Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Хохирогч Д.Доржхорлоо,

Шүүгдэгч Ш.Ундрах, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хэрэйд овогт Шагдаржавын Ундрахад холбогдох эрүүгийн 201725020353 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн 53 дугаар дунд сургуулийн сургалтын менежер ажилтай, ам бүл-3 нөхөр, хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүгээр гудамжны 255 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлтгүй, Хэрэйд овгийн Шагдаржавын Ундрах, РД:ЧП79032944,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ш.Ундрах нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-2-7 тоотод байх өөрийн гэртээ хадам аав Доржхорлоог бүгдээрээ зайл гэж хараалын үг хэлж  хөөсөнд дургүйцэн маргалдаж улмаар түүний толгой нүүр хэсэгт нь гар утсаараа удаа дараалан цохиж зодон Доржхорлоогийн бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Ундрах нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг бүртгэлтийн шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Ш.Ундрах нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...манай нөхөр Сүхээ бид хоёр маргалдаад. Сүхээ аав, ээжийгээ дуудсан. Би машин дотор сууж байсан. Тэгээд Сүхээ гэррүү ороод хүүхдийн өрөө рүү ороод манай хүү Сэргэлэнг сэрээгээд “ээжийгээ аваад зайл” гэсэн. Тэгээд би араас нь хүүхдийн өрөө рүү ороход Сүхээ миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд манай хүү Сэргэлэн “ээжийг цохилоо” гээд Сүхээг ханын пийшэн рүү түлхтэл Сүхээ “чи намайг түлхлээ” гээд барьцалдаад авсан. Яг тухайн үед хадам аав гаднаас орж ирээд “пизда нар минь зайлцгаа” гэсэн. Тэгээд тэр хоёрыг салгах гээд очих гэхээр нь би манай машиныг барьж явсан Сайнаа гэх залууг очиж салга гэсэн. Тэр үед хадам аав паниар аваад намайг “өөрийг нь цохь” гээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд барьж байсан гар утсаараа хадам аавыг цохисон. Тэгээд хадам гарч яваад цагдаа дуудсан. Би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, 

Хохирогч Д.Доржхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 02-ны орой хүү маань бэртэй хамт халамцуу, муудалцаад орж ирсэн. Гэрт орж ирэхэд нь миний хүүгийн нүүр шалбараад цус гарчихсан байсан. Миний уур хүрээд “юугаа хийгээд маргалдаад байдаг юм, болохгүй бол зайл” гэж би хэлсэн. Бэр охин маань миний дух, толгой, хамар руу барьж байсан утсаараа 2-3 удаа цохисон. Тэгээд би гараад цагдаа дуудсан. Цагдаа ирж, хүү бэрийг маань хамт аваад явсан. Цагдаа дээр байхад түргэн ирж, намайг оёдол тавиул гэж хэлсэн. Би бэр охинтойгоо эвлэрсэн, надаас удаа дараа уучлалт гуйсан. Бэр охинд маань холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй…” гэв.

Хохирогч Д.Доржхорлоо нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байхад бэр Ундрах согтуу ирээд өөрийн нөхрийгөө цохиод толгойноос цус гаргасан байдалтай байсан. Гэрт нь ороод “юу болсон юм бэ” гэхэд бэр Ундрах надад хандан “удмаараа гуйлгачингууд” гэж хэлсэн тэгэхээр нь би уурлаад “хүүхдээ аваад зайлцгаа” гэж хэлээд Ундрахыг цааш нь түлхэхэд намайг зөрүүлээд гартаа барьж байсан гар утсаараа миний толгой руу цохиж эхэлсэн. Тэгээд би цустайгаа гэрээс гарч цагдаад дуудлага өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй би өөрийн бэр Ундрахтай эв зүйгээ олсон дахин ийм асуудал гаргахгүй гэж надад хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Сүхбаатар нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...би тухайн өдөр өөрийн эхнэр Ундрахтай хоорондоо маргалдсан байсан. Би тухайн үед согтуу байсан. Манай аав намайг өмөөрөөд Ундрахтай маргалдаж эхэлсэн. Одоо бид хоёр эвлэрсэн. Манай эхнэр мөн аавтай эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹5962: “...Дүгнэлт

  1. Д.Доржхорлоогийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хамрын нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 18 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нотлох баримт болгон өгсөн хохирлын баримт болон Эвлэрлийн гэрээ. Үүнд “бид хоёр сайн дураараа эвлэрсэн бөгөөд хохирогч Доржхорлоо миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Иймд Ш.Ундрахын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31 дүгээр хуудас/, гэрэл зураг /хх 32 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх 33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.Ундрах нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 33-2-7 тоотод байх өөрийн гэртээ хадам аав Д.Доржхорлоог “бүгдээрээ зайл гэж хараалын үг хэлж хөөлөө, зүй бус харьцлаа” гэж  маргалдаж улмаар түүний толгой нүүрэн тус газар нь удаа дараа цохиж зодон Д.Доржхорлоогийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Доржхорлоо, гэрч Д.Сүхбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №5962 тоот шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Ш.Ундрахад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 Улсын яллагчаас “шүүгдэгчийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэсэн санал гаргасан хэдий ч шүүгдэгч Ш.Ундрахын согтуурсан байдлыг тогтоосон талаар зохих байгууллагын тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт байхгүй тул саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Доржхорлоо, шүүгдэгч Ш.Ундрах нараас “сайн дураараа эвлэрч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан, учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Удрахыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Ундрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:           

 

            1. Хэрэйд овогт Шагдаржавын Ундрахыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

            2. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Ундрахад холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ш.Ундрахыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ш.Ундрах нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Ундрахад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Ундрахад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН