Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/шш2017/02688

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туулыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С...., түүний өмгөөлөгч Ж...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж Б....д 30,000,000 төгрөгийг сарын 4,7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Б.... хүүний мөнгийг сар бүр төлж байсан боловч үндсэн зээлээс 15,000,000 төгрөгийг 3 удаа хувааж төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй болно. Бид эвлэрүүлэн зуучлалаар орж 20,000,000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор хувааж өгч дуусгана гэж тохирсон боловч эвлэрүүлэн зуучлалаас гараад үл ойлголцол болсноос эвлэрлийн гэрээ хүчингүй болж захирамж гарсан. Иймд шүүхийн журмаар Б....гоос үндсэн зээл болох 15,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу алданги болох 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С...., түүний өмгөөлөгч Ж.... нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь сар бүр зээлийг хүүг төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. 30,000,000 төгрөгийн хүүг төлсөн гэдэгт аль аль тал нь маргаагүй. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуульд заасан журмын дагуу байгуулагдсан. Зээлийн гэрээн дээр барьцаанд Тоёота Харриер маркийн ... дугаартай автомашин байгаа гэж бичигдсэн боловч энэ машин нь хариуцагчид өөрт нь байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М....эс авсан 30,000,000 төгрөгийг цааш нь хүнд өгөөд залилуулсан учир эрүүгийн журмаар шалгагдаад явж байгаа гэж ярьж байгаа боловч энэ хэрэг нь н.Нарангэрэл, н.Туул гэх хүмүүстэй холбоотой болохоос М...., С.... нартай ямар ч холбоогүй. Б.... зээл авсан нь үнэн, түүнийгээ цааш зарцуулсан нь үнэн. Авсан учир буцааж төлөх нь үнэн. Тийм учраас Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр М....нийн нэр дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Хариуцагч тал Ж....ид рүү 590,000 төгрөг шилжүүлсэн, бэлэн мөнгө өгсөн гэж яриад байна. Хэрвээ бэлэн мөнгө өгсөн бол гарын үсэгтэй баримт хаана байгаа вэ? Өөрсдийн бичсэн тэмдэглэлээ хараад яриад байгаа болохоос тэдэн сарын тэдний өдөр, тийм хэмжээний мөнгө өгсөн гэдэг тодорхой зүйл ярихгүй байна. Мөн Ж....ид хүүхдүүдийнхээ өмнөөс бусдаас мөнгө авах эрх олгогдсон эсэх нь баримтаар тогтоогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид өөрийн маргааны үйл баримтыг өөрсдөө нотлох үүрэгтэй байдагИймд 22,500,000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэстэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн мөнгөн дүндээ хариуцагчийн талаас өгсөн мөнгөн дүнг тусгаагүй байгаа тул шүүхийн байгууллагаар бодит нөхцөл байдлыг шийдвэрлүүлэх саналтай байна. Хариуцагч Б.... нь зээлийн гэрээний 6 сарын хугацаанд хүүнд төлөх ёстой 8,400,000 төгрөгийг бүрэн төлсөн. Сард 1,400,000 төгрөгийн хүү төлж байсан. 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрээний хугацаа дуусахад 10,000,000 төгрөгийг, хүү 1,400,000 төгрөгтэй нийлүүлж нийт 11,400,000 төгрөгийг шилжүүлснээр Зээлийн гэрээний хугацаанд 18,400,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш дансаар болон бэлнээр хэд хэдэн удаагийн төлөлтөөр зээлдүүлэгчид нийт 7,100,000 төгрөгийг, мөн Ж....ид гэж хүний дансанд хэд хэдэн удаагийн төлөлтөөр нийт 590,000 төгрөгийг төлж байсан. Мөн бид2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сар бүр тогтмол 930,000 төгрөг2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сар бүр 700,000 төгрөгийг тогтмол төлж байсан.Дансны хуулгатай танилцаад өөрийн данснаас шилжүүлсэн, мобайлдсан, М....нийн дансанд шилжүүлсэн мөнгө, гүйлгээнүүдийг тэмдэглэсэн байгаа. Миний ... дугаараас мобайл үйлчилгээгээр мөнгө шилжигдсэн. Банкаар болон миний өөрийн биеэр шилжүүлсэн мөнгөний дансны хуулгууд зэргээр эдгээр төлбөрүүд нотлогдоно. Ж....ид рүү 590.000 төгрөг шилжүүлсэн учир нь энэ хүн нэхэмжлэгч талын хүмүүсийн аав. М...., С.... хоёр Ж....идээс мөнгө авсан ба, үүний дагуу Ж....ид рүү мөнгө шилжүүлж байсан. Энэ мөнгийг М.... Ж....идээс зээлсэн учир шилжүүлэхдээ дандаа М....нийн нэрийг оруулж шилжүүлж байсан. Өгсөн мөнгөнүүд нь дансны хуулгаар харагдахгүй байна гэж үзэж байгаа бол дансны хуулгатайгаа сайн танилцаагүй байна. Миний хувьд өөрийн шилжүүлсэн мөнгөн дүнгүүдээ тодруулсан байгаа учир үүгээр мөнгөн дүнгүүд нь тодорхой гарч ирнэ. Төлбөрийн үлдэгдэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлээс 2,360,000 төгрөгийг зөвшөөрнө гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.... нь хариуцагч Б....д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 22,500,000төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.... нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,360,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэн төлбөрийг зээлдүүлэгчид болон түүний хадам эцэгт хэд хэдэн удаагийн шилжүүлэг болон бэлэн мөнгөөр төлсөн учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч М.... нь 30,000,000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар, зээлийн хугацаанд сарын 4,7 хувийн хүүтэй зээлдүүлж, эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тусгаж, зээлийн барьцаанд Тоёота Харриер маркийн 3649УНК улсын дугаартай автомашиныг барьцаалахаар тохиролцжээ. /хх 4/

Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдэж, талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд зээлдүүлэгч М.... нь зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг зээлдэгч Б....д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч Б.... нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сар бүрийн зээлийн хүү 1,400,000 төгрөгийг бүрэн төлж, үндсэн зээлээс 10,000,000 төгрөг, нийт 18,400,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн ХААН банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон.

Талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байх бөгөөд хүү тооцох талаар бичгээр дахин гэрээ байгуулаагүй боловч хариуцагчийн зүгээс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 930,000 төгрөгөөр нийт 2,790,000 төгрөгийг, 2015 оны 9 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд нийт 5,000,000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 700,000 төгрөгөөр нийт 3,500,000 төгрөгийг, 2016 оны 4 дүгээр сарын 01, 05-ны өдрүүдэд нийт 600,000 төгрөгийг зээлдүүлэгчийн Хас банк дахь харилцах дансанд тус тус төлж, нийт 11,890,000 төгрөгийн төлөлт хийжээ.

Хэдийгээр дээрх төлбөрүүдээс тогтмол хугацаанд төлж байсан зээлийн хүү гэх төлбөрүүдийг зохигчид амаар харилцан тохиролцож хүүгийн төлбөрт тооцсон гэх боловч тэдний тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасантай нийцээгүй байх тул хариуцагчийн хүүгийн төлбөрт гэж төлсөн мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

Хариуцагчийн төлсөн нийт 11,890,000 төгрөгийн төлөлт баримтаар тогтоогдож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгөөс хасч, үлдэх 8,110,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.... нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Харин Ж.Ж....ид гэгчийн дансанд маргаан бүхий зээлийн гэрээний дагуу нийт 590,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хэдийгээр гүйлгээний баримт дээр М....д Г....аас гэж төлбөрийг хийсэн байх боловч, маргаан бүхий зээлийн төлбөр мөн эсэх нь тодорхойгүй, зээлдүүлэгч уг мөнгийг аваагүй гэж маргаж байх тул хариуцагчийн зүгээс тэдгээр төлбөрийг М....тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн болохоо бүрэн нотлоогүй гэж үзлээ.

Түүнчлэн, маргаан бүхий зээлийн гэрээний 3 дахь хэсэгт ... зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж тохирсон байх бөгөөд, гэрээний уг заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлдүүлэгч М....нийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийг тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн, алдангийг нийт гүйцэтгээгүй үүрэг болох 8,110,000 төгрөгийн 50 хувиар тооцон 4,055,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Дээрхийг үндэслэн хариуцагч Б....гоос үндсэн зээлийн үлдэгдэл 8,110,000 төгрөг, алданги 4,055,000 төгрөг, нийт 12,165,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,335,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талууд зээлийн гэрээний 5 дахь заалтаар Тоёота Харриер маркийн 3649УНК улсын дугаартай автомашиныг барьцаалсан боловч нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар шаардлага гаргаагүй, барьцааны зүйл хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байгаа гэж тайлбарлах бөгөөд, зохигчид энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б....гоос 12,165,000 /арван хоёр сая нэг зуун жаран таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,335,000 /арван сая гурван зуун гучин таван мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 209,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА