Д.б , Г.Өнөрболд, Б.О нарыг тогтоох хуулийн үндэслэл алга. Энэ талаар Сум дундын шүүхийн 170 тоот шийтгэх тогтоолыг хавсаргав. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 36а-28 тоот 1 өрөө байр, Орхон аймаг Вокзалын 2-6 тоот 3 өрөө байрыг Д.б , Г.Өнөрболд, Б.О нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг дээрхи 2 үл хөдлөх эд хөрөнгөөс оногдох хувь хэсгийг тогтоох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2-7-3 тоот 4 өрөө орон сууц, 4-10-р байрны ард байрлах 216 мкв талбай граж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуваарьт хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагын тухайд зөвшөөрөхгүй. Учир нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгө нь бидний хамтын амьдралд бий болсноос хойш бий болсон ба дээрхи хөрөнгийг В.Г би өөрийн орлогоор бий болгож Д.б д итгэж өгснөөс тэрээр зөвхөн өөрийн нэр дээр өмчлөлийг бичүүлсэн байдаг юм. Иймд хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм.
Миний хувьд: ДГТ 3-54 тоот, ДГТ 3-53 тоот, ДГТ 3-1-01 тоот байруудыг булаалцалдъя гэж бодоогүй боловч эдгээр байрууд нь мөн л бид хамтдаа амьдарснаас хойш бий болсон дундын өмч болох хөрөнгүүд юм. Д.б Уртын голын 6а-2 тоот газар бүхий хашаа зэргийг булааж авах гэдгээ болихгүй бол би бас дээрхи эд хөрөнгийг адилхан шаардана гэжээ.
Хариуцагч В.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Одоо урьд нь гаргаж байсан шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:
1. Оюут багийн 2-7-03 тоот 4 өрөө байр, уг байрны өргөтгөл буюу шашны дэлгүүр, шашны дэлгүүрийн газар,
2. 4-10-р байрны ард талд байрлах автомашины 8 граж, гражийн газар,
3. ДГТ 3-54 тоот, ДГТ-3-01 тоот орон сууцнуудыг дундын өмчөөр тогтоолгох гэж өөрчлөн,
Гэрийн тавилга эд хогшил болох буйдан, камен зуух, гал тогооны тавилга, товгор хээтэй, цагаан хээтэй, навчин хээтэй, цэцгэн хээтэй хивс 4 ширхэг, 47 инчийн Сони" маркийн LCD телевизор, Уртын голын 6а-02 тоот хашааны газар буюу хашаа, маанийн үсэгтэй манан хөөрөг, 30 ширхэг мөнгөн аяга, Булган уулын 80*80 хэмжээтэй уран зураг, 35 м.кв хийдийн барилга буюу барилгын газрыг хуваарьт өмчөөр тогтоож, дээрхи хуваарьт эд хөрөнгийг болон дундын өмчөөс оногдох хувь хэсгийг надад гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч В.Г шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие В.Г нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.б гийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар татагдан шүүхийн ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч Д.б нь одоогийн байдлаар миний бий болгосон орон сууцанд амьдарч, шашны дэлгүүрийн өргөтгөлд үйл ажиллагаагаа явуулж, 4-10-р байрны ард талд байрлах 8 ш гражуудыг 2009 оноос хойш мөн ДГТ-3-01 тоотыг хөлслүүлсэн мөнгө, 2003 оноос хойш хийдийн үйл ажиллагааны орлогын мөнгийг зарцуулж байгаа. Дээрх бүгд үйл ажиллагааны орлогын зарцуулалтанд амьдралын амар тайван байдлаа бодож лавлаж сонирхдоггүй байсан ба салж сарних тал дээр ийм байдалд хүрнэ гэж бодоогүй явсан. Д.б г өмнөх амьдралаасаа сургамж авсан байх гэж бодож байсан. Иймд дараах нэмэлт тайлбарыг хийж байна. Д.б нь өмнөх нөхрөөсөө 1997 оны үед гэр бүлээ цуцлуулаад 1-5-66 тоот байрыг авч үлдсэн байсан. Тэр байранд анх хамтын амьдралаа эхлүүлсэн. Гэрийн эр хүний хувьд өөрийн гэсэн орон гэртэй болох үүднээс Оюут багийн 2-7-03 тоот орон сууцыг 2007 оны 06-р сард Ч.Чанцал гэдэг хүнтэй уулзаж миний ажлын газартай ойр байсан тул олзуурхан худалдан авахаар болсон юм. Худалдан авахдаа бэлнээр 14 000 000 төгрөг өгсөн ба Хас банкны лизингийн зээлийг хамтран авч үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлсөн юм. Хас банкны лизингийн зээлийг хийдийн орлогын мөнгөнөөс төлж барагдуулсан. Хийдийн орлого сардаа дунджаар 2-4, 5,0 сая төгрөг байдаг. Нэг гэрт ханилан сууж амьдарч байгаа тул айл гэрийн эрэгтэй гэдэг утгаар хийдийнхээ орлогыг эхнэр болох б д манай хийдийн лам нар болон би өөрөө өгдөг байсан. Сална, сарнина гэж бодож байсан бол өгөхгүй ч байж болох байсан. 2012 онд байрныхаа доторх зохион байгуулалтыг өөрчлөн өөрөө загварыг нь гарган иж бүрэн засвар хийж тохижуулсан. Нийт 30 000 000 төгрөгийн зардал гарсан. Засвар хийх болон гэрийн тавилга авахад Д.б гийн оролцоо нэг ч байхгүй, үгүй ядахнаа засвар хийж байсан хүмүүст нэг ч удаа хоол хийж өгөөгүй хүн шүү дээ. Тухайн үед Д.б нь бизнесийн зээл болон бусад яаралгай зээл авахад байраа барьцаалахад миний нэр байвал зүгээр өөрийг чинь дуудахгүй амар юм гэхээр нь би нэрээ оруулаагүй нь алдаа болсон байна. Д.б нь өөрөө өөрийнхөө байрны мөнгийг төлөөрэй гэж хэрүүл хийдэг хүн байгаа юм. Мөн би энэ байрыг чинь үр хүүхдүүддээ авч өгнө гэж маргалдаж байсан удаатай. Тухайн үед байр худалдан авахаар ХААН банкнаас мөнгө авч байсан хуулга, байранд засвар хийсэн гэрээг хавсаргав. Гэрийн тавилгыг Эрдэнэт болон Улаанбаатар хотоос худалдан авсан. Байрандаа засвар хийж ороход ээж, дүү нар маань ахдаа классик загварын буйдан бэлэглэнэ гэж буйданг авч өгсөн юм. Камень зуухыг Улаанбаатар хотоос гэрийн засварын материал авахдаа байрныхаа явган ханатай зохицуулан авч байсан. Бусад эд хогшлыг мөн өөрөө засвар хийж байх үед нь хэмжээг нь авч засвартайгаа зохицуулан авч байсан юм. Гэр орон бэлдэж байгаа бол өөрөө бүрэн тохижуул гээд Д.б нь оролцдоггүй байсан. /Камень зуух авсан баримтыг хэрэгт хавсаргасан байгаа/. Д.б г үйлчилгээний төвд лангуун дээр бараа зардаг тухайн үед орлого муутай түрээс өндөр учраас зардлаа хэмнэх үүднээс мөн ажиллах орчин нөхцөл тааруу байгаа юм байна гэдэг үүднээс авсан байрныхаа ар талд өргөтгөл бариулан өөрийн үйл ажиллагааныхаа дагуу шашны эд зүйл зардаг дэлгүүр ажилууллахаар засварлаж өгсөн юм. Өргөтгөл бариулахад барилгын бригадтай уулзан гаднах өрлөгийг хийлгэсэн ба доторх засал чимэглэлийг лам нартайгаа хамтран хийсэн, сантехникийн ажлыг тухайн үед УБҮ-д сантехникчээр ажиллаж байсан н.Ганчөдөрөөр хийлгэсэн юм. Өргөтгөлийн ажилд 12 500 000 төгрөг зарцуулсан. Д.б өргөтгөлийг өөрөө хийсэн гэдэг гэтэл өөрөө оролцоогүй ах дүү нар нь ч оролцоогүй. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэн хүмүүсийг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй билээ. 4-10-р байрны ард талын гражийн газрыг 2007 оны 06-р сарын 26-ны өдөр Д.б тэй хамт дуудлага худалдаанд орж авсан ба миний бие дэнчингийн мөнгө болон дуудлага худалдааны газрын үнийг хамт төлсөн юм. Гэтэл Д.б өөрөө төлсөн намайг гуйж байгаад нэрээ оруулсан гэжээ. Энэ нь яах аргагүй гэрчилгээн дээр миний нэр байгаа зүйлийг үгүйсгэх гэж байгаа арчаагүй арга байна. Ах дүү нараасаа мөнгө авч өгсөн зэрэг нь худлаа зүйл юм. Дуудлага худалдаагаар авсан газартаа граж барихад зориулж блокны машин ажиллуулж, цахилгааны шугамыг өөрийн хөрөнгөөр татаж блокны машинаа угсарсан, блок хийхэд шаардлагатай материал болох 5-10 мм-н хайргыг хуурай ах болох н.Баярмагнай буулгаж өгдөг байсан. Блокны үйлдвэр дээр 3 хүн авч ажиллуулж байсан ба өөрөө лам нартайгаа ажил тарсны дараа ирж ажилладаг байсан. Блокны машин нь одоог хүртэл байгаа болно. Гражийн хаалганы төмрийг тухайн үед төмрийн наймаа хувиараа хийдэг байсан Ганболд гэдэг хүнээр Улаанбаатар хотоос авчруулсан ба одоо төмрийн зах ажиллуулж байгаа. Гражийг цэргийн ангиар бариулсан. Гражаа цаашид давхарлаж магадгүй гэж баганыг нь хүртэл даацын баганаар цутгуулж хийлгэсэн. Гэтэл Д.б нь ЦА-д 10 000 000 төгрөг өгсөн баримт гарган өөрөө дангаараа бие даан бариулсан мөнгө төгрөгийг нь хүртэл өгсөн мэтээр хэрэгт тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед барилгын бригадыг удирдаж байсан ахлагч н.Сугарт миний бие 10 000 000 төгрөг өгч граж дээр ажиллаж байгаа ажилчдынх нь цалинг тавиулж байсанг ажиллаж байсан н.Даваасүрэн гэдэг хүн баталдаг юм. Цэргийн ангид өгсөн мөнгөнөөс өөр материалын зардалууд олон гарч байсан. Энэ бүхнийг миний бие В.Г нь тухай бүр гаргаж байсан билээ. Цахилгааны зөвшөөрөл авсан талаар болон блокны машины талаарх материалыг хавтас хэрэгт өгсөн байгаа болно. Тухайн үед блокны машин дээр ажиллаж байсан болон граж барихад ажиллаж байсан О.Булганхүү, н.Даваасүрэн зэрэг хүмүүсийг гэрчээр оруулах хүсэлтээ өгсөн боловч хүсэлтийг маань хүлээж аваагүй. 2009 оны хавраас гражийн материал болон бусад зардалд зарцуулсан ХААН банкны хуулгыг хавсаргав. Миний бие өөрийн эрхэлдэг ажлынхаа дагуу хийд болгох зорилгоор срестораны өмнө орших павильоныг 2002 оны 07 дугаар сарын 01-нд О.Болор-Эрдэнээс 3 000 000 төгрөгөөр худалдан авсан. 2003 оноос одоог хүртэл тасралтгүй хийдийн үйл ажиллагаа эрхэлж байна. Гэтэл Д.б нь Велла франц ХХК-н өмч мэтээр ойлгуулах гэж байгааг ойлгохгүй байна. Уг компани нь 2006 онд улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Ийм учраас хийдийн газрыг тухайн компаний өмч гэж үзэх боломжгүй юм. 2016 онд буюу хэрэг шийдэх ажиллагааны явцад компаниа өөрийн төрсөн ах Д.Лхамхүүд шилжүүлсэн байдаг. Д.б нь миний хувьдаа хэрэглэж байсан хөөрөг-2ш, угалзтай монгол гутал, мөнгөн тоногтой бүс, манайд Архангай аймгаас айлчилж ирсэн ангийн найз н.Чулуунбаатарын надад бэлэглэсэн 80x80 хэмжээтэй Булган уул-ын зураг, хамаатан садангийн хүмүүс надад бэлэглэсэн мөнгөн аяга зэргийг гаргаж өгөхгүй байгаа болно. Маанийн үсэгтэй манан хөөрөг, хаш модон сийлбэртэй манан хөөргийг гэрийнхээ уналттай таазанд 2015 оны 09-р сард хүний нүднээс далд хийсэн байсан ба 2015 оны 10-р сард авах гэтэл алга байсан тухайн үед Д.б , хүү Өнөрболдын хамт байсан. Асуухад мэдэхгүй гээд гаргаж өгөөгүй тул би нэхэмжилсэн юм. Хүү Өнөрболдоос асуухад мөнгө өгвөл гаргаж өгье гэдэг. Гэтэл Д.б нь хараагүй, үзээгүй гэж тайлбарладаг. 2015 оны 11 дүгээр сард мөнгөн тоногтой бүс, угалзтай монгол гуталаа авахаар ороход байхгүй гээд өгөөгүй. 80x80 хэмжээтэй Булган уул-ын зургийг Д.б нь 2016 оны 10-р сард миний бие В.Гийг гэрийн тог таслах үед 20 000 төгрөгөөр зарж тогны мөнгөө төлсөн гэжээ. Энэ зураг нь ийм бага үнэ хүрэх ч зураг биш юмаа. 2-7-03 тоот нь Эрдэнэт-Ус ОНӨХК-д харъяалагддаг ба хувь хүний хүсэлтээр тог таслаад байхгүй байх аа. 2-7-03 тоот байр мөнгөө төлөөгүй таслагдсан талаар Эрдэнэт-Ус ОНӨХК-с лавлахад тийм зүйл болж байгаагүй гэдэг. Энэ мэтчилэн миний хувийн хэрэгцээнд хэрэглэдэг эд зүйлийг зарж үрэн мөнгө болгож байна. Миний бие дээрх хувийн хэрэгцээнд хэрэглэдэг зүйлүүдээ гаргуулж авах хүсэлтэй байна. Д.б нь алхам тутамдаа намайг гүтгэн доромжилж худал зүйл бичиж байна. Мөн зарим нотлох баримтыг хууль бусаар үйлдэж байна. 2-7-03 тоотыг худалдан авахад, граж барихад болон бусад зүйлийг бүтээн байгуулахад Д.б мөнгө төгрөг гаргаагүй ч сэтгэлээрээ оролцож байсан гэдэг хүн одоо бүх зүйлийг би бүтээсэн бий болгосон гэж байгааг гайхаж байна. /Оролцооны талаарх Д.б гийн өөрийнх нь ярьдаг бичлэгийг хавсаргав./ Дээрх бүгдийг бүтээн байгуулахад сэтгэлээрээ хамт байсан гэдэгт их л эргэлзээ төрж байна. Дээрх үл хөдлөх болон эд хөрөнгөд гарсан зардалд банкны гүйлгээнээс гадна өөр зардлууд гарч байсныг тухай бүр зохицуулан шийдвэрлэсээр ирсэн.
Мөн Д.б гийн нэхэмжлэлтэй В.Г надад холбогдох иргэний хэрэгт В.Г миний бие 2016 оны 03 сарын 11-нд сөрөг нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд уг нэхэмжлэлдээ ДГТ 3-54, ДГТ 3-1 тоот байрнуудыг дундын өмчөөр тогтоолгох шаардлагыг гаргаж байсан. б бид хоёр хамт амьдрах хугацаандаа бий болгосон хөрөнгө боловч хүү Өнөрболдыгоо бодон уг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч В.Г гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариуд: Д.б гийн нэхэмжлэлтэй В.Гт холбогдох иргэний хэрэгт В.Гийн гаргасан сөрөг нэхэмжлэлд Д.б гийн нэхэмжлэлд байгаа 36 м2 талбай бүхий ажлын байрыг өөрийн хуваарьт өмч болгон тогтоолгохоор уг ҮХЭХ оршин буй газрыг өмч болгон тогтоолгох шаардлага гаргасан боловч уг ҮХЭХ оршин байгаа газар нь төрийн өмч тул уг шаардлагаасаа татгалзаж байна. Велла франц ХХК-ийн бие даасан шаардлага нь уг 36 м2 талбай бүхий газрыг тус компани эзэмшиж байгаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү? гэсэн шаардлагын тухайн хэсэгт В.Г нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байгаа бөгөөд уг эзэмшил газартай холбоотой захиргааны хэрэг 2017-03-20-нд үүсгэгдэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа билээ. Иймд уг захиргааны акттай холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул бие даасан шаардлагыг хянан шийдвэрлэх боломжгүй юм гэжээ.
Хариуцагч В.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие В.Баярсайханыг Д.б гийн нэхэмжлэлтэй В.Гт холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татсаныг эс зөвшөөрч байна. Д.б нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 36-б-н 28 тоот 1 өрөө орон сууцыг өөрийн болон 2 хүүхдийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох ёстой. Учир нь Рашаантын 14-р гудамж 106 тоот 269 м2 газрыг н.Хүрэлшагайд худалдаж орон сууцыг худалдан авсан мэтээр тайлбарласан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Д.б , Б.Оюунсувд, Г.Өнөрболд гэсэн ямар нэгэн өмчлөгч болох бичиг баримт, хүсэлт байдаггүй. Уг орон сууц нь миний өмчлөлд эзэмшил, ашиглалтанд байдаг тул улсын бүртгэлд В.Б миний бие өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Иймд миний бие В.Баярсайханыг хамтран хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Уг байрны өмчлөгч нь би ганцаараа юм. Тиймээс Д.б гийн нэхэмжлэлийн шаардлага болох Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14-р хороо 36-б-н 28 тоот 1 өрөө орон сууцыг В.Г, Д.б , Г.Өнөрболд, Б.О нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие В.А нь Д.б гийн нэхэмжлэлтэй В.Гт холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар Вокзалын 2 дугаар байрны 6 тоот байртай холбогдуулан хариуцагчаар татсаныг эс зөвшөөрч байна. Д.б нь Вокзалын 2-р байрны 6 тоот байранд хөрөнгө оруулсан мэтээр ярьж бид хамтран өмчлөгчөөр байх ёстой, В.А байрны өмчлөгч байх нь хууль бус гэжээ. Миний бие В.А нь 2005 онд В.Гийг ОРО 62-62 улсын дугаар бүхий Ланд круйзер-105 маркийн машин авахад нь 10 000 000 төгрөгийг Д.б д оруулж өгч тухайн автомашиныг авахад нь тусалж байсан. Боломжтой болох үедээ өгнө гэсээр 2015 оныг хүргэсэн юм. 2014 оны 01-р сард Ланд круйзер 105 маркийн машинаа н.Ганболдод зарсан ба н.Ганболд Д.б д мөнгийг нь оруулж өгсөн байдаг. Танайх машинаа зарсан юм чинь миний мөнгийг өгвөл сайн байна гэхэд Д.б нь ах нь мэдэж байгаа ахаасаа ав гэдэг. В.Г ахад хэлэхэд эгч нь наймаандаа мөнгө оруулсан байна, удахгүй урагшаа явах гэж байгаа гэж нэг бус удаа хэлж байсан. Даруйхан өгвөл сайн байна шүү гээд би тухайн үедээ энэ асуудлыг орхисон. 2014 оны 06-р сарын 09-нд Д.б гийн хамт хүний машин бариад явж байтал Дулааны цахилгаан станцын урд машиныг нь машин мөргөчихлөө гэж над руу ярисан. Ослын газар ирэхэд В.Г, Д.б нар нь эмнэлэг рүү В.Гийн биеийн байдлыг үзүүлэх гээд явсан. Машиныг хэргийн газраас холдуулах, Улаанбаатар хот руу ачиж авч явах зардал, эвдрэл гэмтлийг засахад шаардагдах сэлбэг материал авах гэх мэт гарсан зардлуудад миний бие В.А нь ах В.Гт нийт 13 000 000 төгрөг бэлнээр өгсөн байдаг. Мөн вокзалын 2-р байрны 6 тоот байрыг Д.Доржбатаас авах үед нь бэлэн 10 000 000 төгрөг аваачиж өгсөн. 2015 оны 9-р сард өөрийн өгсөн нийт 23 000 000 мөнгөний талаар ярихад би вокзалын байраа өгье нэмж мөнгө өгвөл зүгээр байна гэсэн. Иймд би өөрийн эгч болох В.Молорцэцэгээс ах В.Гийн дансруу мөнгө шилжүүлүүлж байрыг 41 000 000 төгрөгөөр үнэлэн өөрийн өмч болгон авсан. /Шилжүүлгийн баримтыг хавсаргав./ Энэ байранд Д.б , В.Г нарын эзэмшил ашиглалт ер үүсээгүй юм. Иймд В.А миний бие вокзалын байрыг хууль бусаар өмчилж авсан зүйл байхгүй ба хамтран хариуцагчаар татагдах үндэслэлгүй юм. Д.б гийн нэхэмжлэлийн шаардлага болох В.Г, В.А бидний хооронд 2016-09-17-ны өдөр хийгдсэн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл, мөн 2015-09-18-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, В.А гийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, В.Г, Д.б , В.Өнөрболд, Б.О нарын нэр дээр бүртгэл хийхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Вокзалын 2-6 тоот орон сууцыг В.Г, Д.б , Г.Өнөрболд, О нарын дундын эд хөрөнгө болохыг тогтоох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Велле франц ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхамхүү нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Манай компани нь 1998 оноос хойш Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт срестораны зүүн урд 20 мкв талбай бүхий газрыг хуульд заасны дагуу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр ашиглаж, 2007 оноос газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж ирсэн. Гэтэл уг газрыг Д.б гийн нэхэмжлэлтэй, В.Гт холбогдох иргэний хэрэгт хариуцагч В.Г нь дундын хөрөнгө болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл, Д.б нь өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Угтаа дээрх газрыг манай компанийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа газрын эзэмшлийн талаар дээрх иргэд маргаж байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа тул Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт срестораны зүүн урд байрлах 36 мкв талбай бүхий худалдаа зориулалттай газрыг манай компанийн хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.б нь хариуцагч В.Гт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт срестораны зүүн урд байрлах 36 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай ажлын байрыг авах, Рашаантын Уртын голын 6а-2 тоот 800 м2 хашаа газрыг үлдээх, Хас банкнаас авсан 14,0 сая төгрөгний 7,0 сая төгрөгийг төлүүлэх, Улаанбаатар хот Хангай хотхоны 2 өрөө байрыг авах,
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэмэгдүүлж: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 36а орон сууцны 2 дугаар блокын 4 давхат 28 тоот орон сууцыг В.Г, Д.б , Оюунсувд, Г.Өнөрболд нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож Д.б , Оюунсувд, Г.Өнөрболд нарт ногдох хэсгийг гаргуулах,
В.Г В.Адьяа нарын хооронд 2016 оны 09 сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл, мөн 2015 оны 09 сарын 18-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл зэрэг хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, В.А гийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож В.Г, Д.б , Өнөрболд, Б.О нарын нэр дээр бүртгэхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Д.б , Өнөрболд, Б.О нарт ногдох хэсгийг гаргуулах,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 хороолол ДГТ 3-р байр 54 тоот 2 өрөө орон сууц, Уурхайчин баг 3 хороолол ДГТ 3-р байр 53 тоот 2 өрөө орон сууц, Уурхайчин баг 3-р байр 1 тоот 1 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр Оюут баг 2-7-3 тоотод байрлах 4 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 10-р байрны ард байрлах 216 мкв талбай бүхий гражуудыг Д.б гийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагуудыг гаргасан,
хариуцагч В.Г нь Д.б д холбогдуулан хамтран амьдарч байсныг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаантын Уртын голын 6а-2 тоот хашааг авч үлдэх, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 10-р байрны ард байрлах 8 граж, түүний газар, Орхон аймаг Баян-Өндөр сум 2-7-03 тоот орон сууц, шашны дэлгүүрийн барилга, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-р ДГТ-1 тоот 2 өрөө байр, Уурхайчин баг 3-р ДГТ-54 тоот 2 өрөө орон сууцууд, гэрийн тавилга эд хогшил зэргийг дундын өмчид тооцон түүнээс ногдох хэсгээ гаргуулах, маанийн үсэгтэй манан хөөрөг, мөнгөн тоногтой суран бүс, угалзтай монгол гутал, халтар манан хөөрөг, 30 ширхэг мөнгөн аяга зэргийг Д.б гээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн: Оюут баг 2-7-03 тоот 4 өрөө байр, уг байрны өргөтгөл буюу шашны дэлгүүр, шашны дэлгүүрийн газар, 4-10-р байрны ард талд байрлах автомашины 8 граж, түүний газар, ДГТ 3-54 тоот, ДГТ-3-01 тоот орон сууцуудыг дундын өмчөөр тогтоолгох гэж өөрчлөн, мөн гэрийн тавилга эд хогшил болох буйдан, камен зуух, гал тогооны тавилга, товгор хээтэй, цагаан хээтэй, навчин хээтэй, цэцгэн хээтэй хивс 4 ширхэг, 47 инчийн Сони" маркийн LCD телевизор, Уртын голын 6а-02 тоот хашааны газар буюу хашаа, маанийн үсэгтэй манан хөөрөг, 30 ширхэг мөнгөн аяга, Булган уул-ын 80х80 хэмжээтэй уран зураг, 35 м.кв хийдийн барилга буюу барилгын газрыг хуваарьт өмчөөр тогтоолгох, дундын өмчөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардлага гаргасан,
гуравдагч этгээд Велле франц ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт срестораны зүүн урд байрлах 36 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаа болохыг тогтоолгох шаардлагуудыг тус тус гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааы явцад хамтран нэхэмжлэгчээр Б.О орж ирсэн бөгөөд, нэхэмжлэгчийн хүсэлтээр В.А , В.Б нар нь хамтран хариуцагчаар татагдсан.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Д.б нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант Уртын голын 6а-2 тоот хашааны газрыг авч үлдэх, хариуцагч В.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сум срестораны зүүн талд байрлах 35 мкв талбай бүхий хийдийн барилгын газрыг хуваарьт өмч болохыг тогтоолгох, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум ДГТ 3-54 тоот, ДГТ-3-01 тоот орон сууцуудыг дундын өмчөөр тогтоолгох шаардлагуудаасаа тус тус татгалзсан.
Нэхэмжлэгч Д.б , хариуцагч В.Г нар нь 1998 оноос хойш хамтран амьдарч, тэдний дундаас 2001 оны 11 дүгээр сарын 23-нд хүү Г.Өнөрболд төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Д.б , В.Г нар нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 11 дүгээр сарын 20-с хойш тусдаа амьдарч байгаа талаар талууд тайлбарласан. Тэд хамтран амьдарснаас хойш гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй тул тэдний эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрхийн талаар зохицуулсан хуулиар шийдвэрлэх боломжгүй байна.
Хариуцагч В.Г хүү Г.Ө-дтэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тул хүү Г.Ө-ыгэх Д.б гийн асрамжинд үлдээж хариуцагчаар насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 хороолол ДГТ 3-р байр 54 тоот 2 өрөө орон сууц, Уурхайчин баг 3 хороолол ДГТ 3-р байр 53 тоот 2 өрөө орон сууц, Уурхайчин баг 3-р байр 1 тоот 1 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр Оюут баг 2-7-3 тоотод байрлах 3 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 10-р байрны ард байрлах 216 мкв талбай бүхий гражуудыг Д.б гийн хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагуудыг хангах үндэслэлтэй байна. Учир нь Д.б нь дээрх обьектуудын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба, Орхон аймаг Баян-Өндөр Оюут баг 2-7-3 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг Д.б нь худалдах худалдан авах гэрээгээр 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн өмчлөлдөө авсан /хх1 дүгээр хавтас 64х, 117х, 154х/, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-ийн 10 дугаар байрны ард байрлах 216 мкв талбай бүхий гражуудын өмчлөгчөөр 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдөр улсын бүртгэлийн Y-2101017174 дугаарт бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан /3 дугаар хавтас 194х/, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 хороолол ДГТ 3-р байр 54 тоот 2 өрөө орон сууц нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Д.Я-ээс бэлэглэлийн гэрээгээр Д.б д /1-р хавтас 117, 66х/, Уурхайчин баг 3 хороолол ДГТ 3-р байр 53 тоот 2 өрөө орон сууц нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Д.Я-ээс бэлэглэх гэрээгээр Д.б д /1-р хавтас 65х/, Уурхайчин баг 3-р байр 1 тоот орон сууц нь 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэх гэрээгээр Д.б д /1-р хавтас 117х/ шилжсэн байх ба хариуцагч В.Гийн Орхон аймаг Баян-Өндөр Оюут баг 2-7-3 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг би өөрийн хөрөнгөөрөө худалдаж авсан, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 10-р байрны ард байрлах 216 мкв талбай бүхий гражуудыг би өөрөө бариулсан гэсэн тайлбар нотлогдоогүй болно. Нэхэмжлэгч нь дээрх хөрөнгүүдийг өөрийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд Д.б , В.Г нар нь эрх бүхий байгууллагад албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй, гэрлэгчид биш учир Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар дээрх хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө гэж үзэхгүйгээр харин тухайн хөрөнгүүдийн өмчлөгч гэж үзэв.
Харин Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт срестораны зүүн урд байрлах 36 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай обьектыг В.Г нь 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлдөө авч /1-р хавтас 95х/, 2002 оны 7 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 2101004267 дугаарт бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /1-р хавтас 208х/ авчээ. Тиймээс нэхэмжлэгчийн уг обьектыг би худалдаж авсан гэж өмчлөлдөө авч үлдэхээр шаардсан нь үндэслэлгүй.
Хас банкнаас 2014.06.18-ны өдөр Д.б , В.Г нар нь 14,0 сая төгрөгийн зээл авсан үүний 50 хувь буюу 7,0 сая төгрөгийг В.Гоор төлүүлэхээр шаардсан бөгөөд зээл төлөгдөөд дууссан гэж нэхэмжлэгч Д.б тайлбарласан. Нэгэнт төлөгдөөд дууссан зээлийг хариуцагчаас гаргуулах боломжгүй, мөн Улаанбаатар хот Хангай хотхоны 2 өрөө байрыг авч үлдэх шаардлага гаргасан ч энэ талаарх нотлох баримтууд хэрэгт ирээгүй, хэний өмчлөлийн, ямар хаягт байдаг талаар баримтууд байхгүй тул хангах боломжгүй, түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант Уртын голын 6а-2 тоот газрыг авч үлдэх хэсгээсээ татгалзсан, харин хашааны блокны үнийг гаргуулж авна гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч энэ нь Д.б гийн хөрөнгө мөнгөөр баригдсан гэдэг нь нотлогдоогүй.
Хариуцагч В.Г нь 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 14-10б тоот хаягт байрлах газрыг 5,0 сая төгрөгөөр А.Эрдэнэсайханаас худалдан авч 2011 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203007328 дугаарт бүртгүүлж өмчлөгч болсон байх ба /2-р хавтас хх201-205х/, уг газраа 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.Хүрэлшагайд худалдаж төлбөрт нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 36а орон сууцны 2 дугаар блокын 4 давхарын 28 тоот орон сууцыг авахаар худалдах худалдан авах гэрээ хийгдэж, /2-х хавтас 118-120/ уг орон сууцны өмчлөгчөөр В.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн Y-2204068644 дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилээ авчээ. Эндээс үзэхэд Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 14-10б тоот хаягт байрлах газар нь анхнаасаа В.Г, Д.б нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө байгаагүй, В.Г нь худалдаж авсан байх бөгөөд, В.Г, Д.б , Оюунсувд, Г.Өнөрболд нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож Д.б , Оюунсувд, Г.Өнөрболд нарт ногдох хэсгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй.
Д.б нь гэр бүлийн дундын хэрэгцээнд хэрэглэж байсан Лексус 570 автомашин осолд орсны улмаас хохиролд нь Д.Доржбатаас Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын 2-6 тоот гурван өрөө орон сууцыг авсан. Энэ байр В.Гийн нэр дээр бүртгэлтэй боловч Д.б , Г.Өнөрболд, О нарын дундын өмчлөлийн зүйл болох нь харагдаж байна. Гэтэл хариуцагч В.Г нь энэхүү үл хөдлөх хөрөнгийг дундын хөрөнгөд учирсан хохирол, Д.б гийн мөнгөн хөрөнгөөр авсан байтал тус орон сууцны хамтран өмчлөгчөөр өөрийн төрсөн дүү Викторын А г 2015 оны 09 сарын 17-ны өдөр нэмж, өөрөө болохоор 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хасагдаж, дундын эд хөрөнгийг нуусан байна. Иймд Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, В.А гийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож В.Г, Д.б , Өнөрболд, О нарын нэр дээр бүртгэхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Д.б , Өнөрболд, О нарт ногдох хэсгийг гаргуулна гэсэн шаардлага гаргасан. Уг осолд орсон гэх Лексус 570 маркийн автомашиныг хэзээ хэн хэдэн төгрөгөөр худалдаж авсан, хэний өмчлөлийн автомашин байсан нь тодорхойгүй байх ба, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын 2-6 тоот гурван өрөө орон сууц нь Д.Доржбатаас бэлэглэлийн гэрээгээр В.Гт шилжсэн. 2016 оны 09 сарын 17-ны өдөр В.Адьяа нь хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, 2015 оны 09 сарын 18-ны өдөр В.Г нь Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ээр хасагдаж В.Адьяа өмчлөгч болжээ. Дээрх үйл баримтаас үзвэл Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын 2-6 тоот орон сууц нь В.Г, Д.б , Өнөрболд, О нарын хамтран өмчлөх дундын өмч болох нь тогтоогдоогүй, түүнчлэн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-үүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагуудын талаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад мөн дүгнэн бичсэн.
Оюут баг 2-7-03 тоот 4 өрөө орон сууцыг 2007 оны 06 дугаар сард Ч.Чанцал гэдэг хүнтэй уулзаж миний ажлын газартай ойр байсан тул олзуурхан худалдан авахаар болсон юм. Худалдан авахдаа бэлнээр 14 000 000 төгрөг өгсөн, Хас банкны лизингийн зээлийг хамтран авч үлдэгдэл 10 000 000 төгрөгийг төлсөн юм. Хас банкны лизингийн зээлийг хийдийн орлогын мөнгөнөөс төлж барагдуулсан гэж тайлбарласан бөгөөд энэ тайлбар татгалзлаа нотлоогүй бөгөөд уг 2-7-3 тоот байрны өргөтгөл буюу шашны дэлгүүр, шашны дэлгүүрийн газрын асуудал нь уг байрнаас салгаж шийдвэрлэх хөрөнгө биш юм. Газрын хувьд зөвшөөрөлгүй барьсан гэдэг нь нотлогдож байна.
Хүрэнбулаг багийн 4-10-р байрны ард талд байрлах автомашины 8 гражийн 216 м.кв газрыг 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дуудлага худалдаагаар авч /1-р хавтас 102-113х/, 2007 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Д.б нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, түүн дээрээ 216 м.кв бүхий граж барин 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Д.б өмчлөгчөөр бүртгүүлсэн /3-р хавтас 194х/ байна. Уг гражийг бариулахад В.Гоос хэдэн төгрөг, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэдэг нь нотлогдоогүй болно. Харин гражийн газрыг дуудлага худалдаагаар авахад В.Г нь 5000 төгрөг дуудлага худалдааны үнэд оруулсан тул газрын үнээс түүнд тохирох хэсгийг мөнгөөр бодож 50 хувийг өгөхөд татгалзахгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан. Газрын үнийг Лэндс ХХК 12 960 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд /1-р хавтас 210х/ газрын үнээс мөн ногдох хэсгийг гаргуулах шаардлага байгаа тул 6 480 000 төгрөгийг Д.б гээс гаргуулан В.Гт олгож,
Гэрийн доторх тавилга, эд зүйлс болох буйдан, гал тогооны тавилга, товгор хээтэй, цагаан хээтэй, навчин хээтэй, цэцгэн хээтэй хивс 4 ширхэг, 13 ширхэг мөнгөн аяга /5 диаметртэй мөнгөн аяга 10ш, 5,5 диаметртэй мөнгөн аяга 1ш, дунд гарын мөнгөн аяга 1ш/, 47 инчийн Сони" маркийн LCD зурагт зэргийг Д.б нь В.Гт өгөхийг хүлээн зөвшөөрсөн, харин ногдох хэсгээ авна, камен зуухыг өгөхгүй гэсэн. Камен зуухыг гал голомт гэдэг утгаар нь хариуцагч В.Гт үлдээж, дээрх эд хөрөнгүүдийг Лэндс ХХК-ийн үнэлсэн үнэлгээний 50 хувь буюу 2 512 020 төгрөгийг В.Гоос гаргуулан б д олгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас маанийн үсэгтэй манан хөөрөг, Булган уул-ын 80х80 хэмжээтэй уран зураг, 17 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоногтой суран бүс, угалзтай монгол гутал, халтар манан хөөрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь эдгээр хөрөнгүүд нь байгаа болох нь нотлогдоогүй болно.
Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт срестораны зүүн урд байрлах 36 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг Велле франц ХХК нь эзэмшдэг болох нь газар эзэмших эрхийн 000310577 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэл бүхий байна.
Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргуулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Д.б нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант Уртын голын 6а-2 тоот хашааны газрыг авч үлдэх, хариуцагч В.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сум срестораны зүүн талд байрлах 35 мкв талбай бүхий хийдийн барилгын газрыг өөрийн хуваарьт өмч болохыг тогтоолгох, мөн Орхон аймаг Баян-Өндөр сум ДГТ 3-54 тоот, ДГТ-3-01 тоот орон сууцуудыг дундын өмчөөр тогтоолгох шаардлагуудаасаа тус тус татгалзсан болохыг дурдсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Г.Ө-ыгэх Д.б гийн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Г.Ө-ыг11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг В.Гоос сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 хороолол ДГТ 3-р байр 54 тоот, Уурхайчин баг 3 хороолол ДГТ 3-р байр 53 тоот, Уурхайчин баг 3-р байр 1 тоот, Орхон аймаг Баян-Өндөр Оюут баг 2-7-3 тоот орон сууцууд, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 10-р байрны ард байрлах 216 мкв талбай бүхий гражуудыг Д.б гийн өмч болохыг тогтоосугай.
4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 110 дугаар зүйлийн 110.1, 126 дугаар зүйлийн 126.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан Д.б , Б.О нарын нэхэмжлэлтэй Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 36а орон сууцны 2 дугаар блокын 4 давхат 28 тоот орон сууцыг В.Г, Д.б , Оюунсувд, Г.Өнөрболд нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгож Д.б , Оюунсувд, Г.Өнөрболд нарт ногдох хэсгийг гаргуулах, В.Г В.Адьяа нарын хооронд 2016 оны 09 сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмэх тухай хэлцэл, мөн 2015 оны 09 сарын 18-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл зэрэг хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, В.А гийн нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож В.Г, Д.б , Өнөрболд, О нарын нэр дээр бүртгэхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Д.б , Өнөрболд, О нарт ногдох хэсгийг гаргуулах В.Г, В.Адьяа, В.Баярсайханд нарт холбогдох шаардлага, Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт срестораны зүүн урд байрлах 36 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай ажлын байр болон Улаанбаатар хот Хангай хотхоны 2 өрөө байрыг авах, Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант Уртын голын 6а-2 тоот хашааны блокны үнэ гаргуулах, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан Хас банкнаас авсан 14,0 сая төгрөгийн 7,0 сая төгрөгийг төлүүлэх Д.б гийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан В.Г, Д.б нарыг 1998 оноос 2015 оны 11 дүгээр сарын 20-н хүртэл хамтран амьдарч байсныг тогтоосугай.
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаантын Уртын голын 6а-2 тоот хашаа, газрыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт срестораны зүүн урд байрлах 36 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Y-2011004267 дугаарт бүртгэлтэй обьектыг В.Гт үлдээж, гэрийн доторх тавилга, эд зүйлс болох буйдан, гал тогооны тавилга, товгор хээтэй, цагаан хээтэй, навчин хээтэй, цэцгэн хээтэй хивс 4 ширхэг, 13 ширхэг мөнгөн аяга /5 диаметртэй мөнгөн аяга 10ш, 5,5 диаметртэй мөнгөн аяга 1ш, дунд гарын мөнгөн аяга 1ш/, 47 инчийн Сони" маркийн LCD зурагт, камен зуухыг В.Гт үлдээж, В.Гоос 2 512 020 төгрөг гаргуулан б д олгож, Д.б гээс гражийн газрын үнэ 6 480 000 төгрөг гаргуулан В.Гт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-10-р байрны ард байрлах 8 машины граж, Орхон аймаг Баян-Өндөр сум 2-7-03 тоот орон сууц, шашны дэлгүүрийн газар барилга зэрэг дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах, маанийн үсэгтэй манан хөөрөг, Булган уул-ын 80х80 хэмжээтэй уран зураг, 17 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоногтой суран бүс, угалзтай монгол гутал, халтар манан хөөрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Велле франц ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт срестораны зүүн урд байрлах 36 мкв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай нэгж талбарын 18431433050394 дугаар бүхий газар эзэмших эрхийн 000310577 дугаартай гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа болохыг тогтоосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 503 150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 378 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас 47 628 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
9. Урьдчилсан арга хэмжээ авч, хөрөнгө битүүмжилсэн тус шүүхийн 2016.02.26-ны өдрийн 142/ШЗ2016/01266 дугаар, 2016.06.27-ны өдрийн 142/ШЗ2016/03789 дугаартай шүүгчийн захирамжууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг заасугай.
10. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА