Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч У.Бямбажав,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0655/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Уранчимэгийн Бямбажавт холбогдох эрүүгийн 2017 2601 0623 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Алаг адуу овгийн Уранчимэгийн Бямбажав Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Улаанбаатар менежмент” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр 0-7 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол-27-р гудамжны 11 тоотод бүртгэлтэй, тус дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 21 дүгээр гудамжны 183 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй. (РД:ОЭ80090679).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч У.Бямбажав нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Одонтын 23 дугаар гудамжны задгай тоотод иргэн Б.Чулуунсүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний баруун гарын тохойн хэсэгт өшиглөж бие махбодид нь “баруун гарын тохойн далд хугарал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Бямбажав:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.   

 

Эрүүгийн 2017 2601 0623 дугаартай хэргээс:

 

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаарх баримтууд/.

2.Хохирогч Б.Чулуунсүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 10 цаг өнгөрч байхад би найз залуу Зангад болон хүүхдийн хамт миний багын найз болох Октябрын гэрт хөзөр тоглох гээд Сонгинохайрхан дүүргийн 25 хороонд байрлах гэрт нь очоод хөзөр тоглонгоо сууж байхдаа найз Октябрь түүний нөхөр Бямбажав бид нар хоорондоо ярьж байгаад дэлгүүр орж 2 шил 0,75 гр хэмжээтэй архи, 3-4 ширхэг 2.5литрийн хэмжээтэй пиво аваад хөзөр тоглож байхдаа уусан. Тэгээд орой 18 цагаас хойш би Бямбажавтай хөзөр тоглоод дуусчихсан, би урьд өмнө 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөн Бямбажав, Октябрь нартай архи уугаад намайг Бямбажав “чи согтуу машин барих гээд байна чи болио” гээд би өөрөө автомашинаа унаад явна гээд хоорондоо маргалдаад миний 45-17 УБР автомашины урд талын салхины шилийг Бямбажав “чамайг явуулахгүй” гэх шалтгаанаар гараараа цохиод хагалж байсан. Тэгээд тухайн үедээ би өөрөө зөрөөд яваад өгсөн. Маргааш нь би өөрөө 10 дугаар хорооллын “приус” засвар дээр очиж урд талын шилээ 170,000 төгрөгөөр хийлгэж байсан. Автомашины шил хагархай байсан талаарх гэрэл зураг нь миний гар утас дээр байгаа. Энэ асуудлаа 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сөхөж яриад “би машиныхаа цонхыг төлүүлмээр байна, чи хүний машины шилийг санаатайгаар хагалж болохгүй шүү дээ” гэж хэлсэн чинь Бямбажав “би төлж чадахгүй” гээд байсан. Тэгээд би Бямбажавыг “гуйлгачин минь чи ажил хийж байж цонхны мөнгө төлчихгүй” гээд хэлээд зогсож байх үед Бямбажав миний өөдөөс харж зогсож байгаад миний баруун гарын шуу болон тохой хэсэг рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний гар хүндрээд мэдээ алдаад даагдахгүй болсон. Энэ үед түүний эхнэр, манай найз залуу Зангад нар хараад зогсож байсан. Би уйлаад эхэлсэн чинь Зангад намайг машинд суулгаад гэмтлийн эмнэлэгт очихоор явах гэж байхад араас Октябрь гарч ирээд цагдаад дуудлага өгсөн бол дуудлагаа буцаачихаачээ, бид хоёр гурван хүүхэдтэй, ганц ажил хийж байгаа хүн, одоо цагдаа ирвэл аваад явчихна, согтуу байна, маргааш ажилтай өргөдөл гомдол гээд яахав гээд ямар ч байсан одоо гэмтэл ороод үзүүлье гээд надтай цуг гэмтлийн эмнэлэг орсон. Замдаа Октярь ломбард орж гар утсаа тавьсан. Гэмтлийн эмнэлэг ороод зургаа авахуулаад үзүүлсэн чинь миний баруун гарын шууны савхан яс хугарсан байна гэж хэлсэн. Би гараа шохойдуулаад байж байхад эмч надад бичиг хийж өгсөн. Тэр үед Октябрь надад эм аваарай гээд 40,000 төгрөг өгсөн. Би Октябрь, Бямбажав нарын хамт 0,75 гр 2 шил архи ууж уусан байсан. Мөн дээрээс нь 3-4 ширхэг байхаа, 2.5 литрийн пиво ууж дуусчихсан, согтуу байсан. Харин манай найз залуу Зангад машин барьж явж байсан учир архи огт уугаагүй, эрүүл байсан. Бямбажав “чи намайг хэл амаар доромжиллоо” гээд миний баруун гарын шуу болон тохойн хэсэгт гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.

Урьд өмнө нээх сүртэй маргалдаад муудсан зүйл байхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр автомашины шил хагалсан, одоо мөнгө төгрөгийг нь төлөхгүй юм уу гээд хэлсэн чинь ер нь би төлж чадахгүй чи өөрөө согтуу машин барьж явах гээд байсан учраас би машины шилийг чинь хагалсан юм гэж хэлээд байсан. Октябрь миний багын найз, Бямбажав түүний нөхөр нь учир би 2004 оноос таньж мэддэг болсон.

2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би Октябрьтай манай найз Цэлмэгийн аав гэртээ урьсан учир тэнд таараад, бас тэндээ архи уугаад согтоод байж байхдаа би “та нар зээл авсан гэсэн надад миний автомашины шил хагалсан 170,000 төгрөгөө өгчихгүй дээ” гээд Октябрьт хандаж хэлсэн. Мөн “танай нөхөр миний гарыг хугалчихаад нэг ширхэг эм ч авч ирж өгөөгүй шүү” гээд хэлсэн чинь Октябрь над руу уурлаад миний нүүрэн тус газар таваг шидсэн. Би зөрүүлээд аяга шидсэн чинь дүүгийнх нь нүүрэнд оночихсон. Тэгээд уг асуудал Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. Бас би хүнд гараа хугалуулчихаад зүгээр явж чадахгүй гээд цагдаад хандах болсон. Тухайн үед би, манай найз залуу Зангад, Октябрь, Бямбажав нар болон, Октябрын 6-7 насны хүүхдүүд байсан...” гэх мэдүүлэг [1],

-2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Тухайн үедээ гэмтлийн эмнэлгээс эм уугаарай гэж бичиг өгч байсан. Түүнээс өөр хийлгэсэн эмчилгээ гэх зүйл байхгүй. Би өөрөө уг эмчийн өгсөн бичгийн дагуу уг эмнүүдийг 100,000 төгрөгөөр авч уусан. Гэхдээ баримт байхгүй байна. Мөн баруун гарын шууныхаа рентген зураг 2 удаа авхуулахдаа нэг зураг авахуулахад 20.000 төгрөг болсон. Приус 20 маркын автомашины урд талын салхины шилээ хагалуулсан байхдаа буцаж хийлгэсэн зардал 170,000 төгрөг, эм, кальц авч уусан, рентгэн зураг авахуулсан зэрэг 140,000 төгрөг орчим бол учир уг зардал мөнгөө  нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг [2],

- 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Би өөрөө өчигдөр У.Бямбажавтай гэрт нь очиж уулзсан. Приус-20 маркын автомашины урд талын салхины шилээ хагалуулсан байхдаа буцаж хийлгэсэн зардал 170,000 төгрөг, мөн эм, кальц авч уусан, рентгэн зураг авахуулсан зэрэг 140,000 төгрөг орчим болсон зардал мөнгөө Бямбажаваас нэхэмжилсэн. У.Бямбажав надад миний 5035107108 тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн миний нэхэмжилж байсан 210,000 төгрөгийг би найз залуу болох Зангадаас авах болсон. Учир нь Зангад У.Бямбажаваас урьд өмнө мөнгө зээл авлагатай байсан юм байна лээ. Би өөрөө Бямбажавтай ярьж тохиролцоод үлдсэн мөнгөө Зангадаас авахаар болсон. Одоо Бямбажаваас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг [3],

 

3.Гэрч Л.Зангадын 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Чулуунсүхийг сайн танина. Манай багийн найз болох хүн. Бид хоёр байнга цуг гадуур ажил хөөцөлдөж явдаг.

2016 оны 11-р сарын 27-ны орой 18 цагийн орчимд Чулуунсүх бид хоёр Бямбажавын гэрт хөзөр тоглох гэж очсон. Бямбажавынх Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн Зүүн салааны улаан худаг гэх газар байдаг. Чулуунсүх бид хоёр замаасаа дэлгүүрээс 2 литрийн, 500 грамын нийслэл нэртэй пиво аваад Бямбажавын гэрт нь очиж хөзөр тоглонгоо нөгөө авчирсан пивоо Чулуунсүх, Бямбажавын эхнэр, тэр гурав уусан. Чулуунсүх бид хоёрын авчирсан 2 пивийг ууж дуусгачихаад 20 цагийн орчимд Чүлуунсүх, Бямбажав бид гурав дэлгүүр орж Улаанбаатар нэртэй 0,75 литрийн 2 шил архи, 2 литр 500 грамын пиво 4-г аваад Бямбажавын гэрт нь орсон. Дэлгүүрээс авсан архи, пивоо уугаад бид хөзөр тоглосон. Удалгүй Бямбажав, Чулуунсүх хоёр машины шилний талаар ярилцаж байгаад хоорондоо маргалдаж Чулуунсүх Бямбажав руу аяганы алчуур шидсэн чинь Бямбажав босож ирээд баруун хөлөөрөө Чулуунсүхийн баруун гар руу өшиглөсөн. Тэгтэл Чулуунсүх гар эвгүй болчихлоо, цагдаад хэлнэ гээд Бямбажавын гэрээс гарсан чинь Бямбажавын эхнэр “цагдаад битгий хэл, Бямбажавыг цагдаа нар бариад явчихвал бид 4 яах юм бэ” гэхээр нь Чулуунсүх цагдаа дуудахаа больсон. Чулуунсүх гар өвдөөд байна гэмтлийн эмнэлэг орж гараа үзүүлье гэхээр нь Бямбажавын эхнэрийн хамт Чулуунсүх бид гурав гэмтлийн эмнэлэг орж Чулуунсүхийн гарны зургийг авхуулсан  чинь гэмтлийн эмнэлгийн эмч гар нь хугарсан байна гэж хэлсэн. Чулуунсүхийн гарыг эмнэлэг дээр эмчлүүлээд бид хоёр гэр рүүгээ явсан.

2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Чулуунсүх бид хоёр Бямбажавын гэрт очиж очиж хөзөр тоглонгоо ганц нэг шил архи уусан. Тэгээд Чулуунсүх согтуу гэр рүүгээ харилаа гээд Бямбажавын гэрээс гараад машинаа асаагаад явах гээд байхаар нь Бямбажав гэрээсээ гарч ирээд Чулуунсүхийг “чи согтуу байж машин барьж яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь Чулуунсүх Бямбажавд “чамд ямар хамаатай юм” гэхээр нь Бямбажав уурлаад Чулуунсүхийн машины салхины шилийг хоёр удаа гараараа цохичихоод гэр рүүгээ орсон. Чулуунсүх ганцаараа машинаа бариад явсан. Тухайн үед Бямбажав Чулуунсүхийн машины шилийг гараараа хоёр удаа цохиход машины салхины шил хагарсан. Тэр өдрөөс хойш  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чулуунсүх, Бямбажав бид Бямбажавын гэрт хөзөр тоглож байхад Чулуунсүх, Бямбажавтай машины шил хагалсан талаар ярилцаж байгаад маргалдаж Бямбажав Чулуунсүхийн гарыг өшиглөсөн. Тухайн үед Чулуунсүх Бямбажаваас машины шилний мөнгө нэхэж байгаад Бямбажав руу ширээний алчуур шидээд нэг, нэгнээ гараараа цохиод байсан. Тэгсэн Бямбажав босож ирээд Чулуунсүхийн баруун гар руу өшиглөж гэмтэл учруулсан. Уг гэмтэл нь Чулуунсүхийн гарны шууны ясыг хугалсан байсан. ...” гэх мэдүүлэг [4],

-2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр дахин мэдүүлсэн:

“...Тухайн үед Бямбажав Чулуунсүхийг согтуу машин барьж явуулахгүй гээд гараараа салхины шилийг нь хоёр удаа цохиод хагалсан. Харин уг автомашины салхины шил жоохон жижиг цуурхай байсан. Гэхдээ түүнийг наалгаад нээх мэдэгдэхээргүй болгосон байсан. ...гэмтлийн эмнэлэг рүү ороод Чулуунсүхийн гарны зураг болон боолт зэрэг хийлгээд эм тариа аваарай гэж 40,000 төгрөг Октябрь өөрөө өгсөн...” гэх мэдүүлэг [5],

 

4.У.Бямбажавын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...Манай гэрт эхнэр Октябрь түүний найз болох Чулуунсүх өөрийн найз залуу болох Зангадын хамт 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10-11 цагийн үед ирээд Чулуунсүх ээждээ нэг хонь авна шөл уулгана гэж хэлээд байсан. Тэгээд намайг дагуулж яваад бид нар эмээлт явж нэг хонь аваад 17 цагийн үед би гэртээ уг хонийг нь авч ирээд төхөөрч өгөөд байж байхад 2.5 литрийн хэмжээтэй пиво 4-5 савыг Чулуунсүх, би манай эхнэр Октябрь нар хувааж уугаад орой 22 цаг болж байх үед пиво дууссан байсан. Чулуунсүх найз залуу Зангадтайгаа хоорондоо маргаад муудалцсан. Тэгээд Чулуунсүх хүүхдээ дагуулаад өөрийнхөө “приус-20” маркын автомашинаа жолоодож явах гэж байхад Зангад “би бариад чамайг гэрт чинь хүргээд өгье” гэхэд Чулуунсүх уурлаад “би чамаар хүргүүлэхгүй” гэж маргалдаад өөрөө автомашинаа барьж явах гээд байхаар нь би автомашиныг нь өгч явуулахгүй чи согтуу байгаа шүү дээ гэсэн чинь Чулуунсүх өөрөө бариад явж чадна гээд зөрүүдлээд явна гээд байсан. ...Би жолооч талаас нь баруун гараараа нэг удаа урд талын салхины шил рүү нь цохисон чинь шил нь цуураад явчихсан. Тухайн үедээ шил нь хагараад унаагүй. Тэгээд Чулуунсүх автомашинтайгаа цаашаа явсан. Маргааш нь 2016 оны 11 сарын 12-ны өдөр Чулуунсүх над руу утсаар яриад “чи миний автомашины салхны шилийг цуулаад хагархай шахуу болчихсон байна, чи төлж” гээд хэлсэн. ...Би ч нээх тоогоогүй орхичихсон юм. Дараа нь нэг өдөр би Чулуунсүхтэй утсаар ярьсан чинь өөрөө автомашиныхаа салхины шилийг шинээр хийлгэсэн гэж хэлж байсан.

Энэ үйл явдлаас хойш дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чулуунсүх Зангадын хамтаар манай гэрт өдөр 11 цагийн үед байх ирсэн. Бид хөзөр тоглоод 2.5 литрийн хэмжээтэй пивоноос нилээн хэдийг би Чулуунсүх, манай эхнэр бид гурав хувааж уугаад, бас сууж байхдаа хоёр шил 0.75 гр хэмжээтэй архинаас 2 шил архи бас уугаад сууж байсан чинь Чулуунсүх “урьд өмнө чи миний автомашины салхины шил хагалсан” гэж яриад намайг “чи миний машины салхины шилийг төлж өг, чи хагалсан биз дээ” гэхээр нь би “чадахгүй” гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би босч ирээд Чулуунсүхийг энгэрээс нь заамдаж авсан. Энэ үед хэсэг ноцолдоод гэрийн үүдэн дээр шахуу зогсож байсан намайг түлхсэн. Хажуу талаас Зангад барьж аваад зогсож байхад би Чулуунсүхийг өшиглөсөн юм шиг байгаа юм. Би тухайн үедээ их согтсон байсан. Манай эхнэр Октябрь надад хэлэхдээ “Чулуунсүх чинь уйлаад байна, гар нь өвдөөд байна” гэж хэлээд байсан. Би гэрээсээ гараад Чулуунсүхийн машин дээр очоод уулзсан чинь уйлаад сууж байсан. Чи миний гар руу өшиглөсөн чинь одоо өвдөөд байна би эмнэлэг явлаа гээд хэлж байсан. Манай эхнэр Октябрь хамт гэмтлийн эмнэлэг явлаа гээд Зангад автомашиныг нь бариад тэр гурав яваад өгсөн. Шөнө би гэртээ унтаж байхад манай эхнэр ямар ч гэсэн Чулуунсүхийн гаранд гипс тавиулаад зургийг нь авхуулаад ирлээ гэж хэлж байсан.

Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 шил 0.75 гр архи болон 2.5 литрийн хэмжээтэй пивоноос 3-4 сав Чулуунсүхтэй болон мөн манай эхнэртэйгээ хамт хувааж уусан. Би өөрөө их согтсон байсан. Би Чулуунсүхийг согтуу автомашинаа бариад хэрэггүй явуулахгүй гэсэндээ л хааж хориглоод дийлээгүй. Тэгээд би зүүн гараа машиных нь хаалганд хавуулсан байсан учир тухайн үедээ архи уучихсан ууртай байхдаа баруун гараараа салхины шил рүү нь нэг удаа цохичихсон. Гэхдээ уг салхины шилийг бол бүүр хагалж гэмтээсэн зүйлгүй, харин намайг цохих үед нилээн цуурчихсан. Чулуунсүхийн автомашины салхины шил намайг цохихоос өмнө жолооч талынхаа булан дээр жоохон цуурсан байдалтай байсан. Би нэмээд бүүр цууруулчихсан. Мэдээж салхины шил рүү нь цохилоо гээд зогсохгүй гэдгийг нь мэдэж байсан. Би шил нь хагарна цуурна гэдгийг мэдэж ухамсарлаж байсан. Ийм үйлдэл гаргасан нь миний буруу гэдгээ ойлгож байна...” гэх мэдүүлэг [6],

- яллагдагчаар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн:

“...Манай гэрт манай эхнэр Октябрь түүний найз болох Чулуунсүх нь өөрийн найз залуу болох Зангадын хамт 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...Чулуунсүх нь хүүхдээ дагуулаад өөрийнхөө приус 20 маркын автомашинаа жолоодож явах гэж байхад нь ...би автомашиныг нь өгч явуулахгүй чи согтуу байгаа шүү дээ гэсэн чинь Чулуунсүх өөрөө бариад явж чадна гээд зөрүүдлээд явна гээд байсан. ...би жолооч талаас нь баруун гараараа нэг удаа урд талын салхины шил рүү нь цохисон чинь шил нь цуураад явчихсан

...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ...бас уугаад сууж байсан чинь Чулуунсүх урьд өмнө чи миний автомашины салхины шил хагалсан асуудлаа яриад намайг чи миний машины салхины шилийг төлж өг чи хагалсан биз дээ гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би босч ирээд Чулуусүхийг энгэрээс нь заамдаж авсан.  ...Би Чулуунсүхийг өшиглөсөн юм шиг байгаа юм.  ...” гэх мэдүүлэг [7],

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4087 тоот:

Хэсэг газрын үзлэгт: биед ил гэмтэлгүй. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гарын шууны 2 байрлалаар авсан рентген зурагт баруун тохой яс дунд 1/3 хэсгээр хугарч бороолсон байдалтай харагдана. ГССҮТ-ийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсанд “2016.11.27-ны өдөр 19.00 цагт үзүүлсэн. 2016.11.27-ны 23.30 цагт онош :баруун гарын тохойны ясны далд хугарал...” гэжээ.

Дүгнэлт:

 “...1.Б.Чулуунсүхийн биед баруун гарын тохой ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Г.Энхбаатар/...” гэсэн дүгнэлт [8],

 

6.Шинжээч Г.Энхбаатарын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

“...Дээрх дүгнэлтийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн рентген зураг болон ГССҮТ-ийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны 2016 оны 11 дүгээр сарын 27-ны 19 цагт үзүүлсэн онош зэргийг үндэслэн дээрх  дүгнэлтийг өгөх үндэс болсон. Гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...” гэсэн мэдүүлэг [9],

 

7.Хохирогч Б.Чулуунсүхийн гаргаж өгсөн баруун гарын шууны ясны 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн рентген зургийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол [10], Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг [11],  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 19.00 цагт осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн тухай хуудас /Хохирогч Б.Чулуунсүхийн гэмтлийг/  [12],  Октябраас Б.Чулуунсүхэд 100,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг  [13],

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

8. Гэрч Х.Октябрийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн:

“...Би У.Бямбажавтай анх 2006 онд хотод байхдаа танилцаад улмаар 2007 онд нэг гэрт хамт амьдрах болсон. Түүнээс хойш бид хоёр гурван хүүхэдтэй, том хүү маань 7 настай, удаах хүү маань 3 настай, бага хүү 6 сартай. Манай нөхөр У.Бямбажав ааш араншингүй, тусархуу, сэтгэлээрээ тусалдаг. Манай нөхөр “Улаанбаатар менежмент” ХХК-д гагнуурчны ажил хийдэг. Ар гэрээ тэжээдэг, архи дарс уугаад байдаггүй. Урьд өмнө хүн амьтан цохиж зодоод байдаг асуудал гаргаж байгаагүй. Манай нөхөр аливаа асуудал дээр өөрийгөө их барьж тэвчдэг. Харин өөрөө жоохон огцом ууртай хүн. ...” гэх мэдүүлэг [14],

 

9.Шүүгдэгч У.Бямбажавын иргэний үнэмлэхийн лавлагаа [15], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [16], Оршин суугаа хаягийн тодорхойлолт [17]болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан тус хэргийг хянан шийвэрлэсэн болно.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

Нэг.Шүүгдэгч Г У.Бямбажав нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Одонтын 23 дугаар гудамжны задгай тоотод иргэн Б.Чулуунсүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний баруун гарын тохойн хэсэгт өшиглөж бие махбодид нь “баруун гарын тохойн далд хугарал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

мөрдөн байцаалтад:

-хохирогч Б.Чулуунсүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Бямбажав, Октябрь нартай архи уугаад намайг Бямбажав “чи согтуу машин барих гээд байна чи болио” гээд би өөрөө автомашинаа унаад явна гээд хоорондоо маргалдаад миний 45-17 УБР автомашины урд талын салхины шилийг Бямбажав “чамайг явуулахгүй” гэх шалтгаанаар гараараа цохиод хагалж байсан. ...Энэ асуудлаа 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сөхөж яриад “би машиныхаа цонхыг төлүүлмээр байна, чи хүний машины шилийг санаатайгаар хагалж болохгүй шүү дээ” гэж хэлсэн чинь Бямбажав “би төлж чадахгүй” гээд байсан. Тэгээд би Бямбажавыг “гуйлгачин минь чи ажил хийж байж цонхны мөнгө төлчихгүй” гээд хэлээд зогсож байх үед Бямбажав миний өөдөөс харж зогсож байгаад миний баруун гарын шуу болон тохой хэсэг рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд тухайн үед миний гар хүндрээд мэдээ алдаад даагдахгүй болсон. ... Гэмтлийн эмнэлэг ороод зургаа авахуулаад үзүүлсэн чинь миний баруун гарын шууны савхан яс хугарсан байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [18], түүний 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр,  2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлгүүд [19], [20],

-гэрч Л.Зангадын 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

“...Бямбажав, Чулуунсүх хоёр машины шилний талаар ярилцаж байгаад хоорондоо маргалдаж Чулуунсүх Бямбажав руу аяганы алчуур шидсэн чинь Бямбажав босож ирээд баруун хөлөөрөө Чулуунсүхийн баруун гар руу өшиглөсөн. Тэгтэл Чулуунсүх гар эвгүй болчихлоо цагдаад хэлнэ гээд Бямбажавын гэрээс гарсан. ...гэмтлийн эмнэлэг орж Чулуунсүхийн гарны зургийг авхуулсан чинь гэмтлийн эмнэлгийн эмч гар нь хугарсан байна гэж хэлэхээр нь Чулуунсүхийн гарыг эмнэлэг дээр эмчлүүлээд бид хоёр гэр рүүгээ явсан. ...” гэх мэдүүлэг [21], түүний 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дахин гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг [22],

-У.Бямбажавын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...Чулуунсүх “урьд өмнө чи миний автомашины салхины шил хагалсан” гэж яриад намайг “чи миний машины салхины шилийг төлж өг, чи хагалсан биз дээ” гэхээр нь би “чадахгүй” гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжолоод байхаар нь би босч ирээд Чулуунсүхийг энгэрээс нь заамдаж авсан. Энэ үед хэсэг ноцолдоод гэрийн үүдэн дээр шахуу зогсож байсан, намайг түлхсэн. ...би Чулуунсүхийг өшиглөсөн юм шиг байгаа юм. ...Би гэрээсээ гараад Чулуунсүхийн машин дээр очоод уулзсан чинь ...чи миний гар руу өшиглөсөн чинь өвдөөд байна, би эмнэлэг явлаа гээд хэлж байсан. ...Шөнө би гэртээ унтаж байхад манай эхнэр ямар ч гэсэн Чулуунсүхийн гаранд гипс тавиулаад зургийг нь авхуулаад ирлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг [23], түүний 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг [24], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4087 тоот дүгнэлт [25], Шинжээч Г.Энхбаатарын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [26], хохирогч Б.Чулуунсүхийн гаргаж өгсөн баруун гарын шууны ясны 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн рентген зургийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол [27], Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 19.00 цагт осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн тухай хуудас /Хохирогч Б.Чулуунсүхийн гэмтлийг/  [28] зэрэг бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  У.Бямбажав нь гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч У.Бямбажав, хохирогч Б.Чулуунсүх нар урьд нь бие биенийгээ таньдаг, найз нөхдийн харилцаатай хүмүүс байх ба 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тэд хамтдаа архидан согтуурч улмаар хохирогч автомашинаа жолоодож явна гэснээс болж түүний автомашины шилийг У.Бямбажав нь хагалсан, улмаар энэ асуудлаараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Б.Чулуунсүх нь “автомашины шил хагалсан тул  мөнгийг нь төл” гэсэн шаардлагыг У.Бямбажавт хэлж, У.Бямбажав нь төлөхгүй гэснээс болж тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсч, шүүгдэгч У.Бямбажав нь хохирогч Б.Чулуунсүхийн гар руу нь өшиглөж, баруун гарын тохой ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг учруулсан үйл баримт тогтоогджээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч У.Бямбажавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чулуунсүхийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан байх ба эмчилгээний зардалд гарсан буюу эм тарианы 100,000 төгрөг, 2 удаа баруун гарын рентген зураг авахуулсанд төлсөн төлбөр 40,000 төгрөг, нийт  140,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн боловч энэ талаар хэрэгт ирүүлсэн баримтгүй байна.

Харин хэрэг үйл явдал болсоны дараа шүүгдэгч У.Бямбажавын гэр бүлээс Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг дээр хохирогчийг үзүүлэхэд 40,000 төгрөг төлсөн талаар талууд мөрдөн байцаалтад мэдүүлжээ. Мөн шүүгдэгчийн ар гэрээс 100,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Б.Чулуунсүхийн Хаан банкинд эзэмшдэг данс руу нь шилжүүлсэн байна.

Иймд тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чулуунсүхийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын зардлыг шүүгдэгч У.Бямбажавыг бүрэн нөхөн төлсөн, энэ тогтоолоор хохирогчид  төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Б.Чулуунсүх нь өөрийн приус загварын автомашины салхины шилний үнэ 170,000 төгрөгийг нэхэмжилж, хэрэгт баримтыг ирүүлсэн байх боловч энэ тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй тул шүүх уг асуудлыг энэ тогтоолоор шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Мөн хохирогч Б.Чулуунсүх нь мөрдөн байцаалтад “...миний нэхэмжилж байгаа 210,000 төгрөгөө найз залуу Зангадаас авах болсон. Учир нь Зангад нь У.Бямбажаваас урьд өмнө зээлтэй байсан юм байна лээ, тэгээд Бямбажавтай ярьж тохиролцоод би үлдсэн мөнгөө Зангадаас авахаар болсон...” гэж мэдүүлжээ.

Хэрэгт цугларсан баримтаар хохирогч Б.Чулуунсүхийн  эрүүл мэндэд учирсан буюу тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол арилсан байна. Түүнчлэн бусдын өр төлбөрийн асуудлыг шүүх мэдүүлэг үндэслэн хооронд нь шилжүүлэн шийдвэрлэдэггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гурав: Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Шүүгдэгч У.Бямбажавын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч У.Бямбажавт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч Н.Чулуунсүхэд учирсан гэм хорын хохирлын зардлыг нөхөн төлсөн зэргийг  хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Түүнчлэн шүүгдэгч У.Бямбажавын хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв

 

Дөрөв. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч У.Бямбажав цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Чулуунсүхийн баруун гарын шууны ясны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн рентген зураг 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар  зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Алаг адуу овогт Уранчимэгийн Бямбажавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уранчимэгийн Бямбажавыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бямбажавт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч У.Бямбажав нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлээгүй, хохирогч Б.Чулуунсүхэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Б.Чулуунсүхийн баруун гарын шууны ясны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн рентген зураг 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч У.Бямбажавт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг  тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч У.Бямбажавт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан У.Бямбажавт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 40 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 11 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 12-15 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 53 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 56 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 40 дүгээр тал

[27] Хавтаст хэргийн 11 дүгээр тал

[28] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.