Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 331

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох 1729000980015 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б-гийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 5/05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэсэн байдаг. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэдгийг юу гэж ойлгохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд тодорхой заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.8 дугаар зүйлүүд нь шүүхийн шийдвэртэй холбоотой, өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаас өөр үндэслэлээр буюу мөрдөгч, прокурор нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Ингэж хуульд заагаагүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл юм. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянан үзэж, залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь гэрч Б.У- нь зөрчилд холбогдсон жолооч нарын зөрчлийн шийтгэлийг багасгуулах, чөлөөлүүлэх зорилгоор албан тушаалтанд нөлөөлөх үйлдлийг өөрийн нөхөр болон бусад нэр бүхий жолооч нартай харилцан тохиролцож, өөрсдөө санаачилж, хүсч үйлдсэн байдаг нь өөрсдийнх нь мэдүүлгүүдээр нотлогддог. Мөн хохирогч Б.А-ийн нэр, албан тушаалыг барьсан зүйлгүй, хуурч мэхэлсэн зүйл байдаггүй юм. Түүнчлэн зөрчилд холбогдсон жолооч нар нь ямар нэгэн гомдол, мэдээлэл гаргаагүй, тэдний шилжүүлсэн мөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Б.А- 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас өмнө буцаан шилжүүлсэн байдаг ба хохирогч Б.А- болон бусад жолооч нарт ямар нэгэн хохирол учраагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлсэн байдаг тул тухайн жолооч нарыг хохирогчоор тогтоох үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан үндэслэлээс өөр үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Б.Б-ийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байхгүй байна. Б.У- гэх эмэгтэй Б.Б-ийн данс руу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн сайн дураар мөнгө шилжүүлсэн байдаг. Тухайн үед Б.Б- нь Улаанбаатар хот руу явж байсан. Ингээд 3 хоногийн дараа мөнгөө нэхэх үед нь буцаагаад хийсний дараа Б.А-ийн гомдлоор хэрэг шалгагдаж эхэлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зөрчлүүд байгаа боловч Б.Б-ийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байхгүй тул магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Б.Б-ийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зөрчилд холбогдож хураагдсан жолооч Ц.Б-, Г.Г-, Л.Б-, А.Е-, Б.Б-, А.Э-, Б.Ба- нарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх зэрэг бичиг баримтыг тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-ээс буцаан авч өгнө гэж хуурч, хүн тус бүрээс 280,000 төгрөг буюу нийт 1,960,000 төгрөг залилан авсан гэх үйлдэлд Б.А-ийг хохирогчоор тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх “...Залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг бол энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.А-тэй шүүгдэгч Б.Б- нь ямар нэг харилцаа үүсгээгүй, түүнийг төөрөгдөлд оруулах, итгэлийг нь урвуулах үйлдэл хийгээгүй, түүнд ямар нэг материаллаг хохирол учруулаагүй, мөн мөнгөө шилжүүлсэн нэр бүхий 7 хүн нь өөрсдийн гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэлийн хэмжээг багасгах, чөлөөлүүлэх зорилгоор Б.Б-т 1,960,000 төгрөгийг өгсөн тул тэднийг гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Б.Б-ийн үйлдэл “Залилах” гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх “...мөрдөгч нь хохирогчоор тогтоогдвол зохих хүмүүсийг хохирогчоор тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Б.Б-т хууртагдсан хүмүүсийг хохирогчоор тогтоогоогүй байхад шүүх энэ тухай дүгнэлт хийгээгүй” гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар зөрчилд холбогдсон жолооч Ц.Б-, Г.Г-, Л.Б-, А.Е-, Б.Б-, А.Э-, Б.Ба- нар нь Б.Б-т шилжүүлэн өгсөн мөнгөө эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө буцаан авсан бөгөөд Б.Б- нь уг мөнгийг өгөлгүйгээр өөртөө ашиглаж бусдад хохирол учруулах боломжтой байсан боловч сайн дураараа буцаан өгч, гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан нөхцөл байдал тогтоогдсон байх тул Б.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Б.Б-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан гэж өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон цагаатгах тогтоолыг хүчингүй болгохдоо анхан шатны шүүх уг зүйл, хэсэг, заалтад заасан ямар зөрчил гаргасан талаар огт дүгнээгүй нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дээр дурдсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт...” гэж өөрчилж, цагаатгах тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН