Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/01829

 

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/01829

                               Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З.Л

 

Нэхэмжлэгч: Ч.Э нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Л, Ч.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ц-ын нэхэмжилсэн 105 000 000 төгрөгийг Ц.О 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд П.Дэлгэрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэгт байрлах орон сууц, Ч.Э, З.Л нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн 102/ШШ2017/02452 дугаар захирамжаар баталгаажуулсан.

 

Үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байхад буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүрэг гүйцэтгэгч Ц.О нас барсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдсээр байж шүүхэд сайн дураар эвлэрлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэнгүй гэж худлаа хүсэлт гарган шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02345 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үндсэн үүрэг гүйцэтгэгч, төлбөр төлөгч Ц.Оюумаа нас барсан нь тогтоогдож, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдээгүй буюу эрх, үүрэг эрх залгамжпагчид шилжээгүй, иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон байхад үл хөдлөх эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заалтыг зөрчсөн.

 

Өмчлөгч Ч.Э, З.Л нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 102 дугаар байрны 75 тоотод байрлах орон сууцыг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 40 729 500 төгрөгөөр худалдан борлуулахаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/646 тоот мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмчлөгч нарт хугацааг тулгаж гардуулсан нь эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, хугацаанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бөгөөд Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/16 тоот 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын хувийг гардуулаагүй, нийтэд зарласан эсэх нь тодорхойгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Даваадоржид 2 дахь албадан дуудлага худалдаанд орон сууцыг оруулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд орон сууцыг 53 000 000 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр худалдсан байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа өмчлөгч нарын эрхийг зөрчсөн байх тул ажиллагааг хянаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02452 дугаар захирамжаар Ц.Оюумаа, З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан, П.Дэлгэр нараас 105 000 000 төгрөгийг гаргуулж С.Цэвэгжавт олгох, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13371/ 41-44 тоотод байрлах Ү-2201038437 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар 52 500 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /108062/ үйлдвэрчний эвлэл гудамж, 102-75 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039530 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

 

Төлбөр төлөгч П.Дэлгэр өөрийн өмчлөлийн буюу Баянзүрх дүүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13371/ 41-44 тоот орон сууцанд ногдох 52 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Үлдэгдэл 52 500 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заагдсан З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /108062/ үйлдвэрчний эвлэл гудамж, 102-75 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 81 459 200 төгрөгийн 70 хувь болох 57 021 440 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулаад үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 40 729 500 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 53 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон.

 

Хоёр дахь албадан дуудлага худалдааны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/16 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/646 дугаар мэдэгдлийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгч З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарын оршин суугаа хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал /105062/ үйлдвэрчний эвлэлийн 102-75 тоот хаяг руу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат шуудангаар илгээж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр З.Лхагвад биечлэн өгсөн.

 

Гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч нь 4 хүн байгаа ба төлбөр төлөгч Х.Оюумаа нас барсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд шүүхийн шийдвэрт үндсэн үүрэг гүйцэтгэгч гэж заагаагүй. Тиймээс  барьцааны эд хөрөнгө болон барьцааны эд хөрөнгийн өмчлөгч нар нь төлбөр төлөгч тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.

 

Нэхэмжлагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төлбөр төлөгч Ц.Оюумаа нас барсан байхад түүнээс төлбөрийг төлөх талаар ажиллагаа хийхгүйгээр шууд барьцаа хөрөнгөрөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь буруу гэх агуулагаар тодорхойлсон бол хариуцагч нь уг үндэслэлийг төлбөр төлөгч Ц.Оюумаа нас барсан боловч нэхэмжлэгч нар төлбөр төлөгч тул шүүхийн шийдвэрт зааснаар тэдний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь хууль зөрчөөгүй гэж татгалзажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02452 дугаар захирамжаар С.Цэвэгжавын нэхэмжлэлтэй, Ц.Оюумаа, З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан, П.Дэлгэрт нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 105 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэрэгт хариуцагч Ц.Оюумаа нэхэмжлэлийн шаардлага 105 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд хариуцагч П.Дэлгэрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүрэг 52 500 000 төгрөгийн, хариуцагч З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201039530 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /108062/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 102-75 тоотод байрлах 2 өрөө орон сууцаар 52 500 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.Оюумаа шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тул шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18250309/2 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрт заасан З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201039530 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /108062/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 102-75 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжилж, төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэжээ.

 

Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 18250309/3 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг тогтоосон ба мөн өдрийн мэдэгдэлээр З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарт орон сууцны үнэлгээг төлбөр авагчтай харилцан тогтоож хариу мэдэгдэх хугацааг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөр тогтооснийг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байна.   

 

Төлбөр авагч болон төлбөр төлөгч З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нар үл хөдлөх эд хөрөнгийн талаар харилцан тохиролцоогүй тул төлбөр төлөгчийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх тухай 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолоор З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201039530 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /108062/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 102-75 тоотод байрлах 2 өрөө орон сууны үнэлгээ тогтоохоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимейт” ХХК-ийн шинжээчээр томилсон.

 

Шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 81 459 200 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4/15918 дугаар мэдэгдлээр уг үнийн 70 хувиар тооцон 57 021 440 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг төлбөр төлөгч З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарт 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.

 

Нэхэмжлэгч нар ахлах шийдвэр гүйцэтгэгчид шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хямдхан үнэлсэн талаар гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4/67 дугаар тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсан байх бөгөөд төлбөр төлөгч нар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй байна.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/20 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шүүхий шийдвэр гүйцэтгэх газарт зохион байгуулахаар тогтоосныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/18979 дугаар мэдэгдэлээр төлбөр төлөгч З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарт 17-ны өдөр шуудангаар мэдэгдсэн байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхны дуудлага худалдаанд худалдан авах санал ирээгүй үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/16 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 81 459 200 төгрөгийн 50 хувь болох 40 729 500 төгрөгөөр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар тогтоосон ба энэ талаарх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/646 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарт 12-ны өдөр шуудангаар мэдэгдсэн байна.

 

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 53 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, энэ талаарх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/1165 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч нар 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэрийн хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4/6 дугаар тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон үндэслэлээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба төлбөр төлөгч нар 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02452 дугаар захирамжаар хариуцагч Ц.Оюумаа нэхэмжлэлийн шаардлага 105 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд төлбөрийн 52 500 000 ногдох хэсгийг хариуцагч З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201039530 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал /108062/, Үйлдвэрчний эвлэл гудамж, 102-75 тоотод байрлах 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Шүүхийн гүйцэтгэх хуудсанд  Ц.Оюумаа, З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан, П.Дэлгэр нарыг төлбөр төлөгчөөр гэж тодорхойлсон.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар Ц.Оюумаа, З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан, П.Дэлгэр нар нь төлбөр төлөгч байна.

 

Төлбөр төлөгч Ц.Оюумаа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх хугацаа болохоос өмнө нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Улмаар хариуцагч нь төлбөр төлөгчийг нас барсаны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн явуулсан байх бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэрт заасны дагуу төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч З.Лхагва, Ч.Эрдэнэцагаан нарын өмчлөлийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан орлуулан, үүргийн гүйцэтгэлийг хангасан байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.

 

Төлбөр төлөгч Ц.Оюумаа нас барснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаас чөлөөлөгдөх үндэслэлгүй боловч хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийн хангуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан урьдач нөхцөлийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр төлбөр төлөгч Ц.Оюумаа нас барсан боловч хариуцагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө мөн хуулийн 86 дугаар зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй нь хуульд нийцээгүй байна.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулах үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь хуулийн 86 дүгээр зүйлийн 86.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд мөнгөн төлбөр төлөх үүргийн төлбөр төлөгч нь Ц.Оюумаа байх бөгөөд түүний эд хөрөнгөөс хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ажиллагаа хийсэн нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т   зааснаар төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчийг, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй иргэнд асран хамгаалагчийг тогтоох хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэх эрхтэй байхад уг ажиллагааг хэрэгжүүлж, төлбөр төлөгч нас барсанаар төлбөр төлөх боломжгүй болсон үндэслэлийг шалгахгүйгээр албадан дуудлага худалдаагаар бусад төлбөр төлөгчийн өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан дээрх ажиллагаа нь бүхэлдээ үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/646 дугаар мэдэгдлээр явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс  зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН