Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/13   

 

   Ш.Ш-т холбогдох эрүүгийн хэргийн тухай  

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.Ш-т холбогдох эрүүгийн 2013002220240 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай, шүүгдэгч Ш.Ш-, шүүгдэгчийн өмгөөлөгчид Д.Айбек, Т.Байгонак нар оролцов.

 

Ш.Ш нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан (1) 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.С-ын ажлын өрөөнд орж, ширээн дээр байсан номын завсарт нь боодолтой мөнгө хийж, хахууль өгөхийг завдсан, (2) 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.С-ын ХААН банк дахь ХХХХХХХХХ дугаартай дансанд 500.000 төгрөгийг өөрийн ХХХХХХХХХ дугаартай данснаас шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолоор Ш.Ш-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

 

Шүүгдэгч Ш.Ш-ын давж заалдах гомдолд: “...Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан боловч төрийн нэрийн өмнөөс гаргасан шүүхийн шийдвэрийг би хүндэтгэж байгаа бөгөөд үйлдсэн хэргээ ухамсарлан ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үед гэрч Ө.С- “Ш.Ш-тай ямар нэгэн тооцоогүй түүнтэй худалдаа наймаа хийж байгаагүй” гэж хоёр удаа мэдүүлэг өгч байсан атлаа түүний дансыг мөрдөн байцаалтын шатнаас шалгаж үзээд дахин мэдүүлэг авахад Ш.Ш- 2019 оны 4 дүгээр сард 200000 мянган төгрөг, 2020 оны 5 дугаар сард 250,000 төгрөг шилжүүлсэн гэх ба уг мөнгө нь ноолуурын үнэ гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлдэг юм. Мөн шүүх хуралдааны үед гэрчээр мэдүүлэхэд уг мөнгө бараа таваарын мөнгө байсан гэж хоёр янзын мэдүүлэг өгдөг юм. Энэ асуудлыг анхан шатны шүүх анхаарч дүгнэж үзээгүй. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон гэж дурдсан атлаа шүүгдэгч Ш.Ш- надад ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй юм. Шүүгдэгч Ш.Ш- надад ял оногдуулахад миний эд хөрөнгө болон сар бүр орох орлого бүрд анхан шатны шүүх үнэлж, дүгнээгүй ба торгуулийн ял оногдуулах боломжийг анхаарч үзээгүй юм. Мөн анхан шатны шүүх хуралдааны үед А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.С-ад 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр түүний дансанд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг өмгөөлөгчийн хөлс шилжүүлсэн гэж мэдүүлсэн нь буруу байв. Би одоо ухааран ойлгож, энэ хэргийг үйлдэхдээ ажлаас халагдахгүйгээр хэвээр ажиллах сонирхол хэтэрхий их байсан, аливаа асуудлыг бусдад ингэж мөнгө өгсөн үр дагавар юугаар төгсөхийг урьдчилан мэдээгүй маш их харамсаж сэтгэл санааны гутралд ороод байна. Би үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, мөн урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчил гаргаж байгаагүй. Миний асрамжид хууч өвчтэй 85 настай ээж байдаг тэр хүнийг надаас өөр асран хамгаалах хүний боломж муутай зэргийг харгалзан үзэж сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолд намайг хорих ялаар шийтгэсэн хэсгийг өөрчилж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Ш-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

 

Шийтгэх тогтоол хууль ёсны байна гэдэгт Эрүүгийн хуулийг буюу материаллаг хуулийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай процессын хэм хэмжээг хэргийн үйл баримтад шүүхээс зөв зохистой хэрэглэснийг, үндэслэл бүхий байна гэдэгт хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн бүрэн тогтоосныг ойлгоно.

 

Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгүүд, гэрч Ө.С-, А.Н, М.Ө, С.Х нарын мэдүүлэг, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, Ө.С-, шүүгдэгч Ш.Ш- нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Ш.Ш- нь Баян-Өлгий аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд буцаж орох зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.С-ын ХААН банк дахь ХХХХХХХХХ дугаартай дансанд 500.000 төгрөгийг өөрийн ХХХХХХХХХ дугаартай данснаас бэлэн бусаар шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны байх зарчмыг хангасан байна.

 

                Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Ш-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд тус тус нийцжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон дээрх үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Ш-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Ш.Ш- нь “анхан шатны шүүх ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, миний асрамжид хууч өвчтэй 85 настай ээж байдаг бөгөөд тэр хүнийг надаас өөр асран хамгаалах хүнгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолын хорих ялаар шийтгэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг шүүхэд гаргажээ.  

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журам нийцсэн, түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай Ш.Ш-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хуульд зааснаар шүүгдэгч Ш.Ш-ын цагдан хоригдсон 49 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Ш-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-ын цагдан хоригдсон 49 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                            С.ӨМИРБЕК