Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

   С.Б-, Ө.Ж- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/50 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, яллагдагч С.Б- нарт холбогдох эрүүгийн 2013000610236 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай, яллагдагч Ө.Ж-, яллагдагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, А.Серикжан нар оролцов.

 

С.Б нь “сумын ИТХ-аас Төсвийн тухай хуулийг зөрчиж, Малжуулах төсөл нэрийдлээр батлагдсан төсвийг хууль бус болохыг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байвал бий болгон 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цэцэгт мараа хоршооны дансаар дамжуулан 1 дүгээр багийн 8 иргэнд 6.200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нурхуат хоршооны дансаар дамжуулан 5 дугаар багийн 8 иргэнд 5.600.000 төгрөгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг  зориулалтын бусаар зарцуулсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Бахытжолы хоршооны дансаар дамжуулан тус сумын 4 дүгээр багийн 8 иргэнд 5.600.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Байкөл хоршооны дансаар дамжуулан 2 дугаар багийн 6 иргэнд 4.200.000 төгрөгийг тус тус бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

 

Ө.Ж нь “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон Төсвийн тухай хуулийг зөрчиж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баяннуур сумын ИТХ-д орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажилд Малжуулах төслийг хэлэлцүүлж батлуулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар уг төслийг 38 сая төгрөг болгон багасгаж, тус сумын 1-5 дугаар багт хуваасан. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 19 дугаартай тогтоолоор орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс малжуулах төслийг хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгасан шийдвэрийг тус тус гаргаж, Засаг дарга С.Б-ийн хамтаар тус сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 27.200.000 төгрөгийг Байкөл, Бахытжолы хоршоод, Цэцэгт мараа ХХК, Нурхуат ХХК-ийн дансаар дамжуулан гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр уг мөнгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/50 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-, Ө.Ж- нарт холбогдох эрүүгийн 2013000610236 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

           

Прокурорын эсэргүүцэлд: “1.Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагч Ө.Ж- болон түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан хүсэлтээр хийхдээ яллагдагч Ө.Ж-ыг оролцуулахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан. Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо Ө.Ж-ыг өөрийг нь оролцуулж, гаргасан хүсэлтийн хууль зүйн үндэслэлийг тайлбарлуулах санал гаргасан боловч шүүгч хүлээн авахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ө.Ж- түүний өмгөөлөгч Х.Зулхаш нар нь өөр өөр үндэслэлээр хүсэлт гаргасан, яллагдагч Ө.Ж-ын гаргасан хүсэлтийн үндэслэлийг өмгөөлөгч Х.Зулхаш нь тайлбарлаж чадаагүй, ямар хүсэлт гаргасан болохыг танилцаагүй нь шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. ...анхан шатны шүүх “...яллагдагч С.Б-ийн Засгийн газрын 2016 оны 153 дугаартай тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмыг зөрчиж Сум хөгжүүлэх сангаас 43 иргэнд 53,0 сая төгрөгийн зээл олгосон үйлдэл холбогдолд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан шалгах” гэх заалтаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Яллагдагч С.Б-ийн Засгийн газрын 2016 оны 153 дугаартай тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмыг зөрчиж Сум хөгжүүлэх сангаас 43 иргэнд 53.0 сая төгрөгийн зээл олгосон гэх зөрчилд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын актыг үндэслэж, прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Гэтэл шүүх дээрх үйлдлийг шалгуулахаар буцааж байгаа нь яллагдагчийн эрх зүйн байдлыг нэг талаас дордуулж, нөгөө талаас прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой эсэхийг нягталж үзэхгүйгээр өөр гэмт хэргийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Яллагдагч Ө.Ж- нь тус аймгийн Баяннуур сумын ИТХ-ын даргаар, яллагдагч С.Б- нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сумын ИТХ-ын төлөөлөгч нарын хууль тогтоомжийг мэдэхгүй байдлыг ашиглаж, 2019 оны сумын ИТХ-аар Төсвийн тухай хуулийг зөрчиж, Малжуулах төсөл батлуулж, Ө.Ж-, С.Б- нар нь мал бүхий иргэдэд уг мөнгийг бэлнээр тараах, бог мал худалдан авч өгсөн нь тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн гүйцэтгэгч, 3.7 дугаар зүйлд заасан бүлэглэн гүйцэтгэгч болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл ИТХ-ын дарга Ө.Ж-, Засаг дарга С.Б- нар нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэх хэлбэрээр доод шатны албан тушаалтнуудад хууль бус үйлдэл хийхийг албадаж хийлгэсэн нь тогтоогдсон байхад гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан шалгах гэх заалтаар хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн дээрх заалт нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ИТХ-ын дарга Ө.Ж-, Засаг дарга С.Б- нарын буруутай шийдвэрийн улмаас улсын төсөвт 27.000.000 төгрөгийн хохирол учирсан ба гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих 38 иргэн болон хоршооны захирлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх нь хэсэгт гэмт хэргийн улмаас улсын төсөвт учирсан 27.000.000 төгрөгийг хариуцвал зохих этгээдийн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн байхад шүүх “Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтын хүрээнд чухам хэний хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан, уг хохирол төлбөрийг хэн хариуцах ёстой эсэхийг нарийвчлан шалгаж, яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээдийг тодорхой тусгах” гэх ерөнхий заалт дурдаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Х.Ба-аас гэрчийн мэдүүлэг авсан. Дараагаар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хариуцагчаар татаж, мэдүүлэг авсан. Иргэний хариуцагчаар татаж, мэдүүлэг авсан ажиллагаа нь 2 дугаар хавтасны 128, 129 дүгээр хуудсанд авагдсан байхад шүүх энэхүү мэдүүлгийг анзаарч үзэлгүй “Иргэн Х.Ба-ыг иргэний хариуцагчаар татах эсэхийг шийдвэрлэх” гэх заалтаар буцаасан үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан заалтууд нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлах, мэтгэлцэх замаар яллагдагч нарын гэм буруугийн асуудлын шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хэргийг прокурор буцаахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцээгүй байна.

 

1. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 399 дүгээр тус аймгийн Прокурорын газарт хандсан албан бичигт “Баяннуур сумын Засаг дарга С.Б- нь Төсвийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийн сангийн журам зөрчиж, малжуулах төсөлд зориулалтын бусаар 38.0 сая төгрөгийн хөрөнгийг батлуулж, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдтэй шууд гэрээ  байгуулж хэрэгжүүлсэн, ... Сум хөгжүүлэх сангаас 43 иргэнд 53.0 сая төгрөгийн зээл олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн учраас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар холбогдох баримт бичгийг шалгуулахаар хүргүүлэв” гэжээ. Түүнчлэн дээрх агуулга бүхий гомдол мэдээллийг иргэн С.М-аас тус аймгийн Цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газарт тус тус гаргасныг мөрдөгч хуульд заасан харьяаллын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, нэгтгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ.

 

Улмаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20130000610236 дугаар прокурорын тогтоолоор тус аймгийн Баяннуур сумын Засаг дарга С.Б-ийн “Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж, малжуулах төсөлд хамруулах нь хууль бус болохыг мэдсээр байж сумын ИТХ-ын төлөөлөгч нарын эзэмшлийн аж ахуйн нэгжүүдийг өөрөө сонгон, тэдгээрээр дамжуулан 38 иргэнд эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр 26.6 сая төгрөгийг зориулалтын бусаар олгож, албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байвал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

 

Түүнчлэн тус прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2013000610236 дугаартай прокурорын тогтоолоор /3 дугаар хавтасны 90 дүгээр тал/ Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ИТХ-ын дарга Ө.Ж-ын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг зөрчиж нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт 38 сая төгрөгийн төсөвт өртгийг хувааж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол гаргасан, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.4-т заасныг тус тус ноцтой зөрчиж, “Малжуулах төслийг шийдвэрлэх тухай” 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус гаргаж, улмаар нэр бүхий иргэдийг малжуулах ажиллагааг зохих ёсоор явуулахгүйгээр шууд бэлэн мөнгө олгож, албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байвал бий болгосон, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

 

Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр яллах дүгнэлтээр яллагдагч Ө.Ж-ын “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон Төсвийн тухай хуулийг зөрчиж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баяннуур сумын ИТХ-д орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажилд Малжуулах төслийг хэлэлцүүлж батлуулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар уг төслийг 38 сая төгрөг болгон багасгаж, тус сумын 1-5 дугаар багт хуваасан. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 19 дугаартай тогтоолоор орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс малжуулах төслийг хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгасан шийдвэрийг тус тус гаргаж, Засаг дарга С.Б-ийн хамтаар тус сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 27.200.000 төгрөгийг Байкөл, Бахытжолы хоршоод, Цэцэгт мараа ХХК, Нурхуат ХХК-ийн дансаар дамжуулан гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр уг мөнгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар,

яллагдагч С.Б-ийн “сумын ИТХ-аас Төсвийн тухай хуулийг зөрчиж, Малжуулах төсөл нэрийдлээр батлагдсан төсвийг хууль бус болохыг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байвал бий болгон 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цэцэгт мараа хоршооны дансаар дамжуулан 1 дүгээр багийн 8 иргэнд 6.200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нурхуат хоршооны дансаар дамжуулан 5 дугаар багийн 8 иргэнд 5.600.000 төгрөгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг  зориулалтын бусаар зарцуулсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Бахытжолы хоршооны дансаар дамжуулан тус сумын 4 дүгээр багийн 8 иргэнд 5.600.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Байкөл хоршооны дансаар дамжуулан 2 дугаар багийн 6 иргэнд 4.200.000 төгрөгийг тус тус бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Иймээс хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж дахь “С.Б-ийн сум хөгжүүлэх сангаас 43 иргэнд 53.0 сая төгрөгийн зээлийг олгосон гэх үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох” гэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцээгүй тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

2. Түүнчлэн прокуророос яллагдагч С.Б- болон Ө.Ж- нарын үйлдлийг зүйлчлэхдээ гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдалгүйгээр, энэ талаар яллах дүгнэлтэд тусгаагүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул “яллагдагч С.Б- болон Ө.Ж- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт зааснаар  гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах” гэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж дахь үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэхгүй.

 

3. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас Баяннуур сумын орон нутгийг хөгжүүлэх санд учирсан нийт 27.200.000 төгрөгийн хохирлыг “яллагдагч, иргэний хариуцагч нар төлж барагдуулаагүй” талаар тэмдэглэжээ. Энэ талаар анхан шатны шүүх “учир дутагдалтай” гэж дүгнэхдээ “чухам хэний хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан, уг хохирол төлбөрийг хэн хариуцах ёстой эсэхийг нарийвчлан шалгаж, яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой заах” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Хэрэгт Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас Бахытжолы хоршоонд 2020-01-22 өдөр 5600000 төгрөгийг /С.Б-, М.З нарын гарын үсэгтэй/, Байкөл хоршоонд 2020-01-23 өдөр 5600000 төгрөгийг /С.Б-, М.З нарын гарын үсэгтэй/, Байкөл хоршоонд 2019-12-17 өдөр 4200000 төгрөгийг /З.М, К.Б нарын гарын үсэгтэй/, Цэцэгт мараа ХХК-д 2019-12-26 өдөр 6200000 төгрөгийг /З.М, К.Б нарын гарын үсэгтэй/, Нурхуат ХХК-д 2019-12-27-ны өдөр 5600000 төгрөгийг /З.М, К.Б нарын гарын үсэгтэй/ тус тус шилжүүлсэн тухай баримтат мэдээлэл бүхий нотлох баримтууд авагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгана гэж заасан байх тул яллах дүгнэлтийн уг хэсгийн хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэх ба энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй.

 

Хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, хор уршиг тогтоогдсон тохиолдолд энэ тухай нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн үүрэг бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол төлбөрийг “яллагдагч, эсхүл иргэний хариуцагч нарын хэн нь хариуцах талаар яллах дүгнэлтийн хавсралтад тодорхой тусгах” гэх шалтгаанаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл хууль бус байна.

 

4. Мөн шүүгчийн захирамжид “яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн үйл баримтын хүрээнд тодорхойлж бичсэн үйл явдалд хүмүүсийн нэрийг тоогоор илэрхийлэх бус, нэрийг нь зааж тусгах” гэж яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт прокуророос яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг тусгахдаа “иргэний хариуцагч” гэх иргэдийн нэрсийг хүн тус бүрээр нь бичээгүй гэсэн нь хэргийг прокурорт буцаах хуульд заасан үндэслэл биш юм.

 

5. Шүүгчийн захирамжид гэрч Х.Б-ыг иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ. Гэтэл прокурорын эсэргүүцэлд тусгаснаар хэргийн 4 дүгээр хавтасны 128-129 дүгээр талд Х.Ба-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татаж, мэдүүлэг авсан гэжээ.

 

Хэргийн 3 дугаар хавтасны 167-168 дугаар хуудаст гэрчийн мэдүүлэг өгсөн Х.Бахыт болон хэргийн 4 дүгээр хавтасны 128-129 дүгээр талд иргэний хариуцагчаар тогтоогдон мэдүүлэг өгсөн Х.Ба- гэгч нь 1969 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 51 настай, бүрэн дунд боловсролтой, БВ00000000 регистрийн дугаартай, Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суудаг, эрэгтэй Х.Ба- мөн болох нь гэрчээр болон иргэний хариуцагчаар мэдүүлэг өгсөн биеийн байцаалтаар тогтоогдсон байна. Тиймээс шүүгчийн захирамжийн уг заалт нотлох баримтад үндэслэгдээгүйн дээр хууль ёсны бус байна.

 

Учир нь, давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ тус хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-бол нарын 39 иргэнийг /4 дүгээр хавтасны 50-178 дугаар тал/,  Бахытжолы, Байкөл хоршоод, Нурхуат ХХК-ийг /4 дүгээр хавтасны 137, 143, 168 дугаар тал/ тус тус иргэний хариуцагчаар тогтоож, тэдгээрээс мэдүүлэг авахдаа; прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол төлбөрийг “иргэний хариуцагч нараар төлүүлэх” талаар тусгахдаа; шүүхээс “иргэн Х.Ба-ыг иргэний хариуцагчаар татах шаардлагатай” гэж үзэн, хэргийг прокурорт буцаахдаа тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн, хэрэглэсэн зөрчил тогтоогдов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд...” гэдэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэг, 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэг, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэг, 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэг, 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт тус тус заасан иргэн, хуулийн этгээдийг хамааруулан ойлгоно. Үүнээс үзвэл, гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан дээрх үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий этгээд эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих иргэний хариуцагчаар тогтоогдох бөгөөд энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан 39 иргэн, 3 хуулийн этгээдийн хувьд иргэний хариуцагчаар татан оролцуулах хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулсныг хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэхгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгон прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/50 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл яллагдагч С.Б-, Ө.Ж- нарт тус тус урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                            С.ӨМИРБЕК