Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/0481/з |
Дугаар | 221/MA2017/0362 |
Огноо | 2017-05-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 221/MA2017/0362
2017 оны 05 сарын 23 өдөр Дугаар 221/МА2017/0362 Улаанбаатар хот
Н.*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн давж заалдах гомдлоор, Н.*******ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “*******” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013633, Ү-2206013635 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue sky хотхоны 44Б байрны 02, 04 тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууцыг иргэн Н.*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “******* банк” ХХК давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
1. Шүүх шийдвэртээ “Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон өмчлөгчийг “*******” ХХК-ийн ******* банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй гэх үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна” гэжээ.
Ийнхүү өмчлөгчөөр тогтоогдсон шүүгчийн захирамжийг үндэслэн иргэн Н.******* нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 44Б дугаар байрны 02, 04 тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан болно. Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасны дагуу мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг уг хуулийн 13 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд гаргаж, хуульд заасан хавсаргавал зохих материалыг хавсаргах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Н.******* нь мэдүүлэг гаргах үед тухайн орон сууцны улсын бүртгэлд ******* банкны барьцааны эрх 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн бүртгэлтэй (90 хувийн гүйцэтгэлтэй) байсан болно. Ийнхүү барьцааны эрх хууль ёсны дагуу бүртгэлтэй учир Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан зохицуулалтын дагуу Н.******* нь уг барьцаанд буй хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхдээ хуульд заасан журмын дагуу барьцаалагч этгээд болох ******* банкнаас зөвшөөрөл авч, зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулж, түүнийг мэдүүлэгтээ хавсаргаж өгөх үүрэгтэй байна.
Нөгөө талаараа хуулийг хэлбэрлэлтгүй сахиж, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага болох бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн захиргааны байгууллага буюу бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан үйлдэл нь өмчлөх эрхийг зөрчсөн, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй хууль бус үйлдэл биш юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “Энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж зааснаар бүртгэлийн байгууллага хуулиар хориглоогүй, хуульд заасан эрхийнхээ хүрээнд хууль ёсны үйлдлийг хийсэн байна.
Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зүгээс уг асуудалд чухам ямар үндэслэлээр буруу тохож, хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Шүүх шийдвэртээ “Дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэн зохицуулалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэсэн заалттай уялдуулж хэрэглэхээр байна. Мөн уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаа хүчинтэй хэвээр байх тул Н.*******ын өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосноор ******* банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна” гэжээ.
Нэгд, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт нь үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжиж байгаа тохиолдолд барьцаалагчаас зөвшөөрөл авах тухай зохицуулалт юм. Харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д, нэгд, үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих, хоёрт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдлыг тус тус хамааруулан зохицуулсан байна. Нэхэмжлэгч Н.******* нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байдаг. Гэтэл шүүхийн зүгээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2 дахь зохицуулалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалттай уялдуулж хэрэглэхээр байна гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бус эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр үүссэн тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27.1-д заасан заалтыг хэрэглэх боломжгүй. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19.2 дахь зохицуулалт нь хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх аль ч тохиолдолд хэрэглэгдэх хэм хэмжээ гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна.
Хоёрт, шүүхийн зүгээс “нэхэмжлэгч өмчлөгчөөр бүртгүүлэх тохиолдолд барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй” гэж дүгнэсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т барьцааны зүйл бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжсэн тохиолдолд барьцааны эрх хэвээр хадгалагдах тухай зохицуулсан. Энэхүү зохицуулалтын зорилго нь барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах юм. Уг зохицуулалтыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан зохицуулалттай уялдуулан хэрэглэх тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтан эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байхыг нэхэмжлэгчээс шаардах нь хууль ёсны үйлдэл юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 169 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Гуравдагч этгээд “*******” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ээр зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилгыг газар, дэд бүтцийн хамт, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ээр 55 хувийн гүйцэтгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б байрыг, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ээр 90 хувийн гүйцэтгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б байр /02, 04 тоот орон сууц/-ыг тус тус “******* банк” ХХК-д барьцаалж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Харин нэхэмжлэгч Н.******* нь дээрх барьцааны гэрээнүүд байгуулагдсанаас хойш буюу 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “*******” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б байрны 02, 04 тоот орон сууцуудыг худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг заасан бөгөөд 2010 онд бүртгэлийн байгууллагаас “*******” ХХК-ийн гаргасан мэдүүлгийг үндэслэн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үед мөн хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй байх тул тус компанийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013633, Ү-2206013635 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Хэдийгээр дээрх орон сууцуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг “*******” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/08063 дугаар шүүгчийн захирамж гарсан ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “*******” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж зохицуулснаас үзэхэд дээрх орон сууцуудын өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас барьцааны эрх нь хөндөгдөх “******* банк” ХХК-ийн зөвшөөрлийг заавал авах шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой барьцааны бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд хариуцагчаас иргэн Н.*******ын сүүлд гаргасан мэдүүлгийн дагуу эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй, шүүх ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй болно.
Иймд Н.*******ын өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн /хуучин нэрээр/ үйл ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасантай тус тус нийцсэн байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.*******ын “*******” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013633, Ү-2206013635 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 44Б байрны 02, 04 тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууцыг иргэн Н.*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН