Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2018/00283

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М Д ХХК /регистрийн дугаар / -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б т холбогдох

Даатгалын нөхөн төлбөр 13 716 062 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М Д ХХК нь К банктай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12/85 тоот Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл -ийн дагуу К банкны цалингийн зээлийн зээлдэгч нь ажлаас халагдах, хөдөлмөрийн чадваргүй болох гэх мэт эрсдлийн улмаас даатгалын тохиолдол үүсэхэд зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр Банкинд нөхөн төлбөрт олгож, улмаар зээлдэгчээс зээлийг нэхэмжлэх Банкны эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авч ажилладаг болно. К банкны 2013 оны 6 сарын 12-ны өдрийн №3017-2013/216 тоот болон 2013 оны 12 дугаар сарын 19-ний 3019-2013/218 тоот Цалингийн зээлийн гэрээний зээлдэгч А.Б нь Таван толгой транс ХХК-ийн захирлын 2014 оны 02 сарын 26-ны өдрийн 13/115 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж 2014 оны 02 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээлийн төлөлт хийгдээгүй улмаар даатгалын гэрээний 9.З.е дэх эрсдэл учирч даатгалын тохиолдол үүссэнд манай компанид холбогдуулан К банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №181/ШШ2017/01624 тоот шийдвэрээр А.Батбаярын зээлийн гэрээний үлдэгдэл 9 144 042.64 төгрөг, алдангид 4 572 020 төгрөг нийт 13 716 062.00 төгрөгийг манай компаниас гаргуулж К банкинд олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагаас албадан биелүүлж, манай данснаас 13 716 062.00 төгрөгийг К банк руу шилжүүлсэн тул Зээлдэгч А.б-сзээлийн үлдэгдэл болох нийт 13 716 062.00 /арван гурван сая долоон зуун арван зургаан мянга жаран хоёр/ төгрөгийг нэхэмжилж байна. Иймд А.б-снийт 13 716 062.00 /арван гурван сая долоон зуун арван зургаан мянга жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, М Д ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Намбатөгс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч М Д ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ИЙ80020718 регистрийн дугаартай, иргэн А.Б надад холбогдох 13 716 062.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. М Д ХХК, К банк хооронд байгуулсан гэх 2012 оны 08 сарын 22-ны өдрийн 12/85 тоот Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл-д миний бие иргэний хувьд ямарч хариуцлага хүлээхгүй болно. Учир нь ийм гэрээ байдагийг одоо л энэхүү нэхэмжлэлээс олж мэдлээ. Мөн энэ хэлцэлийн дагуу миний К банкинд төлөх төлбөрөөс 9 144 042.64 (Есөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөчин хоёр төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг нь М Д ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 6-ны өдрийн №181/ШШ2017/01624 тоот шийдвэрээр төлсөнийг бас л энэ нэхэмжлэлээс олж мэдлээ. Гэтэл К банкнаас гаргуулсан зээлийн дансны хуулгаар /тайлбартай хавсаргав/ 2017/08/31-ний өдөр 3000014019 тоот дансанд 1 012 126.44 төгрөг, 3000012790 тоот дансанд 8 027 254.40 төгрөг нийт 9 039 380.84 төгрөгийг төлүүлсэн харагдаж байна. Иймд энэ дансны хуулгаас хархад хариуцагч А.Б миний бие М Д ХХК-д 9 039 380.84 (Есөн сая гучин есөн мянга гурван зуун наян төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхөөр байна. Гэтэл М Д ХХК 104 661.80 төгрөгийн төлбөрийг илүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно.

2. М Д ХХК нь алданги гэх 4 572 020.00 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Би энэхүү алдангийг төлөхөөр М Д ХХК-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж төлөхөөр гарын үсэг зураагүй тул төлөхгүй болно. Мөн дээрх К банкны үндсэн зээл болох, М Д ХХК-ний төлсөн 9 039 380.84 төгрөгийг болон зээлийн хүү, торгуулийн хүүгийн хамт нийт 10 169 929.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 177.669.00 төгрөгийг иргэн А.Б би төлөхөөр Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 6 сарын 12-ны өдрийн 619 тоот хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Энэхүү шийдвэрт Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 8 сарын 27-ны өдөр 3993 тоот албадан гүйцэтгэх захирамж гарч, улмаар 607 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн, одоо Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Ер нь иргэн А.Б миний бие нэг үндсэн зээлд тохирсон хүү, торгууль, алдангийг нэг л удаа төлөхөөс биш дахин үүрэг хүлээгээгүй газраа дахин хүү, торгууль, алданги төлөх нь зохисгүй зүйл гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. ШШГАлбанд би одоогоор нэг ч төгрөг төлж чадахгүй өнөөдрийг хүрээд байгаа учир нь төлбөрт хураах хөрөнгөгүй, орлогогүй, ажилгүй тул төлбөрийн чадвартай болох хүртэл гүйцэтгэх хуудас баримт бичгийг түдгэлзүүлээд байгаа болно.

Иймд хариуцагч А.Б миний бие М Д ХХК-ий нэхэмжлэлээс 9 039 380.84 (Есөн сая гучин есөн мянга гурван зуун наян төгрөг наян дөрвөн мөнгө) төгрөгийн үндсэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Илүү нэхэмжилсэн 4 676 681.16 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. К банк нь шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ мөнгийг А.Батбаяраар төлүүлэхээр шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М Д ХХК нь А.Б-тхолбогдуулан даатгалын нөхөн төлбөр 13 716 062 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч: ...М Д ХХК нь К банктай Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл-ийн дагуу даатгалын тохиолдол үүсэхэд зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр Банкинд нөхөн төлбөр олгож, зээлдэгчээс зээлийг нэхэмжлэх Банкны эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авч ажилладаг. К банкны 2013 оны 6 сарын 12-ны өдрийн №3017-2013/216 тоот болон 2013 оны 12 дугаар сарын 19-ний 3019-2013/218 тоот Цалингийн зээлийн гэрээний зээлдэгч А.Б нь ажлаасаа чөлөөлөгдөж 2014 оны 02 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээлийн төлөлт хийгдээгүй тул даатгалын гэрээний 9.З.е дэх эрсдэл учирч даатгалын тохиолдол үүссэнд манай компанид холбогдуулан К банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №181/ШШ2017/01624 тоот шийдвэрээр А.Батбаярын зээлийн гэрээний үлдэгдэл 9 144 042.64 төгрөг, алдангид 4 572 020 төгрөг нийт 13 716 062.00 төгрөгийг манай компаниас гаргуулж К банкинд олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагаас албадан биелүүлж, манай данснаас 13 716 062.00 төгрөгийг К банк руу шилжүүлсэн. Иймд А.б-сзээлийн үлдэгдэл 13 716 062.00 /арван гурван сая долоон зуун арван зургаан мянга жаран хоёр/ төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн.

Хэргийн 55 дугаар хуудсанд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 619 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж авагджээ. Уг захирамжаар К банкны Орхон салбар А.б-с10 169 929 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг А.Б 2015.06.12-ноос хойш нэг сарын хугацаанд төлөхөөр эвлэрсэн байна. 619 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт К банкны Орхон салбарын нэхэмжлэлийн шаардлагыг дурьдсан байх ба нэхэмжлэлд ...2013 оны 6 сарын 12-ны өдрийн №3017-2013/216 цалингийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 9 030 629 төгрөг гаргуулах, 2013 оны 12 дугаар сарын 19-ний 3019-2013/218 тоот цалингийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж 1 139 300 төгрөг гаргуулах, нийт 10 169 929 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

М Д ХХК нь мөн дээрх цалингийн зээлийн гэрээтэй холбоотой даатгалын нөхөн төлбөрийг шаардсан.

Хариуцагч А.Б нь К банктай байгуулсан 2013 оны 6 сарын 12-ны өдрийн №3017-2013/216 тоот, 2013 оны 12 дугаар сарын 19-ний 3019-2013/218 тоот цалингийн зээлийн гэрээнүүдийн үүргийг К банкны Орхон салбарт төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байх бөгөөд, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Тиймээс хариуцагч А.б-сМ Д ХХК нь К банктай байгуулсан 2013 оны 6 сарын 12-ны өдрийн №3017-2013/216 тоот, 2013 оны 12 дугаар сарын 19-ний 3019-2013/218 тоот цалингийн зээлийн гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг баримтлан А.Б 13 716 062 төгрөг гаргуулах М Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 226 530 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА